Зураг
Зураг
Индэр    
2018 оны 11 сарын 28

Хар цүнхээл

Зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Заримдаа мөнгөөр үнэлэхийн аргагүй үнэт зүйл гэж байдаг. Монголчуудын хувьд тэрхүү мөнгөөр үнэлэх аргагүй үнэт зүйл нь юу байв.

Төрийн жолоо залах ухаан, төрт ёсоо хүндлэх ухаан, гэр бүлдээ, хамт олондоо үлгэрлэх олон зуун жилийн уламжлал, соёл хаана нуугдаж хоцров оо. Сүүлийн 100 жилд өрнөсөн хоёр нийгмийн сайн, муу шуурга монгол хүний язгуур араншин, язгуур соёлыг хаман одохдоо тулсан юм биш биз? 

Ленин-Бурхан

Ерэн оны зургаадугаар сард Ламжав багш маань орчин цагийнхаар бол социализмын загалмайлсан эцэг, цаг үедээ бол хүн төрөлхтний их багш хэмээн өргөмжлөгдсөн Ленинийг муулсан өгүүллэг бичсэн байхыг сониноос олж уншаад “Багш маань юу хийчих нь энэ вэ” гээд их сандарч билээ. Ламжав багш Оросыг муулсан хэргээр Их сургуульд багшлах эрхээ хасуулсан юм. Хөөгдөөд арай гэж эргэж ирснийг хэлэх үү, бас ахиад, бүүр болоогүй хүн төрөлхтний Их багшийг муулчихсан байдаг. Шоронд орвол яана аа гээд л... За, энийг одоо ярихаар инээдтэй санагдах байх л даа. Гэхдээ тэр үед бүгд л тэгж боддог байсан. Ленин багшийг бид маш их магтан дуулдаг, манай багшийн багш гээд л... Манай бага ангийн багш Пүрвээгийн багш гэхээр бүүр айхтар багш болж таарсан. Дараа нь дунд ангид орсон чинь бүүр олон багшийн, миний дургүй биеийн тамирын багшийн хүртэл багш болж таарсан даа, Ленин багш. 

Ингээд магтаад дуулаад л явдаг байлаа. Радио бол бүүр их дуулна. Радиогоос өөр гоё юм байсан биш, тэр үед. Ийнхүү явсаар Их багш Ленин бидний бурхан байсныг сүүлд ойлгосон юм. 

Бурхан шүтээнгүй, итгэх сүслэх юмгүй бол маш хэврэг, замбараагүй нийгэм болж хувирах тул энэ нь их хэрэгтэй бурхан байжээ, социализмд. Гэхдээ нэг инээдтэй түүх ярихад манай аав, ээжийн үед бурхдын нэг нь Мао Зэ Дун байсан гэж байгаа. Худлаа гэвэл одоо эмээ, өвөөгөөсөө асуугаарай. Дорно зүгт наран мандлаа гээд л бурхнаа дуулаад хичээлдээ ордог байсан гэж хэлнэ, яг. 

Чойбалсан-Бурхан

Их сургуульд орлоо. Хөдөөнөөс ирлээ. Манай сургуулийн яг үүдийг Чойбалсан гуайн сүрлэг хөшөө хамгаалж байлаа. Одоо ч байгаа. Аз болоход ардчилсан хувьсгалынхан үүнийг нураагаагүй. Харин улаан, хар өнгөөр алаглуулан зөндөө будаж, эсэргүүцлээ илэрхийлдэг байсан юм. Ашгүй хөшөө ямар үг хэлж, сэлэм далайх биш, тэгсгээд өршөөгдсөн байх. 

Энэ хүн их сургуулийн бурхан багш, гэхдээ Ленин бурхны шавь. Харин их сургуулийн нэг ч багш энэ бурхныхаа талаар түүх ярьдаггүй, намын түүхийн хичээл, номноос л бид тэр бурхны тухай уншдаг байв. Их уйтгартай бичсэн түүх тул уншихад урамгүй байдагсан. 
Хэдхэн хоногийн өмнө би Энэтхэгт явж байхдаа Азидаа хамгийн томд орох их сургуулиудын нэг Банарасийн Хиндү их сургуулиар орлоо. Энэ сургуулийн үүдийг яг манай сургуулийнх шиг бас нэг хөшөө хамгаалж байна. Үүсгэн байгуулагч Махаманагийнх нь хөшөө. 

Харин эндхийн хүмүүс хүнээ бурханчлан шүтдэг. Шүтэхдээ яаж шүтэх ёстой юм, яг тэр ёсоор хийдэг юм байна. Дотроо маш том Хинду сүмтэй юм. Оюутнууд шалгалтанд орохдоо аврал эрдэг, тэгээд авруулдаг бурхан хүртэл байна энд. Ёс суртахуун, зөв хүмүүжил энд шашнаар баталгааждаг юм байна. Энэ талаар энэтхэгүүд маш их уламжлалтай аж. 

Олон шашныг, олон гэгээнтнүүдийг төрүүлсэн аугаа үндэстэн арга ч үгүй биз дээ. Махамана 1946 онд нас барсан байна. Сургуулийг Английн колони байх үед байгуулжээ. Англи эзэд нь зөвшөөрснийг бодоход тэдэнд хэрэгтэй, колончлолд нь байгаа ард түмэн ядаад англи хэлтэй, басхүү боловсролтой байх нь илүү чухал гэж үзэж байсных биз. Түүхээс нь харахад энэ сургуулийг босгоход хандив өгсөн баячууд хинду соёлоо мартуулахгүй гэж энэ сүмийг барьсан аж. 

Чойбалсан бурхан маань харин бидний оюутнуудад ийм үүрэг гүйцэтгэж чадаагүй юм. Энэ нь одоо бодоход энэ хүн сүм бариагүйгээсээ болж алдсан байж таарах гээд байна. Сүм нураадаг хүн юун сүмээ барих гээд асууж байна уу? Сүм гэхээр заавал бурхан Буддаг залахгүй шүү дээ. Ленин, Чойбалсан, Цэдэнбал гээд бурхад залраад, номуудыг нь залаад л хийчих байж. Тэгсэн бол бид илүү хялбар ойлгох байж. Тэгсэн бол хөшөө маань харь хамаагүй хамгаалагч шиг л зогссоор байхгүй байж. 

Төр засаг-Бурхан

Эмээ маань өглөө босоод цайныхаа дээжийг Төрийн минь сүлд өршөө гэж шившээд өргөдөг хэрнээ орой сэмхэн бурхан Буддадаа мөргөчихдөг байсан юм. Эмээ өвөөгийн, ээж аавын үеийнхэн бол угаасаа Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг хүмүүс. Энэ залбирал тэднээс минь өмнөх үеийнхэнд ч бас байсан.
Ерөөс монголчууд төрт ёсны нарийн уламжлалтай, холын хараатай, төрийн сүлдэндээ сүслэн залбирдаг, сүүнийхээ дээжийг өргөдөг гүн хүндэтгэлт ард түмэн. Бидний монголчуудын энэ Төрөө дээдлэн хүндлэх ёслол маш чухал байжээ. 

Гэтэл одоо?

Бидэнд яг одоо нийтээрээ итгэж найдах ямар нэгэн бурхан алга. Бурхдыг орлож ирсэн Төрөө өдөр, шөнөгүй харааж суудаг болов. Ийм л эрх чөлөө бидэнд байна...
Ийм эрх чөлөөг бид 1990 онд хийсэн Ардчилсан хувьсгал, Монгол ардчиллаар олж авсан. Бахархаж байсан ардчиллын баг хуулрах цагт бид нүдээ нээж хараад ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдсэн нийгэм, бохир улс төр, авлига шургалсан, шударга бус тогтолцоо руу явж орсноо сая л ухаарч байна. 

Гэхдээ цаг үе хэчнээн ингэж өөрчлөгдсөн ч Төрийн минь сүлд өршөөнө гэсэн найдлага бүгдийнх нь сэтгэлийн угт сүүмэлзэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Худлаа гэвэл өөрөөсөө асуугаад үзээрэй.

Бусдын сайныг биш, мууг хуулсны үр дүн ...

Хүн уг нь хүний мууг дуурайж биш, сайныг дуурайн өнгө ордог, өөдлөн дэвждэг жамтай. Атал бид хүний, харь үндэстний сайныг биш, хамгийн мууг, хамгийн түрүүнд хамж шимж аваад өөрсдөдөө наачихсан явна. 

1990 онд эрх чөлөө яриад, дөнгөнөөс мултарсан юм шиг гүйлдэхдээ хариуцлага гэдэг юмаа хөсөр хаясны төлөөс бидэнд үүнийг өгчээ. Энд хоосон том хар цүнхээл үүсжээ. Ерөнхийлөгчөө хүртэл элдэв хоч зүүлгэн хараах нь юу ч биш, тэгэх ч ёстой юм шиг. 

Шүтэх бишрэх, хайрлах бурхангүй бид одоо хаа хүрэх гэж байгаа юм. Итгэж найдах, сүслэн дээдлэх юмгүй ард түмэн хөл толгойгоо олохоо больж, эмх замбараагүй нийгэм жихүүдэс төрүүлэх нь цаанаа л нэг эвгүй. 

Саяхныг болтол монголчууд бид лидертэй, тэднээ хүндэтгэн, зураг хөргийг нь хоймортоо залж ирсэн. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гуайн хөргийг хоймортоо залаад Төрийн минь сүлд өршөө гэж хэлээд хүндэлж байлаа. Одоо ч тэдний зураг айлуудын авдраас буугаагүй байна.
Гэтэл бурхан шиг залагдаж байсан тэд өнөөдөр үй олноороо үнэ цэнгүй болчихсон. Үндэстний лидерээ бид муухай харагдуулж, тал талаас нь хэмэлж, нэр хүндийг нь бараад дуусах нь. 

Солонгост тэгээд шударга ёс тогтсон болов уу?

Солонгосууд яаж байна, есөн Ерөнхийлөгчийнхөө долоог шоронд хийсэн. Хоёр нь амиа хорлосон байна. Хажууд нь бид юу ч биш байгаа юм биш үү гэж хэлэх нэг нь ч таарах л байх. Тэгвэл тэр Солонгост тэгээд шударга ёс тогтсон болов уу? 

Цаг үетэй нийлэн гарч ирсэн сошиалын энэ замбараагүй давалгаа улс орнуудын ёс суртахуун болоод нийгмийн эмх цэгцийг ихээхэн эвдэж байгааг улс орнууд өөрсдөө анхааралтай ажиглаж байгаа.

Зарим айхавтар улсууд, тухайлбал Америк, Хятад, Орос, Европчууд үүнийг эртнээс мэдээд энэ талбарт замбараагаа алдахааргүй сүлжээг хийж, хамгаалалтаа тавьж чадсаныг харуулах тайлангууд зөндөө гарч байна. Харин энэ асуудал дээр бид сүүл мушгиж, сүүлдээ муугаа үзэх янзтай болж эхэлж байгаа шинж тэмдгүүдтэй та энэ сүлжээнд зөндөө таарч байсан байх.

Төр лүүгээ, толгой руугаа хамаагүй нүдээ аниад өшигчөөд л байя. Тэгээд юу хожих бол... Лав л хэдэн жаран тэрбумаар ч үнэлэх аргагүй үнэт зүйлээ алдаж байх шиг байна, бид. Заримдаа мөнгөөр үнэлэхийн аргагүй үнэт зүйл гэж байдаг гэдгийг бид одоо нэг сэхээ орж ойлгох ёстой болсон бус уу?

МАЖИГИЙН Тунгалаг