Зураг
Зураг
Индэр    
2022 оны 4 сарын 13
Зураг
Судлаач проф.

Ялгаа №2

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn
АНУ ба Барууны нийгэм бол муу муухай, адаг шаар, харин орос “их ах” бол ариун дээд гэх үлгэр монголчуудын тархийг эзэмддэг үү? Их примитив тайлбар: Оросоос бензин авдаг тул орос хүн украин хүнийг алж болно, харин украин хүн орос хүнийг алж болохгүй. Орос үйлдсэн бол цэргийн гэмт хэрэг биш, украин үйлдсэн бол цэргийн гэмт хэрэг мөн. Арай гэгээлэг тайлбар: “Мөнхийн хоёр хөрш”-тэйгөө сайн байх хэрэгтэй. 

Украинд Орос нь ихээхэн хүмүүнлэг дайн хийж, Украины ард түмнийг хайрлан ихээхэн зөөлхөн байлдав, Киевийг довтлохгүй, цэргээ бөөгнүүлэхгүй гэсэн нь  оросын хүнлэгийг харуулна, харин украинчууд нь нацист царайлчхаад даварч байна гэх тайлбар түгээмэл цуурайтна. Оросыг шүүмжилбэл ална шүү гэх заналхийлэл ч цухалзана. 

Би өмнө нь хоёр нийгэм, хоёр гүрний тухай хар ба цагааныг харьцуулсан. Кремлийн автократ–эзэнт гүрний авир төрх, нөгөө нь Капитолын ардчилсан–зах зээлийн сонгодог бас нэг гүрний авир төрх үнэхээр өдөр шөнө шиг хэмээн бичсэн дээ. 

Миний өмнөх нэг нийтлэлд ийм комент явж байна лээ. “Орос хажуудаа байгаа улсуудыг ядуу хоосон байлгахыг хүсдэг. ЗХУ-аас салаад Европын Холбоонд орсон Зүүн Европын улсуудын амьдрал маш сайжирсан. Украин ч бас тэдэнтэй нийлж сайхан амьдрахыг хүсэж байна” гэжээ. Ялгааг нь хэлээд өгчихсөн юм биш үү?  

Үнэндээ Оросгүйгээр хөгжье гэсэн болгоныг Орос өширхөнө. Өширхөл нь юунд ч хүргэж мэднэ. Үүнийг Украины жишээн дээр харж болно. Европын Холбоонд элсэхээр хавсарга гишүүн болъё гэмэгц нь тийшээ явуулахгүй гэсэн уур хорсол нь буглаад, 8 жил буцлаад, адаг сүүлд нь бүрэн хэмжээний дайн болчхоод явж байна. Евроинтеграцыг мөрөөдөгч украинчуудыг хавтгайд нь неонацист болгочихсон, алж дуусгана гээд л.

Оросын түүх бол тэр чигтээ гомдол тээгчийн түүх. Шувтан гомдож өширхөж ирсэн. Эвээрээ сална гэж нэг ч байхгүй, заавал алж хорлож байж дуусна. Тэгвэл АНУ хэнд гомдоод, хэн АНУ-ыг голд нь ортол гомдоогоод ирсэн бэ? Европын Холбооноос Британи гараад явсан, араас нь шороо цацсан тохиолдол Брюсселиэс цухалзсан уу?  

Харьцуулалтаа үргэлжлүүлье.

Энгийнээр ойлгуулахын тулд Орос ба Америкийн аль нь татан дагуулах хүчтэйг өгүүлье. Миний нийтлэлч найз маань sonin.mn-д бичжээ:–Оросын төрийн тэргүүн Путин саяхан л дэлхийд нэр хүндтэй том удирдагч байсан. Гэвч ганцхан хормын дотор л адгийн амьтан болох юм даа. Ямар ч амархан хувирдаг хорвоо вэ?

Тэгвэл АНУ-д ингэтлээ доошоо орсон, эсвэл нэр алдраа хугалсан Ерөнхийлөгч нэг ч төрөөгүй юм. АНУ бүс нутгуудад олон дайн хийж байсаан. Гэвч Ерөнхийлөгч нь хаана хэзээ шившиг шидээ тарьж, Олон улсын шүүхэд дуудагдах дээрээ туллаа? 

СССР нь Финландад халдан түрэмгийлснийхээ төлөөсөнд Үндэстнүүдийн Холбооноос хөөгдөж байсан. ОХУ Украинд халдан түрэмгийлснийхээ төлөөсөнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хөөгдөж байна. Яг одоо. ОХУ-ыг дэлхийн 60 гаруй улс нийлэн Хаагын Олон улсын эрүүгийн шүүхэд өгчихсөн Украинд хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө эчнээ яллаад байж байна. 

Тэгвэл олон дайн хийсэн АНУ-ыг Дэлхийн хамтын нийгэмлэгээс ингэж хөөж тууж байл уу? Олон дайн хийснийхээ төлөөсөнд АНУ Олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдсан уу?

Aсуултад хариулт хай даа. Нэг нь тэр дороо шившиг болчихдог, хөөгдчихдөг, нөгөө нь яаж ч муулаад шившиг болдоггүй, хөөгддөггүй, мөн хачин хэрэг ээ? 

Гэхдээ би энэ удаа бол хүлээн зөвшөөрнө, бүр уухайлан бичнэ. Юу гэвэл Путин шиг глобал хэмжээний ийм стратегич Өрнөдөд эдүгээ төрөөгүй байна. Путин бол аугаа стратегич, харин Орос орон нь хөлд нь үрэгдэж байна. Түүнд Америкийнх шиг арми, зэр зэвсэг илт дутлаа. Энэ л Украины жишээн дээр харагдлаа.  

Орос ба Америкийн аль нь татан дагуулах хүчтэй вэ гэдэгтээ л хариулт эрэлхийлээд бичээд байна. Би ч өөрөө гайхаж гүйцээд байна. 

АНУ руу дүрвэсэн, цагаачилсан, орогнол хүссэн, урвасан, элсэгдсэн орос хүн гэхэд л тоогоо алдана. СССР-ийн удирдагчийн ач охин одоо Нью-Йоркт их сургуулийн дөнгүүр профессор болчихсон Орос орныхоо мөхөл задралыг оношлон сууна. ОХУ-ын анхны Гадаад хэргийн сайд нь ОХУ-аас Украинд дайны төлбөр төлүүлэхээр АНУ-аас ухуулга хийнэ. АНУ ба Өрнөд рүү оргон зайлсан оросын толгой эрдэмтэд сэхээтнүүдийг нэрлэж дурдаж барах юм биш. Нэг нийтлэл байтугай бүхэл бүтэн ном ч багадна. АНУ-ын, ерөөсөө Өрнөдийн нийгмийн татан дагуулах тэр нууц увдис гээч юмаар л ам таглах байх. 

зураг
 

Эргүүлээд хариулт эрье. Тэгвэл АНУ-аас Орос руу  дүрвэсэн, цагаачилсан, орогнол хүссэн, урвасан, элсэгдсэн америк хүн хэд байдаг вэ? Сурвалжлаад үз дээ. Орос орон тийм их татан дагуулах увдистай юм бол яагаад нэг ч америк хүн тийшээ зүглээгүй вэ? Америк гэлтгүй Өрнөд Европ, Япон, өөр барууны нийгмийн нэг ч иргэн Орост зугтаж ирсэн нь байдаггүй шүү! Коммунизмын материал-техникийн бааз байгуулж байсан СССР-т ч АНУ-аас зугтаж ирсэн, Зөвлөлтийн нийгмийн сайн сайханд татагдсан нэг ч америк хүн,  адаглаад америк коммунист гэж сонссонгүй.

Татан дагуулах хүч гэдэгт улс төр, эдийн засаг, нийгмийн маш олон шалгуур үзүүлэлт байж таарна. Социализм, капитализмын нийгмийн давуу талуудыг дахиад харьцуулах уу?

Түүхэн шалгуур гэж байна аа. Дэлхийн II дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтнийг фашист Герман, милитарист Японы яргaллаас аварсан Зөвлөлтийн (Оросын) ард түмний ач буян хэдэн зууны туршид мартагдашгүй, Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч ялалт байгуулсаар явах болно гэсэн нь одоо байхгүйтэй адил болчихсон. Дэлхийн II дайнд АНУ ба Өрнөд бас ялалт байгуулсныг яаж ч унтраах гээд бүтсэнгүй. Нэр хүнд аль талд нь жин дарж байна вэ? АНУ Японы хоёр хотод атомын бөмбөг хаясан. АНУ Хойд Солонгос, Хойд Вьетнамыг бөмбөгдсөн. Тэр үнэн. Гэтэл АНУ-ыг Япон, Солонгос, Вьетнам Олон улсын шүүхэд өмгөөлсөн, янкуудыг үүрд мөнх үзэн ядмаарсан. Гэтэл байдаггүй шүү. АНУ нь Япон, БНСУ-ын хувьд нэгдүгээр холбоотон нь, Вьетнамын хувьд шинэ чухал стратегийн түнш нь.  

Дэлхийн II дайнд хамгийн том ялтнаар яллагдаж буруутгагдан хамаг юмнаасаа салсан Герман, Япон хоёрын нэр хүнд, хүч чадал, эдийн засаг гэрлийн хурдаар өссөөр дэлхийд тэргүүлэгчид болох хэмжээнд очсон, гэтэл II дайнд хамгийн том ялагчаар тодорч хамаг юмаа бэхжүүлж, нутгаа тэлж авсан СССР ба түүний залгамжлагч Орос нь өнөөдөр хөгжлийн түвшин, эдийн засгийн үзүүлэлтээр нөгөөдүүлдээ бараагүй хаягдаад одоо Украины эсрэг дайн өдөөснийхөө төлөөсөнд эдийн засгаа нойл заалгах гэж байна. 

Татан дагуулах хүч гэдгээ л бичээд байна. Социализмын татан дагуулах чадавх, хүч нөөц, хөгжил, загвар гэхлээр манайхан Хятадыг нэрлэнэ, Скандинавын социализмыг бас жишээлнэ. Биш ээ, би Зөвлөлт улсад оршиж хөгжиж байсныг нь яриад байна. Молхи ухаанаар бол өнөөгийн Хойд Солонгосын боловсронгуй томсгосон хувилбар төсөөлбөөс. Зөвлөлтийн социализм хамаг хүч нөөцөө барсан, зэвсэглэлээр хөөцөлдөж, цэрэгжиж дайн хийсний (Афганистанд) дүнд түүндээ дэгээдүүлэн годройтоод ойчсон.    

Тэгвэл АНУ ба Өрнөдөд нийгмийн байгуулал, нийгмийн улс төрийн институц нь төгс ажилласаар өнөөг хүрчээ. Дэлбэрэх тэсрэх аюулын өмнө АНУ-ын нийгэм дотроо тулгарч байсангүй. Гадаадад хэчнээн олон удаа дайн хийсэн ч түүндээ дэгээдүүлээгүй.

1991 онд СССР-т ГКЧП гэгч төрийн эргэлт дэгдэж золтой л иргэний том дайн дэгдчихээгүй. Дэд ерөнхийлөгч тэргүүтэй нэр бүхий баахан хүн түүхийн хог дээр хаягдсан. До яамны сайд, Жанжин штабын дарга нар нь амиа егүүтгэж, олон ч том дарга цонхноос үсэрч буг болсон доо. 

Тэгвэл АНУ-д, эсвэл Өрнөд Европын аль нэг улсад төрийн ба цэргийн эргэлт, ордны эргэлт, онц байдал зарласан, нийслэлдээ цэрэг танк оруулсан, дээд дарга нар нь дараалан амиа хорлосон явдал тохиосон уу?

Татан дагуулах хүч гэдгийг манайхны сайн мэддэг, очихын хүслэн болдог Өмнөд Солонгосоор жишээлээд үз дээ. Хойд Солонгосын өдөөсөн их дайнд бүрэн сүйрсэн, үе үе цэргийн эргэлтээр ардчиллыг нухчин дарж асан энэ улс одоо хэн болчхоод монголчуудын хүслэн болчихсон юм бэ? Гэтэл Хойд Солонгост нь цөмийн зэвсэг пуужингаар айлгаж мөнгө нэхдэг нэг дарангуй национал–коммунист дэглэм, боол мэт зүтгэдэг өлөн зэлмүүн эмзэг хорин хэдэн сая хүн ард, үй олноор нь хорьдог зөвлөлт маягийн солонгос Гулагууд, нойл заасан хасах үзүүлэлттэй эдийн засаг дэнжигнэн байна. Тэгвэл мах цусны тасархай Өмнөд Солонгосыг нь капитализм хөгжүүлээд ямар диваажинд хүргэчихэв дээ?  

Төгсгөлд нь Орос-Украины дайнтай холбогдуулсан өөр нэг жишилт. АНУ хүчтэй чацтай явсан, яваа. Тэгэхдээ хөрш Канад, Мексикээсээ ганц сөөм газар ч булаан аваагүй. Тэгэхийн төлөө дайн байлдаан өдөөгөөгүй. Тэгж шунасан бол хөдлөх л байсан байх

Гэтэл СССР ч тэр, ОХУ  ч тэр газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд № 1. Тэгсэн хэрнээ хөршүүдээсээ сул дэл газрыг нь хуу цөлмөх, өөрийн болгох дайн тасралтгүй хийж иржээ. Ерөөсөө газар нутгаа тэлэхийн төлөө тэмцлийн түүх нь үүнийг илтгэнэ. СССР 100 жилийн өмнө байгуулагдахдаа яг тийм зам туулсан, залгуулаад Дундад Азийг Басмачуудаас чөлөөлж авсан, Баруун Белорусс, Баруун Украин, Молдав, Балтийн гурван улсыг СССР-т хүчээр нэгтгэсэн, Финландаас газар дээрэмдэн байж энх тайвны гэрээ байгуулсан, Туваг өөртөө нэгтгэсэн, Дорнод Пруссыг нэгтгэсэн, Курилын арлуудыг булаан авсан, 1950-иад онд Монголын баруун, хойд хязгаараас газар тасалж авсан, ОХУ нь Молдоваг хоёр хуваасан, Гүржийг гурав хуваасан, Украины Крым, Донбассыг булаан авахаар одоо дайтаж байна. 

Бусдын газар нутгийг булааж авах олон төрлийн мэргэн аргатай. Дайснуудаа “неонацистууд” хэмээн Кремлиэс нэрлэчихнэ, тиймээс тэднийг яллах шалтаг мундахгүй. Хамгийн түрүүн “геноцид” гэх домог зохиомжлон үнэмшүүлнэ. Эхлээд Кремльд үнэнч иргэдийг дотроос нь ялгана, тэднийгээ 5-р цуваанд бэлтгэнэ. ОХУ-ын иргэний харьяалал олгоно, хавтгайд нь паспортжуулна. Тэгснээ Оросын иргэнээ авран хамгаалах нэрээр гэнэт интервэнц хийнэ. Одоо бүр амартаа гарч ертөнцөөр нэг тархсан орос хэлтнүүдийг эх орон нэгтэнд тооцох тухай хууль мөрдөх гэж байна. 

Тэгвэл АНУ хаана хэнийг паспортжуулж байгаад гэнэт халдан довтолсон бэ? Англи хэлтнүүдийг эх орон нэгтэн гэж хаана хэнийг үзээд хамгаалаад геополитикийн фронт нээж байлдав? 

Украинд байлдааны ялалт хангаж чадаагүй, дээр нь олон улсын хамтын нийгэмлэгт орь ганцаардах дээрээ тулсан. Иймд ОХУ ертөнцтэй дайсагнан үзэлцэх дээрээ тулсан, тэр нь эрэмгий зориг гэхээсээ шившиг, хөгийн явдал болчихсон, Кремлийн хуягласан суртал нэвтрүүлгийн хүчинд оросын хүн амынхаа ихэнхийн дэмжлэгт дулдуйдан муйхарлана

Гэтэл АНУ гадаад аль нэг улс руу интервенц хийснийхээ төлөө ертөнцийн шившиг болсон тохиолдол байна уу? Ертөнцийн шившиг шүү! АНУ хэнийг “неонацист” гэсэн, хэнийг “геноцид”-д хардсан, тийм явдал байна уу?

Нэг үгээр, Орост хуваалцах үзэл санаа, үнэт зүйлс байхгүй учраас жинхэнэ үнэнч нөхөд, найз гэхээсээ геополитикийн хань, дуулгавартай аялдан дагалдагч, сателит улс хэрэгтэй, яг өнөөгийн Беларусийн дэглэм шиг, түүнийгээ холбоотон, түнш гэж нэрлэдэг.

АНУ ба Өрнөдөд үзэл санаа, үнэт зүйлсээ хуваалцах жинхэнэ үнэнч нөхөд, найз хэрэгтэй, түүнийгээ холбоотон, түнш гэж үздэг. Тэд нь АНУ-аа дагаж тойрч нягтарсан. 

Зүгээр л харьцуулагтун!