Индэр    
2021 оны 2 сарын 1
Зураг
Улс төр судлаач

Сонгуулийн дараах судалгаанаас онцлох 5 зүйл

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

2020 оны УИХ болон ИТХ-ын сонгуулиар иргэд хэрхэн сонголт хийсэн бэ? Тэрхүү сонголтод ямар хүчин зүйлс хамгийн ихээр нөлөөлөв? Эдгээр болон бусад сонгогчдын улс төрийн зан үйлийн талаарх асуултад хариулт олох зорилгоор миний бие сонгуулийн дараах олон нийтийн санал бодлын тандалт судалгааг өнгөрсөн оны 11-12 сард зохион байгуулсан юм. Ковид-19 цар тахлын хүрээнд хатуу хөл хорио тогтоосон үед онлайн судалгааны аргачлал ашиглаж мэдээлэл цуглуулсан бөгөөд 18-77 насны нийт 1400 иргэд оролцсон энэхүү судалгаанаас дараах таван зүйлийг онцолж байна.

Судалгаанд оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгоогүй тул судалгааны дүн нь Монгол улсын насанд хүрсэн нийт иргэдийг бүрэн төлөөлөхгүй бөгөөд судалгаанд оролцогчдын 82% нь Улаанбаатар хотын иргэд, дийлэнх нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байсныг анхаарна уу. Судалгааны датаг Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2019 оны тооцоогоор хүйс, насны бүлгээр жигнэсэн болно.   

Нэг. Ойролцоогоор судалгаанд оролцсон гурван иргэн тутмын хоёр нь санал өгөхдөө нэр дэвшигчдийн боловсролын түвшин, өмнө нь хийж бүтээсэн ажил, карьерын түүхэнд хамгийн их ач холбогдол өгсөн байна. 

 

УИХ-ын сонгуульд санал өгсөн 1052 судалгаанд оролцогчдоос тухайн нэр дэвшигчдэд санал өгөхдөө юунд хамгийн их ач холбогдол өгсөн талаар асуухад дийлэнх олонх буюу 64% нь нэр дэвшигчдийн боловсролын түвшин, өмнө нь хийж бүтээсэн ажил, карьерын түүх зэргийг харгалзан үзсэн гэж хариулжээ. Мөн 39% нь нэр дэвшигчдийн намынх нь мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтыг чухалчилсан гэж хариулсан бол 31% нь шинэ, залуу, өмнө нь сонгогдож байгаагүй нэр дэвшигчдэд санал өгсөн гэжээ. Харин 30% нь намыг нь дэмжиж тухайн нэр дэвшигчид санал өгсөн байна. 

 

Насны бүлгээр нь харьцуулбал судалгаанд оролцсон УИХ-ын сонгуульд санал өгсөн 18-25 насны залуучуудын 78% нь нэр дэвшигчдийн боловсрол, карьерын түүхэд хамгийн их ач холбогдол өгсөн байна. Энэ нь ижил хариулт өгсөн бусад насны оролцогчдоос 16%-иар илүү байв. Түүнчлэн, ойролцоогоор санал өгсөн 18-25 насны хоёр оролцогч тутмын нэг нь “шинэ залуу, өмнө нь сонгогдож байгаагүй нэр дэвшигчид саналаа өгсөн” гэж хариулсан байхад бусад насны бүлгийн оролцогчдын ердөө 29% нь ижил хариулт өгсөн байна. Эсрэгээрээ 26 ба түүнээс дээш насны УИХ-н сонгуульд санал өгсөн гурван оролцогч тутмын нэг нь намыг нь дэмжиж тухайн нэр дэвшигчид санал өгсөн бол 18-25 насны таван залуу тутмын ердөө нэг нь мөн адил намыг дэмжсэн байв. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогчдын нас ахих тусам нам эсвэл намын мөрийн хөтөлбөрт илүү ач холбогдол өгсөн байх магадлалтай байна. 

Судалгаанд оролцогчдыг хүйсээр нь харьцуулахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү нам эсвэл намын мөрийн хөтөлбөрийг чухалчилсан байв. Харин эмэгтэйчүүдийн 24% нь “эмэгтэй улс төрчийг дэмжсэн” гэж хариулсан байхад эрэгтэйчүүдийн ердөө 11% нь адилхан хариулт өгчээ. Ийнхүү эмэгтэй сонгогчид эмэгтэй нэр дэвшигчдийг дэмждэггүй гэх хэвшмэл ойлголтыг энэхүү судалгааны үр дүн няцааж байгааг онцолъё.    

Яагаад судалгаанд оролцогчдын дийлэнх нь нам болон намын мөрийн хөтөлбөрийг биш харин нэр дэвшигчдийг чухалчилсан бэ?

Үүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн байж магадгүй. Жишээлбэл, намуудын үзэл баримтлал, үнэт зүйлс тодорхой бус байдаг учраас ихэнх сонгогчид намуудад төдийлөн ач холбогдол өгч, тэднийг хооронд нь ялгаж, салгаж харьцуулдаггүй байх магадлалтай. Мөн Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн 2020 оны 5-6 сард хийсэн 18-40 насны залуучуудын санал бодлын судалгаанд оролцсон иргэдийн ихэнх нь улс төрийн намуудын талаар сөрөг бодолтой байдаг гэж хариулсан бөгөөд улс төрийн институтүүдийн дундаас намууд хамгийн бага оноо авсан байсныг онцлож байна.  

Нөгөөтэйгүүр энэхүү сонгуулийн дараах судалгаанд оролцсон иргэдийн ердөө 23% нь УИХ-ын сонгуулиар намуудын мөрийн хөтөлбөртэй сайн эсвэл маш сайн танилцаж чадсан гэж хариулсан байгаа нь намууд мөрийн хөтөлбөрийнхөө талаар иргэдэд хангалттай мэдээлэл өгч чадсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

Түүнчлэн сонгуулийг плуралит тогтолцоогоор зохион байгуулсан учраас сонгуулийн гол өрсөлдөөн нь намуудын дунд гэхээсээ илүү тойрог бүрийн нэр дэвшигчдийн хооронд болж өнгөрсөн гэхэд буруудахгүй. Плуралит тогтолцоогоор сонгогчид нь намд биш нэр дэвшигчид санал өгдөг учраас ихэнх нэр дэвшигчид намынхаа мөрийн хөтөлбөрийг сурталчлахын оронд өөрийн ур чадвар, танигдалт, өрсөлдөгчдөөсөө ялгарах байдал зэрэг хувь хүний хүчин зүйлсээр сонгогчдыг өөртөө татах гэж оролддог нийтлэг жишиг байдаг. Тиймээс манай улсад сонгуулийн сурталчилгаа нь ихэнхдээ хувь хүнд суурилсан улс төрийн PR-аар давамгайлж байдаг бөгөөд энэ нь сонгогчдын зан үйлд хүчтэй нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч судалгаанд оролцогчдын 32% нь УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн талаар сайн эсвэл маш сайн мэдээлэл авч чадсан гэж хариулсан байна. Энэ нь намын мөрийн хөтөлбөртэй сайн эсвэл маш сайн танилцсан гэж хариулсан оролцогчдын судалгааны түүвэрт эзлэх хувиас 9%-аар илүү байгааг онцлох хэрэгтэй. 

 

Хоёр. Сонгуульд санал өгөөгүй хамгийн түгээмэл шалтгаан нь хаягийн зөрчил байв  
Сонгуульд санал өгөөгүй гэж хариулсан судалгаанд оролцогчдоос яагаад санал өгөөгүй тухай асуухад хамгийн түгээмэл шалтгаан нь хаягийн зөрчил байв. 

 

Тухайлбал, УИХ-ын сонгуульд санал өгөөгүй оролцогчдын 32%, ИТХ-ын сонгуульд санал өгөөгүй оролцогчдын 18% нь иргэний үнэмлэх дээрх албан ёсны бүртгэлтэй хаягаасаа өөр газар амьдардаг учраас санал өгч чадаагүй гэж тус тус хариулжээ. Сонгуульд оролцоогүй шалтгааныг насны бүлгээр нь авч үзвэл 18-25 насны УИХ-ын сонгуульд санал өгөөгүй залуучуудын 44%, ИТХ-ын сонгуульд санал өгөөгүй ижил насны залуучуудын 39% нь тус тус хаягийн зөрчилтэй учраас гэж хариулсан байна. Харин 26 ба түүнээс дээш насны УИХ-ын сонгуульд санал өгөөгүй оролцогчдын 32% нь гадаадад байсан учраас санал өгч чадаагүй гэсэн бол ИТХ-ын сонгуульд санал өгөөгүй ижил насны оролцогчдын 19% нь “нэр дэвшигчид муу байсан, сонгох хүн байгаагүй” учраас санал өгөөгүй гэж хариулжээ. 

Судалгаанд оролцогчдын УИХ-ын болон ИТХ-ын сонгуульд оролцсон эсэхийг харьцуулж үзэхэд УИХ-ын сонгуульд санал өгсөн оролцогчдын 79 хувь нь ИТХ-ын сонгуульд санал өгсөн байв. Харин УИХ-ын сонгуульд санал өгөөгүй оролцогчдын ердөө 22% нь ИТХ-ын сонгуульд санал өгсөн байв.  

Гурав. Нэр дэвшигчдийн талаарх судалгаанд оролцогчдын үзэл бодолд сошиал медиа хамгийн ихээр нөлөөлсөн байна  

 

УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн талаарх таны үзэл бодолд дараах эх сурвалжуудаас аль нь хамгийн ихээр нөлөөлсөн бэ гэж асуухад судалгаанд оролцогчдын 42% нь Фэйсбүүк, Твиттер, Инстаграм гэх мэт сошиал медиа сайтуудыг нэрлэсэн бол 28% нь хэвлэл мэдээллийн байгууллага болон вэб сайтууд, 18% нь гэр бүлийн гишүүд, 17% нь сошиал дэх нөлөө бүхий хүмүүс (influencers), мөн ижил хувь нь найз нөхөд гэж тус тус хариулсан байна. Харин судалгаанд оролцогчдын 13% нь дээрх эх сурвалжуудын аль нь ч нөлөөлөөгүй гэж хариулсан бол ердөө 3% нь сонгуулийн сурталчилгааны материал эсвэл нэр дэвшигчид өөрсдөө нөлөөлсөн гэж хариулсан байна.  

Насны бүлгээр нь харьцуулахад 18-25 насны залуучуудын талаас илүү хувийн үзэл бодолд сошиал медиа сайтууд нөлөөлсөн байна. Гэтэл бусад насны бүлгийн оролцогчдын 40%-д сошиал сайтууд нөлөөлжээ. Үүнээс гадна 18-25 насны гурван оролцогч тутмын ойролцоогоор нэгнийх нь үзэл бодолд гэр бүлийн гишүүд нөлөөлсөн байхад бусад насны судалгаанд оролцогчдын ердөө 15%-д нь гэр бүлийн гишүүд нөлөөлжээ.   

 

Судалгаанд оролцогчдыг хүйсээр нь харьцуулбал эрэгтэйчүүдэд ажлын хамт олон, найз нөхөд, сошиал сүлжээнд нөлөө бүхий хүмүүс илүү нөлөөлсөн байхад эмэгтэйчүүдэд гэр бүлийн гишүүд илүү нөлөөлсөн байна. Мөн эмэгтэйчүүдийн 16%, эрэгтэйчүүдийн 11% нь тус тус хэний ч нөлөөнд автаагүй, өөрийн үзэл бодлоор сонголт хийсэн гэж хариулжээ. 

 

Дөрөв. Судалгаанд оролцсон таван иргэн тутмын ойролцоогоор хоёр нь нэг намын нэр дэвшигчдийг “багаар” нь дэмжсэн байна. 

 

Сонгуулийн сурталчилгааны үеэр зарим намын нэр дэвшигчид “биднийг багаар нь дэмжээрэй” гэж уриалж байсныг та санаж байгаа байх. Сонгуулийг тосгосон плуралит (bloc voting) тогтолцоогоор зохион байгуулсан учраас сонгогч бүр 2-3 нэр дэвшигчдэд санал өгөх эрхтэй байсан юм. Иймд сонгогч бүр өөрийн бүх саналыг нэг намын нэр дэвшигчдэд өгөх буюу тухайн намыг багаар нь дэмжих эсвэл саналаа олон намын нэр дэвшигчдэд хувааж өгөх боломжтой байсан билээ. Тэгвэл энэхүү судалгаанд оролцогчдын ердөө 38% нь нэг намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж, 62% нь нэгээс олон намуудад саналаа хувааж өгсөн байна. 

Насны бүлгээр нь авч үзэхэд 18-25 насны залуучуудын ердөө 27% нь аливаа нэг намыг багаар нь дэмжсэн байгаа нь бусад насны бүлгүүдээс хамгийн бага хувь юм. Насны бүлэг ахих тусам нэг намыг багаар нь дэмжсэн сонгогчдын хувь өсөж байгааг дээрх зураг харуулж байна. Улмаар 41 ба түүнээс дээш насны судалгаанд оролцогчдын 43% нь нэг намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжсэн байгаа нь бусад насны бүлгүүдээс хамгийн өндөр хувь байв.  

Залуучуудын олонх нь нэг намыг багаар нь дэмжээгүйгээс гадна бусад насны бүлгийн судалгаанд оролцогчдоос илүүтэйгээр бие даан нэр дэвшигчдэд санал өгсөн байх магадлалтай байв. Бие даан нэр дэвшигчдэд санал өгсөн оролцогчдын тухайн насанд эзлэх хувь нь нас нэмэгдэх тусам буурч байгааг доорх зураг харуулж байна. 

 

Тав. Судалгаанд оролцогчдын 37% нь сонгуулийн үеэр санал худалдан авалт их эсвэл маш их болсон гэж үзжээ 

 

Сүүлийн жилүүдэд сонгуулийн үеэр иргэдийн саналыг худалдан авч байгаа тухай тодорхой баталгаа, нотолгоогүй маш их мэдээлэл гардаг болсон. Гэвч манай улсад хэн, хэзээ, хаана, яг ямар төрлийн сонгогчдын саналыг хэрхэн яаж худалдан авах гэж оролддог, тэрхүү оролдлого нь үнэхээр амжилттай болдог эсэх талаар ул суурьтай, шинжлэх ухааны аргачлалын дагуу хийсэн судалгаа тун ховор байна. Тэгвэл энэхүү судалгаанд оролцсон иргэдээс таны бодлоор 2020 оны сонгуулиар санал худалдан авалт хэр их болсон бэ гэж асуухад 35% нь мэдэхгүй, 5% нь огт болоогүй, 13% нь бага эсвэл дунд зэрэг болсон гэж хариулсан бол 37% нь их эсвэл маш их болсон гэж үзжээ. 

 

Хэдийгээр судалгаанд оролцогчдын олонх нь санал худалдан авалтыг ямар нэгэн байдлаар болсон гэж үзэж байгаа боловч тэдний ердөө 7% нь УИХ-ын сонгуулийн үеэр аливаа нэр дэвшигчээс бэлэн мөнгө эсвэл бэлэг сэлт авсан гэж хариулсан байна. Ийнхүү санал худалдан авалтын талаарх иргэдийн төсөөлөл болон бодит байдал хоёрын хооронд их хэмжээний зөрүү байгаа нь анхаарууштай. Мэдээж санал худалдан авалт бол асар ээдрээтэй бөгөөд чухал сэдэв учраас дараагийн нийтлэлдээ уг сэдвээр илүү дэлгэрэнгүй бичих болно.  

Энэхүү цуврал нийтлэлийг сонгогчийн боловсролыг сайжруулах зорилгоор Зориг сангийн зөвлөх, Япон улсын Васеда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант С.Болдсайхан бичиж байна. 

Энэхүү нийтлэлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бичив. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын Засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.