Сонгуулийн тогтолцооны талаар олон нийт хангалттай сайн мэддэггүй.
Магадгүй сайн ойлголтгүй байгааг нь далимдуулж, хууль тогтоогчид өөрсдөдөө давуу тал бий болгох зорилгоор сонгуулийн тогтолцоог байнга сольдог жишиг тогтжээ. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найман удаа УИХ-ын сонгууль болоход таван удаа сонгуулийн тогтолцоог өөрчилсөн байна.
Сонгуулиас сонгуулийн хооронд тогтолцоог дур зоргоороо, бодит үндэслэлгүй өөрчлөх нь сонгуулийн легитим чанарыг алдагдуулж улмаар иргэдийн ардчилалд итгэх итгэлийг үгүй хийх эрсдэлтэй. Иймд,сонгогч танд сонгуулийн тогтолцооны талаар суурь ойлголт өгөх гэж энэхүү нийтлэлийг хүргэж байна.
Сонгогч хэдэн саналтай байх, саналаа хэнд өгөх, саналыг парламентын суудалд ямар аргаар хуваарилах зэргийг зохицуулсан багц хууль, дүрмийг сонгуулийн тогтолцоо гэдэг. Олон төрлийн сонгуулийн тогтолцоо бий.
Гэхдээ тухайн улсын сонгуулийн тойргийн хэмжээ, түүнд оногдож буй мандатын дундаж тоо, тойргоос ямар зарчмаар ялагчдыг тодруулж байгаагаар нь сонгуулийн тогтолцоог мажоритар, плуралит эсвэл пропорциональ гэж хоёр хуваадаг.
Мажоритар болон плуралит нь төстэй боловч тус тусдаа бие даасан тогтолцоо юм. Нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь ялагч болдог зарчмыг плуралит тогтолцоо гэдэг. Тэгвэл заавал сонгогчдын үнэмлэхүй олонхын буюу 50 хувиас илүү санал авч байж сонгогддог дүрмийг мажоритар тогтолцоо гэнэ.
Хэрэв хэн ч үнэмлэхүй олонхын дэмжлэг аваагүй бол хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулдаг нь энэ тогтолцооны онцлог. Энэ тогтолцоог манай улс 1996, 2000, 2004 оны УИХ-ын сонгуульд ашигласан.Манайхаас гадна Франц болон түүний колони байсан улсууд энэ тогтолцоог хэрэглэдэг.
Плуралит тогтолцоог дотор нь нэг мандаттай жижиг тойргийн (First Past the Post, Single Member District Plurality), олон мандаттай томсгосон тойргийн (Bloc voting) гэж хоёр хуваадаг. Жижиг тойргийн плуралит тогтолцоог манай улс 2016 оны УИХ-ын сонгуулиар ашигласан.
Харин томсгосон тойргийн плуралит тогтолцоог 1992, 2008, 2020 оны УИХ-ын сонгуульд хэрэглэжээ. Дэлхий дахинд жижиг тойргийн плуралит тогтолцоог Англи болон түүний колони байсан улсууд ашигладаг бол томсгосон тойргийн плуралит тогтолцоог Сири, Сингапур, Лаос, Кувейт зэрэг 17 ардчилсан бус дэглэмтэй улс ашигладаг.
Мажоритар, плуралит тогтолцоо нь энгийн, ойлгомжтой, сонгогч өөрийн төлөөлөгчөө шууд сонгож, хариуцлага тооцох боломж олгодгоороо давуу талтай боловч дараах сул талуудтай. Нэгт,аливаа улсыг олон жижиг тойрогт хуваадаг учраас бүх нийтийг хамарсан төрийн бодлого орхигдох эрсдэлтэй. Хоёрт, тойргоос цөөн тооны парламентын гишүүд сонгогддог тул олон сонгогчдын санал гээгдэх боломжтой. Гуравт, иргэд саналаа намд бус нэр дэвшигчид өгдөг учраас намын үзэл санаанд бус улс төрчдийн хувь хүний зан чанар, харизмд суурилсан өрсөлдөөн явагдаж улмаар популист улс төрчид сонгогдох магадлалтай.
Намуудын авсан саналыг парламентын суудалд хувь тэнцүүлэн хуваарилдаг зарчмыг пропорциональ тогтолцоо гэдэг.Энэ тогтолцоог хамгийн багадаа хоёр болон түүнээс дээш мандаттай тойрогт ашиглах боломжтой.
Пропорциональ тогтолцоог дотор нь хаалттай болон нээлттэй жагсаалт гэж хоёр хуваадаг. Тухайн нам нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг өөрөө гаргаж, сонгогчид тэрхүү жагсаалтыг дэмжих, эс дэмжих шийдвэр гаргадаг бол хаалттай жагсаалт.
Харин сонгогчид намд санал өгөхөөс гадна дэмжиж буй нэр дэвшигчдэдээ санал өгөх боломжтой бол нээлттэй жагсаалт юм. Ингэснээр хамгийн их санал авсан нэр дэвшигчид нь тухайн намаас парламентын гишүүн болдог.
Намын хаалттай жагсаалтаар сонгогчдын төлөөллөө шууд сонгох эрх хязгаарлагдаж, намын удирдлагад эрх мэдэл төвлөрдөг. Энэ нь улс төрчдийг иргэд, сонгогчдоос холдуулах эрсдэлтэй ч намын сахилга бат сайжирч улмаар институт болж хөгжих боломжийг бүрдүүлдэг. Нээлттэй жагсаалтын хувьд хэдийгээр иргэдэд өөрийн төлөөлөгчдөө шууд сонгох эрхийг олгодог ч нэг намаас дэвшиж буй улс төрчид хоорондоо өрсөлдөж, намын дотоод зөрчлийг хурцатгадаг.
Пропорциональ тогтолцоо нь дараах давуу талтай.
Нэгт, сонгогчдын санал хамгийн бага гээгддэг.
Хоёрт, нийгмийн цөөнхөд өөрийн төлөөллийг парламентад суудалтай болгох боломж олгодог.
Гуравт, олон намын тогтолцоог бий болгож энэ нь зөвшилцөл, харилцан ойлголт дээр суурилсан улс төрийн соёлыг бүрдүүлдэг.
Харин сул тал нь хэт олон нам парламентад суудалтай болсноор Засгийн газар байгуулах чадамжтай парламентын олонх бүрдэхгүй байх эрсдэлтэй юм. Мөн ардчилсан бус үнэт зүйлтэй, хэт радикал үзэл санаатай намууд парламентад төлөөлөлтэй болох боломжтой. Гэхдээ ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлж тодорхой хэмжээний саналын босго тавьж өгч болдог.
Жишээлбэл, Герман улсын хуульд неонацист үзэлтэй намуудыг парламентад төлөөлөлтэй болохоос сэргийлж аливаа намыг хамгийн багадаа нийт сонгогчдын 5 хувиас илүү санал авч байж, парламентын суудалтай болох боломжтой гэж заасан байдаг.
Мажоритар, плуралит болон пропорциональ тогтолцооны аль алиныг нь хэрэглэдэг бол холимог тогтолцоо гэж нэрлэдэг. Герман, Шинэ Зеланд гэх мэт холимог тогтолцоо ашигладаг улсууд зарим сонгуулийн тойрогт мажоритар, плуралит зарчмаар ялагчийг тодруулж, эдгээр тойргийн санал, суудлын тэгш бус үр дүнг залруулах зорилгоор бусад тойрогт хувь тэнцүүлэх арга ашигладаг. Холимог тогтолцоог манай улс 2012 оны УИХ-ын сонгуульд ашигласан.
Дэлхий дахинд сүүлийн зургаан жилийн турш нийт 112 ардчилсан улс бүх нийтийн, чөлөөт сонгуулиар төр засгаа байгуулжээ. Тэдгээрээс 59 улс нь пропорциональ, 33 нь мажоритар,плуралит, үлдсэн 20 нь холимог тогтолцоог ашиглаж байна. Пропорциональ тогтолцоог Европ, Скандинав, Өмнөд Америкийн улсууд,мажоритар, плуралит тогтолцоог Их Британи болон түүний колони байсан улсууд,холимог тогтолцоог Герман, Итали, Япон, Солонгос, Мексик зэрэг улсууд тус тус ашигладаг.
Мажоритар, плуралит тогтолцоо нь сонгогчдын саналыг парламентын суудалд хөрвүүлэхдээ механик байдлаар нөлөө бүхий том намуудад давуу тал үүсгэж, гуравдагч хүчинд сөргөөр нөлөөлдөг.
Ялах магадлалгүй гуравдагч хүчинд санал өгвөл санал нь хүчингүй болохыг ухамсарласан зарим сонгогчид ялах магадлал өндөртэй намуудын аль нэгийг дэмжихээс өөр сонголтгүй болдог. Үүнийг урьдчилж тооцоолсон гуравдагч намууд эвсэл байгуулж сонгуульд оролцдог учраас намуудын тоо цөөрдөг. Тиймээс энэ тогтолцоо нь аливаа улсад хамгийн ихдээ хоёр намын тогтолцоо бий болгодог. Харин пропорциональ тогтолцоо нь олон намын тогтолцоо бий болгох магадлалтай.
Хоёр намын тогтолцоотой улсад нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн эрхийг дангаар авах нь элбэг тохиолддог. Энэ нь эрх мэдэлд тавих хяналт багасах, улмаар авлига, дарангуйлал газар авах эрсдлийг агуулж байдаг. Түүнчлэн хоёр нам улс төрийн орон зайг бүрэн эзэлсэн үед хоорондоо үзэл санааны болон бодлогын хувьд ялгаагүй болох хандлага ажиглагддаг.
Гэхдээ хоёр намын тогтолцооны давуу тал нь улс төрийн шийдвэр гаргах процесс шуурхай болж, төр илүү бүтээмжтэй, тогтвортой ажиллах боломж бүрддэг. Үүнээс гадна нэг нам дангаар засаг барих нь сонгогчид түүнтэй хариуцлага тооцоход хялбар байдаг.
Харин олон намын тогтолцоотой улсад ихэнхдээ эвслийн Засгийн газар бий болдог. Төрийн бодлого зайлшгүй олон нам, эвслийн тохиролцоо, харилцан зөвшилцөл дээр суурилдаг нь эвслийн Засгийн газрын давуу тал юм. Гэхдээ намууд нь институт болж төлөвшөөгүй улсад эвслийн Засгийн газар тогтвортой ажиллаж чаддаггүй нь уг тогтолцооны сул тал билээ.
Сонгуулийн тогтолцооны ач холбогдлыг Монгол Улсын бодит жишээгээр үргэлжлүүлэн тайлбарлая.
Мажоритар, плуралит тогтолцооны нэг сул тал нь сонгогчдын санал ихээр гээгдэж олонхын дэмжлэггүйгээр нэг нам сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулдгийг манай улсын ардчилсан түүх харуулж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хоёр том намын нэр хүнд тасралтгүй унаж байгаа учраас олон бие даан нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх болсон.
Бие даагчид нь сонгогчдын саналыг хувааж, хүчингүй болгож улмаар идэвхтэй дэмжигч гишүүдтэй намд давуу байдал үүсгэж байна. Иймд, МАН 2016 онд УИХ-ын 65 суудал, 2020 онд 62 суудал авч өнгөрсөн хоёр сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэхдээ сонгуульд оролцсон нийт сонгогчдын ердөө 45 хувийн саналаар УИХ-ын 82 хувиас илүү суудлыг авсан билээ.
Сонгогчдын хэдэн хувийн саналаар парламентын суудлын хэдэн хувийг намууд авч байгаагаар нь тухайн сонгуулийн санал, суудлын хуваарилалт нь хэр зөрүү ихтэй буйг тодорхойлж болдог. Энэхүү “санал, суудлын зөрүүг”(disproportionality) ихэвчлэн судлаач Майкл Галлахерын боловсруулсан “хамгийн бага квадратын индекс” гэх аргаар хэмждэг.
Энэхүү индекс нь онолын хувьд 0-100 онооны хооронд хэлбэлзэж, сонгуулийн дүн зөрүү ихтэй байх тусам оноо нь өндөр гардаг юм. Энэ аргачлалын дагуу сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд дэлхийн бүх ардчилсан улсад зохион байгуулагдсан 1,200 гаруй парламентын сонгуульд шинжилгээ хийж үзэхэд Монгол Улсын УИХ-ын 2000, 2016, 2020, 1992 оны сонгуулиудын дүн нь санал, суудлын зөрүүгээр тэргүүлж байна.
Сонгогчдын олонхын дэмжлэггүйгээр эрх мэдлийг дангаараа авах нь ардчиллын олонхын засаглалын зарчим алдагдаж буйг гэрчилнэ. Хууль тогтоох эрх бүхий парламент нь ард түмний төлөөллийг хангаж чадахгүй, тэдний саналыг хангалттай тусгахгүй байгаа нь парламентыг легитим чанар буюу иргэдийн итгэлийг даах чадварыг үгүй болгох аюултай.
Санал ихээр гээгдэх нь иргэд сонгуульд итгэхээ больж, сонгуулийн ирцийг бууруулах сөрөг нөлөөтэй.Сүүлийн жилүүдэд сонгуулийн тогтолцооны талаар мэдлэггүй, сонгуульд ялагдаж гонсойсон улс төрчид сонгуулийг шударга бус явагдсан гэж дайрах, санал худалдаж авсан, санал тоолох төхөөрөмжийг хакердсан гэх мэт баримт нотолгоогүй мэдэгдэл хийх болсон нь олон нийтийн сонгуульд итгэх итгэлийг үгүй хийхэд нөлөөлж байна. Гэтэл асуудал нь сонгуулийн тогтолцоондоо байгааг бид ойлгох цаг болжээ.
Энэхүү цуврал нийтлэлийг сонгогчийн боловсролыг сайжруулах зорилгоор Зориг сангийн зөвлөх, Япон улсын Васеда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант С.Болдсайхан бичиж байна.
Энэхүү нийтлэлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бичив. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын Засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.