Монголын үндэстний үзэл, үндэстний мөн чанар
Монгол хүн бол монгол үндэстний нэг хэсэг
“Би монгол хүн”.
Хэнд ч ойлгомжтой, мэдээжийн юм шиг энэ өгүүлбэрийн ард их олон асуулт нуугдаж байдаг ажээ. Монгол хүн гэж хэн бэ? “Монгол” гэдгийг юугаар тодорхойлох вэ? Газар нутаг, төр улс, иргэн харьяат, хэл, соёл, цус зэрэг хүчин зүйлс санаанд орж ирнэ. Хэдэн хүчин зүйлс нь бүрдэж байж тухайн хүнийг монгол мөн эсэхийг тодорхойлох вэ? Энэ асуултад үндэстний үзэл судалдаг эрдэмтэд болон монголч эрдэмтдийн бичсэн бүтээлүүд дээр үндэслэж эргэцүүлэл хийх гэж үзье.
“Би монгол хүн” гэдэг бол үндэстний үзэл
Юуны өмнө “би монгол хүн” гэж хэлж байгаа хүн өөрийгөө монгол үндэстний нэгээхэн хэсэг гэж үзэж байгаа үндэстний үзэлтэй байна гэсэн үг ажээ.
Үндэстний үзэл гэдэг бол хүмүүс өөрийгөө ямар нэг бүлэг хүмүүст харьяалагдаж байгаа гэсэн бодол, өөрийгөө тэдэнтэй адилтгаж бодох үзэл, хамтын соёлтой байх, хамт гэснээ мэдрэх мэдрэмж гэж Сетон-Ватсон 1977 онд тодорхойлжээ. Өөртэй нь ямар нэг байдлаар нэгтгэх зүйл байна гэж үзээд байгаа болохоор монгол хүн монгол хүндээ өөриймсөг ханддаг байх. Улаанбаатарт үүнийг бичээд сууж байгаа би Сэлэнгэд амьдарч байгаа хүнийг танихгүй, магадгүй хэзээ ч уулзахгүй мөртлөө өөртөө хамаатуулж “бидний нэг” гэж бодож байна. “Монгол улсын нутаг дэвсгэрт, монголоор ярьдаг юм чинь” гэж та хэлэх байх. Гэтэл тэртээ Австралид монгол гэр бүлд төрж өсөөд монголоор ч ярьж чадахгүй тэр нэгэн хүүхдийг “монгол” гэж үзээд, өөриймсөг хандаж байхыг юу гэж тайлбарлах вэ? Монгол улсад төрж өсөөгүй боловч түүхийн нугачаанаас шалтгаалаад Монгол улсын нутаг дэвсгэрт амьдардаггүй өвөр монголчууд, Оросын буриадууд, халимагууд, хазарачуудыг “монгол” гэж үзэн өөриймсгөөр бодохыг юу гэж тайлбарлах вэ? “Монгол цустай юм чинь” гэж та хэлэх байх. Гэтэл Монголд төрж өсөөд, монгол эцэг эхтэй ч гэсэн Монголд дургүй, гадаад яваад Монголыг эх орноо гэж бодохгүй, дахиж хэзээ ч Монголтой холбоотой байхыг хүсэхгүй хүн байвал юу гэж үзэх вэ? Магадгүй ийм хүн “Монголоо алдсан” нөхөр байж болох юм. Ингээд бодохоор
Үндэстний үзлийг харах өнцгүүд
Өөрийн хамаатан ч биш, танил ч биш улсуудтай өөрийгөө нэг бүлэглэл гэж хамаатуулж төсөөлж бодсоноор үндэстний үзэл бий болдог гэж үзэж Бенедикт Андерсон 1983 онд “төсөөллийн бүлэглэл” гэдэг нэр томъёо гаргаж иржээ.
Евровт аж үйлдвэрийн хувьсгалын үеэр анх масс хэвлэл бий болсноор хүмүүс өөрийгөө ямар нэг бүлэглэлийн нэг хэсэг гэж мэдрэх болсон гэжээ. Андерсоны энэ үзэл нь үндэстний үзэл судлаачдын дунд модернист буюу орчин үеийн чиглэл юм. Энэхүү чиглэл нь үндэстэн гэдэг бол орчин үеийн төр улс дээр тулгуурласан, нэгдсэн боловсролын системээс улбаалсан нэгдсэн сэтгэхүйтэй хүмүүсийн нэгдэл гэж үздэг. Энэ чиглэлийн судлаачдын үзлээр Европын аж үйлдвэрлэлийн хувьсгалаас өмнө дэлхий дээр үндэстэн үүсээгүй байсан бөгөөд зөвхөн Европын колоничлолын үр дүнд бусад улсууд үндэстэн болж эхэлсэн гэж үздэг. Энэ чиглэлийнхэнийг хэтэрхий Европ төвтэй гэж шүүмжилдэг билээ.
Примордиалист буюу гарал үүслийг чухалчилдаг үзэл нь социологи-антропологийн үүднээс үндэстэн гэдэг бол байгалиас өгөгдсөн бөгөөд цусан холбоо, сэтгэл санааны холбоо нь үндэстэн бүрэлдэхэд чухал үүрэгтэй гэж үздэг үзэл. Эртний грекчүүд, ромчууд, египетчүүд өөрснийгөө бусдаас дээгүүр гэж үздэг байсан жишээнээс харахад үндэстэн эртнээс үүссэн. Цус, хэл, уламжлал нь байгалиас заяагдсан өгөгдөл тул үндэстэнд эдгээр нь хамгийн чухал гэж Гирц гэдэг судлаач өгүүлжээ. Гэтэл цусан холбоогүй, өөр өөр улсаас ирсэн хүмүүс нэгдээд шинэ үндэстэн байгуулж болдгийг АНУ-ын жишээн дээрээс бас харж болно.
Этно-символист буюу угсаатны зүй, бэлгэ тэмдгийг чухалчилдаг үзэл нь дээрх хоёр чиглэлийг хослуулдаг бөгөөд үндэстэн бол хамтын хуульзүйн систем, газарзүйн байршил, хэл зэргийг багтаах орчин үеийн ойлголт боловч “этни” дээр үндэслэсэн байдаг гэжээ. “Этни” нь хамтын түүх, соёл, домог, дурсамж, үнэт зүйл, бэлгэ тэмдгүүдийн цогц бөгөөд үндэстний үзлийн салшгүй хэсэг гэж Смит хэлсэн байдаг.
Товчхондоо, үндэстний үзэлд газар нутаг, төр улс, иргэн харьяат, хэл, соёл, цус зэрэг хүчин зүйлс хамааралтай боловч аль нь илүү чухал гэдэг дээр судлаачид маргалддаг ажээ. Харин үндэстний үзэл гэдэг бол субъектив ойлголт буюу тухайн хүний үзэл бодлоос ихээхэн шалтгаалдаг гэдэг дээр бүгд нэгддэг. Тэгэхээр монгол хүн байхын тулд юуны өмнө өөрийгөө монгол гэж үзэх нь чухал аж. Монголд төрж өссөн, Монгол улсад амьдардаг иргэн, монголоор ярьдаг, монгол соёл уламжлалаа мэддэг, монгол эцэг эхтэй гэх зэрэг хүчин зүйлс бол мэдээж монгол хүн байхад чухал хүчин зүйл боловч аль нэг нь бүрдээгүй ч монгол хүн гэж тооцож болох болов уу.
Тодруулбал, Монголд төрж өсөөгүй атлаа монгол хүн байж болно, Монголд амьдардаггүй атлаа монгол хүн байж болно, Монголын иргэн биш атлаа монгол байж болно, монголоор ярьдаггүй атлаа монгол байж болно, монгол соёл уламжлалаа мэддэггүй атлаа монгол байж болно, эцэг эх хоёулаа монгол биш, аль нэг нь монгол байхад монгол байж болно. Мөн эцэг эхийн аль нь ч монгол биш боловч өөрөө Монголын иргэн болохоор шийдээд ирсэн харийн хүнийг монгол гэж үзэж болох уу? Тэр хүн Монголд амьдраад, монголоор яриад, монгол соёл уламжлалыг дагаад, өөрийгөө монгол гэж бодож байхад монгол гэж үзэж яагаад болохгүй гэж? Харин уг гарлаа мартахгүй нь ойлгомжтой тул орос, хятад, англи, турк гаралтай монгол гэж үзэх нь зөв болов уу. Нэгэнт улсаас тавьсан шалгуурыг давж (Монголд таван жилээс доошгүй оршин суусан байх, сарын орлого хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин их байх, монгол хэл, үндсэн хууль, ёс заншлыг мэддэг байх) манай улсын нэг хэсэг болохоор шийдээд усыг нь ууж ёсыг нь дагаж байгаа улсуудаа “монгол биш” гэж нүд үзүүрлэх нь нийгэмд сөрөг уур амьсгал төрүүлэх аюултай байх. Харин хэдэн харийн иргэнийг монгол харьяат болгох тал дээр квот байх нь зөв гэж боддог тул олон сая хятад хүн Монголын иргэн болгохыг дэмжлээ гэж буруу ойлгохгүй байхыг хүсье.
Тэгвэл Монголд амьдардаг казах үндэстнийг монгол гэж үзэх үү? Юуны өмнө тэд өөрснийгөө монгол гэдэг үндэстний нэг хэсэг мөн гэж үздэг эсэх дээр бид их маргалддаг. Манай нэг найз гадаадад хамт сургалтанд сурч байсан Монголын казах гадаадуудад “би казах” гэж танилцуулсан, тэгэхэд нь тэр “тэгвэл паспортыг чинь үзье” гэж эгдүүцснээ ярьж байсныг санаж байна. Эсрэгээрээ, бүр монголжоод казахаараа сайн ярихаа байсан казахууд ч байдаг. Тиймээс казахуудын хувьд хүн бүр өөрийн бодолтой байдаг болов уу. Монголоос олон казах Назарбаевын бодлогын дагуу өвөг дээдсийнхээ нутаг болох Казахстан руу явж суурьшсан байдаг. Гэтэл Казахстанд тэднийг “оралман” буюу “буцан ирэгсэд” гэж зарим нь ялгаварлах тохиолдол их гардаг гэнэ (жишээлбэл энд
http://asiarussia.ru/news/2835/). Мөн Монголын казахууд Казахстанд очиж хангалуун амьдарч байгаа ч гэсэн төрсөн нутгаа буюу Монголоо санадаг юм билээ. Тэгээд бодохоор нэг хүн хоёр өөр үндэстний нэг хэсэг байж болох юм шиг санагддаг. Монголын казахуудаа монголчууд нь “бидний нэг” гэж үзэж, гаднын хүн шиг нүд үзүүрлэхгүй байх тусам өөриймсөг байх юм шиг санагддаг. Казахууд соёл заншлаа хадгалж дээдэлж байгаад дургүйцэхгүй, хүчээр монголжуулах гэж улайрахгүй, харин монгол хэлтэй байвал ажил орлоготой байх нөхцлийг бүрдүүлбэл аяандаа тэд монголоор ярих нь нэмэгдэх байх. Бид өнөөдөр БНХАУ-д төрөөс нь өвөр монголчуудад монгол хэл заахыг хориглохыг түгшүүртэй ажиглаж байгаа билээ. Уг нь хүн бүр өөрийн хэл соёлыг эрхэмлэн амьдрах боломжтой хорвоо баймаар.
Үргэлжлэл бий:
- 2-р хэсэг: Монголчууд хэзээнээс үндэстэн болсон бэ?
- 3-р хэсэг: Монголын үндэстний мөн чанар (national identity) юу вэ?
Олон улсын харилцааны мэргэжилтэн Б. Зандан