2019 оны 8 сарын 26
Нийтлэлч

Луйвар интэрнэйшнэл

Луйвар ерөөсөө нэн эртнээс хүний нийгмийг сүүдэр мэт дагасан үзэгдэл байхаа. Луйвар бол залилах болон хүний итгэлийг буруугаар ашиглах замаар бусдын өмчийг өөрийн болгох процессийн нэр хэмээн хуулийн толь бичигт тодорхойлжээ. Залилах гэдгийгээ санаатайгаар үнэнийг гуйвуулах, эсвэл үнэнийг зориудаар хэлэхгүй байх ба энэ тохиолдолд хууртагч өөрийн хөрөнгийг луйварчинд сайн дураараа өгөх явдал хэмээн тодотгожээ.

Бусдын өмч хөрөнгийг өөрийн болгох дээрэм, хулгай, шамшигдуулал, сүрдүүлэг гэх мэт олон арга бий боловч луйвар нь хууртагч өмчөө өөрөө луйварчинд итгэж өгдөгөөрөө ялгаатай. Тиймээс ч ихэнх орны эрүүгийн хуулинд тусад нь ялгаж зүйлчилдэг. 

Луйвар дотроо маш олон төрөл. Хохирогчтой голдуу аман, арай дээд зиндааных нь бичгэн тохиролцоо хийдэг. Хуурамч бичиг баримт болон эд зүйлээр барьцаалах, нэр нөлөөтэй хэн нэгний нэр барих, тодорхой мөнгө болон эд зүйл барьцаалах гэх мэт. Ихэнх луйварчид сэтгэл зүй, эдийн засаг, эрх зүй, мэдээллийн технологийн талаар гайгүй мэдлэгтэй байдаг.

Дээгүүр зиндааныхан бол төрийн байгууллага, тэр байтугай хууль тогтоох болон сахиулах байгууллагын ажлын дэг зэрэглэл, дотоод механизмыг нь сайн мэддэг. Луйварчдын санал болгодог сэтгэл зүйн арга нь гол төлөв: Ердийн нөхцөлд байдгаас хавьгүй хөнгөлттэй, илүү ашигтай наймаа бизнeс санал болгох; хохирогчид маш хурдан түргэн, төвөггүй гүйцэтгэгдэх ажилд оролцохыг урих; өөрийгөө асар баян, эсвэл нийгэмд нөлөөтэй хүн болгон танилцуулах гэх мэт.

Луйвардах хэлбэр санаанд багтамгүй олон янз. Хүний нэр барих, өв хөрөнгө хуваах, ажил сургууль санал болгох, машин түрээслэх, санхүүгийн пирамид, олдоцгүй болон ховор эм тариа санал болгох, бараа таваарыг заавал хэрэглэх болон хориглох хууль батлуулах, хуурамч сугалаа үйлдэх гээд тоочиж баршгүй.

Ялангуяа интeрнeт буй болсноор луйвар нь үндэстэн дамнасан шинжтэй болон өргөжжээ. Төрөл зүйлээсээ хамаараад өөрийн гэх нэршилтэй: фишин, вишин, фармин, форжэри, кликфрод, Нигерийн захидал, харилцагчаар дамжуулах, интeрнeт дэлгүүрийн, секс үйлчилгээний, интэрнэтээр дамжуулан хялбар мөнгө санал болгох гэх мэт. 

Түүхэнд тэмдэглэгдэн ном сударт үлдсэн анхны луйвар нь Энэтхэгт анх зохиогдож улам өргөжсөөр эртний Герег, Ромд дэлгэрсэн гурван аяганы нэгэнд шоо нуугаад таалгадаг мэх гох байж. Хаалттай ертөнцөд удсан социалист орнуудад ерээд оны эхээр ийм луйварчид олноор цуглаж хот болгоны гудамжинд хүн шавуулан залилан хийдэг байж билээ. Хүмүүс луйварчинд өөрийн хөрөнгөө сайн дураараа өгчихдөг болохоор удтал хууль хяналтаас гадуур явжээ.

Гэвч төрөөс арга хэмжээ авахгүй бол луйвар улам гаарч хүмүүс олноороо хохирох болов. Мин улсын үед 1607 онд Хятадад “Залилингийн ном” хэвлэгдсэнээр хүмүүс хэрхэн луйвардуулж байгаагаа ойлгох болов. Тэгсэн мөртөө л хамгийн зальтай, сайтар бодсон луйвар Хятадад л хамгийн их гардаг гэнэ. XVII зуунд Англид луйврыг эрүүгийн хэрэгт тооцон хүндээр шийтгэдэг болсон ч өдгөө тооцоолсноор жилд 200 шахам тэрбум долларыг луйварчдад алддаг гэнэ. Энэ бол Британий үндэсний үйлдвэрлэлийн бараг 5 хувь шүү дээ. II Екатeрина хатан хаан луйврыг хүнд гэмт хэрэгт тооцох хууль гаргасан. Монголд залилангийн хэрэг эрүүгийн хуульд байдаг ч нарийвчилсан, төрөлжүүлсэн ялын заалт үгүй. Сонирхолтой нь манай эмэгтэйчүүдийн хориход суугаа ялтнуудын дийлэнх нь залилангийн хэрэгтэй.

Түүхэнд нэр нь тодорч хожим нь урлаг утга зохиол киноны баатар болсон олон луйварчид байдаг. Эйфeлийн цамхагийг хоёр удаа зарчихсан Люстиг, арав гаруй орны тагнуулын байгууллагад зэрэг ажиллаж байсан Трэбиш, МММ гэх сүлжээний пирамид босгосон Мавроди, олон оронд олон янз нэрээр луйвар хийсэн Калиостро гэх мэт. Манайд ч сансар хэмээх, 90 саяын хэмээх, цоомоо хэмээх гээд орон нутгийн цаг үеийн тодорсон баатрууд бий.

Гэтэл хүмүүс яагаад луйварчдад итгэн хөрөнгө мөнгөө өөрийн сайн дураар тэдэнд аваачаад өгчихдөг юм бэ? Гэнэн тэнэгээсээ гэвэл энэ нь нэг мөр тайлбар болж чадахгүй. Ухаантай боловсролтой иргэдээс авахуулаад компани, сүм хийд, банк, олон нийт, төрийн инстүүцүүд, төр улсаараа хүртэл хууртдаг. Гэнэн тэнэг ч одоо дүүрч гэж үзье, бусад нь итгэмтгий, сайн санаатай, бусдыг чадах гэж байж өөрөө хорлогддог, шашны болон мухар сүсгийн улмаас, өвчин зовлон болон амьдралын бэрхшээлээс, эсвэл ердөө л шуналаас.

Монголд дотоодын зах зээл дээр дотоодын луйварчид дотоодын иргэдийг хулхидахдаа голдуу дотоодын гэнэн тэнэгүүдэд зориулсан байдаг. Орост МММ хэмээх сүлжээ санхүүгийн пирамид олон арван сая хүний мөнгийг луйвардсан нь илэрч бөөн шуугиан болсны дараа Монголд яг тэр аргаар үйлдсэн “хадгаламж зээлийн хоршоо” олон арван мянган хүнийг хоолноос нь салгасан. Тэрбайтугай Монгол банкнаас энэ бол луйвар шүү гэж хэд хэдэн удаа албан ёсоор анхааруулаад байхад шүү дээ.

УИХ-ын болон Засгийн газрын гишүүд Хадгаламж зээлийн хоршоодоос асар их мөнгө авчихсан байсан тул өөрсдийн нэр гарахаас айж хохирогчдын хохирлыг улсын мөнгөөр нөхөн төлсөн. Энэ нь нийтэд сургамж болоогүй учраас дараа дараагийн санхүүгийн пирамид боссоор. Үүний тод жишээ гэвэл Казакстанаас ирсэн луйварчин Монголд ийм пирамид амархан босгож эгшин зуур хүрээгээ тэлж чадаж байна. Хүмүүсээс тасалбар гэж гайгүй мөнгө хурааж авч асар том зааланд бөөнөөр нь суулгаж байгаад түрийвч даллуулан эд баялагтай болгоно гэсэн луйвар ямар ч зэм хүлээгээгүй, Бүх төрлийн өвчнийг анагаана гэж крантны ус өндөр үнээр зарахад оочирлоод худалдаж аваад байгаа хүмүүсийн мэдлэг боловсролыг юу гэж дүгнэх вэ!

Ирландын Дублин хотод газар байшин бааханыг зарсан тохиолдол бий. Ханандаа Дублиний том газрын зураг хадчихсан, үйлчлүүлэгчдээр өөрсдөөр нь сонгуулаад урьдчилгаа гэж авсаар 600 мянган доллар хульхидаад гадаадад гараад явчихсан. Ийм жишээ хэтэрхий олон. Манайхны луйвар уг нь болхи, олон газар урьд нь туршигдаад хүн үнэмшихээ больчихсон “палп фикшэн” л дээ. Гэхдээ амжилттай суралцаж байгаа. Эрдэнэтээр барьцаалаад зуу гаруй сая доллар хусна гэдэг бидний эрчтэй дэвшлийн тод илэрхийлэл.

Хүйтэн дайн дуусуут олон жил хаалттай байсан коммунист ертөнц хаалга цонхоо зад нээнгүүт юм үзээгүй тэднийг хуурах луйварчид хорвоогийн бүх өнцгөөс цутган орж ирлээ. Ертөнцийн мухар ядуу Монголыг ч голсонгүй. Элдэв кино чаатарыг дотор талыг нь засаж сандал ширээ компютэр авчирч өрж янзлаад “хөрөнгийн бирж гэж ийм юм байдаг юм, дор нь баяжуулдаг” гээд 7 сая доллар шуудаг нь Австрийн луйварчид.

Болор чулуу ургуулж дэлхийгээр нэг заран дор нь баяжуулна гэж 4 сая доллар аваад бултдаг нь Калифорнид цагаачилсан орос луйварчид.

Монголын агаарын орон зайг 99 жилээр түрээсэлдэг нь Америкийн луйварчин. Улсын нөөцийн алтыг үзэх мөргүй гулгуулдаг нь ЗХУ-ын “Москва народная” хэмээх банк. Чингисийн удам, алтан ургийн төлөөлөгч гэж улс орныг доргиодог нь голланд-индонезийн эрлийз нэг гар. 15 тэрбум доллар зээлдүүлнэ гэж Сангийн яамыг сахидаг нь Хонконгийн луйварчин.

Нэр төртэйгээр хэлэхэд тухайн үеийн удирдлага хууртагдсан болохоос эдгээр луйвраас өөрсөндөө ганц сохор улаан зоос аваагүй, тийм ухаан ч байгаагүй. Ер нь посткоммунист орнууд нээлттэй ертөнцийн гаршсан луйварчдад их юм алдсан даа. Зөвлөлтийн коммунист намын жоор хоёр мянган тонн алт ор сураггүй болсон, одоо болтол олдоогүй гэх юм билээ.

Цаашлах тусам манайхан цаад учрыг гадарлах болж гадны луйварчидтай нийлж улс орыноо тонох болсон. Чех ба Словакийн өрийг төлж байгаа байдлаар тэндэхийн Фалкон гэх луйврын компанитай хавсайдсаны шанд сая гаруй долларын олз олсон. Оросын өрийг төлөхөд 50 сая доллар хаачсаны учир олдоогүй. Германы Коммерсант банк хувийн хэвшилд зээллэг олгосон нь Төв банк болон Засгийн газарт ямар ч хамаагүй боловч төр мөнгийг нь төлж зуучлагчид нь дажгүй шан харамж авсан. Төв банкнаас 200 сая долларын акрадетив гаргасны хорь гаруй сая доллар нь алга болсон, хамтрагч нь нэг америк, мөн Голландын нэг банк.

Төрд ямар ч хамаагүй Иточу компаний зээлийн өрийг улсын төсвөөс төлж барагдуулсан, уг нь Монголын төрд энэ өр хамаагүй учир төлөх ёсгүй гэж гурван шатны шүүхээс тогтсон байсан юм шүү дээ. Солонгосын хөнгөлөлттэй зээлийн гүйцэтгэгч нь болсон Самсунг хулхи юмс шахахад тэдэнтэй хамтарч шийдвэр гаргасан манайхан ашгаас нь хуваалцсан. Гадаадын зээл тусламж, хөнлөлттэй зээл буруу гараар ордог нь дадал болсон. Хятадын 50 сая юанийн, Германы 10 сая маркийн хөнгөлттэй зээл тухайн үеийн холбогдох яам тамгаар ороод луйврын гараар дамжсан, удахгүй хариуцах яам татан буугдсаны дараа бичиг баримт нь устгагдсан. Эрдэнэтийг барьцаалж зуу гаруй сая доллар зувчуулахдаа манай хэд мөнгө гаргаж өгсөн Стандарт банкийнхантай хуйвалдсан гэж ярих юм билээ. Тоочвол ч овоо их факт байна даа. 

Ганц төр засаг гэлтгүй олон хувь иргэд гадны луйврын золиос болсон. Сайд хийж байсан нэгэн ярилцлага өгөхдөө интернэтээр орж ажилласаар өөрийгөө сая доллартай болсон гэж хөөрсөн. Иймэрхүү тоглоомонд татагдаж сая долларын “бүртгэлтэй” болсон бол урьдчилгаа гэгчид мундахгүй мөнгө төлсөн байж таараа. Нигерийн захидал гэгчид хууртан баахан урьдчилгаа төлчихөөд түүнээ нэхэмжилэн Африк орж арай алуулчихалгүй санд мэнд зугтаж ирсэн хүмүүс ч бий.

Гагц мөнгө төдийгүй улс хоорондын геополитик тоглоомд хууртан хулихдуулагчид ч байна. Малайзын Засгийн газартай Монгол улсын Засгийн газар хэлэлцэн Эгийн Усан цахилгаан станц бариулахаар тохирсон юм. Гэтэл гэнэт Чехийн Техноарт гэх компани гарч ирээд төслийг булаан авчээ. Үүнийг нь дэмжвэл хүн болгонд нэг сая доллар өгнө гэж амалсан учир УИХ-д “элсний 13” гэдэг бүлэг үүссэн. Гэтэл үнэндээ Техноарт нь барилга засварын жижиг компани болж таарсан, элснийхэн мэдээж бүтээн байгуулалтыг унтрааж дөнгөсөн ч амалсан мөнгөө аваагүй нь хожим зарим нь тээврийн жолооч болчихсон сүнгэнүүлж явснаас харагддаг. Байгаль нуурыг монголчууд хордуулах гээд байна хэмээн олон улсын байгууллагад ховлон өргөдөл гомдлоор дарж яваа хэсэг гар ч мөн л геополитик луйварт орооцолдсон байх.

Пиар хийхдээ алаад өгдөг гэх хэдэн орос сонгуулийн үеэр ирж “Танай ард түмэн үндэсний удирдагчдаа үнэн хайртай юм байна, хотоо харагдахгүй болтол нь зургийг нь байшин барилга дээр наа” гэж зөвлөж байж унагаж хаячихаад мөнгийг нь аваад сураггүй болсон тохиолдол ч бий.

Сүүлийн үед манайд их моодонд ороод байгаа залилангийн хохирол бол “луйврын эзнийг олж илрүүлэх” луйвар юм. Энэ нь луйврын золиос болсон этгээдийн алдсан хөрөнгийг олж өгөх, буруутан хэрэгтэн эзнийг нь илрүүлж өгөх гэж амлаж ихээхэн мөнгө шаардаж аваад тэр чигээрээ сураггүй гулардаг залилан. Уг нь ч аль эртний технологи л доо. Францын хувьсгал, Америкийн иргэний дайн, Орос дахь Октябрийн эргэлтийн үед маш их гарч байсан гэдэг. Эдүгээ өндөр хөгжилтэй орнууд ийм зальд хэдийнээ автахаа больсон ч буурай болон шинэ тутам орнуудад зориулж ийм луйвар их хийдэг болоод байгаа.

Ийм газруудад төрийн эргэлт, сонгуулийн маргаан, омог хоорондын зөрчил, хөрөнгө мөнгө булаацалдсан зодоон, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн байнга гарч байдаг болохоос олон улсын мэргэшсэн луйварчид чухам үүнийг отон хүлээж байгаад өөрснөө хүрээд ирдэг.

Тухайн оронд юу болоод байгаа, хэн нь хэнийгээ нухах гэж байгаа, ялагдаж байгаа тал ямар гүтгэлэг болон хардлагад өртөөд буй, ялж буй талыхны сэтгэлгээ болон зан ааш зэргийг тэд гаргууд судлаад мэдчихсэн. Хэрэв зөрчилдсөн талууд эрх мэдлийн төлөө өрсөлдөж буй улс төрийн хүрээнийхэн бол ганц болоод явчиж буй нь тэр. Тэд хөгжингүй орны дэлхийд нэртэй улстөрчид, сэнатор, ерөнхийлөгч, олон улсын байгууллагын удирдагчдын нэрийг барин өөрсдийгөө тийш гарцтай гэж бүлтрэнэ. Маргалдагч талуудын биенээ хардаж буй байг урьд нь судалсан, ер нь үнэн талдаа юм билээ, гэхдээ урьдчилгаа өгвөл найдвартай мөрдлөг явуулна гэж амлана. Удалгүй нэлээд баримт олсноо дуулгах ба нэмэлт мөнгө шаардана. Ингээд бусад өргөн хэрэглээний луйвартай харьцуулахад асар их мөнгө аваад гэнэт сураг тасрана. Ерөнхий механизм технологи нь энэ.

Ерэн онд “алт диллерийн хэрэг” гэгч томоохон улстөрийн шуугиан үүссэн. Үнэндээ Монголын гадаад валютийн гүйлгээ зөвхөн Зөвлөлтийн “Москва народная” хэмээх банкаар хийгдсээр ирсэн, тэд л Монголын алтны нөөцийг гулруулсан. Манайхан өөрснөө биенээ хардан хөзрийн мөрийд өгчихсөн юм ярьж дэвэргэж байлаа.

Тэр үед мөнгийг нь буруутантай нь олоод өгье гэсэн нэлээд хэдэн гадаад луйварчин давхиж ирж байсан. Санахаас Лаост банкинд ажилладаг гэх харах царайны луйварчин америк ирж төр засгийнхантай уулзаж байсан юмдаг. Мөн шонхор шувуу гадагш нь гаргаж байгаа асуудлаар нэлээд шуугиан үүстэл АНУ-ын иргэн гэх нэгэн араб луйварчин олон улсын байгаль хамгаалах байгууллагын нэр барьсаар ирж шонхор хамгаалахаар амалсан боловч өөрөө шонхорын наймаачин байж билээ.

Хээл хахууль, шамшигдуулал илрүүлж, алдсан мөнгөө эргүүлж олж авах зорилгоор манай төрийн болон хуулийн байгууллагууд гадны луйварчдад нэлээд мөнгө алдсан, алдсаар ч байна. Энхбаяр, Баярцогт, Баяр нарын хэрэг гэгчийг илрүүлэхэд туслахаар шийдсэн гадны хулхи гарууд удаа дараа их хэмжээний мөнгө Монголоос аваад тэр чигтээ алга болсон. Одоо ч хашрахгүй үргэлжлүүлсээр. НҮБ-ын нэр барьсан луйварчид ч манайхантай хэлэлцээ хийж яваа сурагтай.

Олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах байгууллага гэгчээс Панамын офшор дансыг ухлаа хэмээн баахан улс төрчдийн нэр гаргаж ирсэн. Хэдийгээр офшор бүсийн банк нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, ердийн хууль ёсны байгууллага боловч үүнийг хулгай хийсэн мөнгөө хадгалдаг газар маягтай суртчилснаар эрүүл хүн үнэмшимгүй цуурхал хардлага манайд дэгдсэн. Нууц данс илрүүллээ л гэнэ, хаанахын банкны хадгаламжийн мэдээлэл ил, нийтэд зарлагдсан байдаг юм бол!

Дээрх сэтгүүлчдийн мөрдөн хийдэг гэх байгууллага нь эцэстээ тодорхой зарим орны улс төрд нөлөөлж үймүүлэх гэсэн тодорхой тагнуулын байгууллагын зориуд үйлдсэн явуулгын гар хөл болсон байдаг. Тэд хэдийгээр олон орны улс төрчдийг нэрлэн “булхайг” нь илчилсэн боловч ганцхан Исландын Ерөнхий сайд хэрэгт орж огцорсон. Учир нь мань эр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ офшорт хадгалсан хөрөнгөө бүртгүүлээгүй юм билээ. Тухайн улсын хуулиар энэ нь гэмт хэрэг биш юм гэхэд юутай ч улс төрийн алба гүйцэтгэх ёсгүй гэнэ. Нэр нь зарлагдсан бусад орны улстөрчид ямар ч хариуцлага хүлээгээгүй, хүлээх ч учиргүй, учир нь үүнд хууль зөрчсөн асуудал байхгүй. Жаал шуугиад л өнгөрсөн дөө.

2019.8.25.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x