Зураг
Зураг
Индэр    
2019 оны 5 сарын 29
Зураг
Нийтлэлч

Хагаралдуулаад захир

Divide et impera гэсэн латин үг хүний түүхэн дэх магадгүй хамгийн цуутай улс төрийн зарчмын нэг байх. Разделяй и властвуй, Divide and rule гэх мэт орос, англи орчуулгыг нь олон хүн сонсохоороо нэг болоо биз. Энэ хэллэгийг хуучны улс төр, философийн орчуулгын ном бүтээлд монголоор Хуваагаад захир гэсэн байх нь харагддаг. Ингэхээр нэг бүтэн биетийг хэсэг бүлэг субъект олон хэсэгт хуваагаад тус тусдаа эзэмших гэж байгаа мэт дүр бий болно. Гэтэл хэлц үгийн утга нь бүр эсрэгээр, тухайлбал нэгэн цул биетийг биентэйгээ зөрчилдсөн олон хэсэг болгон салгачихаад нийтэд нь захирбал хялбар гэсэн санаа юм. Үүнийг Хагаралдуулаад захир гэж орчуулбал илүү дөхөм болох болов уу. 

Хэрэвзээ аль нэг газар орон, улс нийгэм, бүлэглэл зэргийг эрхшээн захирах гэж байгаа бол тэрхүү улс орноо эхлээд дотор нь хагаралдуулан бутаргачихаад дараа нь хяналтандаа авч ноёлох хэрэгтэй гэсэн сургааль маягийн стратеги тактик ажгуу. Эртний Ромд баримталж байсан энэ зарчмыг хожим Макавилли задлан тайлбарласан ба, уран зохиолд Александр Дюма Шадар гурван цэрэг романаараа нийтэд алдаршуулан ойлгуулсан.

Арга техникийн хувьд тухайн нэгдмэл бүлгийг хооронд нь хагаралдуулахын тулд: 

  • Ашиг сонирхлынх нь яльгүй ч хамаагүй зөрчөлдөөнийг гаднаас нь хөөрөгдөн дэвэргэх.
  • Өөрийн захиргаа удирдлагатай зөрчилтэй байдаг жижиг бүлэглэлийг гаднаас нь дэмжих, туслах
  • Тухайн удирдлага, захиргааны нэр хүндийг унагаж үл итгэх, дайсагнах уур амьсгал бүрдүүлэх.
  • Тухайн захиргааг санхүүгийн хүндрэлд оруулж улс төрийн болон дайн тулааны талаарх шийдвэр гаргах бололцоог нь хаан боогдуулах.

Мэдээж түүхийн явцад энэ нь хөгжин боловсронгуйжсаар есөн шидийн арга технологи нэмэгдсэн боловч дээрх нэрэлсэн хэдэн тактик стратеги голлох үнэлэмж хэвээр. Ийм тактикийг хүн анх үүссэнээс хэрэглээ л биз, гэхдээ бичмэл түүхэнд дурьдсанаар хамгийн анх үр дүнтэй хэрэгжүүлж чадсан хүн нь Юлий Цэзарь. Эртний Ромын иргэншил буй болгосон хүчирхэг гүрнийг вандал, гот, сармат, хүннү, герман гэх мэтийн бүдүүлэг олон аймаг үргэлж сандаргаж байв. Галлийн дайн хэмээх номондоо Цэзарь өнөөгийн Францийг хэрхэн эрхшээлдээ оруулснаа бичсэн. Ялалтынх нь гол шалтгаан нь нэгдсэн Галлийн дунд Вэрцингэротиг удирдагчийг нь бусадтай нь муудалцуулж, үл итгэлцлийн гал өрдөж чадсанаа бахархан тэмдэглэсэн байдаг. Тэрээр Галлид нутагладаг герман овгийхны заримыг өөрийн цэрэгт элсүүлж, тушаал дэвшүүлж, харж үзэж, шагнаж урамшуулж байв.

Монголын эзэнт гүрний үед хагаралдуулаад захир аргыг цөөн хүн амтай монголчууд сурамгай хэрэглэж байжээ. Тэд хятад хүнийг Төв Азийн лалын орнуудад өндөр албан тушаалд томилохын зэрэгцээ зөрүүлээд лал, христ хүмүүсийг Хятадад том зэрэг дэвд томилон эрх мэдэл олгоно. Ингэснээр харь элэгтнээр удирдуулах болсон аль аль талын дотоодод зөрчил үүсч таараа. Юань гүрний үед улсын нийт хүн амыг угсаа гарвалаар нь дөрвөн зэрэглэлд хуваан тус болгонд нь өөр хууль үйлчлэхээр тогтоосон нь хүн амын дунд хангалттай хагарал буй болгож байв. Нэг дүгээр зэрэглэлд хамаарах монгол хүн бусдын амь хөнөөвөл бодоор торгуулна, харин дөрөвдүгээр зиндаанд хамаарах хятад хүн адил хэрэг үйлдвэл амийг амиараа төлнө.

Англичууд өөрөөс нь олон дахин том, хавьгүй эртний иргэншилтэй Энэтхэгийг гол нь шашны зөрчилдөөн дээр нь тоглон хагаралдуулсаар колончилж чадсан. Өчүүхэн Белги Африкт асар том колонитой болж чадсан нь хагаралдуулаад захир зарчмыг чадамгай хэрэглэсний үр дүн. Алс Америк тивийн ууган иргэншлүүд болох Ацтэк, Маяа, Инк-д өөрсдийг нь уулгалагч зэрлэг овгуудыг хооронд нь хагаралдуудах түмэн арга хэрэглэдэг байжээ. Орчин үед хагаралдуулаад захирах арга техник, технологи нь хөгжлөө дагаад улам төгөлдөршсөн. Хууль бусаар түлхэн унагагдсан Оросын төрийн эсрэг иргэний дайн дэгдээсэн большевикууд янз бүрийн хүчинтэй түр зуур эвсэн бутаргаж байсан. Тэд зүүн эсэрүүд, анархистууд, орос бус цөөнх үндэстнүүд, үндсэрхэг үзэлтнүүдтэй сүлбэлдэн, улмаар тэднийхээ дунд хагалан бутаргасаар дайн дуусахад гагцаар ноёлогч болжээ. Нацистууд Югославаас Хорватыг, Чехословакаас Словакийг, ЗХУ-аас Украин, Балтын орнуудыг салган өөрийн тал болгож байсан нь эдгээр улсын дотор оршсоор байсан ужиг зөрчлийг овжноор ашигласан хэрэг.

Хүчирхэг гүрнийг дотоод зөрчлийг нь ашиглах замаар сул дорой болгож байсан нэг жишээ бол Юаний дараах Монгол юм. Баруун Алтай, Сияаны нуруугаар нутаглах ойрд монголчууд ой тайга уул хад ихтэй газартай учир билчээрийн нэн дутагдалтай, тэрнээсээ болоод мал цөөнтэй, ядуу тарчиг амьдралтай байв. Гэтэд Хангай Хэнтийн нуруу, тэрнээс урагш уудам талд нутагладаг халх монголчууд хангалттай билчээртэй тул амьдралын төвшин нь харьцангуй дээгүүр байжээ. Ийм учраас нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлдэг халх ба ойрдууд дөрвөн зууны турш дайсагналцан уудам талын төлөө зөрчилдөн тулалдсан юм. Үе үеийн турш хүчирхэг байж эзлэн түрэмгийлэх уламжлалтай энэ орон, ард түмнийг хагалан бутаргах замаар доройтуулах сонирхол мингийн хятадуудад ч, төвдүүдэд ч, манж нарт ч байсан нь ойлгомжтой. Хүчирхэгжин гарч ирсэн Манж Чин улсын сонирхлыг монголчууд руу чиглүүлж өөрсдийгөө аврах хүсэл төвдүүдэд байсан бол Манж Чин гүрэнд бүх монголчуудыг өөртөө нэгтгэл сонирхол байв. Үргэлж довтолгон зовоох монголчуудыг хооронд нь муудалцуулан доройтуулж өөрсдийн амар амгаланг төвштгөх зорилго мингийн хятадуудад байсан. Тэд гагц Ойрд-Халхын зөрчил төдийгүй ерөөс монгол ихэс дээдсийн хээл хахуулинд шуналтай, цол хэргэмд шохоорхуу, бэлэг сэлтэнд унамхай занг ашиглан нэгийг нь хөхиүлэхийн зэрэгцээ нөгөөг нь зориудаар гомдоох, хооронд нь өрсөлдүүлэх тактикийг элбэг ашиглана. Манж нар Лигдэн хаанд шан өгөн Цагаан хэрэм рүү довтлуулдаг байсан чинь хятадууд уран арга сийлэн шанг хэд дахин өсгөн эргүүлээд түүнийг Манж гүрэн рүү дайлдаг болгох жишээтэй. Монгол улс тусгаар тогтнолоо заралсны дараа ч хятадууд баруун монголчуудад урьд өгч байсан цалин пүнлүүгээ тасалсангүй. “Улс орон чинь тусгаар болчоод байхад та нар юунд харийнхнаас харамж авсаар байгаа юм?” хэмээн асуухад ноёдууд “бид тэднээс мөнгийг нь авч хохироож байгаа юм” гэж хээв нэг хариулсныг А.Бурдуков хачирхан тэмдэглэсэн байдаг. 

Орос-Японы дайны дараа 1907 онд тэд нууц гэрээгээр өөрсдийн нөлөөллийн бүсийг тогтоож ялсан Японд Манжуур, Өвөр Монгол хамрагдсан бол ялагдсан Орост Гадаад Монгол ноогджээ. Оногдсон нөлөөллийн бүсээ баталгаажуулахаар Коростовец ирж монголчуудтай хэлэлцээ хийв. Бардам ихэрхүү монголчуудтай тохиролцох үнэхээр хэцүү байлаа. Алтан ургийн ноёд ба лам нар хоорондоо таарамж муутайг ажигласан Коростовец ноёдуудын талд орон Цэрэнчимэд тэргүүтэй лам нарыг шахаж эхлэв. Үнэндээ тэр үед лам нар нь нөгөөдүүлийгээ бодвол хавьгүй илүү өндөр боловсролтой, ном журам жудаг сахилга дээртэй байжээ. Үүнээс хойш лам ба ноёдын дайсагнал чинээндээ тулсаар Богд болон Ерөнхий сайд Бадамдоржийг хориглосоор байтал 1919 онд ноёдууд хүч залиар түрий барин хятад цэргийг урин залж, арай гэж олсон автоном эрхээсээ татгалзан, Хятадын бүгд найрамдах улсад нийлэх шийдвэр гаргажээ.

1921 онд дахиад өөрийн төртэй болов. Ноёдын, Түшмэдийн, Ардын гэсэн гурван нам Богд хаандаа үнэнч байлаа. Зөвлөлтүүд хооронд нь хагаралдуулж байгаад эхлээд Ардын намыг, дараа нь Түшмэдийн намыг устгасан юм. Хожим Хувьсгалт залуучуудын эвлэл гэх нэртэй болсон Бошгыг халах залуусын байгууллага шинээр буй болгон хөөргөн залуучуудаар бүрдүүлж тэднийг дээрх намуудыг устгахад ашигласан. Монголын удирдагчид 1928 хүртэл большевик нам болон Коминтерний үгэнд орохгүй тусгаар байдлаа хадгалах гэж мэрийн дотроо эв нэгдэлтэй байлаа. Тэгэхээр нь КУТВ, Морин цэргийн сургууль, Намын сургуулийн сурагчдыг өдөөн хатгаж “Худонская фракция” гэх орос нэртэй бүлэглэл байгуулан араас нь шордсоор төрийн эргэлт хийлгүүлж дөнгөсөн юм. Улмаар Ойрд-Халхын ужиг зөрчлийг ашиглан Монголын баруун хэсгийг Тува, Хойд Шинжаантай нийлүүлэн тусгаарлах санааг нам төрийн удирдлагын нэг хэсэг болох Шижээ, Бадрах нарт шургуулан үймүүлжээ. Эндээс Халхын Гэндэн-Дэмидийн бүлэг, Ойрдын Шижээ-Бадрахын бүлэглэл үүссэн түүхтэй. Дорно зүгт дайны сүүдэр тусч Япон, Хятад хоёр байлдаад унуут Алс Дорнодоо хамгаалахын тулд зөвлөлтүүд Японд эртхэн хүчээ харуулах шаардлага гарчээ. Гэвч мөргөлдөөнд өөрийн нутаг дээр биш, хот суурингүй зэлүүд нутаг Монголыг байлдааны полигон болгон сонгож авсан юм. Монголын удирдлагыг нутаг дээрээ зөвлөлтийн цэргийг оруул гэж байн байн шахсан боловч Гэндэн, Амар, Дэмид нар эрс эсэргүүцсэн төдийгүй Ерөнхий сайд Гэндэн “Орос Япон хоёр дуртайгаараа хоорондоо байлдана л биз, үүнд Манжго, манай Монгол хоёр ямар хамаатай юм!” гэж адарчээ. Төлөвлөсөн тулалдаанаасаа жил гаруйгийн өмнө тэд цэргээ зөвшөөрөлгүй оруулж ирэн байршуулсан. Ингээд Чойбалсанг заналхийлэн сүрдүүлж байж Монголын албан ёсны удирдлагын өөдөөс сөргүүлэн тавьсан ба япончууд Монголд аюул учруулах гээд байна гэсэн хуурмаг нэрийн дор Монголын сэхээтэн, лам, нам төрийн зүтгэлтнүүдийг японы тагнуул туршуул хэмээн гүтгэж хиаруулан хядсанд нь тухайн үеийн Монголын нийт эрчүүдийн тав тутмын нэг нь өртсөн юм. 

Аль алиндаа өгөхгүй, дундын жийргэвч бүс болгохоор тохирсон хөршүүд 1946 онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө. Гэтэл коммунист систем задран унаснаар Монгол улс хөршүүдийн анхаарлаас холдсон юм. Шинэ зуун гартал тэд Монгол улсыг бараг мартчихжээ. Энэ хооронд монголчууд гурван зуу гаруй жилийн турш хорионд байсан гинжнээсээ мултарч гадаад ертөнцтэй танилцан хаалгаа нээв. Шилжилтийн эхэн үеийн нэн хүнд бэрхшээлийг олон улсын хамтын нийгэмлэгийн орнууд, тэдний олон улсын байгууллагууд, хандивлагч орнууд, ялангуяа Японы тусламж дэмжлэгээр даван туулсан билээ. Монгол нь асар их байгалийн баялагтай, хэрэв түүнээ зөв ашиглавал богино хугацаанд Төв Азийн бас нэг Кувейт болох бололцоотой нь харагдлаа. Гадаадын хөрөнгө оруулалт нэг хэсэгтээ идэвхижсэнээр ердөө арав хүрэхгүй жилийн дотор үндэсний үйлдвэрлэл нь даруй арав дахин нэмэгджээ. Ингэж огцом баяжсанаар гурван зуун жилийн өмнө гурав хуваагдсан монгол үндэстэний татах хүчин нь Улаанбаатар болж хувирав. Гадаад хэл сурахдаа авъяастай монголчууд энэ хооронд нийтээр англи хэл суралцсан төдийгүй хаа хамаагүй солонгос хэл хоёр дахь гадаад хэл нь болчихжээ.

Шинэ зуун гарангуут нэг хөршийн толгойд чанга гар гарч ирсэн бол түүнээс хойхно нөгөө хөршийн оройд дутахгүй чанга эр араас нь орж ирэх нь тэр. Хэнд нь ч үл хамаарах боловч геополитикийн хувьд өөр бусад газрын эрх ашиг оруулахгүй хэмээн тохиролцож байгуулсан жийргэвч бүс Монгол нэг харсан шал өөр болчихжээ. Энэ нутаг руу хэн ч хэзээ оруулж байгаагүй асар их хөрөнгө оруулалт хаа хамаагүй алс газраас ороод ирсэн байна. Аргадах аашлахыг зэрэгцүүлэн тэвчээртэй хүлээж цагийн уртад зорилгоо биелүүлдэг Хятад, агсам эр шиг юу юугүй нүүр нүдгүй нүдэж зодоод булчингийн хүчээр зорилгодоо хүрдэг Орос хоёр анхаарлаа Монгол руу төвлөрүүллээ. Аль алин нь Монголын баялагт шунаад байгаа юм байхгүй. Орос бусдын байтугай өөрийнхийгөө яая гэсэн дундаршгүй баялагаа ч ашиглаж чадахгүй сул хэвтүүлж байгаа бол, асар их байгалийн баялагтай ч дутуугаа дэлхийн хаанаас ч татаад авчих сүлжээгээ хятадууд хэдийнээ бий болгосон. Асуудал хөршүүдийн геополитик ашиг сонирхлын жийргэвч бүс рүү хаа холын дайсагнагч бүлэглэлүүд савраа шигтгэсэнд байгаа юм. Тэд Монгол руу богино хугацаанд олон тэрбум долларын хөрөнгө оруулчихсан ба энэ нь цаашид маш хурдтайгаар өсөх магадлалтай нь нүднээ илэрхий. Хөршүүдийн үзэж байгаагаар Монгол нь албан ёсоор тусгаар тогтносон улс боловч, зөвхөн хоёр хөршөөсөө хамааралтай вакуумжсан орчин байх ёстой. Үлгэрлэвээс Хойд Солонгос лугаа адил.

Зөвлөлтийн эзэнт гүрний задарлыг ХХ зуунд тохиосон хамгийн том гамшиг гэж заралдаг Путин нь II Николай хааны үеийн Оросын эзэнт гүрнийг дахин сэргээхээр “хагаралдуулж байгаад эзэгнэ” зарчмыг цэргийн түрэмгийлэлтэй хослуулан хэрэглэх тактик стратегиэр гаргууд нэгэн сартваахи. Украин, Гүрж, Молдавт иргэний дайн өдөөж, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бусад үндэстний тусгаар улс болгонд дарамт шахалт, хууран мэхлэлт, өдөөн хатгалга хийн амжилттай яваа нэгэн. Алс холын хумсын чинээ Монтинигрогийн дотоод хэрэгт илэрхий оролцох нь өчүүхэн тоглоом. Африкийн хамгийн ядуу орон Төв Африкийн бүгд найрамдах улс, Мадгаскарт хуруу хумсаа шигтгэж чадаж байгаа нь ердөө л хээрийн сургууль. Аварга АНУ-ын сонгуульд нөлөөлөх гэж энэ хүчирхэг орны дотор дуусашгүй хэрүүл тарьж чадаж байгаа юм. Европын холбоог бараг задлангаа алдаж буй нь урьд нь Зөвлөлтийн хийж бараагүй ажил. Ийм гайхамшигт тоглолттой мастерийн хувьд хөрш Монгол бол ердөө жижиг чулуу няслахын дайтай зугаа. АНУ-ын тагнуулын газраас оросууд Монголын сонгуульд дандаа хөндлөнөөс оролцдогийг заралсан удаатай.

Өрнөдийн хөрөнгө оруулагчдыг Монголоос үргээх ажлыг тэрээр биечлэн удирдсаар арав гаруй жил боллоо. Ураны орд дээр ашиглалт явуулж байсан Канадын компанийг монголчуудаар өөрсдөөр нь хөөлгүүлж олон арван сая долларын өрөнд оруулж чадсан. Арваад орны сонирхол татаж хөрөнгөө оруулахад бэлнээ илэрхийлээд байсан Тавантолгойн аварга ордыг юу ч биш болгож чүчхэ маягийн “зөвхөн өөрийн хүчээр өөрсдөө” гэдэг зам руу түлхэн оруулсан. Францын төрийн компани Ариава Монголд 25 жил хайгуул хийж байгаа боловч одоо болтол ямар ч ахиц гаргаж чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь хөршөөс ирэх хагалган бутаргах зорилго бүхий бяцхан санхүүжилтийн хүч нөлөө. Үр дүнд нь Монголд гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогслоо. Одоо үлдсэн ганц нь Оюутолгойн зэсийн орд юм. Нэгэнт олон тэрбум доллар оруулчихсан, түүнийг нь санхүүжүүлж буй өрнөдийн болон Японы 12 аварга банк санхүүгийн нэгдэл байгаа энэ том байгууламжийг хөрөнгө оруулагчид нь шууд хаяад гарч чадахгүй гацаанд оржээ. Ердөө ил уурхайн хэсгийг нь дөнгөж ашиглаж эхлүүтээ улсын төсвийнх нь 30 хувийг хангаж байгаа энэ ордын баялагийн 80%-ийг агуулж буй далд уурхай хоёр жилийн дараа ашиглалтад орохоороо жийргэвч бүс рүү тааламжит бус орнуудыг эрх ашиг бүр гүн шигдэнэ гэдэг нь ойлгомжтой. Энэ бол геополитик бодлогын үүднээс авч үзвэл хоёр хөршийн хувьд үнэхээр тэвчишгүй нөхцөл юм. 

Си Жинпиний Монгол руу хандсан бодлогын баримтлал нь эдийн засаг, мөнгөн дүнгээр хохиролтой байсан ч Монголтой аль болох наалдан итгэлийг нь олж авах явдал юм. Хятадад одоо 15 мянган залуус бүрэн тэтгэлгээр дээд сургуульд суралцаж байгаагаас гадна бага дунд сургуульд ч тэтгэлгээр явж буй нь энэ тоог ч давах байх. Зөөлөн хүчний арга алсдаа илүү үр дүнтэйг ажигласан оросууд юун түрүүн сүрдүүлэх зодох аргаа зөөлрүүлж эхлэв. Халх голд болсон Орос-Японы тулалдаанд ялсан болон ялагдсан тал байхгүйд хүрч тэр дороо эвлэрэлийн гэрээг Москвад зурсан билээ. Хэн хэн рүүгээ халдвал хүчтэй эсэргүүцэлтэй тулах юм байна гэдгээ хоёр тал аль алин нь ойлгоод дэлхийн II дайнд биенийхээ эсрэг байлдаагүй билээ. Подстамын гэрээгээр нэгэнт ялагдах нь тодорхой болсон Японы эсрэг дайнд орохыг холбоотнуудын өмнө оросууд үүрэг авсан явдлыг эс тооцвол. Үзэл суртлын зорилгоор зөвхөн Монголд “Халх голын дайны ялалт ба Зөвлөлтийн тусламж” гэсэн ёслол жил болгон дуулиантай тэмдэглэдэг байснаа хүйтэн дайн зогссоноос хойш бараг л мартагджээ. Харин ЗХУ-д энэ тулалдааны тухайд хэзээ ч ёслол хийж байгаагүй, зөвхөн Монгол-Зөвлөлтийн найрамдлын арга хэмжээ болгон тодорхой хүрээнд даруухан дурсаж байсан уламжлалтай. Путин үзэл суртлын үеийн монгол уламжлалыг улам дэвэргэн сэргээхээр шийдлээ. Гэхдээ урьд байгаагүй далайцтай тэмдэглэхээр мөнгө хөрөнгө өөрөөсөө гаргах аж. Мөргөлдөөн болсон газарт буй жижиг суманд 10 сая доллар бэлэглэж буй нь тус сумын улсаас өгдөг төсвийг олон дахин нугална. Ёслолын үеэр өөрөө ирж нулимс дуслуулна (Урьд нь Улаанбаатарт айлчлахдаа хүлээн авалт дээр Халх голын тухай дурсамж ярианы үеэр уяран уйлж байсан). Жинхэнэ нөхөр чинь оросууд, уламжлалт дайсан чинь япончууд гэдгийг эргэж баттайгаар сануулна. Мөнгөний сургаар монголчууд идэвхижиж кино, үзвэр, концерт, шүлэг, дуу бэлдэн, шал худлаа түүх зохиож гарлаа. Үнэндээ Орос-Японы тэртээх байлдаанд Монголын тал хөлд нь чирэгдэн 238 хүнээ алдсаны гуравны нэгийг зөвлөлтүүд эндүүрч бөмбөгдөөд устгасан, мөн гуравны нэгийг нь японы тал гэж гүтгэн хэлмэгдүүлсэн. Монголын тал 1921 морь, тэмээний хохирол амссан гэж Чита дахь архивт тэмдэглэн үлджээ.

Монголчууд болон түүнээс өмнөх нүүдэлчид Төв Азийн энэ нутагт зөвхөн ан гөрөө, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байжээ. Тиймээс тэдний хооронд бараа үйлчилгээний худалдаа, солилцоо байсангүй, харин эрхэлж буй аж ахуй нь асар том талбай нэхдэг учир бэлчээрийн маргаан тэмцэл тасардаггүй байв. Иймээс дундын нийтлэг эрх ашиг гэдгийг мэддэггүй үл тоомсорлодог, харин ч нэг талаас амиа бодсон, нөгөө талаас биентэйгээ мөчөөрхсөн талын нүүдэлчин бие хүний зан төрх төлөвшин удамшсан. Монголчуудын энэ сул талыг эргэн тойрныхон нь сайн мэддэг болохоор хооронд нь талцуулан хагаралдуулахад юун түрүүн ашигласаар ирсэн. 

Хүйтэн дайнаас хойшхи Орос-Монголын эдийн засгийн харилцаа хэдийгээр суларсан боловч одоо болтол стратегид үзүүлэх Оросын нөлөө оролцоо тэргүүлсээр байгаа. Хоёр орны худалдааны баланс 15:1 гэсэн үзүүлэлттэй байна. Монгол нь Оросоос шатах тослох материалаар 100 хувь хамааралтай, төвийн эрчим хүч нь 30 хувь, баруун бүсийн эрчим хүч 100 хувь хамааралтай. Хамгийн том геологийн хайгуул ашиглалтын групп хоёр орны хамтынх, цорын ганц төмөр замын шугамаа тавь тавин хувиар хувааж эзэмшдэг. 

Зөвлөлт Монголын хамтан байгуулсан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр эхний хорин жилдээ ашиг өгөх битгий хэл Монголын төсөвт хүнд дарамт болж байсан авч өдгөө хамгийн том татвар төлөгч болжээ. Гэвч Оюутолгойн уурхай тун удахгүй гүйцэх төдийгүй хол хаяхаас гадна бусад ордыг эзэмшин ашиглавал Эрдэнэт их хойгуур орж болох нигуртай. Цаашид орж ирэх болон нэгэнт орж ирээд ашигаа өгөөд эхэлсэн гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн үйлдвэрлэлийг нураахад одоохондоо Эрдэнэтийг ашиглах боломж байна. Хагаралдуулаад эзэгнэ зарчмаар шүү дээ.

Маш нууц байдалтай хэлэлцээр хийж байгаад өөрийн Засгийн газрын өмч болох Эрдэнэтийн 49 хувийг оросууд Монголын хувийн компанид 400 сая доллароор зарчихлаа. Их наядаар хэмжигдэх үндэсний орлоготой улсад энэ бол өчүүхэн зоос. Тэгээд ч зах зээлийн үнэлгээгээр ийм хямд баймааргүй. Хичнээн хоригт байгаад ч оросууд өнөөдөр ийм мөнгөөр дутахгүй. Гэтэл хөрш Монголын эдийн засагт нөлөөлөх чадвахийн хувьд Эрдэнэт нь стратегийн асар их ач холбогдолтой хөрөнгө. Сүүлийн 30 жилд Эрдэнэтээс ашиг олоогүй харин ч алдаж байна гэж өөрснөө тайлбарлаж байна. Энэ нь ч үнэн. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар монголчууд гэнэт заралснаас болж 200 сая долларын хохирол амссан гомдол Төрийн Думд ч хэлцэгдэж байсан. 

Гээд энэ бол шалтгаан биш шалтаг төдий. Хичнээн алдагдалтай байлаа ч улс төр геополитикийн хувьд энэ чухал объектоо зарна гэдэг өнгөц харахад бодлого утгаараа дэндүү тэнэглэл гэмээр. Монгол компанид худалдахдаа үнэ хаялцуулсан ба өрсөлдөгч нь Казахстаны Балхаш зэсийн үйлдвэр байсан гэх. Гайхалтай нь Эрдэнэтэд арван хэдэн сая долларын өртэй Балхаш өрөө төлөхөөс луу унжин гучаад жил болсон ороо компани. Бүр хачирхалтай нь 49 хувьд төлөх мөнгийг Оросын нэр бүхий банк зээлдүүлэхээр тохирч хэлэлцээрт орж байжээ. Хямдхан өгнө, мөнгийг нь өөрснөө зээлдүүлнэ, өртэй компанийг нь дуудлага худалдаанд дуудан оруулна? Оросууд өөрийн эзэмшил 49 хувиа Монголын Засгийн газарт яавч худалдахгүй гэсэн шийдвэрээ бичгээр хийж өгсөн нь бүр ч гайхмаар.

Үнэхээр ч Оросын өмчид хамаарах Эрдэнэтийн 49 хувийг монгол компани худалдан авчирснаар Монголд бараг л иргэний дайн дэгдлээ. Монголын парламент асуудлыг яаралтай хэлэлцэн Оросын өмч асныг хурааж авахаар шийдлээ. Үүнийг нь Үндсэн хуулийн цэц зөвтгөв. Худалдаж авсан компани шүүхэд гомдол гаргаад заргаа авсан чинь шүүх өөрөө буруутав. Шүүгчийг нь ажилгүй болголоо. Компанийг зөвтгөсөн шүүхийг төрийн бусад байгууллагын асуудлыг хэлэлцэх эрхийг нь цуцалсан хууль шинээр зохиож, ерөөс шүүхийг нь татан буулгахаар сүрдүүлэв. Худалдаж авсан компанид арга хэмжээ авсангүй хэмээн Авилгатай тэмцэх газар, Прокурорын бүрэлдэхүүнийг тэр чигээр нь халан солив. Үүний тулд шүүх эрх мэдлийг ердөө гурван бие хүнд шилжүүлэх “түр хууль” гэгчийг парламентаар батлуулав. Компанийхны удирдлагууд болон тухайн үеийн Засгийн газар, төв банкны холбогдох хүмүүсийг баривчлаад эхэллээ.

Нясалсан жижиг чулуу байгаа яг онож том том чулуу өнхөрүүлж эхлэв. Эрдэнэт ажиллагаатай зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг сүржин бослого дэгдлээ. Юун түрүүн дайн Оюутолгойн эсрэг чиглэж арваад жилийн өмнө Засгийнгазрыг төлөөлж гэрээ хийсэн Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг ямар ч нотлох баримт байхгүйгээр хий хов живд тулгуурлан "тэгсэн байж болзошгүй" гэсэн "ангиллаар" шоронд хорьлоо. Оюутолгойг шалгах комисс гэдгийг байгуулсанд парламент, шүүх хүчний байгууллага, татвар, гаалийн агентлагууд байтугай рэкэт хийдгээрээ алдаршсэн Төрийн бус байгууллагууд ч хамрагджээ. Газар дээр нь очиж шалгасан хүн хүчний тоо 300 хүрсэн гэдэг. 2021 онд ашиглалтад орох ба үүний тулд таван тэрбум доллар нэмж зарцуулагдахаар шийдсэн шинэчилсэн гэрээг байтугай ерөөс Оюутолгойг ашиглах бүхий л гэрээг цуцлах саналыг комисс гаргаж парламентаар хэлэлцүүлж байна. Оюутолгойн гэрээг анхлан хийж байхад судалгаагаар хүн амын 70 хувь нь дэмжиж байсан бол саяхи судалгаагаар иргэдийн 58 хувь нь Оюутолгойн гэрээг тэр чигт нь цуцлах нь зүйтэй гэж үзэж байна.

Асуудал цааш даамжран гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарсан монгол компаниуд руу довтолж эхлэв. Канадын алт олборлогч компанийг шүүхээс лицензийг нь цуцалснаар тэд гарч одов. Мөнгө олзворлодог компанийг хөөж гаргахдаа тагнуулын болон цагдаа хүчний байгууллагыг дагуулсан парламентийн дарга газар дээр биечлэн очиж удирдан баривчилгаа явуулж сүрийг үзүүлсэн боловч энд шүүхийн ямар ч оролцоо огт байсангүй. Өрнөдийн банк санхүүгийн дэмжлэг зээлтэй, нэгэнт хөрөнгө оруулаад эхэлсэн зэсийн орд эзэмшигч монгол компаний лицензийг хүчингүй болгон ордыг хурааж авахаа Засгийн газар олон нийтэд зараллаа. Улсын нийт төсвийн 80 орчим хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг, үүний дийлэнх нь уул уурхайн компани ба эдний үйл ажиллагаанаас буй болсон мөнгөн дээр барилга, банк санхүүгийн компаниуд дэвжиж буй. Гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг явуулж буй энэ дайн цааш халин дотоодын том компаниуд руу чиглэснээр санхүү эдийн засгийн нөхөж баршгүй хямрал руу хөтлөх нь дамжиггүй. 

Гаднаас нясалсан жижиг чулууны эффект богино хугацаанд амжилт оллоо. Энэ бодлогыг эсэргүүцсэн, буруушаасан, анхааруулсан болгоныг урвагч, гадны тагнуул туршуул, хөлс мөнгөөр ажилладаг дайсан гэх мэтээр харааж зүхэх, шоронд хийж шонд дүүжлэх, цаазаар аваачихыг шаардсан хийрхэл зэрэгцээд улс даяар өрнөх болов. Нийгмийн сүлжээг үүнд маш өргөнөөр ашиглаж байгаа ба тороолуудыг далдаас зохион байгуулан удирдаж буй хүмүүс нь “гадаадын мэргэжилтнүүд”. 

Яг энэ процесс урьд нь 1930-аад онд тохиосон. Тэр үед Монголд бизнис хийж байсан Европ, Америк, Хятад, Японы олон пүүс компани, худалдаа, зуучлалын байгууллагуудыг гэнэт хөөн гаргасан. Дараахан нь урвагч, гадны тагнуул, хөлс мөнгөнд худалдагсад нэрийн дор ердөө 700 мянган хүн амтай байсан Монгол улсын 30 мянган иргэнийг буудан хороосон билээ. Лам хувраг, язгууртан сэхээтэн, нам төрийн ажилтан зэрэг тэдгээр хядуулагчид нь тухайн үеийн нийгмийнхээ цэцэг цэврүү болсон боловсрол мэдлэгтэй сэхээтнүүд байсан юм даа. Түүний дараа л хөршүүд хоорондоо тохиролцон хэн хэнийх нь биш жийргэвч бүс Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн.

Хоёр аварга хөрш Монголыг анекс хийхгүй, халдан довтлохгүй, эзлэн түрэмгийлэхгүй, уусган шингээхгүй, тусгаар тогтнолыг нь гүнээ хүндэтгэсээр байх болно. Аль алинд нь жийргэвч бүс хэрэгтэй учир Монголд ийм аюул занал байхгүй, Монгол улс вакуумжсан жийрэг бүснийхээ үүргийг л гүйцэтгэх ёстой. Үлгэрлэвээс 1945-1990 оны хоорон дахь Хойд Солонгос лугаа адил.

2019 оны 05 сарын 25