2019 оны 8 сарын 9
iKon.mn сэтгүүлч

П.Баттулга: Ерөнхийлөгч нь шүүгчийн томилгооны асуудлаар хариуцлага хүлээх субьект биш

УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёдугаар хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Тус төсөлд шүүх эрх мэдэлтэй холбоотой олон өөрчлөлтийг тусгасан. Эдгээр өөрчлөлтүүдийн талаар “Оюуны Инноваци” Эрх зүйн судалгааны төвийн Гүйцэтгэх захирал П.Баттулгатай ярилцлаа. 

-УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүхтэй холбоотой нэлээд өөрчлөлтийг нарийвчлан тусгасан. Тэдгээрээс Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой өөрчлөлтийн талаар эхэлж тодруулъя. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ШЕЗ-тэй холбоотой асуудлыг хэрхэн тусгасан талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, шүүгчийн томилгоо, Шүүгчийн хариуцлагын зөвлөл зэрэг нэлээн томоохон өөрчлөлтүүдийг энэхүү төслөөр Үндсэн хуульд оруулах гэж байна. 

Манай Үндсэн хуульд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана гэж заасан байдаг. Дээр нь ШЕЗ нь шүүн таслах ажилд оролцохгүйгээр шүүгчдийн эрх ашгийг хамгаалах, хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. 

Миний хувьд ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд тодорхой заах нь зөв гэж үзэж байгаа. 1992 оноос хойш ШЕЗ-ийн бүрэлдэхүүний болоод дарга нь хэн байх талаарх эрх зүйн зохицуулалтыг гурван удаа өөрчилсөн. 

Тодруулбал, 1993 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд ШЕЗ 12 гишүүнтэй байна, даргаа олонхын саналаар дотроосоо сонгоно гэж заасан байсан. Харин 1996 онд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулаад ШЕЗ-ийн даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн давхар хашина гэдэг зохицуулалт оруулсан. 2002 хүртэл ийм зохицуулалтаар явсан. Тухайн үед судлаачид шүүх эрх мэдлийг улс төрөөс хэтэрхий их хамааралтай болж байна, Засгийн газрын гишүүн солигдох бүрт ШЕЗ-ийн дарга автоматаар солигддог тогтворгүй байдал бий болоод байна гэдэг шүүмжлэл гаргаж байсан.

2002 онд Шүүхийн тухай хуулийг дахин шинэчлэн найруулахдаа ШЕЗ-ийн гишүүдийн тоог 14 болгоод, даргыг нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хавсарч хийнэ гэж өөрчилсөн. Энэ зохицуулалтаар 2013 он хүртэл явсан. Энэ хугацаанд шүүх эрх мэдэл босоо тогтолцоотой болчихлоо, шүүхийн дотоод хараат бус байдал алдагдаж байна гэдэг шүүмжлэл гарч байсан.

Ингээд 2013 онд шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн захиргааны тухай хууль батлагдсан. Энэ хуулиар ШЕЗ-ийн гишүүдийн тоог цөөлж тав болгоод, тэдгээрийг гурван шатны шүүх, хууль зүйн яам, Хуульчдын холбооноос санал болгосноор Ерөнхийлөгч томилох, мөн даргыг нь дотроосоо олонхын саналаар нэр дэвшүүлж Ерөнхийлөгч томилохоор заасан. Уг зохицуулалт одоог хүртэл үйлчилж байгаа.

Өөрөө хэлбэл, шүүгчийг өөрт нь санал болгож томилуулдаг ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. Энэ нь шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн нөлөөллийг илүү нэмэгдүүлсэн.

Харин одоо оруулахаар бэлдэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ШЕЗ-ийн гишүүдийн тоог 10 гэж тодорхой зааснаас гадна тэдний тав нь шүүгчдийн төлөөлөл, тав нь эрдэмтэн, хууль зүйн өндөр мэдлэгтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан иргэн байна гэсэн байгаа. Үүнийг би дэмжиж байгаа. Ямартай ч одоо байгаа ШЕЗ-ийн бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, ШЕЗ нь Ерөнхийлөгчийн хэт нөлөөлөлд байгааг арилгах ёстой гэсэн зөвлөмжүүд ч олон судалгаанд дурьдагдсан байдаг. 

ШЕЗ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлснээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийг сонгон шалгаруулах чиг үүргээ илүү бие даасан, хараат бус байдлаар хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

Тиймээс ШЕЗ-ийн бүрэлдэхүүний тоог зааж, хэрхэн яаж байгуулахыг Үндсэн хуульд тодорхой заах нь зүйтэй. ШЕЗ-ийн бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг ердийн хуулиар зохицуулахаар гишүүдийнх нь тоог нэмж, хасаад байгаа учраас Үндсэн хуульд тодорхой заах нь чухал юм. Энэ бол дэлхийн бусад улс оронд байдаг жишиг. 

-Тэгвэл шүүгчийн томилгоотой холбоотой ямар өөрчлөлтийг одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд тусгасан юм бол?

-Шүүгч болох насны болоод ажлын туршлагын босгыг нэмсэн.Одоогийн Үндсэн хуульд 25 нас хүрсэн, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, 35 нас хүрсэнхүнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилно гэж заасан байдаг. Харин гишүүдийн өргөн барьсан төсөлд 30 нас хүрсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан хүнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно гэж оруулсан.

Мөн Үндсэн хуульд давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавигдах шаардлагыг загаагүй байсныг илүү нарийвчилж өгсөн. Юу гэхээр, тухайн дагнасан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил ажилласан хүнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдож болно гэсэн байгаа. 

Мөн УДШ-ийн шүүгчийн тухайд мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн хүнийг 12 жилийн хугацаатай нэг удаа томилно гэж өөрчлөхөөр яригдаж байна. Үндсэндээ шүүгчийн нас болоод ажилласан жилийн туршлагад тавигдах шаардлагыг өндөрсгөсөн.
Одоогийн зохицуулалтаар шүүгчийг ШЕЗ-өөс нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч томилж байгаа. Энэ процесс дээр хоёр ойлгомжгүй зүйл гарч байгаа.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгч ямар ч үндэслэл хэлэхгүйгээр шүүгчийг томилохоос татгалздаг, үүнийхээ хариуцлага хүлээдэггүй, шүүхэд дуудагддаггүй. Миний мэдэхээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ШЕЗ-өөс санал болгосон нэр дэвшигчийг томилоогүй тохиолдол гурав гарсан. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед 20 гаруй удаагийн ийм тохиолдол болж байсан.

Хоёрдугаарт, ШЕЗ-өөс санал болгосон хүнийг томилохгүйгээр хэдэн сараар байлгаж байгаад томилдог байдал гардаг. Энэ хугацаанд юу болоод байгаа нь мэдэгдэхгүй. Шүүгчийн томилгоотой холбоотой энэхүү ойлгомжгүй байдлыг энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зайлшгүй шийдвэрлэх ёстой. 

Төсөлд ШЕЗ шүүгчийг томилсон шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч түүнийг нь 21 хоногийн дотор батламжилна. Хэрэв шүүгчид батламжлахаас татгалзвал үндэслэлээ нийтэд мэдээлнэ гэсэн зохицуулалтыг төсөлд оруулжээ.Ийнхүү хугацаа зааж байгааг дэмжиж байгаа.

Харин Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзвал гэх байдлаар шууд томьёолох нь төрийн тэргүүний мөн чанар, онол, номондоо нийцэх үү гэдгийг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч томилохоос татгалзаж болно гэх байдлаар оруулбал Ерөнхийлөгч дээр очоод шүүгчийн сонгон шалгаруулалтыг дахиж явуулах юм шиг харагдах гээд байгаа. 

Шүүгчид нэр дэвшигчийг ШЕЗ-өөс санал болгосны дараа тухайн хүнтэй холбоотой үнэн, худал нь тогтоогдоогүй янз бүхийн гомдол, санал Ерөнхийлөгчид очдог явдал практик дээр байна л даа. Амьдрал баян болохоор энэ хугацаанд тухайн хүнтэй холбоотой, шүүгчээр томилоход харшлах үндэслэлүүд илрэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэглээ гээд Ерөнхийлөгчийн институтын зүгээс энэ байдлыг өөрөө шалгаж тогтоосон гэх байдлаар шууд томилохоос татгалзаж болохгүй. 

Учир нь дээр хэлсэнчлэн улсын төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч нь шүүгчийн томилгооны асуудлаар хариуцлага хүлээх субьект биш.  Харин уг асуудлаар хариуцлага хүлээх байгуулага нь ШЕЗ. Ерөнхийлөгч шүүгчийг томилж байгаа нь шүүгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, хараат бус байдлыг нь баталгаажуулж байгаа хэрэг юм. 

Дээрх тохиолдолд Ерөнхийлөгч шууд томилохоос татгалзахгүйгээр үнэхээр тухайн хүнтэй холбоотой шүүгчээр томилж болохооргүй үндэслэл, шалтгаан байна гэж үзвэл уг асуудлыг ШЕЗ-д тавьж шалгуулж болох юм. Энэ дагуу ШЕЗ тухайн нэр дэвшигчтэй холбоотой гомдол, саналыг шалгаж үзээд үндэслэлтэй байвал шүүгчид нэр дэвшигчийг буцааж татдаг, үндэслэлгүй байна гэж үзвэл Ерөнхийлөгч шууд томилдог байх хувилбар байж болох юм гэж үзэж байгаа. 

-Шүүхүүдийн ерөнхий шүүгч нарын томилгооны асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ? 

-Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүгчийг хэрхэн томилох асуудлыг тодорхой заагаагүй байдаг. Гэвч 1993 онд Шүүхийн тухай хууль батлагдаж хэрэгжсэнээс хойш өнөөг хүртэл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг ердийн шүүгчтэй ижил журмаар буюу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад ШЕЗ-ийн санал болгосноор Ерөнхийлөгч томилж байгаа.

Харин төсөлд бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо олонхын саналаар сонгохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар хуралдаад ерөнхий шүүгч болох хүнээ дотроосоо олонхын саналаар сонгоно. 

Ерөнхий шүүгчийн гол үүрэг бол тухайн шүүхэд ажиллаж байгаа шүүгчдийнхээ хараат бус байдлыг хамгаалах явдал байдаг. Иймд Ерөнхий шүүгч нь тухайн шүүх дотроо хүлээн зөвшөөрөгдсөн, олонхынхоо дэмжлэгийг авсан хүн байх ёстой.

Энэ нь ямар нэгэн байгууллага, албан тушаалтнаас ангид байдлаар тухайн шүүхийн шүүгч нар Ерөнхий шүүгчээ сонгодог, бас хариуцлага алдвал Ерөнхий шүүгчээс нь огцруулах боломжтой болно гэсэн үг юм. Заавал анх шүүгч болоход нь авдаг шалгаруулалтыг дахин давтан зохион байгуулж, тэгээд Ерөнхийлөгч томилдог байх шаардлага байхгүй юм. 

-УДШ-ийн шүүгчдийн томилгооны хугацаатай холбоотой олон шүүмжлэл гарч байгаа. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Би хувьдаа УДШ-ийн шүүгчийг 12 жилээр томилохыг дэмжихгүй. Бусад шүүхийн шүүгч нар хугацаагүй томилогдож байгаа. Тэгэхэд зөвхөн УДШ-ийн шүүгчийг 12 жилээр томилох үндэслэл шаардлагыг сайн ойлгохгүй байна. Шүүгч хараат бусаар ажиллах нэг баталгаа нь шүүгчийгхугацаагүй томилох байдаг. Энэ талаар НҮБ-аас баталсан Шүүхийн хараат бус байдлын үндсэн зарчмууд болоод олон улсын бусад байгууллагын судалгаа, зөвлөмжид тодорхой тусгагдсан байдаг. 

Хэлэлцэж буй хуулийн төсөлд УДШ-ийн шүүгчдийн тоог тодорхой буюу 21 байна гэж заасан. Одоо бол УДШ Ерөнхий шүүгчтэйгээ нийлээд 25 шүүгчийн бүрэлдэхүүнтэй. УДШ-ийн шүүгчийн бүрэлдэхүүн мөн л өөрчлөгдсөөр ирсэн. 1993 онд батлагдсан Шүүхийн тухай хуулийг 2002, 2012 онуудад шинэчлэн баталсан. Энэ болгонд УДШ-ийн шүүгчдийн тоог өөрчилж байсан. Ингэж байн байн өөрчлөхөөс сэргийлж УДШ-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд тодорхой тусгахаар төсөлд оруулсан гэж ойлгосон.

Гэхдээ нөгөө талаас УДШ-ийн шүүгчийн тоог Үндсэн хуульд хатуу заахаас гарах эрсдлийг нь тооцохгүй бол болохгүй. Цаашид дагнасан шүүхүүд бий болоод түүнтэй холбоотойгоор УДШ-д шинээр танхим байгуулах, шүүгчийн тоог нэмэх шаардлага бий болбол яах вэ гэдэг асуудал бий. Үүнийг тооцоолж байгаа гэж найдаж байна. 

-Шүүгчийн хариуцлагын зөвлөл нэлээн маргаан дагуулаад байгаа?

-Гишүүдийн өргөн барьсан төсөлд Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргана гэж байгаа. Төсөлд тусгагдсанаас үзэхэд энэ байгууллага нь одоогийн Шүүхийн ёс зүйн хорооны болоод ШЕЗ-ийн зарим чиг үүргийг нэгтгэсэн байгууллага байхаар байна. Шүүхийн ёс зүйн хороо нь шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэж, шүүгчид сануулах, цалинг бууруулах, огцруулах шийтгэлийг ногдуулах шийдвэрийг гаргаж байгаа.

Харин хуульд заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах сахилгын шийтгэлээс бусад үндэслээр шүүгчийг огцруулах, чөлөөлөх асуудлыг ШЕЗ-ийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч шийдвэрлэдэг. 

Одоогийн  манай ШЕЗ нь шүүгчийг сонгон шалгаруулах, түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах, шүүхийн төсөв, шүүхийн дэд бүтэц, шүүхийн менежемент гээд маш олон чиг үүргийг хэрэгжүүлдэг. ШЕЗ-д байгаа энэхүү өргөн эрх мэдлийг хэд хэдэн байгууллагад хуваарилахгүй бол ШЕЗ нь өөрөө эсхүл энэхүү өргөн эрх мэдэл бүхий байгууллагаар дамжуулан улс төрчдөөсшүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халддаг эрсдэл ихэсч байна шүү гэсэн олон улсын зөвлөмж, бусад улсын туршлага ч бий. 

Тиймээс ШЕЗ-д байгаа зарим чиг үүргүүдийг салгаж өөр байгууллагад шилжүүлж, шүүгчийн хариуцлагын асуудлыг тусдаа өөр байгууллагаар шийдвэрлүүлдэг болгохоор төсөлд тусгасныг би дэмжиж байгаа.

Гэхдээ Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэдэг хэтэрхий хүчтэй байгууллага бий болгоод энэ нь эргээд шүүгчийн хараат бус байдалд халддаг болчих вий гэсэн болгоомжлол төрж байна. Тиймийн тулд Шүүгчийн хариуцлагын зөвлөлөөс гарсан шийдвэрийн эсрэг шүүгч ямар нэгэн байдлаар гомдол гаргах эрх нь нээлттэй байх ёстой. Гомдлыг нь магадгүй Үндсэн хуулийн цэц эсвэл Улсын дээд шүүхшийдвэрлэх хувилбар байж болно. Ямартай ч энэ асуудлыг хэлэлцүүлгийн шатанд авч үзэх байх гэж найдаж байна. 

Дээр нь Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй, үүний гурав нь шүүн таслах ажын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байна гэж байгаа. Харин эдгээр хүмүүсийг хэрхэн яаж, хаанаас бүрдүүлэх вэ гэдгийг тодорхой заагаагүй. Энэ асуудлыг органик хуулиар зохицуулахдаа хэтэрхий улс төрийн нөлөөлөлд оруулсан байдалтай баталчих вий гэсэн болгоомжлол бий.

Тиймээс Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн гишүүдийн хэрхэн бүрдүүлэх, хэн бүрэн эрхийг нь баталгаажуулах зэргийг Үндсэн хуульдаа тодорхой заах нь оновчтой болов уу

-УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтууд энэ хэвээр батлагдвал иргэдийн хүсэн хүлээж буй шударга шүүхтэй болох боломж бүрдэх үү? 

-Тодорхой хэмжээнд тийм боломж бүрдэнэ гэж харж байна. Гэвч хууль эрх зүйн шинэтгэлийг шууд хэмжих боломжгүй. Бидний өнгөрсөн туршлагаас харахад зайлшгүй ийм өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Шүүхийн нэр хүнд олон нийтийн дунд тааруу байна.

Тэгэхээр гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг бүгдийг нь биш юм гэхэд зайлшгүй хийгдэх шаардлагатай ШЕЗ-ийн бүтэц бүрэлдэхүүн, шүүгчийн томилгоо, Шүүгчийн хариуцлагын зөвлөлтэй холбоотой асуудлуудыг энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зайлшгүй хийх ёстой гэж үзэж байгаа. 

Тэгсэн тохиолдолд шүүх бие даасан, шүүгч хараат бусаар ажиллах нөхцөл илүү сайжирна гэж харж байна. 

 

x