Индэр    
2019 оны 6 сарын 18
Зураг
ХБНГУ-ын Шпайрын Төрийн удирдлагын их сургуулийн докторант

Улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлэх нь авлигаас ангид байлгах үр дүнтэй шийдэл мөн үү?

Зураг

Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгээс сонгуулийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбар танилцуулсан нь улс төрийн намуудын төлөвшлийн асуудлыг нийгмийн анхаарлын төвд шинээр оруулж ирэв.

Монгол Улс ардчиллын замаар замнасан өнгөрсөн 30 жил улс төрийн намуудын төлөвшилд богино хугацаа хэдий ч намуудын тэгш бус байдлын ялгаа жилээс жилд ихэсч, улам гүнзгийрч байгаа нь улс төрийн институцүүдийн хөгжил, төлөвшилд тулгамдаж буй асуудал юм.   

Улс төрийн намын үйл ажиллагаа, төлөвшилд шууд нөлөөлөгч томоохон хүчин зүйлийн нэг бол санхүүжилт. Санхүүгийн бэрхшээл намуудын үйл ажиллагааны идэвхийг сулруулаад зогсохгүй авлигатай холбоотой эрсдэлд өртөх, нэр хүнд нь унах, сонгогчдын итгэл буурахад хувь нэмэр оруулсаар ирлээ.  

Намуудын санхүүжилтийг боловсронгуй болгох, эрүүлжүүлэх асуудал улс төрд тулгамдаж, санхүүжилтийн шинэ арга, хэлбэрүүд эрэлхийлж буй үед энэхүү нийтлэлээр ХБНГУ-ын улс төрийн намын санхүүжилтийн туршлагыг танилцуулахыг зорилоо.

ХБНГУ-ын зохицуулалт ба туршлага

ХБНГУ-д улс төрийн намыг авлигаас ангид байлгах хамгийн сайн хамгаалалт бол улсын төсвөөс хүрэлцэхүйц хэмжээний санхүүжилт олгох явдал гэж үздэг. Энэхүү үндсэн зарчмын дагуу  санхүүжилтийн механизм хэрэгждэг. 2018 онд Герман улс татварын орлогоосоо нийт 200 сая еврог улс төрийн намуудын санхүүжилтэд зарцуулжээ. Намуудад төсвөөс олгож буй санхүүжилтийг хэтэрхий өндөр байна гэх шүүмжлэл байнга өрнөдөг ч энэ нь  эрхзүйн нэн тодорхой зохицуулалтаар хэрэгждэг.

Германы Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар улс төрийн намууд Үндсэн хуулийн байгууллагад зэрэглэгдэнэ. Үндсэн хуульд намуудыг төр иргэний хоорондын харилцаанд зайлшгүй байх ёстой зуучлагч гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэхүү үүргээ биелүүлэхэд нь намуудын санхүүжилт нь гишүүнчлэлийн татвар, хандиваас хараат бус төдийгүй хангалттай хэмжээний байх ёстой.

Үүнийгээ эрх мэдлээс хол хөндий хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалах нь улс төрийн намуудын үүрэг тул намуудад төсвөөс нэмэлт санхүүжилт олгодог гэж тайлбарладаг. Гол нь улс төрийн намууд зөвхөн хандиваар санхүүжвэл нөлөө бүхий чинээлэг хандивлагчдынхаа эрх ашгийг л хамгаалахад хүрнэ гэдэг болгоомжлолоос үүдэлтэй юм. Гэхдээ  улс төрийн намууд хувь хүмүүсийн эрх ашигт бус нийгмийн эрх ашигт үйлчлэх ёстой билээ. 

Төсвийн  санхүүжилтийг  ямар шалгуураар тооцохыг улс төрийн намуудын тухай хуулиар тодорхой зохицуулсан байдаг. Төсвөөс санхүүжилт олгох гол нөхцөл нь намуудын нийгмийн дэмжлэгээр тодорхойлогдоно. Үүнийг сонгуульд үзүүлсэн амжилтаар нь хэмждэг.

Европарламент болон Бундестагийн сонгуульд тухайн нам нийт сонгогчдын 0.5 хувиас доошгүй санал авсан бол  төсвөөс санхүүжилт авах эрх нээгдэнэ. Харин мужийн  сонгуульд нийт сонгогчдын 1 хувиас доошгүй санал авч байж санхүүжилт авах босгыг давна. 

Өнөөгийн байдлаар ХБНГУ-д нийт 20 нам төсвөөс санхүүжилт авч байна. Тухайн намд өгсөн 4 сая хүртэлх санал тутамд 1.02 евро, 4 саяас илүү гарсан  санал бүрт 0.84 еврогийн санхүүжилт авдаг. Санхүүжилтийн энэ механизм нь жижиг намууд болон парламентад  суудал авч чадаагүй намуудад өрсөлдөөний тэгш боломж олгож буй хэрэг юм. 

Улс төрийн намуудад сонгуулийн амжилтыг харгалзан санхүүжилт олгох нь төрийн санхүүжилтийн гол шалгуур хэдий ч цорын ганц нь биш. Улс төрийн намуудыг хөрөнгө мөнгөтэй, нөлөө бүхий хүмүүсээс хараат бус байх нөхцөлийг хангахын зэрэгцээ Төрөөс ч хараат бус байлгах ёстой. Үүний тулд намуудад нэмэлт санхүүжилтийн боломж байдаг нь гишүүнчлэлийн татвар болон хандив бөгөөд түүнийг төрийн зохицуулалтаар дэмждэг. 

Гишүүнчлэлийн татвар, хандиваас босгосон нэг евро тутамд 0.45 еврогоор дүйцүүлсэн  нэмэлт санхүүжилтийг улсын төсвөөс олгодог. Гэхдээ улс төрийн намууд хязгааргүй их хэмжээний хандив авч болохгүй хуулийн зохицуулалттай. Хувь хүний хандив нэг жилд  3,300 еврогоор хязгаарлагдах ба улс төрийн намд хандив өргөсөн хувь хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлдэг.

Гишүүнчлэлийн татвар болон өргөсөн хандивын хэмжээнээс хамааран орлогын албан татвараас чөлөөлөгдөх бөгөөд нэг жилд өргөсөн хандивын хэмжээ нь 3,300 еврогоос давсан тохиолдолд дээрх хөнгөлөлтийг авч чадахгүйд хүрнэ. Харин компани болон байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлдэггүй. Төрийн өмчит компаниудыг улс төрийн намуудад хандив өргөхийг хориглоно.

Түүнчлэн намуудад өгч буй хандив тодорхой зорилготой, зорилтот үйл ажиллагаатай холбоотой байж болохгүй. Хандивлагчдад улс төрийн намын зүгээс ямарваа хэлбэрээр хариу барих нь бас хориотой. 

Улс төрийн намын санхүүжилтийн механизмын нэг  чухал зарчим  нь ил тод байдал. Төрөөс улс төрийн намд олгосон санхүүжилтийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгадаг.

Бундестаг намуудад олгосон санхүүжилтийн дэлгэрэнгүй тайлангаа жил бүр ил тод мэдээлнэ.  

Нөгөө талаар улс төрийн намууд ч санхүүжилтийн тайлангаа олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээнэ. Тайланд 10.000 еврогоос дээш хандив өгсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг бүрчлэн нэрлэхийг шаарддаг. 50.000 еврогоос дээшхи хандивыг Бундестагийн Ерөнхийлөгчид шууд мэдээлэх үүрэгтэй.

Хандивыг хэсэгчлэн олгох болон хандивлагчийн нэрийг мэдээлэхээс татгалзах нь хориотой. Бэлэн мөнгөөр 1.000 еврогоос дээш хандив өгөхийг мөн хориглоно. Улс төрийн намын тухай хуулиар эдгээр зөрчлийг гаргасан бол намын удирдлагад 3 хүртэлх жилийн хорих ял оноох заалт бий. 

Түүнчлэн улс төрийн нам санхүүжилтийн тайлангаа ил гаргаагүй, эсвэл бодит байдлыг нуун дарагдуулж мэдээлсэн тохиолдолд тухайн жилийнхээ санхүүжилтийг алддаг. Хандивын тайлан алдаатай, бүртгэлийг дүрэм журмын дагуу хийгээгүй бол мөн л тухайн хандивт ногдох нэмэлт санхүүжилтийг авах боломжгүй болно. Түүгээр зогсохгүй зөрчил бүхий хандивын дүнг 3 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулиар тухайн намыг  торгодог.

Торгуулийг Бундестагаар дамжуулан олон нийтийн байгууллагад шилжүүлнэ. 

Тус улсад өнгөрсөн бүх цаг хугацааны туршид санхүүжилттэй холбоотойгоор улс төрийн намын тухай хуулийг зөрчих тохиолдол цөөнгүй гарч, тухай бүрд ил тодын зохицуулалтыг улам нарийвчлан чангаруулсаар ирсэн билээ.  Гэхдээ төрийн  санхүүжилт нь улс төрийн намуудыг бизнесийн бүлэглэл, цөөхөн том санхүүжүүлэгчийн нөлөөлөл, эрх ашгаас хараат бус байлгах үндсэн зорилтоо хангасаар ирсэн хэдий ч шүүмжлэлийн бай болсон хэвээр л байна.

Др. Нийлс Хегевиш, Фридрих-Эбертийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч 
О.Батболд,  ХБНГУ-ын Шпайрын Төрийн удирдлагын их сургуулийн докторант