Зураг
Зураг
Индэр    
2018 оны 2 сарын 26
Зураг
ХБНГУ-ын Шпайрын Төрийн удирдлагын их сургуулийн докторант

Их эвсэл: Тийм эсвэл үгүй

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүчирхэг улсын нэг ХБНГУ-ын хууль тогтоох дээд байгууллага Бундестагийн ээлжит сонгууль 2017 оны есдүгээр сарын 24-нд болж өнгөрсөн билээ.

Гэвч Европын Холбоог тэргүүлэгч Герман улс парламентын сонгуулийнхаа дараа Засгийн газраа бүрдүүлж чадахгүй таван сарыг ардаа орхиод байна. Энэ нь тус улсын түүхэнд байгаагүй тохиолдол тул дэлхий нийтийн анхаарлын төвд байх нь зүй ёсны хэрэг юм. Сонгуулийн үр дүнгийн талаар өмнөх нийтлэлээс ЭНД дарж уншина уу.  

 
“Жамайка” эвслийн намын дарга нар. Эвсэл байгуулагдах боломжгүй болсныг зарлах мөч. 2017 оны 11 дүгээр сарын 20. Гэрэл зургийг wiwo.de сайтаас

Парламентийн сонгуульд Меркелийн тэргүүлдэг Христосын Ардчилсан Холбоо саналын дүнгээр нэгдүгээрт эрэмблэгдсэн хэдий ч дийлэнх олонх болж чадаагүй тул Эвслийн Засгийн газар байгуулахаас аргагүйд хүрсэн билээ. Гэвч Меркелтэй хоёр ч удаа хамтарч Засгийн газар байгуулсан туршлагатай Социал Демократ нам эвсэхээс татгалзсан нь нөхцөл байдлыг түвэгтэй болгож орхисон юм. Хамгийн боломжит хувилбараар Чөлөөт Ардчилсан Нам болон Ногоон Намтай эвсэх “Жамайка” эвсэл тодроод байв. Гэвч Чөлөөт Ардчилсан Нам бүтэн сар гаруй үргэлжилсэн яриа хэлцлийн дараа арваннэгдүгээр сарын сүүлээр Эвсэлд орохгүйгээ зарласнаар “Жамайка” хувилбар нуран унасан юм. Ийнхүү А.Меркелийн Христосын Ардчилсан Холбоо болон Христосын Нийгмийн Холбоо Намуудын эвслийн хувьд Засгийн газраа хэрхэн байгуулах нь дахин тодорхойгүй байдалд орсон билээ. 

Түүнээс хоёр хоногийн дараа Холбооны Ерөнхийлөгч Ф.Штайнмайер Германы парламентын хоёр дахь том хүчин болох Социал Демократ Намын дарга М.Шульцыг уулзалтад урьж Их эвслийн Засгийн газар байгуулахыг санал болгосноор үйл явц шинээр өрнөж эхлэв.  

 
Холбооны Ерөнхийлөгч Ф.Штайнмайер, СДН-ын дарга асан М.Шульц нар 2017 оны 11 дүгээр сарын 23. Гэрэл зургийг spiegel.de сайтаас

 

Их эвслийн хэлэлцээрийн эргэн тойронд

Социал демократ нам /СДН/ нь 2005 оноос хойш хоёр удаа Канцлер А.Меркелтэй Их эвсэл байгуулж ажилласан юм. Эвссэний дараа Бундестагийн сонгууль болгонд сонгогчдынх нь санал буурсан үзүүлэлттэй гарч байжээ. Чухам эл шалтгааны улмаас тус намын дарга М.Шульц есдүгээр сарын 24-ний сонгуулийн орой А.Меркелийн намтай хамтарч засаг байгуулахгүй гэдгээ яаран мэдэгдэж байв. Гэвч улсынхаа Ерөнхийлөгчийн санаачилгаар Социал демократууд Эвслийн Засгийн газар байгуулах урьдчилсан хэлэлцээрт орох болсон нь Герман улсын хувьд дэлхийн II дайны дараа л тохиож буй улс төрийн онцгой нөхцөл байдал юм. Их эвслийг бүрдүүлэх ёстой гурван нам өнгөрсөн хоёр сарын хугацаанд яриа хэлэлцээрт идэвхтэй орж, зөрүүтэй байр сууриудаа нэгтгээд зогсоогүй яамдын хуваарилалтаа хийж амжлаа.  

 
Их эвслийн намуудын дарга Х.Сээхофер, А.Меркел, М.Шульц нар. Хэлэлцээрийн эхний үр дүнг танилцуулах үеэр. 2018 оны 1 дүгээр сарын 12. Гэрэл зургийн dw.com сайтаас

Гэвч яамдын хуваарилалт Меркелийн намынханд тийм ч таатай байсангүй. Хатагтай Ангела Меркел дөрвөнтөө Канцлераар сонгогдохын тулд асар том буулт хийж, яамдын хуваарилалт дээр Социал демократуудад илт давуу байдал олголоо гэсэн намынхаа нөхдийн эрс хатуу шүүмжлэлд өртөөд байна. Үүний нөгөө талд СДН-аас хэлэлцээрт орсон намын дарга М.Шульц тэргүүтэй хэлэлцээрийн багийнхан өмнө хоёр ч удаа хамтарсан засаг байгуулахдаа шийдүүлж чадаагүй хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлууд дээр тохиролцоонд хүрснээр барахгүй анх удаа Сангийн яамны сайдыг тус намаас томилох болсон зэргээр чамгүй үр дүнтэйгээр хэлэлцээр хийлээ хэмээн бахархалтай мэдэгдэж байгаа. Гэхдээ СДН-ын залуучуудын байгууллага намаа Их эвсэлд орохыг эрс эсэргүүцэв. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон намын их хурал дээрээ энэхүү байр сууриа албан ёсоор мэдэгдсэнээс хойш эсэргүүцлийн хөдөлгөөн улам хүчээ аваад байна. 

Яамдын хуваарилалт тодорхой болсны дараа сайд нарыг товлох асуудал яригдах үеэр М.Шульцын нэр Гадаад хэргийн сайдад сонстож эхэлсэн юм. Гэвч одоогийн Гадаад хэргийн сайд, СДН-ын дарга асан З.Габриэль өөрийг нь солих болсон үндэслэлийг тайлбарлахыг намынхаа удирдлагаас шаардсан нь байдлыг санаанд оромгүй эргүүлж орхив. Түүний шаардлагын хариуд М.Шульц намын даргын ажлаа хүлээлгэн өгч Гадаад  хэргийн сайд болохгүйгээ мэдэгдсэн юм. Ингээд М.Шульц өнгөрсөн долоо хоногт намын даргын албаа өгөв. Тэрбээр яг жилийн өмнө намынхаа их хурлаас 100 хувийн саналаар СДН-ын даргаар томилогдон, Бундестагийн сонгуульд намаа удирдаж орох өндөр хариуцлага бүхий үүрэг хүлээсэн ч ийнхүү асар богино хугацаанд намын даргын карьераа дуусгав. 

СДН төдийгүй Христосийн Ардчилсан Нам дотор ч намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны асуудал хүчтэй тавигдах үед А.Меркел намын даргаа өгөх бодолгүй байгаагаа зарласан нь тус намын дотоод зөрчилдөөнийг түр ч атугай намжаагаад байна. Түүгээр ч тогтохгүй хатагтай А.Меркел Заарланд мужийн Ерөнхий сайд эмэгтэйг намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргад санал болгосноор эсэргүүцэгч хэсгийнхээ ч дэмжлэгийг хүлээхэд хүргэв. Улс төр судлаачдын үзэж буйгаар Заарланд мужийн Ерөнхий сайд А.Крамп-Карренбаувер нь А.Меркелийн дараа намын дарга болох хамгийн магадлал өндөртэй улстөрч юм. 

Дэмжих үү, татгалзах уу?

Их эвслийн 177 хуудас бүхий мөрийн хөтөлбөрийг Эвсэлд орж буй гурван нам өөр өөрийн хувилбараар хэрхэн хүлээн авахаа шийдвэрлэх ёстой. А.Меркелийн Христосийн Ардчилсан Холбоо, Баварийн Христосийн Нийгмийн Холбоо нь намын удирдах байгууллагын хурлаараа шийдвэрээ гаргана. Гэсэн хэдий ч Эвслийн хувь заяаг тэд биш Социал Демократ Намын гишүүдийн санал асуулга шийдэх болно. 

Герман Улс 82.7 сая хүн амтай ч дөнгөж 1.3 сая нь намын гишүүн. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын хоёр хүрэхгүй хувь нь улс төрийн намын гишүүнчлэлтэй. Тэдгээр намын гишүүдийн 1/3 хувь буюу СДН-ын 463.000 гишүүн Их эвсэл үү, эсвэл үгүй юу гэх сонголтыг хийх юм. 

СДН-ын удирдлагын хувьд мөрийн хөтөлбөрөө дэмжүүлэх сурталчилгааны уулзалтыг өнгөрсөн долоо хоногт эрчтэйгээр эхлүүлээд байна. Намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Хамбург хотын дарга О.Шолц, Бундестагийн СДН-ын Бүлгийн дарга А.Налес нар энэхүү ажлыг удирдаж байна. А.Налесийн хувьд 2018 оны гуравдугаар сард болох тус намын их хурлаар СДН-ын тэргүүнээр сонгогдох хамгийн магадлалтай улстөрчид тооцогдож байна. Тэдний эсрэг СДН-ын залуучуудын байгууллага нь дарга К.Күнертээр толгойлуулан Их эвслийн эсрэг хүчтэй компанит ажил явуулж байна. К.Күнертийн кампанит ажлын хүрээнд СДН-д 20 гаруй мянган залуус шинээр элссэн ба тэднийг эвслийн эсрэг саналаа өгнө гэсэн таамаглал байна.

 
М.Шульц, А.Налес, О.Шолц нар намын их хурал дээр. 2017 оны 12 дугаар сарын 7. Гэрэл зургийг hurriyet.com сайтаас,

Их эвсэлд орохоор хийж буй тохиролцоо, намын удирдлага өөрчлөгдөж байгаа асуудлуудтай зэрэгцэн тус намын рейтинг унаж 16.5 хувьд хүрээд байгаа нь СДН-ын түүхэнд байгаагүй муу үзүүлэлт юм. Энэ нь тус намын гишүүдийг Эвсэлд үгүй гэсэн санал өгөхөд хүргэнэ гэж таамаглах судлаачид байгаа ч ихэнх судлаачид харин ч эсрэгээрээ Эвсэлд тийм гэж хэлэхэд томоохон түлхэц болно гэж үзэж байна. Учир нь сонгууль болсон тохиолдолд тус нам өнгөрсөн оны есдүгээр сард авсан 20 гаруй хувийн саналдаа ч хүрэхгүй байх эрсдэлтэй юм. 

Нөгөө талаар намын гишүүнчлэлийн насны бүтэц, оршин суугаа байршлыг судлаад үзэхэд бараг тэн хагас нь баруун муж улсуудад хамаарч байна. Тэдний дийлэнх нь тавиас дээш насны эрэгтэйчүүд тул Их эвсэл дэмжигдэх магадлалтайг судлаачид цохон тэмдэглэж байна.

2013 онд ч Засгийн газарт эвсэж орохоосоо өмнө СДН-ыхан Эвсэлд нэгдэх эсэх талаараа дотооддоо санал асуулга явуулсан удаатай. Санал асуулгаар социал демократуудын 76 хувь нь эвслийг зөвшөөрсөн билээ. Энэ бүх нөхцөл байдлаас харахад эвслийг дэмжсэн үр дүн гарах магадлал өндөр байна. 

Ийнхүү 2017 оны Бундестагийн сонгууль Германы улс төрд шинэ сорилтууд, түүнийг дагасан асуудал бэрхшээл дагуулсан бол 2018 онд ч үргэлжлэн сорилт бэрхшээлүүд хүлээж байна. СДН-ын санал асуулга Их эвслийн хувь заяаг тодорхойлоод зогсохгүй цаашлаад дэлхийн хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэгээр нэрлэгддэг хатагтай Ангела Меркелийн үеийг ч дуусгаж болзошгүй эрсдэлтэй. СДН-ын хувьд ч удирдлагын шинэ үе ирнэ гэсэн үг билээ. 
 

 
А.Меркел. Германы Бундестагийн танхимд. Гэрэл зургийг time.com сайтаас

Берлин хот.  2018.02.22