Монгол улс нь уул уурхайн салбарт тулгуурласан жижиг нээлттэй эдийн засагтай тул гадаад орчны нөлөөнд хэт өртөмтгий байна. Уул уурхайн салбар ДНБ-ны 20%,экспортын 80 хувь бүрдүүлдэг бөгөөд үүний дийлэнх буюу 85 хувийг Хятад улс руу экспорт хийдэг. Газар нутгийн байршил нь худалдааны түнш орны тоог хязгаарлаж байгаагийн дээр эдийн засгийн төрөлжилт хийгдэхгүй байгаа нь гадаад шокийн хамаарлыг өндөрсгөж байна.
Орлого талаасаа 2018 оны 9-р сарын байдлаар экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал 1,073 мян.тонныг экспортолж 1 тэрбум ам.доллар, боловсруулаагүй алт- 3.4 тонн экспортолж 144 сая ам.доллар, нүүрс 27.3 сая тонн буюу 2.1 тэрбум ам.доллар экспортын орлого олжээ. Жил бүр экспортын тоо хэмжээ нэмэгдэж орлогын дүн нь өсдөг хэдий ч дотоод эдийн засгийн суурь бүтцээ тогтвортой түвшинд бүтээж чадалгүй гадаад сөрөг нөлөөнд өртөмтгий, иргэдэд хүртээмжтэй өсөлт муу хэвээр байгаа нь шийдлээ хүлээсээр байна.
Зардал талаасаа бензин болон дизель түлшний импортод нийт 949 мян.тонны 636 сая ам.доллар гадагшлах урсгалд бүртгэгджээ. Шатахууны импортын хараат байдал нь гадаад шокийн нөлөөллийг ихэсгэж инфляцын өсөлтийг бий болгож иргэдийн худалдан авах чадварыг бууруулах шалтгаан болж байна.
Дэлхийн банкнаас тооцдог түүхий эдийн үнийн индексийн чиглэл нь манай орны эдийн засгийн өсөлт болон төсвийн алдагдлын хэмжээг өндөр хамааралтайгаар тодорхойлдог нь дээрх графикаас харагдана. Тиймээс эдийн засгийн төрөлжилт, солонгоруулалт гэсэн нэр томьёог бодит ажил үр дүнд хүргэх цаг нь болжээ. Хэдийгээр ойрын хугацаанд байгалийн нөөцдөө тулгуурлаж орлого олох нь тодорхой хэдий ч хөдөө аж ахуй аялал жуулчлалын салбарт нөөц боломж их бий.
Манай орны хувьд худалдааны түнш орнуудын бодлогын өөрчлөлт, түүхий эдийн үнэ болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн шилжих механизмаар дамжин цаг хугацааны ялгаатай түвшинд эдийн засгийн оролцогч талуудад харилцан адилгүй нөлөөлдөг.
Гадаад шокийн нөлөөнөөс үүдээд сүүлийн жилүүдэд хяналтгүй төсвийн бодлого хэрэгжүүлсэн нь богино хугацаанд идэвхжилийг дэмжсэн боловч улсын өрийг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах үндсийг тавьжээ. 2012 оноос хойш төсвөөс гадуур хөнгөлөлттэй зээл, дэд бүтцийн төслийн санхүүжилт ихээхэн хийгдсэн нь импортыг дэмжин валютын нөөцөө шавхахад хүргэж төгрөгийн ханш огцом унах шалтгаан болсон байна.
Байгалийн баялгийн экспортод суурилсан эдийн засаг нь тогтворгүй, гадаад нөлөөнд өртөмтгий бөгөөд иргэн бүрд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход хүндрэл учруулж байна. Уул уурхайн салбар нь бусад салбартай харьцуулахад цөөн тооны ажлыг бий болгож хүн амын багахан хэсэг нь ажиллан орлого олдог тул байгалийн баялагтай оронд орлогын тэгш бус байдал гүнзгийрэхэд нөлөөлдөг.
Тиймээс бүх салбарт монополь зах зээл бий болгохоос сэргийлэн нээлттэй ил тод чөлөөт өрсөлдөөнт тогтолцоог дэмжиж ажиллах нь Монгол Улсын дунд хугацаанд шийдэх ёстой чухал асуудал болжээ. Үүний тулд нэгдүгээрт бүх зах зээлийн мэдээлэл өгөгдөл нээлттэй байх, төрийн бүх үйлчилгээг цахимжуулж ил тод болгох хоёрт өрсөлдөөнийг сайжруулахын тулд зах зээлд шинэ оролцогч ороход саад бэрхшээлгүй болгох нь чухал байна. Эцэст нь дүгнэхэд уул уурхайн салбараас орлогын хуримтлал үүсгэж хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн боломжит салбаруудаа дэмжиж ажиллах цаг үе тулж иржээ.