2018 оны 6 сарын 14
Үл хөдлөх хөрөнгийн салбарын сэтгүүлч

"Та бизнес хийдэг бол бизнесмен шиг харагдах ёстой"

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч, үл хөдлөх хөрөнгийн магнат Доналд Трамп 1946 оны 6 сарын 14-ий энэ өдөр Нью-Йоркийн Куийн хотод төржээ.
 
Өнөөдөр тэрээр 72 насныхаа  ойг  Сингапурт  Ким Жон Унтай-тай амжилттай хийсэн түүхэн уулзалтаа давхар тэмдэглэх нь гарцаагүй бизээ.  Түүний аав нь Германаас  ээж нь  Шотландаас ирсэн цагаач байв. Эцэг Фрэд нь Нью-Йоркийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн худалдаачин байсан нь хожим түүнийг үл хөдлөх хөрөнгийн магнат болоход нөлөөлсөн юм. Хүмүүс түүнээс  -Эцгээсээ юу сурч олж авсан вэ гэж асуухад – Би түүн шиг хагас бүтэн сайныг оролцуулаад долоо хоногийн долоо өдөр амралтгүй ажилладаг хөдөлмөрч зан чанарыг нь авсан гэж хариулсан.  Үнэхээр тэр дайчин цуцалтгүй тэмцэгч ажил хэрэгч хөдөлмөрч хүн. Д. Трамп Нью-Йоркийн хүү, америкийн тэрбумтан байсан бол өнөөдөр тэр дэлхийн хүн болжээ. Д. Трамп санхүүгийн коллежийн оюутан байхаасаа  үл хөдлөх хөрөнгийн салбарт  орж эцэгтэйгээ хамт  Огайо мужийн Цинцинати хотын нэг дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны хорооллыг худалдан авч амжилттай арилжаалсан нь түүний хувьд анхны томоохон наймаа, хэлэлцээр нь байв. Тэр улам их амжилт олж хүрээллээ нэмэгдүүлэхийн тулд Манхэттен рүү нүүсэн байна.  Тэр эцгийнхээ компанийн суурин дээр  1971 онд Trump Organization  компаниа байгуулав. Тэр энэ тухай дурсахдаа “Та бизнес хийдэг бол бизнесмен шиг харагдах ёстой. Таныг ажлаа сайн мэддэг гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх хэрэгтэй. Би анх Манхэттенд байхдаа мөнгө ч үгүй, ажилтан ч үгүй байв. Гэхдээ би хэн нэгэн хүний албан тасалгаанд орохдоо миний ард Тhe Trump Organization байгууллага байгаа юм шиг харагдахыг хичээдэг байв.  Гэвч намайг төлөөлж байгаа The Trump Organization байгууллагад надаас өөр хэн ч байсангүй. Тухайн үед  манай байгууллагын албан тасалгаа Манхэттен дахь миний орон сууцны нэг өрөөнд байсан юм” гэжээ.
 
Түүний нэг гайхалтай чадвар бол ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ УРЛАГ юм. 1970 оны эхээр Нью-Йорк санхүүгийн хүнд байдалд орж хот дампуурлын ирмэгт тулсан хүнд он жилүүд байлаа. Үл хөдлөх хөрөнгийн  зах зээл зогсонги байдалд орж зочид буудлын дүүргэлт тэг болон унаж, ихэнх газар  хаалгаа барьж  хөрөнгө оруулагчид эдийн засаг сайжрахыг хүлээж байв. Харин 27-хон настай Трамп эдийн засгийн энэ уналтын үеийг алтан боломж гэж харж Нью-Йоркийн төв  Манхэттен дүүргийн 42-р гудамж дахь Grand Central Terminal – ийн  дэргэдэх асар том балгас болж үлдсэн  Коммодор  / Commodore / зочид буудлыг сэргээн засварлаж нэгдүгээр зэрэглэлийн болгож засах явдал байв. Энэ санааг түүний дотны нэг найз нь Коммодор зочид буудлыг худалдаж авна гэдэг  нь Титаникт суудал авахын төлөөх тулааныг санагдуулж байна гэж шүүмжилж байв. Коммодор зочид буудлыг 1,400 өрөөтэй 4 одтой том зочид буудал болгохын тулд 5 өөр сонирхол бүхий этгээдүүдийг нэг дор цуглуулах ёстой болов.  Хамгийн гол нь толгой эргэм эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй ээдрээтэй олон асуудлууд байв. Эдгээрт Коммодор зочид буудлын доорх газар болон цэцэрлэгт гудамжинд үнэ бүхий олон хөрөнгө эзэмшдэг Пенсильваны Төмөр замын нийгэмлэг нь хотын захиргаанд 15 сая үл хөдлөх хөрөнгийн татварын өрөнд баригдан дампуурч байгаа газар. Санхүүгийн бэрхшээлээс гарах гэж хичээж байгаа Нью-Йорк хотын захиргаа, Нью-Йоркоос зээлээ эргүүлэн авч чадахгүй байгаа зээлдүүлэгч, Нью-Йоркийн аялал жуулчлалын дампуурлын байдлаас болоод шинэ зочид буудал нээхээс болгоомжилж байгаа томоохон зочид буудлын сүлжээ болон барилгын түрээслэгчид орж байв. Тэдний хэн чи ийм хэлэлцээр хийж үзээгүй бөгөөд бүгд болгоомжтой хандаж байсан юм.
Д.Трамп “Grand Hyatt” зочид буудлынхаа танилцуулга
 

Трампын гаргасан төлөвлөгөөгөөр  Коммодор зочид буудлыг зах зээлийн үнээс доогуур худалдан авах хэрэгтэй байв. Тэр Нью-Йоркийн маш их нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн шинжээч  Хенри Пирстай хамтарч,  шилдэг  дизайнер  Дер Скатыг хөлслөн авч хэд хэдэн өндөр үнэтэй архитекторын загвар бүтээлгэв.  Түүнийгээ Нью-Йорк хотын захирагчид  дэлгэн үзүүлж өнгө зүс муутай хэсгийг орчин үеийн хот болгон өөрчлөх санаагаа ойлгуулж хотыг татварын хөнгөлөлт үзүүлж дэмждэг үзүүлэх явдал байв. Түүнд маш олон саад бэрхшээл тулгарч байсан бөгөөд  хотын захиргаанаас татварын хөнгөлөлт үзүүлэхгүй бол түүнд банк зээл олгохгүй татгалзах. Банкнаас зээл авахгүй бол  хотын захиргаа татварын хөнгөлөлтийг үзүүлэхгүй. Нэг үгээр хэлэхэд талуудын аль  нь ч эхний алхам хийхийг хүсэхгүй байв.  Эцэст нь хот  татварын хөнгөлөлт үзүүлэхийг зөвшөөрсөн ч банк санхүүжилт хийхээс болгоомжилж байв.  Трампын шаргуу зүтгэлийн ачаар хотын захиргаанаас түүнд 40 жилийн татварын хөнгөлөлт зөвшөөрөл авсан явдал юм.  Тэр энэ гэрээг хийх гэж 2 жилийн хугацаанд 23 хэлэлцээр хийсэн байдаг. Commodore зочид буудлыг шинэ Grand Hyatt болгон өөрчлөх ажлыг эхлүүлэв.  Шил толь болсон 30 давхар Гранд  Хяаттын / Grand Hyatt / нээлт 1980 онд болж энэ нь Гранд Сентралын / Grand Central Terminal /сэргээн босголтын эхийг тавьж Нью-Йоркийг дампуурлын аюулаас салгаж чадсан юм. Төмөр замын эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн дэх хөрөнгө оруулалт хотын сэргээн босголтод үнэтэй хувь нэмэр болов. 1987 оноос зочид буудал ашиг өгч эхэлсэн байна.

Commodore зочид буудал The Hyatt зочид буудлын харьцуулалт 

 

Тэр бас томоохон нэг хэлцлийг 1990 оны эхээр  үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орсон жил хийсэн юм. Олон жилийн өмнөөс хэнд ч мэдэгдэхгүй  холоос харж явсан Уолл- Стритийн 40-р байшинг худалдах тухай сонсоод эзэмшигч нь Герман улсын Хиннебэрг гэдгийг мэдмэгц хэлэлцээр хийхээр түүн дээр нисэж очсон байна. Энэ явдал нь үл хөдлөх хөрөнгийн эзэнд маш таалагдаж гүн сэтгэгдэл төрүүлсэн учир түүнд  1 сая доллараар худалдах болов.  Гэвч Трампад мөнгө байсангүй.  Үндсэн худалдах үнээс нь гадна засвар хийх мөнгө хэрэгтэй байв. Бизнесийн түнш найз нөхдөдөө  хамтарч орох санал тавьсан ч бүгдээрээ татгалзаж “ёроолгүй худаг руу мөнгө асгахтай адилхан зүйл” гэж хэлсэн байна. Тэр худаг үнэхээр ёроолгүй байсан бөгөөд 1 сая долларын хөрөнгө оруулалт нь 535 сая хүртэл өсөж түүн дотроос маш их хэмжээний мөнгө татаж гаргасан юм.  Энэ байшин 72 давхар , 1,3 сая ам дөрвөлжин фут / нэг фут -30,48 см / нийт талбайтай байгууламж юм.  Тухайн үед энэ байшинг худалдан авч байхад түүнд орон сууцны цогцолбор болго гэж зөвлөж байсан ч өөрийн итгэл үнэмшлээ даган бизнесийн төв болгож одоо байрныхаа өрөө тасалгаа бүрийг түрээсэлж байна. Түүнд ашигтай хийсэн хэлэлцээр олон байдаг шиг бас  алдагдалд орсон хэлэлцээр хөрөнгө оруулалтууд  бий.

Түүний үл хөдлөх хөрөнгүүд. 2016 он

 

Нэг удаа  Д.Трамп экс эхнэртэйгээ  гудамжинд явж байхдаа нэг гуйлгачинтай таараад "Марла тэр гуйлгачинг  хараач, тэр надаас 900 сая доллараар баян юм. Бас тэгээд халаасанд нь задгай цент байгаа" гэж уулга алдсан гэдэг. Эдийн засгийн хямрал 1990 оны тэр хүнд жилүүдэд тэр сөхөрч, өр ширэндээ баригдан хэн ч танихгүй  гудамжны хүнд атаархаж явсан удаатай. Гэсэн ч тэр зорилгынхоо хөндлөвч модыг өндөрт тавьснаар дэлхийд эрэмбэлэгдэх баян болсон юм.  Forbes-оос гаргасан 2018 оны 3 сарын судалгаагаар 3.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян эрхмүүдийн 766-д  жагсаж байна. 

Доналд Трампын хэлэлцээр хийх урлаг чадвар нь түүнийг тэрбумтан болгон гол нууц юм. Итгэлцэл, ойлголцол, сэтгэл хангалуун байдал нь хамгийн чухал гурван зорилго. Үргэлж эелдэг бай, гэхдээ муу санааг бүү орхи. Хүмүүс юмыг өөрчилдөг, амлалт өгдөг,  хуурахыг оролддог. Харамсалтай нь хэлэлцээр гэдэг нь ерөөсөө ийм л байдаг учраас үүнээс сэрэмжлэх ёстой. Хэлэлцээр хийх хатуу дүрэм байдаггүй бөгөөд энэ нь олон төрлийн сэтгэхүй болон харилцааны тактикаас бүрддэг юм гэжээ. Түүний The Trump Organization нэр дээр 500 гаруй төрлийн бизнесийн үйл ажиллагаа явагддаг бөгөөд гол үндсэн чиглэл нь барилга, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, зочид буудал, жижиглэн худалдаа, хөрөнгө оруулалт юм. Тэр өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн TRUMP TOWER цамхагтай бөгөөд  олон барилгад  хөрөнгө оруулалт хийж гайхалтай өндөр барилга бүтээн байгуулалтыг хийсэн хүн. Магадгүй түүний өвөрмөц гарын үсэг нь тэнгэрт тэмүүлсэн цамхгуудынх хэлбэр дүрс байж болох юм. Түүний бүтээн байгуулалтыг www.trump.com сайтаас үзэх боломжтой. Түүний улс төрийн дараагийн алхам юу байх бол...
 
 

 

x