Индэр    
2018 оны 5 сарын 21
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Барилгын компаниудын брошур буюу танилцуулга-II

Зураг

Саяхан болоод өнгөрсөн BARILGA EXPO -2018  орон сууцны үзэсгэлэнг  зорьж  үзлээ.  Мишээл экспогийн үүдэнд Remax-ийн залуучууд тосож  танилцуулгаа надад атгууулав. Танилцуулга цуглуулахад нэг бэрхшээл байдаг бөгөөд түүнийг зохион байгуулагч газар их аятайхан  шийдэж сайтынхаа лого бүхий уут тарааж байлаа.  Үүдэнд авсан нэг  ширхэг танилцуулгаа дотор нь хийгээд цааш явлаа. 

Орон сууцны үзэсгэлэнгийн нэг давуу тал нь амьд харилцаа үүсгэж харилцан ярилцах явдал.  Ажиглаад байхад ихэнх хүмүүс үзэсгэлэнгийн талбайг нар зөв тойрдог юм шигээ.   Би ч гэсэн хүмүүсийн нэгэн адил нар зөв тойргоор уутаа барьж танилцуулга цуглуулсаар үзэсгэлэнгээс гарч ирэв. Үзэсгэлэн өмнөх жилүүд шигээ зохион байгуулалт сайтай, олон хүнтэй байв.  REMAX –ийн хэд хэдэн агентлагууд үзэсгэлэнд бие даан оролцсон байсан бөгөөд хамгийн олон төслийн борлуулалтыг Хангарьд пропертийз компани Peace apartment, Цагаан хаалга цогцолбор, Ембүү орд, Дөрвөн бэрх хотхон, Peace village, Төгс амгалан зэрэг орон сууцанд захиалга авч байлаа. 

Хүмүүс үзэсгэлэнгийн үеэр олж авсан мэдээллээ гэртээ ирээд танилцуулга дээрээс авдаг учир танилцуулга гэдэг маш чухал ач холбогдолтой зүйл.  Үзэсгэлэнгээс цуглуулсан миний танилцуулга 50 гаруй байгууллагын бүтээл байлаа. Орон сууц идэвхтэй хайж байгаа хүмүүс  хамгийн түрүүнд танилцуулга дээрээс ямар мэдээллийг олж олж авахыг хүсдэг вэ? Та юу гэж бодож байна. Цааш уншилгүй хэсэг хором та бодоод үзээрэй. 

Миний хувьд,

  • Дүүрэг болон төслийн байршил
  • Мкв үнэ
  • Өрөөний сонголт болон палан зураг 
  • Барилгын явц буюу гүйцэтгэл  
  • Төслийн захиалагч  компани гэж бодож байна.  Гэвч танилцуулга дээрээ эдгээр  мэдээллийг бүгдийг нь оруулсан нэг ч төсөл байсангүй. 

2012 онд сэтгүүлч миний бие  Барилгын компанийн брошур буюу танилцуулга гэсэн нийтлэл бичиж байсан бөгөөд 6 жилийн дараа орон сууцны танилцуулга ямар түвшинд очсоныг эргэн санаж бичиж байгаа минь энэ юм.  Миний анзаарснаар хэдэн жилийн өмнөхөөс бараг өөрчлөгдөөгүй гэж хэлж болох бөгөөд харин шинээр “компанийн хувь лизинтэй” гэсэн  өгүүлбэр нэмж  орсон байв. 

Би өмнөх нийтлэлдээ хэд хэдэн асуудлыг хөндөж бичсэн бөгөөд түүний нэг нь А зэрэглэлийн тухай байв.  Өнөөдрийг хүртэл телевиз, сайт, брошур дээр амь бөхтэй оршсоор ирсэн А зэрэглэл гэж юу вэ?  А зэрэглэл гэж байгаа юм чинь  B зэрэглэл гэж  байх учиртай. Харин би хайгаад олдоггүй.  За яахав,  А зэрэглэлийг  хар ухаанаар байршлын  хувьд хотын төвийн бүсийг хэлнэ гэж ойлгож болох юм.  Гэвч дараах компаниудын орон сууцны байршлыг  А  зэрэглэл гэгчид хамруулж болох уу?  Дүүргүүдээс  төлөөлөн болгон  зөвхөн нэг төслийн мэдээлэл оруулав. 

  • Дэлгэр хотхон-  ХУД  Витафит үйлдвэрийн хойно 
  • United apartment –СБД Паркын зүүн хойно
  • Happiness town – БГД 10-р хороолол замын урд 
  • Офицер таун – БЗД Офицеруудын ордны зүүн талд гэх мэт.  Гэхдээ энд нэг зүйлийг  хэлэхэд А зэрэглэл гэдэг үгийг арав дахин онцолж бичсэн ч төдийлөн борлуулалтад нөлөөлөхгүй.  Угтаа бол ТАНСАГ  зэрэглэлийн дайтай үнэ цэнэтэй үг байгаа юм.  Ихэнх компаниуд  танилцуулга дээр  Барилгын давуу тал,  Барилгын онцлог гэж бичсэн байдаг. Хэвшмэл болсон зүйл гэхүү дээ.  БАРИЛГЫН ДАВУУ ТАЛ  гэсэн тодорхойлолтод дараах үзүүлэлтүүд хэтэрхий энгийн юм шиг санагдаж байна.  
  • Хотын А зэрэглэл 
  • Дулаан зогсоолтой
  • Айл бүр утас, интернет кабельтай 
  • Саруул том өндөр чанарын вакуум цонх, тагттай 
  • 24 цагийн лифттэй 
  • Айл болгон галын дохиолол, донофон системтэй 
  • Тагт тус бүр гэрэлтүүлэг, разетиктай
  • Стресс тайлдаг хээтэй эко ханын цаас 
  • Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй
  • СӨХ-ийн үйл ажиллагааг мэргэжлийн баг удирдан зохион байгуулна. 
  • Сайн чанарын паркетан шал, плитатай
  • Төвийн шугамд холбогдсон инженерийн дэд бүтэцтэй
  • Дотоод засал, сантехник, дулаан болон бусад хийгдсэн материал хэрэгслүүд бүгд чанартай бүтээгдэхүүн.  Уг нь А барилга Б барилгаас юугаар давуу талтай, эсвэл барилгын онцлог шинж чанарын тухай ойлголт байх болов уу гэж бодож байна.  Магадгүй давхартаа 2 айлтай,  гаднах талбайн төчнөөн хувь нь ногоон байгууламжтай.  Ойр хавьд барилга барих боломжгүй учраас нарны тусгал хаахгүй гэх мэт. 
 

ЭВТ44 орон сууцны танилцуулга дээр дурдсан зүйлийн нэг тод жишээ бөгөөд ДАВУУ тал гэдэг үгийг ч зөв бичиж чадаагүй байна. 

 

New garden орон сууцны танилцуулга хэт нуршуу, нэг зүйлээ олон дахин давтсан 

Ерөнхий мэдээлэл агуулга нь боломжийн, нүдэнд тусах загвар хийцтэй нь  Garden city, River garden, Park view, Академи хотхон , Хүннү 2222, Нарны хороолол,  Santo smart apartment,  Содон хороолол,  Comfort town, Morning star residences, United center зэрэг төслүүд байлаа. Үүнээс 2 төслийг онцлон дурдахад  нэг нь Содон хорооллын  танилцуулга байв. Жишээ нь Содон хороололын танилцуулгын нүүр хуудасны хавтас дотор Эрхэм худалдан авагч таны амьдралд байр, орон сууц ямар байгаасаа гэж  хүсдэг вэ? гэсэн худалдан авагчид хандсан өдөөсөн асуулт асуугаад  

  • Сургууль цэцэрлэгтэй ойрхон
  • Спорт цогцолбортой
  • Автобус унаандаа ойрхон 
  • Хүүхэд тоглож наадах тоглоомын талбайтай
  • Төрийн үйлчилгээний газруудтай ойр
  • Зай талбай ашиглалт, зохион байгуулалт орчин үеийн шийдэлтэй
  • Чөлөөт цагаа өнгөрөөх үйлчилгээний газруудтай 
  • Өргөн хэрэглээний үйлчилгээний төвүүдтэй
  • Автомашины аюулгүй, хүрэлцээтэй зогсоолтой гэсэн жагсаалт гаргасан байлаа. 

Дараа нь компанийнхаа товч танилцуулга, орон сууцаа блокоор нь танилцуулж одоо захиалга авч байгаа төслөө  зургаар маш ойлгомжтой гаргасан байна.  Ихэнх газруудын бичдэг БАРИЛГЫН ДАВУУ ТАЛ гэдэг зүйлийг барилгын хийц, гадаад орчин, тоноглол хийц гэж хуваагаад  дотор нь маш товчхон мэдээлэл  бичигдсэн нь таалагдав. Мэдээж хамгийн чухал зүйл бол өрөөний мкв бүхий палан зураг бөгөөд түүний доторх талбайг 
2 өрөө 44,08 мкв нь,

  • Зочны өрөө гал тогоо- 23,36 мкв 
  • Унтлагын өрөө-10,5 мкв 
  • Ариун цэврийн өрөө- 4,13
  • Коридор 5,32
  •  Тагт- 2,57 мкв гэж задалж оруулсан нь худалдан авагчдад орон зайн ойлголтыг өгөх сайн талтай.  Мөн ипотекийн  8% хамрагдах банкнуудын тавьж байгаа ерөнхий шаардлага  болон орон сууцны төлбөрийн нөхцөл бичсэн байв.  
 

Онцолж дурдсан дараачийн төслийн танилцуулга бол SANTO smart apartment орон сууц бөгөөд энгийн ойлгомжтойн дээр нь хүний мэдээлэл авбал зохих бүх зүйлийг тусгасан байв. Дээр дурдсанчлан өрөөний мкв задаргаа хийж тайлбарласан  East square, Santo smart  apartment,  Comfort цогцолбор хороолол, Peace apartment,  Дөрвөн бэрх хотхон,  Өгөөмөр хотхон, Peace village гэх мэт хуруу дарам цөөхөн газар байв.  Хамгийн загварлаг  танилцуулгатай компани бол  River garden, Garden city, Park view хотхон байлаа.  

 

Харин хамгийн сэтгэл дундуур үлдсэн зүйл бол төслийн захиалагч компанийг маш цөөхөн газар бичсэн байсан бөгөөд бүүр гүйцэтгэгч компанийг  нэг  ч газар оруулаагүй байв. Үүнээс дүгнэлт хийхэд манайд үндэсний брэнд болсон гүйцэтгэгч компани бие дааж хөгжөөгүй нь харагдаж байна.  2000 оны эхээр  паркетан  шал вакум цонхтой гэж рекламддаг байсан бол 2020 он гарах гэж байхад интернет кабельтай гэж ийм тэнэг зүйл бичмээргүй байна. 

Зураг