Зураг
Зураг
   
1
2
3
4

Г.Батзул: Олон улсад өөрийгөө сорих боломжтой учир Хонг Конгт ажиллах саналыг хүлээж авсан

Ч.Болортуяа
2016 оны 10 сарын 11
iKon.MN
Г.Батзул: Олон улсад өөрийгөө сорих боломжтой учир Хонг Конгт ажиллах саналыг хүлээж авсан
Зураг

Түүний ярилцлагаас та өөдрөг, гэгээлэг үзлийг олж харах болов уу. 

Бүгд л хямрал, гутрал ярьж байгаа энэ үед бидний амьдралд гэгээтэй зүйлс байсаар буй. Тэдний нэг бол гэрэл цацруулсан бүсгүй Гэрэлсайханы Батзул юм. 

Г.Батзул одоо 20 гарч буй залуухан бүсгүй ч эх орноо, компаниа төлөөлөн Хонг Конгийн завгүй дүүрэгт өөрийн тохилог оффистоо Монголоо сурталчилан ажилласаар байна. 

Олны мэддэгээр “Mongolian Properties”–ийн толгой компани болох APIP –д хөрөнгө оруулалтын менежер хийдэг Г.Батзул Копенгагений Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр амжилттай дүүргэж сургууль төгссөн цагаасаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий байгууллагуудад урилгаар ажиллаж байна. 

Сурлага, хөдөлмөр, хувь хүний хөгжлийн тал дээр залуус Г.Батзулаас үлгэр дуурайл авах зүйл их аж. 

Мөн Г.Батзулын эгч Г.Гэрэлмаа APIP компанийн Сингапур дахь газрыг хариуцан ажиллаж байна. Нэг айлын охид Хонг Конг, Сингапурт эх орноо төлөөлж, олон улсын залуустай мөр зэрэгцэн алхаж байгаа нь үнэхээр бахархууштай. Тэднийг өсгөж хүмүүжүүлсэн ээж Т.Батцэцэгийн гавьяа энд их. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдынцуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

 

Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА @Bolort
Ярилцлагын зочин: Г.БАТЗУЛ @Batzul
Гэрэл зургийг:  Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer"
Зураг

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: КАРЬЕР АП

 

 

Төгсөлтийн үдэшлэгтээ ч оролгүй шалгалтуудаа өгч дуусгаад л анхны ажилдаа орж байлаа

- Яг үнэндээ хүн бүр хямрал ярьж байгаа энэ үед өөр шиг чинь эерэг энерги цацруулсан хөрөнгө оруулалтын менежертэй ярилцах их таатай байна. 
- Баярлалаа. Намайг “Өглөөний Хүн” цувралдаа урьсанд баярлалаа.

- Өөрийн тань хувьд эдийн засагч мэргэжилтэй учраас аль ч салбар руу хөрвөх боломжтойгоороо их давуу талтай юм. Үл хөдлөхийн салбар руу хэрхэн орох болсон тухайгаас тань яриагаа эхэлье.
- Би хэзээ ч үл хөдлөх салбарт ажиллая гэж бодож байгаагүй. 

Энэ ажил маш санаандгүй байдлаар миний гар дээр хүрээд ирсэн. Би өмнө нь “СкайПаать Партнерс” гээд хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байсан юм. 

Одоогийн удирдлага Ли Кашелтэй Хонг Конгийн хөрөнгө оруулалтын чуулган дээр танилцаж байв. Түүнээс хойш Ли Кашел захирал маань намайг компанидаа ажиллахыг их урьдаг байсан юм. Би өмнөх ажилдаа бас их дуртай байлаа. Тиймээс ч тухайн үед ажилдаа их дуртайгаа хэлж татгалзаж байсан. Удалгүй APIP –аас Хонг Конгт өөрийн компаниа төлөөлөх төлөөлөгчийн ажлын байр гарч ирлээ, тэнд нь намайг ажиллаач гэсэн санал ирсэн. Харин энэ удаад би татгалзаж чадаагүй. 

Олон улсын тавцанд ажиллаж, шинэ түвшинд өөрийгөө сорих боломж гарч ирсэнд маш их баярлаж энэ ажлын саналыг хүлээж авсан

Яагаад гэхээр би олон улсын тавцанд ажиллаж, шинэ түвшинд өөрийгөө сорих боломж гарч ирсэнд маш их баярлаж энэ ажлын саналыг хүлээж авсан. 

Манай захирал Ли Кашел бол америк хүн, мөн монгол захирал Б.Цэндсүрэн маань монгол залуу хүнийг ингэж дэмжиж итгэл хүлээлгэж олон улсын тавцанд ажиллуулж байгаад би их талархаж явдаг.  Би эдгээр хүмүүсийн хүүхэд, хамаатан садан нь биш байхад баргийн компани Монгол залуу хүнийг ингэж дэмжиж өндөр цалин өгч ажиллуулахгүй шүү дээ. 

- Өмнөх компанидаа хөрөнгө оруулалтын шинжээч хийж байсан гэсэн. Тийм үү?
- Хөрөнгө оруулалт хийхээс өмнөх компаниудын судалгааг хийдэг байсан. Санхүүгээс гаднах тухайн хөрөнгө оруулалт хийх гэж буй компанийн бүхий л судалгааг хийдэг байлаа. 

- Харин ажлын анхны гараагаа аудит хийхээс эхэлж байсан гэсэн. 
- Тийм ээ. Би PwC гээд олон улсын сүлжээ аудитын компанид жил хагас ажилласан. 

- Сургуулиа төгсөнгүүт олон улсын томоохон аудитын компанид хэрхэн орох болсон тухайгаа яриач?
- Миний хувьд Копенгагений их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөх дөхөж байгааг найзууд маань мэдэж байсан учраас PwC -д ажиллах саналыг надад хэлсэн. Ингээд би CV-гээ явуулж хамгийн том захирал нь байсан Карелин Кларк гэж хүнтэй имэйлээр харилцаж эхэлсэн юм.  

Өвөл бол аудитын компанийн хамгийн завгүй цаг хугацаа байдаг. Бид “Busy season” гэж нэрлэдэг. Арванхоёрдугаар сард Карелинтай мэйлээр харилцаж байхад “Батзулаа манайх маш завгүй, ажил ихтэй байна. Чи сургуулиа төгсөөд шууд манайд ажиллаач” гэж урьсан. Миний хувьд энэ бол үнэхээр цочирдом урилга байсан.

Төгсөлтийн үдэшлэгтээ ч оролгүй шалгалтуудаа өгч дуусгаад л анхны ажилдаа орж байлаа

Ингээд тэд яаралтай ирж намайг ажиллахыг урьсан учраас би төгсөлтийн үдэшлэгтээ ч оролгүй шалгалтуудаа өгч дуусгаад л ажилдаа орсон. Тэр нь сайн  бас муу байсан. 

Яагаад гэхээр Копенгагенийн их сургууль миний хувьд маш том даваа байсан. Шалгалтууддаа бэлдээд маш завгүй байж байгаад шууд аудитын компанийн  завгүй улирлаар ажилдаа орсон. Ажилд ороод гэртээ бараг л усанд орох гэж л харьдаг байлаа.  Хэдий залуу хүн ч гэсэн эрүүл мэндийн хувьд жаахан сөрөг нөлөөлөл байсан. Ингэж би жил хагас буюу хоёр “Busy season” –ийг давсан шүү. 

- Өмнөх хоёр компанидаа хоёуланд нь жил хагас ажиллаад ажлаа сольжээ. Харин одоо ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
- Хамгийн их хөрөнгө оруулалтыг надад хийсэн компани бол APIP. Тиймээс ач хариулж энэ компанидаа удаан ажиллах бол байх зүйл. 

- Америк соёлоор бол тухайн хүн хангамж нөхцөл сайжирч, албан тушаал ахих хэрээр өөрийгөө амжилттай карьер хийж байна гэдэг. Харин Ази соёл, тэр дундаа японд нэг компанид дор хаяж таван жил ажиллаж байж тухайн газрын философийг ойлгодог гэдэг. Чиний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
- Одоогийн хийж байгаа ажил тань таны сэтгэл санаанд гоё нөлөөлөхгүй бол, аз жаргалтай болгож чадахгүй байгаа бол чи буруу ажлаа л хийж байна гэсэн үг. Харин өглөө сэрээд л ажилдаа явахдаа баяртай байдаг бол чи зөв ажлаа хийж байна гэсэн үг. Би одоо өөрийгөө зөв ажлаа хийж байгаа гэж бодож байна. 

- Тэгэхээр өөрийнхөө мэдрэмжийг л дага гэх гэж байна уу?
- Тийм ээ. 

Зураг

ХОЁРДУГААР ХЭСЭГ: ЯАГААД МОНГОЛ ГЭЖ?

 

 

“Батзулаа Монголын засгийн газар Жастин Каплаг сулласан цагт танай арга хэмжээнд оролцох болно” гэдэг байлаа

- Монголд яагаад мөнгөө өгч хөрөнгө оруулалт хийх ёстой вэ гэсэн гадныхны асуултад чи хэрхэн хариулдаг вэ?
- Монгол Улс нэгдүгээрт дотоодын сөргөлдөөн болдоггүй их тайван газар. Дайн болдоггүй, хүн болгон нь буу эсвэл хутагтай явдаггүй харьцангүй тайван улс.

Хоёрдугаарт та гадаад хүн байх, монгол хүн байх ямар ч ялгаагүйгээр үл хөдлөх хөрөнгийн салбарт гэхэд шууд өөрийнхөө нэр дээр байраа худалдаад авах боломжтой. Ямар ч шаардлага ба ялгаварлан гадуурхалт байхгүй. Жишээ нь, Тайланд, Мьянмарт гэхэд  үл хөдлөх хөрөнгө гадаадын хүн эзэмшихэд заавал тухайн улсын иргэнтэй хамтарч худалдан авалт хийдэг.

Монголд харин ирээд л таалагдсан байраа худалдаж аваад л ажлаа хийгээд орлогын татвараа л төлөөд явахад болдог. Бас орох, гарах буюу exit, entry дээр төрөөс ямар нэгэн хатуу шаардлага, хяналт байхгүй.

Та дуртай үедээ Монголд ирээд, дуртай үедээ байраа зараад нутаг буцаж болдог.

Хятадад жишээ нь гарах нөхцөл маш хэцүү байдаг. Монголд бол exit, entry ямар ч асуудалгүй. Үүний давуу тал маш их. Энэ давуу талуудаа бид харин нэг их ярьдаггүйг гайхаад байдаг юм. 

Мөн Монголын татвар маш бага. Орлогын 10 хувийн татвар гэдэг бол маш бага. Хөрөнгийн өсөлтөөс олсон ашгаас 0 хувь буюу ямар ч татвар авдаггүй. Зарахаараа хоёр хувийн татвараа төлөөд л зараад гарчихаж болдог. Татварын хувьд их таатай бодлоготой гэсэн үг.

Мөн манай хүн амын бүтэц их сайн үзүүлэлттэй.  20-40 насны залуучууд ихтэй буюу ажиллах хүч ихтэй. Тэгэхээр залуу орон гэдэг утгаараа аливааг сурах боломжтой гэсэн үг.  

За тэгээд та бэлэн мөнгөтэй бол Монголд ирээд бизнесийн маш их боломж байгаа. Хөдөлмөрлөх хүч нь байна. Дээрээс нь Орос, Хятад гэсэн хоёр том зах зээлтэй. Уул уурхай гэлтгүй газар тариалан, үл хөдлөх хөрөнгө, аж үйлдвэр гээд маш олон төрлийн салбарт хөрөнгө оруулах боломжтой гэж гадны хөрөнгө оруулагчдын нүдийг нээж өгдөг.

 Би Монголын тухай болон өөрийн компанийн бизнесээ ойлгуулахын тулд арай өөр арга хэрэглэдэг

 

 

Үүнийхээ дараа өөрийн компанийхаа тухай танилцуулдаг. Хамгийн сүүлд нь би өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай ярьж өгдөг. Энэ нь бидний харилцаа илүү итгэлтэй болоход нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл би Монголын тухай болон өөрийн компанийн бизнесээ ойлгуулахын тулд арай өөр арга хэрэглэдэг. 

Юу гэхээр бүх хүнийг хүн гэдгээр нь харах хэрэгтэй. Баян ч бай, ядуу ч бай хүн болгон сэтгэл зүрхтэй. Хэн ч новшийн хүнтэй харилцахыг хүсэхгүй. Тэгэхээр чи харилцаж байгаа хүн бүртээ чин сэтгэлээрээ хандвал тэр хөрөнгө оруулагчид чамд итгэж хөрөнгө оруулна гэж би хувьдаа боддог. 

- Ингэж харилцсаны үр дүн гарав уу?
- Гаралгүй яахав. Манай удирдлагууд эдийн засгийн нөхцөл байдал таагүй байсан учраас “Батзулаа чи Хонг Конгоос бараг мөнгө оруулж ирж чадахгүй байх.  Чи зүгээр л Монголоо төлөөлөөд сууж байгаарай” гэдэг байсан. Би харин эсрэгээрээ хөрөнгө оруулалт татаж чадсан. Манай удирдлагууд шоконд орсон. Чи сайн Монголоо төлөөлдөг юм байна. Чи өөрийгөө сайн илэрхийлдэг юм байна гэдэг. 

- Өөрийн тань ажил Монголын макро эдийн засаг, хууль эрх зүйн орчин, хүн амын бүтэц гээд  их олон хүрээний өргөн мэдлэг шаарддаг ажил байна шүү дээ. 
- Миний хувьд нэг баримталдаг зарчим байдаг. Би мэдэхгүй зүйлээ бусдад хэзээ ч ярьдаггүй. Уул уурхайн нарийн зүйл асуугаад байвал “Уучлаарай би энэ талаар сайн мэдэхгүй байна” гэж үнэнээ л хэлдэг. Гэхдээ Монгол Улсын хувьд уул уурхайн салбар дээр л явж байгаа. Тэгэхээр хүн бүрийн мэддэг зүйлийг л би мэддэг. Гурван триллион долларын үнэлгээтэй эрдэс баялгийг хэн ч ухаагүй Монгол Улсын газар дор байна. Та Монголд ирээд энэ эрдэс баялгийн хайгуулийн бизнес хийж болно гээд өөрийн мэддэг зүйлээ л хэлдэг. Үүнээс цаашхийг би мэдэхгүй шүү дээ. Үүнийгээ ч хэлдэг.  Хүн өөрийнхөө мэдэхгүй зүйлийг мэддэг юм шиг ярих хамгийн тэнэг зүйл. 

Бид нарт ямар ч хамаа байхгүй Жастин Каплагийн хэрэг хүртэл манай бизнест нөлөөлдөг байсан

- Ялангуяа гадныхантай харилцдаг та бүхний ажил маш их мэдлэг мэдээлэл шаарддаг юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Манай удирдлагууд намайг ажилд авах санал явуулахдаа маш их судалсан байсан. Копенгагенд амьдарч байсныг мэднэ. Миний блогийг мэднэ. Намайг олон орны хүмүүстэй харилцдагийг мэддэг болчихсон байсан. Учир нь Копенгагенд монголчууд ховор. Сургуульдаа гэхэд би ганцаараа монгол байсан учраас миний харилцдаг бүх хүн, миний найзууд бүгдээрээ гадаадынхан байсныг манай дарга ойлгосон байсан. Өмнө нь ажиллаж байсан компаниудын хувьд ч дандаа үйлчлүүлэгч нараа хариуцан ажиллаж байсан. Тэр утгаараа намайг гадныхантай харилцаад сурчихсан гэж бодож ажилд авсан гэж боддог. 

- Монголыг муу харагдуулдаг зүйл юу вэ. Өөрийн тань хамгийн ярихаас эмээдэг сэдэв юу вэ?
- Улстөр л юм даа. Би улстөрөөс л хол явъя гэж боддог. Биднийг хамгийн муухай харагдуулдаг зүйл нь улстөр, авлига. Би өмнө нь танд ярьж байсанчсан бид нарт ямар ч хамаа байхгүй Жастин Каплагийн хэрэг хүртэл манай бизнест нөлөөлдөг байсан.

Гадаадын хөрөнгө оруулагчдын гол хүсээд байдаг зүйл бол ердөө тогтвортой байдал. Мэдээж итгэлцэл. Тэгээд мэдээллийн ил тод байдал. 

- Гадны хөрөнгө оруулагч нарын уулзалт, хуралд оролцох үед өөрөө ихэвчлэн хамгийн залуу төлөөлөл байдаг гэж ярьж байсныг чинь санаж байна. Өөрөөсөө ахимаг насны хүмүүстэй хэл амаа ололцох тал дээр эерэг, сөрөг ямар уур амьсгал бүрддэг вэ?
- Давуу  тал нь зарим хүн “Их залуухан мөртөө ямар мундаг юм бэ” гэх хүмүүс байдаг.  Ийм хүмүүстэй харилцахад их амар дөхөм болдог. Харин зарим хүн “Энэ жаахан охин юу мэддэг юм бол” гэж харилцах гэдэг. Гэхдээ би тэдний бодож байгаа шиг тийм жаахан охин биш л дээ. Жаахан харагддагт сайн тал ч бий, муу тал ч бий. 

- Өөрийн тань хувьд хэдийгээр компаниа төлөөлж байгаа боловч Монгол Улсыг бас давхар төлөөлөөд бүхий л хууль эрх зүй, бизнесийн үйл ажиллагааг танилцуулдаг. Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын тухай хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
- Хоёр жилийн өмнө Хонг Конгт ажиллахаар явж байх үе хамгийн хэцүү байсан. Эдийн засаг нам унаж байсан. Дээрээс нь маш их дуулиантай үйл явдлууд болж байсан. Жастин Каплагаас эхлээд маш том дуулианууд гарсан байсан. 

Манай компанийн хувьд, миний ажил ч тэр улстөртэй ямар ч холбоогүй. Тэгсэн мөртлөө Монголын үл хөдлөх салбарыг танилцуусан арга хэмжээ зохион байгуулах гэхээр л надруу “Батзулаа танай засгийн газар Жастин Каплаг сулласан цагт танай арга хэмжээнд оролцох болно” гэх мэт маш цочирдмоор имэйлүүд ирдэг байсан. Бас зүгээр л энгийн хурлууд дээр Монголоос төлөөлж байна гэхээр “No no, not interested in Mongolia” гэх хүмүүс их байдаг байсан.

Монголоос төлөөлж байна гэхээр “No no, not interested in Mongolia” гэх хүмүүс их байдаг байсан

- Хоёр жилийн дараа юу болов. Ямартай ч чамайг их “Аз жаргалтай” байгаа тухай “Forbes 30/40 summit 2016” дээр сонсоод их олзуурхлаа. 
- Одоо их наашилж байна. Хамгийн том шалтгаан мэдээж “Оюу Толгой”, “Рио Тинто” шүү дээ. Монгол Улсыг нийт 12 тэрбум долларын эдийн засагтай гэдэг. Тэгтэл “Оюу Толгой”-н далд уурхайн санхүүжилт эцэслэгдэж шийдэгдсэнээр нэмж зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ бол тоо мэддэггүй хүнд ч их ойлгомжтой харагдаж байгаа байх.  Монголын эдийн засагт маш том нөлөө үзүүлэх гэрээ хэлцэл болсон.

"Оюу толгой"-н хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдэнэ гэдэг нь түүнийг тойрсон бүх бизнес дахин эхэлнэ. Хоол хүнс, тээвэр, ложистик, тоног төхөөрөмж,  авто машины худалдаа, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бизнес эргэн цэцэглэдэг.  Энэ өсөлтийг жишээ нь манай компани мэдрээд эхэлчихсэн байна. Учир нь Монголд ч бай хаа нэг газар хүн ажиллахаар болохдоо зургаан сараас нэг жилийн өмнө өөрт тохирох орон байрныхаа захиалгыг өгчихдөг.  Энэ утгаараа миний ажиллаж буй байгууллага маш их эрэлттэй завгүй байгаа учраас би аз жаргалтай байна гэж хэлсэн.

Ямар эерэг бодолтой өөдрөг охин бэ гэх үгийг “Forbes 30/40 summit”-ийн үеэр хүмүүс надад хэлсэн шүү. 

Зураг

ГУРАВДУГААР ХЭСЭГ: 30 МЯНГАН ДОЛЛАРААС ЭХЭЛСЭН БИЗНЕС ӨНӨӨДӨР АЗИ НОМХОН ДАЛАЙГ ХАМРАВ

 

 

 Та бэлэн мөнгөтэй бол маш гоё байрыг үнийг нь сайн буулгаад авч болох давуу тал бий болоод байна

- Хонг Конг дахь нэг ажлын өдөр тань хэрхэн өнгөрдөг вэ?
- Би Хонг Конгийн “Central” буюу төв бизнесийн дүүрэг дэх жижигхэн тохилог оффист өөрийн компаниа ганцаараа төлөөлж ажилладаг. Надтай Хонг Конгийн хоёр нярав ажилладаг. 

Миний ажлын өдөр имэйлээ шалгахаас эхэлдэг. Монголын тухай маш их танин мэдэхүйн асуулт надад ирдэг.  Харилцагчдаас маань "Батзулаа Монголд яг юу болоод байна вэ" гэх мэт имэйл маш их ирнэ.

Мөн монголд яагаад хөрөнгө оруулах ёстой, хөрөнгө оруулалт хийхэд ямар өгөөж ирэх вэ, баталгаа нь юу вэ гэсэн ерөнхий асуултууд маш их ирнэ. Зарим нь энэ талаар уулзах гэж оффист маань ирнэ, утасдана янз бүрийн байдлаар надаас мэдээлэл авдаг. 

Миний хувьд харилцагчдаасаа шалтгаалаад өдөр бүр өөр, өөр, шинэ янз байдлаар ажлын өдөр маань өнгөрдөг. 

Хонг Конгийн “Central” буюу төв бизнесийн дүүрэг дэх жижигхэн тохилог оффист өөрийн компаниа ганцаараа төлөөлж ажилладаг.

- Улаанбаатар дахь төв оффисдоо ирэхээр ажлын горим чинь яаж өөрчлөгддөг вэ?
- Монголд ирэхээрээ би маш их хөдөлгөөнтэй ажилладаг. Би бараг агент болчихдог гэж хэлж болно.  Монголд маш их гадныхан ажиллахаар буцаж ирж байна.  Гадны өндөр хэмжээний зочид, захирлуудыг надад хариуцуулж өгдөг. Гадны өндөр хэмжээний зочдод Монголын хамгийн тансаг гэсэн орон сууцнуудыг танилцуулаад дагуулж явдаг. Тэдний шаардлага их өндөр. Хоёр нохойтойгоо, хүүхдүүдтэйгээ ирнэ. Тэднийхээ орчин нөхцөл,  хамгаалалт, зогсоол, цонхны харагдах өнцөгт хүртэл шаардлага тавьдаг.  Тэр бүгдэд нь нийцүүлсэн орон сууцыг нь олж өгдөг дөө. 

- Улаанбаатарт ирэхээрээ  үндсэн ажлаасаа жаахан өөр зүйл хийгээд байгаа гэсэн үг үү ?
- Миний хувьд компанийнхаа удирдлагын багт багтдаг. Тэгэхээр өндөр түвшний зочиддоо хүндэтгэл үзүүлж тэдэнтэй харилцах үүргийг надад даатгадаг юм

 

 

- Өөрийн тань хувьд Монголын Үл хөдлөх салбарын тайланг жил бүр эмхлэн гаргадаг юм билээ. Энэ маш хэрэгтэй, өргөн хүрээний судалгаа байна лээ. 
- Тийм ээ. Өмнө нь энэ тайланг гадныхан гаргадаг байсан.  Монголын талаарх тайланг гадныхан бичээд байх юм гээд би Сингапурт ажилладаг Гэрэлмаа гээд төрсөн эгчтэйгээ хамтраад энэ тайланг өнгөрсөн жилээс гаргаж эхэлсэн.

 Монголын талаарх тайланг гадныхан бичээд байх юм гээд би Сингапурт ажилладаг Гэрэлмаа гээд төрсөн эгчтэйгээ хамтраад энэ тайланг өнгөрсөн жилээс гаргаж эхэлсэн.

Монголын тухай, Улаанбаатарын тухай, үл хөдлөх салбар, дүүргүүдээр нь хуваагаад хамгийн алдартай байруудын худалдах үнэ, түрээсийн үнэ хэд байна вэ гэдгийг бүгдийг нь гаргасан. Нэг ёсондоо Монголын үл хөдлөхийн салбарын библи гэсэн үг л дээ.

- Үл хөдлөх салбарт одоо чухам юу болж байна вэ. Үнэ буусаар байна уу?

- Сүүлийн хоёр, гурван жил бидний бизнес үнэхээр хэцүү байсан. Бусад үл хөдлөх барилгын компаниудтай л ижилхэн хүнд байсан. Одоо л арай дээр болох гэж байна. 

Үнэ буурч байгаа юу буурч байгаа. Та бэлэн мөнгөтэй бол маш гоё байрыг үнийг нь сайн буулгаад авч болох давуу тал бий болоод байна л гэж хэлмээр байна. 

График 1, Орон сууцны (метр кв) борлуулах дундаж үнийн өсөлт, бууралт ба таамаглал, эх сурвалж MP

- Монголд маш их тансаг зэрэглэлийн орон сууц баригдаж одоо тэд нь хоосон “хэвтэж” байна. Танай компанийн хувьд ямар байна вэ?
- Гадныхан төдийгүй дотоодын чинээлэг хэрэглэгч Монголд амьдрахдаа гоё амьдрах хүсэлтэй байдаг. Жакузатай, гүйх орчинтой, нохойгоо салхилуулах газартай гэх мэт маш өндөр шаардлагатай байдаг бөгөөд эдгээрийг биелүүлсэн газар Монголд яг үнэндээ маш цөөхөн. Манай компанийн барьж байгаа байшингууд тэр шаардлагуудыг бүгдийг нь хангаж чаддаг учраас их эрэлттэй байсаар байна. 

Нэгдүгээрт хамгаалалт сайн, хоёрдугаарт  байрны засвар үйлчилгээг маш сайн үзүүлдэг, 24 цагийн ийм үйлчилгээ үзүүлдэгт гадныханд маш их таалагддаг.  Тэдний хувьд орон сууцанд нь ямар нэгэн асуудал гарвал хаашаа, хэнд хандахаа мэдэхгүй шүү дээ.  Тэдний асууж байгаа зүйлс нь энгийн юм шиг мөртлөө манайд их ховор байдаг үйлчилгээнүүд байдаг. Тэрийг нь манай удирдлагууд маш сайн мэдэрдэг учраас манай барьсан тансаг зэрэглэлийн байшингууд хамгийн түрүүнд дуусдаг болов уу. 

- Asian Pasific Investment Partners (APIP) компанийхаа тухай танилцуулахгүй юу?
- Манай компани бол гэр бүлийн бизнесээс үүдэлтэй. Үүсгэн байгуулагч Ли Кашел 10 гаруй жилийн өмнө Монголд 30 мянган доллартай л ирсэн гэсэн. НҮБ-ын төлөөлөгчид жишээ нь Монголд ирээд амьдрахад нь тохиромжтой байр тухайн үед олдоггүй байсан гэсэн. 

Тэгээд л гурван байр худалдаж аваад түүнийгээ маш гоё янзлаад тэр байраа үнэтэй түрээслээд бизнесээ эхлүүлсэн юм билээ. 15 жилийн өмнө энэ салбарт хэн ч байхгүй юм байна шүү дээ гээд л бизнесээ эхэлсэн юм билээ. 

Хүмүүс APIP гэж нэрийг бараг мэддэггүй. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг нэр нь “Mongolian Properties”. Энэ бол манай нэг охин компанийн нэг юм. Цементийн үйлдвэр, барилгын компани, зуучлалын, санхүүгийн гээд 10 орчим охин компанитай одоо үйл ажиллагаагаа явуулж байна. 

Зураг

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ: АМЬДРАЛ БОЛ АЯЛАЛ

 

 

Эгч бид хоёрыг хүмүүс дандаа Ли, Цэндсүрэн захирлуудтай хамаатан, гэр бүл гэж буруу ойлгох гээд байдаг

- Дэлхийн шилдэг сургуулийн нэг Копенгагений Их сургуульд  хэрхэн элссэн тухайгаа манай уншигчдад хуваалцахгүй юу?
-  Миний сурч байсан сургууль бол Харвард шиг жилийн 40 мянган долларын төлбөртэй сургууль биш. Гэхдээ дэлхийн шилдэг 100 сургуулийн 45-д жагсдаг. Шуудхан хэлэхэд санхүүгийн боломжоо хараад л энэ сургуулийг сонгосон.  

Бусад сургуульд орох боломж байсан. Даанч би гэр бүлийн санхүүгийн байдлаа бодсон. Ээж маань ганц бие хүн. Жилдээ зөвхөн сургуульд л 40 мянган доллар өгч сургах хэрэгтэй болно. Тийм болохоор би шууд европт л суръя гэж бодсон. Зардал нь боломжийн байдаг. 

Би “Хобби” дунд сургуулийг төгссөн. Манай сургууль TOEFL, SAT шалгалтуудад маш сайн бэлдэж өгдөг. Энэ хоёр шалгалтаа сайн өгөх юм бол шилдэг сургуулиудаас тэтгэлэг авах боломж нээгддэг. Таны ярилцлага авч байсан У.Билгүүн бол “Хобби” сургуулийн нэг төгсөгч. У.Билгүүн бүх сургуулиас 100 хувийн тэтгэлэг аваад Харвардыг өөрөө сонгосон. Манай Хобби сургуулийг үүсгэн байгуулсан Д.Оюунцэцэг гэж захирал багш минь бий. Би жил бүр Англи хэлний Олимпиадад оролцоод, түрүүлээд, сургуульдаа медаль авчирдаг байсан. Оюунцэцэг багш минь эргүүлээд надад тэтгэлэг өгч, сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээгээр чөлөөлж байсанд би маш их талархдаг.

Мөн талархаж явах хүмүүсийн нэг бол манай ээжийн Дани найзууд. Намайг Копенгангены их сургуульд тэнцчихвэл гэртээ амьдруулъя гэсэн найзууд нь байсан. Тэгээд л санхүүгийн хувьд хамаагүй дарамт багатайгаар сургуулиа сонгосон.

- Чиний хувьд тэтгэлэг биш төлбөрөө төлөөд сурсан юм байна. Тийм үү?
- Тэгсэн. 

- Тэтгэлэг хөөцөлдөөгүй юу?
- Копенгангены их сургуулийн хувьд мастерийн түвшиндээ л тэтгэлэг өгдөг юм билээ. Гурван жил ээж маань төлбөрийг минь төлж намайг сургуульд сургасан. Би нэг эгчтэй. Эгч бид хоёрыг өндөр боловсролтой болгохоор ээж маань хичээж анхаарч ирсэнд би ээжээрээ маш их бахархдаг. 

Эгч бид хоёрыг өндөр боловсролтой болгохоор ээж маань хичээж анхаарч ирсэнд би ээжээрээ маш их бахархдаг

- Дөнгөж дунд сургуулиа төгсөөд л гэрээсээ хол сургуульд сурч гурван жил биеэ дааж амьдрахдаа чиний гол сурсан хүмүүжил юу байв?
- Би Дани руу сурахаар явахаасаа өмнө МУИС-д хоёр жил суралцсан гэдгээ хэлэх хэрэгтэй. Би Копенгагенд сурч байхдаа блог бичдэг байсан. Миний блог Монголд хамгийн их уншигдсан блогуудын нэг байсан юм билээ. Хэрхэн англи хэл сурах, TOEFL-д бэлдэх тухай гэх мэт зөвлөгөөнүүдийг бичдэг байсан. Мөн гадаадад сурахад ямар байгаа тухайгаа бичдэг байв. 

Мөн би сурахынхаа хажуугаар маш их ажил хийдэг байсан. Гэр бүлийнхэн маань надад хэрэглээний мөнгө мэдээж өгдөг байсан. Гэхдээ тийм ч хангалттай биш. Тийм ч учраас би хичээлийнхээ хажуугаар зөөгч, бармен гэх мэт ажил зөндөө хийдэг байлаа. Гадаадад сурна гэдэг тийм амар зүйл биш. Үнэхээр хэцүү үедээ хэцүү.  Тухайн үед блог дээрээ гадаадад ингэж сурах гэж зовохын оронд Монголдоо сайхан сургууль төгсөөд мастерийн хөтөлбөрөө тэтгэлгээр авбал зүгээр юм байна гэж хүртэл бичиж байлаа. 

- Одоо сургуулиа амжилттай төгсчихсөний дараа бол ингэж гурван жил хичээсэн нь хэрэг боллоо гэж мэдээж бодогдоно биз дээ?
- Тэгэлгүй яахав.  

Ямар ч байсан бууж өгөлгүй дуусгасан. Гадаадад биеэ дааж амьдрахад цагийн юмыг цагт нь хийж сурдаг. Өглөө босоод л хичээлдээ эсвэл ажилдаа явна. Даалгавраа цагт нь хийнэ. Гурван жил зовох нь ойлгомжтой гэж бодоод л нүдээ аниад л дуусгасан даа. 

Европийн Холбооны оюутнууд, ялангуяа Скандинавийн оюутнуудад өгдөг хангамж нь атаархмаар, бүр дэндүү сайн. Сургуулийн төлбөр гэж байхгүй. Ажил хийдэггүй, зүгээр сурдаг хэмээн сар болгон төрөөсөө бэлэн мөнгө авна. Тэр нь байр хоолыг нь элбэг даачих мөнгө байдаг. Би хажууд нь хамаагүй ядуу орноос ирчихээд сургуулийн төлбөрөө 100% төлөөд, байр хоолны мөнгөө өөрөө гаргаж байсан. 

Тухайн жил хоёрхон гадаад оюутан төгссөний нэг нь би гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл бас төрдөг шүү

Миний төгссөн жил гэхэд л хоёрхон л гадаадын буюу Европийн Холбоонд хамааралгүй оюутан сургуулиа амжилттай төгссөн. Энэтхэг охин бид хоёр л сургуулиа төгссөн. Бусад нь бүгдээрээ ачааллаа даахгүй замын дундаас гарсан. Копенгагений их сургууль бол Европт ачаалал ихтэйгээрээ алдартай сургууль. Хоёрхон гадаад оюутан төгссөний нэг нь би гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл бас төрдөг шүү. 

- Копенгагений их сургуулийн анхны Монгол төгсөгч мөн үү?
- Тийм ээ. Тэгж хэлж болно. 

- Танай компанид одоо дор хаяж 2-3 хэлтэй хүмүүс ажилладаг гэж байна. Өөрийн  тань хувьд ямар ямар хэлтэй вэ?
- Англи, Дани хэлтэй. Орос хэлний мөн ойлголттой. 

- Боловсролоо дээшлүүлэх тал дээр одоо ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
- Одоо би ажилдаа маш их хайртай, дуртай байна. Сурах төлөвлөгөө одоохондоо алга. Ямар ч байсан үргэлжүүлж сурахдаа MBA-аар (Master of Business Administration) сурна. Гэхдээ ойрын хоёр гурван жилдээ бол сурах төлөвлөгөө байхгүй байна. 

- Хэл сурсан арга туршлага залууст хамгийн эрэлттэй мэдээлэл хэвээрээ л байна. Өөрийн тань хувьд хэрхэн хоёр хэл эзэмшив?
- Миний хувьд англи хэлийг англи ном уншсаар л сурсан. Харри Поттерт үнэн голоосоо дуртай. Дараагийн цувралыг нь хүлээж тэсэлгүй л эхний номоо давтаад л уншаад байдаг байсан. Ингээд л өөрөө анзаарахгүйгээр англи хэлийг тодорхой хэмжээнд сурсан байсан. Ээж маань багаас маань хэл сургах тал дээр анхаарч англи хэлний ном их авч өгдөг байсан. 

Эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд ороход нь л боловсролд нь  анхаарна даа гэж бодоод байдаг нь хамгийн буруу гэж ээж маань ярьдаг.  Хүүхдийн оюуны хөгжлийн хувьд 0-3, 3-5 нас хамгийн чухал үе гэдэг. Энэ үед хүүхдийг тоглоом, номоор нь маш сайн хөгжүүлэх ёстой гэдэг.  Тиймээс хүүхдийг долоон нас хүртэл нь маш сайн анхаарах ёстой аж.  Харин монголчууд эсрэгээрээ зургаа, долоо нас хүрэхээр нь анхаарна даа гээд хүүхдээ орхичихдог. 

Ээж маань өөрөө германд сургууль төгссөн болохоор европчуудын хүүхэд өсгөх туршлагыг маш сайн судалсан юм билээ. Тэр арга туршлагаараа эгч бид хоёрыг өсгөсөн юм билээ. 

Өвөө маань ч бас миний хүмүүжилд их нөлөөлсөн гэж боддог. “Эд баялаг хөөж амьдарч болохгүй. Нэг л өдөр тэд чинь байхгүй болж болно. Харин чиний толгойд байгаа мэдлэгийг хэн ч ухаж авч чадахгүй” гэдэг байсан.  Тиймээс ч би багаасаа их ном унших дуртай өссөн. 

Миний өвөө дэлхийн II дайны хамгийн сүүлийн морьт дивизийн дарга ба Халх голын дайнд бас оролцож байсан. Ахмад дайчин Ганжуурын Тогтох гэхээс илүү Комиссар Тогтох гэж хамт олон нь нэрлэдэг. Өвөө мань Халх Голын дайнд оролцож явахдаа баривчлагдсан, хэн ч хооллохгүй байсан япончуудыг хооллосныхоо төлөө түр зур шоронд орж байснаа ярьдаг.

Тиймээс өвөө маань чи өөрөө буруугүй байсан ч шоронд ч орж болно. Тэр үед чамаас мэдлэгийг чинь хэн ч авч чадахгүй, харин эд баялаг, эрх мэдэл сарнин алга болдог гэж өөрийнхөө амьдралыг үлгэр болгож их ярьж өгдөг байлаа. 

 
Г.Батзул төрсөн эгч Г.Гэрэлмаагийн хамт. Г.Гэрэлмаа нь одоо APIP -ийг Сингапурт төлөөлж байна.

- Танай эгч мөн APIP-ийг төлөөлж Сингапурт ажилладаг юм билээ. Нэг айлын охид хоёулаа нэг компанийг төлөөлж хоёр өөр улсад ажиллаж, амьдарч байгаад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

- Бид хоёрыг хүмүүс дандаа Ли, Цэндсүрэн захирлуудтай хамаатан, гэр бүл гэж буруу ойлгодог. Гэвч бид хоёр нэг дор ажилладаггүй, өөр өөр орон хариуцаж ажилладаг. 

Эгчтэйгээ ажиллах давуу тал нь бид хоёр аливаа ажлыг хамтарч хийвэл маш хурдан хийдэг. Ямар ч үг хэлэхгүй нүдээрээ ярилцчихдаг шүү. Муу тал нь эгч жаахан эгчирхээд байдагт л байна (инээв).

Бүх олон улсын хуралд бид хамт Монголоо төлөөлөн явж нэг нэгтэйгээ уулздаг. 

Харин зун Монголдоо хамт ажилладаг.  Бусад улиралд дандаа тусдаа ажилладаг. 

- Энэ асуултанд ээж тань бас их гоё хариулт өгөх байх даа.
- Тэгэх байх. Ээж маань хоёр охиноороо их бахархдаг. Үргэлж бахархдаг тухайгаа хэлж бидэнд урам хайрладаг. 

Би мөнгөө цуглуулаад гоё цүнх авахаасаа илүү аялах дуртай

 

 

- Чамайг аялах маш дуртай гэж сонсож байсан юм байна. Үнэн үү?
- Миний хувьд аялах хоббитой. Би мөнгөө цуглуулаад гоё цүнх авахаасаа илүү аялах дуртай. Манай найз залуу ч гэсэн аялах дуртай. Бид хоёр жилдээ хоёроос гурван газар руу ялах зорилготой. 

Энэ жил гэхэд маш сонирхолтой газруудаар аялсан. Израиль, Бахрейн явсан. Аялал бүр миний хувьд нүдийг минь нээдэг. Явсан газар бүртээ маш олон гайхалтай хүмүүстэй танилцдаг.  Явсан шалтгаан нь нэг найзын маань хурим болсон. Өнгөрсөн хугацаанд араб хуриманд очиж үзлээ. Еврей хуриманд очиж үзлээ. Маш гайхалтай. Аялал бүрээс би юу ойлгодог вэ гэхээр Монгол бол дэлхийн нэг жижиг хэсэг. Манай Монголчууд өөрсдийгөө маш онцгой хүмүүс мэтээр ойлгодог.

“Би”, “би”, “Чингис”, “Чингис” л гэсэн хүмүүс байдаг.  Ингэж онгирох ямар ч шаардлага байхгүй. Манай улс 0 хувийн өсөлттэй эдийн засагтай байна. Тийм бахархаад байх зүйл алга.  Бид өөрсдөө л  илүү хичээх хэрэгтэй л гэж бодож байна. 

Миний хувьд телевиз нэг их үздэггүй. Шар сонин уншдаггүй.  Маш их ном уншдаг

- Залуус өөрсдийнхөө өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаарах ёстой гэж боддог вэ?
- Бусдад зөвлөгөө өгөх гэхээсээ би өөрийнхөө тухай яривал зүгээр байх. Миний хувьд телевиз нэг их үздэггүй. Шар сонин уншдаггүй.  Маш их ном уншдаг.  

Миний одоо ажиллаж байгаа төсөл жаахан урт хугацаанд хэрэгжинэ. Монголдоо нэлээд хугацаанд байна. Жил бүр болдог Хонг Конг дахь Монголын хөрөнгө оруулалтын чуулганд оролцчихоод буцаад нэг хэсэгтээ Монголдоо ажиллах төлөвлөгөөтэй байна. Миний хувьд бүр багаасаа буюу арван жилд байхаасаа л сайн дурын ажилд маш идэвхтэй оролцдог байсан. Олон улсын байгууллагад сайн дурын маш их орчуулга хийж өгдөг байлаа.  Ийм ажил бүр багаасаа хийгээд сурчихсан болохоор одоо ч сул цаг гарвал зүгээр сууж чаддаггүй. 

Копенгагенд цагийн ажил хийхийн хажуугаар мөн л олон сайн дурын ажилд оролцож байсан. Байгаль орчноо хамгаалах чуулга уулзалтуудад би дандаа үнэгүй ажиллаж өгдөг байлаа.  Хамгийн том хурал гэхэд НҮБ-аас зохион байгуулж дэлхийн бүх томчууд оролцож байсан “COP 15” уур амьсгалын өөрчлөлтийн хуралд Монголоо төлөөллөөд сайн дурын ажилтнаар ажиллаж байсан. Үүнээс маш их зүйл сурч байсан.

Мөн Копенгагений их сургуульд сургуулиасаа хамааралтайгаар бид нар мэргэжлийн эдийн засагч хэрэгтэй ч цалинг нь төлж чадахгүй байгаа компаниудад цалингүй ажилладаг төрийн бус байгуулж байсан. Үүнээс маш их зүйл сурч, туршлага хуримтлуулдаг.  Economists Without Borders гэдэг нэртэй байгууллага одоо бараг 500 гаруй оролцогч сайн дурын оюутантай маш том байгууллага болчихсон байгаа. 

Хонг Конгт ажиллаж байхдаа Хонг Конг дахь Монголын Худалдааны Танхимд Гүйцэтгэх захирлаар нэг жил ажлынхаа хажуугаар ажилласан. Харин одоо Сингапур дахь Монголын Худалдааны Танхим байгуулаад явж байна.

Тэгэхээр залууст битгий залхуурч хэвтээрэй л гэж хэлмээр байна.

Саяхан надад нэг сонин зүйл тохиолдлоо.

Би Монголд нэг байгууллагад ажиллах гэсэн чинь хэсэг бүлэг эмэгтэй нь нийлээд намайг оруулаагүй. Би Монголд нэг хэсэгтээ байх учраас танай байгууллагад сайн дураараа ажиллая гэсэн чинь доторх эмэгтэйчүүд нь намайг оруулаагүй. Хүн болгон энэ талаар намайг битгий яриарай гэж зөвлөсөн. Гэхдээ би ярих нь зөв гэж бодож байна. Яагаад эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийгээ дэмждэггүй юм бэ гэх шоконд би жинхэнээсээ орсон. Үүнээс болж  би лидер эмэгтэйчүүдийн номыг дахин дахин эргүүлж үзлээ. 

- Яагаад чамайг оруулахгүй гэв?
- Шалтгааныг нь би мэдээгүй. Зүгээр л нэг төрийн бус байгууллага хүртэл ийм бохир байгаад би их гайхаж цочирдсон. 

- Ном унших дуртай гэж байна. Одоо ямар ном уншиж байна вэ?
- Би нэг зэрэг их олон ном эхлүүлчихдэг. Хамгийн сүүлд уншиж байгаа номууд гэхээр хэлэхэд жаахан ичмээр байна. Дандаа хурим, гэрлэлтийн тухай уншиж байна. Учир нь би сүй тавьчихсан. Дараа жил хуримаа хийх төлөвлөгөөтэй байгаа учраас энэ талаар маш их судалж байна. 

Мөн ээжийнхээ орчуулсан “Сайн охин тэнгэрт, муу нь хаа сайгүй" номыг мөн уншиж дуусгалаа. 

Сайн ээж ч байгаад, сайн эзэгтэй ч байгаад өөрийнхөө карьерийг хөөгөөд явж байгаа бол чи илүү хол,  дуртай газраа хүрэх болно

 
Г.Батзулын ээж Тогтохын Батцэцэг `“Сайн охин тэнгэрт, муу нь хаа сайгүй` номын нээлтийн үеэр,

- Ээжийн тань орчуулсан энэ ном их анхаарал татлаа?
- Ээж маань саяхан тэтгэвэртээ суусан. Ээж бас ерөөсөө зүгээр сууж чаддаггүй. Энэ номын утга нь сайн охин гэдэг гэрийн эзэгтэй, гэртээ суудаг эмэгтэйчүүдийг хэлж байгаа юм.  Сайн ээж, гэрийн эзэгтэй байхад ямар ч буруу байхгүй. Харин сайн ээж ч байгаад, сайн эзэгтэй ч байгаад өөрийнхөө карьерийг хөөгөөд явж байгаа бол чи диваажингаас ч илүү хол, хаа сайгүй, дуртай газраа хүрэх болно гэсэн утгатай. Энэ өөрөө нэлээн дээр үеийн ном. Ээжийн маань библи гэж хэлж болно. Эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй байх тухай юм.  Миний хувьд ээжийнхээ номын нээлтийг зохион байгуулж өгсөн. УИХ-ын гишүүн, сайд асан С.Оюун ээжийн маань номын нээлтэнд ирж маш гоё үг хэлсэн. Тэр хүн ч гэсэн маш завгүй ажилладаг ч гэртээ ирээд л хүүхдээ асарч, гэр орноо цэвэрлэж гэрийн эзэгтэй болдог тухайгаа ярьж номын нээлтийг их сайхан уур амьсгалтай болгосон. 

- Өөрийн тань хувьд үлгэр дуурайл авдаг хүн байдаг уу?
- Би ээж шигээ л болох юмсан гэж боддог. Манай ээжийг Тогтохын Батцэцэг гэдэг. Ээж маань дандаа нийгэмд хэрэгтэй ажил хийдэг. Жендерийн тал дээр нэлээд түлхүү ажилласан. Азийн Хөгжлийн Банкны олон төсөл дээр ажилласан. Дөрвөн хэлээр ярьдаг. Олон хэлтэй учраас олон улсын төслүүд дээр их дээр үеэс ажиллаж ирсэн. Ажиллаж байсан төслүүд нь дандаа хүмүүсийн амьдрал, боловсролд хэрэгтэй төсөл байсан. 

- Дараа жил хуримаа хийх юм байна. Тэгэхээр удахгүй бас хүүхэдтэй болох төлөвлөгөө бий юу?
- Хүүхэдтэй болох төлөвлөгөө одоогоор байхгүй байна. Манай гэрийнхэн дандаа хожуу гэрлэдэг.

Эмэгтэй хүнд эрэгтэй хүн заавал хэрэгтэй биш гэсэн бодолтой би өссөн. Учир нь ээж маань ганцаараа л эгч бид хоёрыг өсгөсөн. Гэвч би эгчээсээ түрүүлээд сүй тавьчихсан байдаг.

Найз залуу бид хоёр хоёулаа аялах дуртай тухай дээр ярьсан. Тэгэхээр бид хоёр нэг хэсэгтээ л хоёр биеэрээ аялсаар л байх болов уу. 

 
 
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА @Bolort
Ярилцлагын зочин: Г.БАТЗУЛ @Batzul
Гэрэл зургийг:  Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer"