Зураг
Зураг
Монгол эмэгтэй...    
1
2
3
4

МОНГОЛ ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭН БЭ? ЦУВРАЛ-2

ikon.mn
2016 оны 3 сарын 7
iKon.MN
МОНГОЛ ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭН БЭ? ЦУВРАЛ-2
Зураг

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан iKon.mn МОНГОЛ ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭН БЭ? эхний нийтлэлээ өнгөрсөн долоо хоногт уншигчиддаа хүргэсэн билээ. 

Эхний нийтлэлд бид Монгол эмэгтэйчүүдийн гэр бүл, хүүхэд, эрүүл мэнд, амьдрах орчинтой холбоотой арван баримтыг танилцуулсан бол одоо хоёр дахь нийтлэлээрээ боловсрол, гэрлэлт, ажил, улс төрийн оролцооны тухай тоо баримтуудыг дэлгэж байна. 

Тоо баримтуудыг Монголын Үндэсний Статистикийн Хүрээлэнгийн мэдээллээс шүүж, эмхтэн бэлтгэв. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж “МОНГОЛ ЭМЭГТЭЙ”-тэй илүү сайн танилцацгаая. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ:

MPA.mnТ.Түвшинбаяр


I. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГЭРЛЭЛТИЙН ДУНДАЖ НАС 24.2

Доорх графикт гэрлэлтээ бүртгүүлсэн иргэдийн тухай сүүлийн 10 жилийн мэдээлэл байна. Мэдээллээс харахад Монгол эмэгтэйчүүд 20-29 насандаа хамгийн их гэрлэдэг байна. 

/ГЭРЛЭЛТЭЭ БҮРТГҮҮЛСЭН ХҮНИЙ ТОО/

Бүр нарийвчилбал 20-24 насандаа гэрлэсэн эмэгтэйчүүдийн тоо жин дарж байгаа юм. 2010 онд хийгдсэн хүн амын тооллогоор Монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 24.2 гэж гарсан байна.  Харин Хятад эмэгтэйчүүдийнх 23.89, Япон эмэгтэйчүүдийнх 29.3, Өмнөд Солонгос эмэгтэйчүүдийнх 29.8 байна. 

Дэлхийд хамгийн орой гэрлэдэг эмэгтэйчүүдтэй улс Швед, Исланд зэрэг юм. Тэдний эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас нь 33 байна.  Харин АНУ-ын эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 27. 

II. БОЛОВСРОЛДОО АНХААРЧ БУЙ МОНГОЛ ЭХЧҮҮД

 

Ихэнх хүмүүс “диплом”-той төгсвөл нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болно, ажилд орох эхний БАТАЛГАА болно гэцгээдэг.

Үүний жишээ нь 1990 онд нийт хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн дийлэнх нь дээд боловсролгүй байсан. Харин 2013 онд дээд боловсрол эзэмшсэн эхчүүд 40 хувийг эзэлж байна.

Дүгнэвэл ӨНӨӨГИЙН МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД боловсролдоо илүү анхаардаг болсон гэж үзэж болох юм.

/ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХЧҮҮДИЙН ТОО/

Зураг

III. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ЗҮҮН БҮСЭД ХАМГИЙН ӨНДӨР БАЙДАГ

Графикаас харахад Монгол Улсын эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин дунджаар 7.4 хувь байна. Гэтэл үүнээс Зүүн бүсийн эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин 11.6 хувь буюу даруй 4 хувиар өндөр байгаа харагдаж байна. Ер нь сүүлийн 10 жилийн трэндийг харахад байдал хол зөрсөнгүй. 

Ажилгүйдлийн түвшин гэж юу вэ?
Насанд хүрсэн, ажил эрхлэх боломжтой болон ажил эрхэлж байгаа хүмүүсийн дунд ажилгүй хүмүүс хэдэн хувийг эзэлж байгааг харуулсан үзүүлэлт юм.

Тэгвэл энэ үзүүлэлт хамгийн бага нь 4.1 хувьтай хангайн бүс байгаа бол Улаанбаатарын эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин 6.9 хувь байна. 

/АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН/

IV. МОНГОЛ ЭМЭГТЭЙН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 772.9 МЯНГАН ТӨГРӨГ

Үндэсний Статистикийн Хүрээлэнгийн гаргасан судалгаагаар 2015 оны байдлаар манай улсын иргэдийн дундаж цалин 836.9 мянган төгрөг байна. 
Дундаж цалин ийм байгаа ч эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж цалинд бараг 130 мянган төгрөгийн зөрүү харагдлаа. 

/АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН/

V. ШҮҮХЭЭР ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙН 7-8 ХУВИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭЗЭЛДЭГ

2000 оноос 2014 оны шүүхээр ял шийтгүүлсэн хүний тоо жил ирэх тусам буурч байгаа. Эмэгтэйчүүд ял авсан тохиолдол нь сүүлийн 10 жилийн хугацаанд 656-735 гэсэн тоонд хэлбэлзэж байна.

Үүнээс үзэхэд эмэгтэйчүүдийн үйлдэж буй гэмт хэрэг, нийт гэмт хэрэгтэй харьцуулахад 7-8 хувь эзэлдэг.

/ШҮҮХЭЭР ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ХҮНИЙ ТОО/

 

Гэвч...

2015 онд гэхэд улсын хэмжээнд нийт 27,757 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан эмэгтэй хүний тоо 21,075, эрэгтэй хүний тоо 20,119 байсан гэж ЦЕГ тайландаа дурджээ.

Үүнээс харахад Монголын эмэгтэйчүүд ял шийтгүүлэх нь бага байгаа ч гэмт хэрэгт холбогдон шалгагдах нь эрчүүдийнхтэй бараг тэнцүү хувийг эзэлж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

VI. 135 ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ЭМЭГТЭЙД 100 ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ЭРЭГТЭЙ ОНОГДДОГ

 

Өнөөгийн нийгэмд ажил олгогчид "Та дээд боловсролтой юу" гэдэг асуултыг хамгийн эхэнд тавьдаг.

Тэгвэл дээд боловсрол эзэмшиж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн тооны харьцааг 2000 оноос 2014 оныг хүртэлх байдлаар харьцуулсан судалгаанаас үзэхэд жилийн жилд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд ДЭЭД БОЛОВСРОЛ эзэмшдэг аж.

Тухайлбал, 2014 оны судалгааны үр дүнд 135 дээд боловсролтой эмэгтэйд 100 дээд боловсролтой эрэгтэй ОНОГДДОГ гэсэн тоо үзүүлэлт гарчээ.

VII. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО НЭМЭГДЖЭЭ

Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь дараах графикаас харагдаж байна. Хамгийн сүүлийн үеийн буюу 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн 32 хувь нь эмэгтэйчүүд байсан аж.

Энэ нь 1992 оноос хойш огцом өссөн үзүүлэлт юм.

/УЛСЫН ИХ ХУРАЛД НЭР ДЭВШСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭЗЛЭХ ХУВЬ/

Зураг

 

VIII. Монгол эмэгтэй гэж хэн бэ? хэмээх асуултад МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ...

 

 

Жүжигчин О.Цэнгэл "Тэсвэр тэвчээр, няцашгүй зүтгэл гэсэн яс хоёр чанар Монгол эмэгтэй хүн бүрийн цусанд оршдог. Үр хүүхэд, эр нөхөр, босгосон амьдралынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэж, тэвчих боломжгүй зүйл байсан ч бууж өгөлгүй шүд зуун тэмцэх чадвар бүх Монгол эхнэрүүдэд бий.

Тийм олон эмэгтэйчүүд өнөөдрийн Монгол Улсыг бүтээсэн юм"

 

"Мэгс Адвентүр" компаний захирал, аялагч, хүмүүнлэгийн ажилтан Э.Цэлмэг "Миний хувьд Монгол эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй, хүүхэд хөгшид хань ижилдээ халамжтай, уян зөөлөн, зочломтгой, ямар ч нөхцөл байдалд зохицох чадвартай санагддаг.

Эмэгтэйчүүд эхлээд өөрийгөө хөгжүүлэх, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байх, өөрийн үзэл бодол болон санхүүгийн талаар хэнээс ч хараат бус амьдарч чадах нөхцөлийг хангасны дараа хүний хань, үр хүүхдийн ээж болох нь ирээдүйн сайн сайхан амьдралын эхлэл юм.

Тиймээс "Суусан ухаантнаас, явсан тэнэг дээр" гэдэг шиг, аль болох олон хүнтэй ярилц, аль болох олон газар орноор яв. Энэ бүгдээс чамд хэрэгтэй зүйл заавал үлдэнэ"

 

Монголын Урлагийн Зөвлөлийн Урлаг ба хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б. Номинтуяа "Монгол эмэгтэйчүүдийн онцлог бидний туулж ирсэн нийгэм, итгэл үнэмшил, түүх соёлтой салшгүй холбоотой.

Бид бүгд өөр хоорондоо адилгүй ч Монгол эмэгтэй хүн ажил, амьдрал, өгч авахын тэнцвэрийг ухаарсан дайчин хийгээд гоо үзэсгэлэнтэй гэж би боддог".

 

Зохиолч Б.Эрхэмбаяр "Гадаад хүмүүсийн хэлж буйгаар, тэдний нүдээр монгол бүсгүйчүүд ази, европ холимог өвөрмөц сэтгэлгээтэй, харьцангуй бие даасан, боловсрол өндөртэй юм гэлцэхийг олонтоо сонсож байлаа.

Гоо үзэсгэлэн, бие галбир нь ч ердийн ази эмэгтэйчүүдээс өөр тэднээс харьцангуй өндөр агаад галбирлаг.

Би Монгол эмэгтэйчүүдийгээ тэгэхээр хатуу ширүүн байгаль цаг ууртайгаа зохицсон тэсвэр тэвчээртэй, хаана ч дасан зохицож амьдрах чадвартай, сэргэлэн золбоолог зан араншинтай бөгөөд өндөр ууланд ургадаг ааг амт ихтэй зэрлэг сонгино лугаа үзэсгэлэн гоо гэж боддог"

 

Бэлтгэсэн: Б.Бямбасүрэн, Э.Лхамзаяа