Зураг
Зураг
Монгол эмэгтэй    
1
2
3
4
5
6
7
8
9
10

МОНГОЛ ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭН БЭ? ЦУВРАЛ-1

ikon.mn
2016 оны 3 сарын 2
iKon.MN
МОНГОЛ ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭН БЭ? ЦУВРАЛ-1
Зураг

Та бүхэнд Монгол эмэгтэйн нийтлэг “дүр төрх”-ийг танилцуулж байна.

МОНГОЛ ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭН БЭ? Цувралын эхний нийтлэлээ Монгол эмэгтэйн гэр бүл, эрүүл мэнд, үр хүүхэд, амьдрах орчинтой холбоотой тоо баримтуудыг гадны судалгааны байгууллагууд болон үндэсний статистикийн мэдээллээс шүүж бэлтгэв.

Ингээд Монгол эмэгтэйг тодорхойлох аялалд гарцгаая.

Энэхүү нийтлэлийн гэрэл зургуудыг гэрэл зурагчин
Ч.Батзаяа
Ц.Энхтүвшин
Д.Чадраабал
Б.Батгэрэл
Модель Б.Энх-Эрдэнэ
MPA.mn-ийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.

I. МОНГОЛ ЭМЭГТЭЙН ДУНДАЖ ӨНДӨР 157.7 см

Юун түрүүнд бид Монгол эмэгтэйн дундаж өндрийн тухай мэдээллийг олохоор хайж эхэллээ. Гадны судалгааны байгууллагуудын гаргасан тоо энд огтлолцож байв.

Монгол эмэгтэйн Дундаж өндөр: 157.7 см 

ДЭМБ-аас гаргасан судалгаатай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу

Энэ нь тийм ч намхан эсвэл өндөр гэсэн үзүүлэлт биш байлаа. Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйчүүд Герман, Австри зэрэг орнуудад байдаг бөгөөд тэдний дундаж өндөр нь 168 см ажээ.

Тэгвэл хамгийн намхан нь Болив эмэгтэйчүүд бөгөөд дундаж өндөр нь 142 см гэсэн үзүүлэлт гарчээ. 

Ойролцоох бүс нутгийн улсуудтай харьцуулбал

 

 

II. МОНГОЛ ЭМЭГТЭЙН БИЕИЙН ДУНДАЖ ЖИН

Дундаж биеийн жингийн тухай мэдээлэл дэлхийн бусад орнуудын хувьд байгаа хэдий ч Монгол эмэгтэйчүүдийн биеийн жингийн мэдээлэл хомс байв.

Монгол эмэгтэйн биеийн дундаж жин нь 59.4 кг гэсэн тоо байна. Энэ нь ДЭМБ-аас гаргасан судалгаа юм.

III. МОНГОЛ ЭМЭГТЭЙ ЯМАР ТӨРХТЭЙ ВЭ?

 

Глазгогийн их сургуулийн эрдэмтэд 2013 онд нэгэн сонирхолтой судалгаа хийсэн юм. Тэд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан дэлхийн улс орнуудын хүмүүсийн дундаж царайг гаргасан билээ.

Дээрх зураг бол тэдний гаргасан МОНГОЛ ЭМЭГТЭЙН ЦАРАЙ ТӨРХ. Энэ царай бол олон зуун Монгол эмэгтэйн зургийг нийлүүлж, дунджилсан үр дүн.

Зураг

IV. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА АМЬДАРДАГ ВЭ?

Үндэсний Статистикийн Хүрээлэнгээс гаргасан тоон мэдээллээр Монгол эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь хот суурин газар, үлдсэн гуравны нэг нь хөдөө орон нутагт амьдарч байна.

 

V. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХЭД НАСАЛДАГ ВЭ?

Бидэнд сайн, муу хоёр мэдээ байна.

Сайнаас нь эхэлбэл Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ бараг 10 жилээр урт насалдаг ажээ.  Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2014 оны байдлаар 75.49 байхад эрчүүдийнх 65.91 байна.

Муу мэдээ нь гэвэл Монгол эрчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт хол зөрөөтэй байгаа асуудал юм. Гэхдээ Япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт 86 байдгийг бодвол Монгол эмэгтэйчүүдэд дундаж наслалтаа нэмэгдүүлэх “шунал” байж болох нь.

ДУНДАЖ НАСЛАЛТ, улсын дүн, хүйсээр /Эмэгтэй/

Зураг

VI. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЖИЛД ХЭДЭН ЛИТР СОГТУУРУУЛАХ УНДАА НОГДДОГ ВЭ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Монгол эмэгтэй /15-наснаас дээш эмэгтэйчүүд/-д нэг жилд ногддог согтууруулах ундааны хэмжээ 6.2 литр бөгөөд согтууруулах ундаанд ДОНТСОН эмэгтэй нийт хүн амын 2.1 хувийг эзэлдэг гэсэн тоо баримт танилцуулжээ.

Харин Австрали улс 9 литр, БНХАУ 7.6 литр, Англи 8.5 литр, Япон 6.7 литр тус тус ногддог аж. Статистикийн мэдээллээс харахад 1992 оноос хойш манай улсын согтууруулах ундааны нийлүүлэлт 50 -иас дээш хувиар өссөн байна.

VII. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НАС БАРАЛТЫН ЗОНХИЛОХ ШАЛТГААН

 

Үүнээс хамгийн их тохиолддог зүрх судасны өвчний тухайд авч үзвэл зонхилох шалтгааныг мэргэжлийн байгууллагууд

  • Нас
  • Хорт зуршил
  • Буруу хооллолт
  • Хөдөлгөөний хомсдол
  • Халдвар зэргээр тодорхойлж байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хүрээлэн

VIII. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ GOOGLE-ЭЭС ЮУ ГЭЖ ХАЙДАГ ВЭ?

 
 

Бид Монгол эмэгтэйчүүдийн талаар баримт цуглуулж байхдаа нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхээр шийдэв. Энэ бол Google-ийн хайлтын системээс Монгол эмэгтэйчүүдийн тухай хайхдаа хамгийн их ашиглагддаг түлхүүр үгс юм. 

Англи хэлээр мэдээлэл хайдаг хэрэглэгчид 

  • Монгол эмэгтэйчүүдийн эрх,
  • Монгол эмэгтэйчүүдийн нэр,
  • Монгол эмэгтэйчүүдийн толгойн гоёл гэж хамгийн их хайдаг ажээ.

Харин Монгол хэлээр юу гэж хайсныг энд тайлбарлах нь илүүц биз. 

 

Зураг

IX. ТЭР ХЭДЭН ХҮҮХЭДТЭЙ ВЭ?

Энд нэгэн сонирхолтой тоог танд харуулах гэж байна. Эргэцүүлэн бодвол социалист нийгэмд Монгол эмэгтэйчүүдийн “Их төрөлтийн үе” тохиосон бөгөөд 8-10 хүүхэдтэй айл жирийн үзэгдэл байлаа.

Монгол Улс 1963 оны тооллогоор 1,017,100 хүн тоолсон нь хамгийн хурдтай өсөлтийн үе байсан ажээ. Энэ үед улс орон тайван цагтай золгосон тул бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, хүн амыг эрүүлжүүлэх нэгдсэн бодлого хэрэгжүүлж байсантай холбоотой.

Дэлхийн улсуудын хүн ам, эрүүл мэнд, хөрөнгө чинээний тухай өргөн хэмжээний дата ашиглан тооцоолдог Gapminder сайтын мэдээллээс харвал: Монгол эмэгтэйн хүүхдийн тоо /дунджаар/

 

Хүн ам 1979 оноос хойш жилд дунджаар 45 мянгаар өссөн байна. Ингэж явсаар бид 2015 онд Монгол Улсын бахархал гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан билээ.

Улсаас төрсөн эхчүүдэд олгогддог тэтгэмж, хүүхдийн сурах орчих, тоглох тоглоомын талбайгаар бид ДУТААГҮЙ. 1960 онтой харьцуулахад шүү.

ГЭВЧ…

2002-2005 онд жилд дунджаар 9,000 эмэгтэй, харин 2014 оны байдлаар 18,145 эмэгтэй ҮР ХӨНДҮҮЛСЭН.

Үүнээс гадна хорвоод мэндэлсэн үрээ харч чадаагүй 25 эмэгтэй төрөхийн улмаас амь насаа алджээ.  Дэлхий дээр жил бүр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41 хувь буюу 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байна. Харин манайд 1,000 амьд төрөлтөд 247 үр хөндөлт ногдож байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад ӨНДӨР гэж ЭМЯ-ны мэргэжилтэн үзжээ.

X. МОНГОЛ ЭХНЭР ХҮНИЙ ЕСӨН ЭРДЭМ

Монголчууд эрт дээр үеэс охиноо айлын бэр болгохдоо эхнэр хүний есөн эрдмийг сургадаг байжээ. 

  1. Өнгөнд цэвэр
  2. Үйлэнд уран
  3. Үрд энэрэлтэй
  4. Үргэлж цэмцгэр
  5. Ханьдаа түшигтэй
  6. Хадамдаа элэгтэй
  7. Найранд дуутай
  8. Настанд ерөөлтэй
  9. Нартанд буянтай

 

 

Үргэлжлэл бий...

Дараагийн нийтлэлдээ бид Монгол эмэгтэйчүүдийн нийгмийн байдал, улс төрийн оролцооны талаарх 10 баримтыг танилцуулна. 

Бэлтгэсэн: Э.Лхамзаяа, Б.Бямбасүрэн