Зураг
Зураг
Playtime 2024    
1
2
3
4
5
6
7
8
9
10

Залуусын зүрх сэтгэлд дурсамж, мэдрэмжийг сийлэгч Playtime...

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 7 сарын 19
IKON.MN

2027 онд Азийн топ таван фестивалийн нэг болох зорилго тавин ажиллаж буй Playtime наадам 22 дахь жилдээ Налайх дүүрэгт байрлах өөрсдийн шинэ талбайд энэ сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд болж өнгөрөв. 

Playtime наадам энэ жилийн өнгө төрхөө "Хөгжим, хайраар дамжуулан эх дэлхийтэйгээ холбогдох эрх чөлөө, эв нэгдлийн илэрхийлэл" хэмээн тодорхойлжээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ийнхүү Playtime хөгжмийн наадмын энэ жилийн өнгө төрх ямар байсан талаар сонирхуулж байна. 


360 зураг 1, 2 : Уран зургийн сургалт болон подкаст болж байна. 

УЙДАХ ЗАВ ОЛГОХГҮЙ ХӨГЖМИЙН БУС ХӨТӨЛБӨРҮҮД

Playtime наадам нь тоглолтуудаас гадна төрөл бүрийн хөгжмийн бус хөтөлбөрүүдээр баялаг байдгаараа онцлог болдог билээ. Өдөр нь хөгжмийн хөтөлбөр багатай үед асруудад яруу найргийн уншлага, зураг, хөгжим, бүжгийн хичээл, подкаст, хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд болж байв.  

Хувь хүний хөгжил, эрүүл амьдралын хэв маяг, сэтгэлзүйн эрүүл мэнд, гар урлал зэрэг чиглэлийн хөтөлбөрүүд нь хүмүүсийг өдрийн турш уйдах завгүй байлгаж Playtime фестивалийн томоохон хэсгүүдийн нэг болсон нь нэгнээ танихгүй хэр нь таньдаг юм шиг л хамтдаа хөгжилдөх хүмүүсийн халуун дулаан уур амьсгалаас мэдрэгдэнэ.  

360 зураг: Бүжгийн тулаан болж байна. 

 

ЭМХ ЦЭГЦ, ХАРИУЦЛАГА

Playtime наадмын талбай энэ жил шинээсээ гадна монгол гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй тайзнуудаа зассанаараа онцлог байсан юм. Уг илэрхийллээр орчин үеийн болон уламжлалт хөгжмийн хосолсон өнгө төрхийг харуулсан гэдгийг наадмыг зохион байгуулагчид онцолж байсан юм. 

Олон хүн цуглах газар эмх цэгц хамгаас чухал билээ. Доор үзүүлсэн газрын зургаас гадна гар утасны аппликэйшн дээрээс тоглолт, хөгжмийн бус хөтөлбөрүүдийн цагийн хуваарь, байршлын мэдээллийг хялбар авч болохоор шийдсэн байлаа. 

Түүнчлэн хаашаа явж хоол идэх, хаана амрах, бие засах болон дэлгүүр, нүүр будалт, үс засалтын хэсэг хаана байгаа гээд бүгдийг нь нэг дор шийдсэн учраас газрын зургаас эсвэл наадмын талбайг нэг тойроод л цээжлэхээр байсан нь хүмүүст ойлгомжтой, эмх цэгцтэй байв. 

Хоол болон бусад үйлчилгээ үзүүлж байгаа газруудад зохион байгуулагчдын зүгээс тавьж буй шаардлага, наадмын үеэр хэрэгжүүлж буй хяналт тэр бүү хэл хүмүүсийн ангилж хаяагүй хогийг ялгах ажилтан хүртэл байснаас наадмын зохион байгуулагчид хэр хариуцлагатай төлөвлөлтөө хийснийг харж болохоор байсан юм. 

Playtime наадмын газрын зураг

зураг
 
Playtime наадмын цахим хуудсаас авав.

360 зураг: Үсчин, нүүр будалтын салон, массажны үйлчилгээний хэсэг 

Энэ жил хотоос нэлээд зайдуу газар болсон хэдий ч Playtime наадмын талбайд супермаркет, үсчин, нүүр будалт, массажны үйлчилгээ хүртэл байсан нь дөрвөн өдрийн турш наадамд оролцож буй хүмүүст хэрэгтэй үйлчилгээнүүд байв. 

360 зураг: Дэлгүүрүүдийн хэсэг   

Зураг

Windy city хамтлаг /БНСУ/ : Монгол залуучууд нүдний гал цог, хүнлэг сэтгэлээ алдаагүй байгаа нь их сайхан санагдсан

Энэ жилийн Playtime-д 21 улс орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 170 хүнтэй бие бүрэлдэхүүн ирсэн нь өмнөх оноос хоёр дахин их байв. 

Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг гэгдэх alternative rock  урсгалаар тоглодог "Teenage Fanclub" плэйтаймын сүүлийн өдөр гол тайзнаа тоглосон юм. 

Тус хамтлагийн дуучин Норман Блэйкт тоглолтынхоо өмнө “Бид Монголд анх удаа ирж байна. Маш таатай байна. Бас их догдолж байна. Үзэгчид бидний тоглолтод дуртай байна гэж найдаж байна” хэмээж байв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний урлагийг орчин үеийн хэв маягтай нийлүүлж залуу хүмүүст хүргэх зорилгоор олон улсын үндэсний хөгжмийн зэвсгүүдээр регги урсгалаар бүтээлээ туурвидаг Солонгосын “Windy city” хамтлаг монголын талаар дараах сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Тус хамтлагийн ахлагч Ким Бан Жан “Бид онгоцноос буусан цагаасаа эхлээд л монголын байгалийн үзэсгэлэнг гайхширсаар ирсэн. Тайзан дээрээс тэр үзэсгэлэнтэй, уужим байгалийг хараад хөгжмөө тоглох сайхан байлаа. 
Монголд анх ирээд хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл гэвэл Монголын залуу үеийнхний нүдэн дэх гал цог байсан. Тэдний сайхан сэтгэл, хүнлэг чанар нь одоог хүртэл байгаа нь ажиглагдаж, их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Монголчуудын залуу үе ийм гэрэл гэгээтэй байгаа учир цаашид илүү хөгжөөд дэлхийд нөлөөтэй ард түмэн болох байх гэсэн итгэл төрж байна. Монгол залуучууд тэр сайхан сэтгэл болон нүднийхээ гал цогийг алдахгүй байгаасай гэж хэлмээр байна” гэсэн юм. 

зураг
 

360 зураг: Тайз болон асрын зарим засалтууд  

ТАЙЗ ЗАСАЛТ

Playtime наадмаас онцлохгүй өнгөрч болохгүй зүйлсийн нэг бол тайз болон асруудын засалт билээ. Энэ жил нийтдээ 15 тайзыг зассан ба тэдгээр нь тус тусдаа өөр өөр хөгжмийн төрөл болон өнгө аясаараа ялгарч байв. Тэдгээрээс тус наадмын хамгийн отгон тайзуудын нэг болох "Streetz stage"-г онцолж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уг тайзны засалт нь гудамд явж байгаа юм шиг мэдрэмж өгөх шийдлүүдээр бүтээгдсэн ба хип хоп урсгалаар бүтээлээ туурвидаг уран бүтээлчид бүтээлээ хүргэхээс гадна “Heesco” тэргүүтэй олон улсын граффити уран бүтээлчид бүтээлээ амилуулдгаараа онцлог, сонирхолтой тайзнуудын нэг юм.  

Граффити урлагийн чиглэлээр Австрали улсад бүтээлээ туурвидаг уран бүтээлч Хиско буюу Х.Хоснаран уг тайзны онцлогийн талаар дараах зүйлсийг онцлов. 

ЗАРИМ ТАЙЗ ЗАСАЛТУУД

Зураг

ТАВ ТУХ

Хэдийгээр наадмын өдрүүд бүгчим халуун байсан ч түүнд зутрах нөхцөл байгаагүй юм. Учир нь бараг бүх тайз, асар болгон хүмүүсийг суух, унтаж амрах нөхцөлөөр хангаж тухлах орон зайг нь бэлдсэн байлаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн спортын хэсгийг тусгайлан гаргаж өгснөөс гадна өглөө нь бясалгалын хөтөлбөр хүртэл байсан юм. 

360 зураг: Спортын хэсэг   

Зураг

“Хөгжим бол эрх чөлөө” ба АМЛАЛТ

Playtime наадмын сүүлийн өдөр хотын дарга Х.Нямбаатар Плэйтайм хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөрийн захирал Ц.Нацагдоржид Playtime наадмын шинэ талбай болох Налайх дүүргийн 3 дугаар хороонд 500 мянган мкв талбайн газар эзэмшүүлэх гэрчилгээг гардуулж өгөв. Мөн ирэх жилийн "Playtime"-аас өмнө тус орчмын авто замыг шинээр тавьж, автомашины зогсоолыг байгуулна. Эрчим хүчний асуудлыг шийдэж өгнө гэсэн юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дөрвөн өдрийн турш дуртай хөгжим, үзэл бодол, өнгө төрхөөрөө нэгдэн нөхөрлөсөн залуусын наадмыг товчхон танилцуулахад ийм байна. 

Плэйтайм хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж дөрөвдүгээр сард болсон Tourism week 2024 чуулганд тавьсан илтгэлдээ "Дэлхийн томоохон нэр хүндтэй хамтлаг, уран бүтээлчид,  зочдоор дамжуулан тэдгээрийн олон сая дагагчдад зөвхөн Плэйтайм наадмыг бус Улаанбаатар хотын  соёл урлагийг сурталчилдаг" хэмээн онцолж байсан юм. 

22 жилийн турш залуусын зүрх сэтгэлд дурсамж, мэдрэмжийг сийлж чадсан энэ жилийн Playtime наадам ийнхүү өндөрлөв. Наадам дууссан даруйд дараа жилийн тасалбар худалдаалагдаж эхэлсэн ба уг наадмыг зохион байгуулагчид нь бүтэн жилийн турш бэлддэг гэдгийг дурдах нь зүйн хэрэг биз ээ.