1
2

Думан Ерханат: Криптовалютын зах зээлд идэвхтэй арилжаа хийдэг 6,000 гаруй төгсөгчтэй болсон

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Думан Ерханат: Криптовалютын зах зээлд идэвхтэй арилжаа хийдэг 6,000 гаруй төгсөгчтэй болсон
Зураг

Монголд төрж, өсөн, бакалаврын боловсрол эзэмшсэн залуу АНУ-ын Wall Street-ийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгээр өөртөө хөрөнгө оруулалт хийж, түүгээрээ амьдралдаа хөрөнгө оруулалт босгож явна. Үүгээр зогсохгүй Герман, АНУ, Канад, ОХУ, Татар зэрэг нийт 16 улсаас бүрдсэн багийг байгуулж, өдгөө хувьцаа, криптовалютын зах зээлд идэвхтэй арилжаа хийдэг 6,000 гаруй төгсөгчтэй болсон “ДК Булл” академийг үүсгэн байгуулагч Думан Ерханаттай ярилцлаа. 

19 сая хүн амтай Казахстан улсын хөрөнгийн зах зээлийн талбарт өөрийн өнгө төрхийг тодорхойлж, дэлхийн арилжааны зах зээлд амжилттай яваа трейдер, инвестор болох түүний хувьд өнгөрсөн долоо хоногт албан ажлаар Монгол Улсад түр саатах үеэр ийнхүү ярилцсан билээ. 

“ДК Булл” академийн хувьд Стокчэйн биржийн Казахстан дахь төлөөлөгчөөр сонгогдсон гэх мэдээг хэдхэн хоногийн өмнө хүлээн авсан. 

Энэ оны аравдугаар сард Кэмбрижийн Их сургуулиас танилцуулсан биткойн олборлолтын талаарх судалгааны тайлангаас харвал дэлхий даяар ашиглагдаж буй нийт “hash rate”-ийн 35.4% АНУ-д оногдож, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлжээ. Тэгвэл дэд байранд 18.1%-иар Казахстан улс, гутгаар байранд 11.2%-иар ОХУ тус тус бичигдсэн байна. 

Ярилцлагын зочин: ДУМАН ЕРХАНАТ @duman_neoДК Булл академи

Ярилцсан: Б.ДАВААБАЗАР

Зураг

НЭГ. Энгийн нэгэн залуу Wall Street-ийн түвшинд мэдлэг хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийж чадаж байгаа энэ боломж бүх хүнд бий

 
Хувийн архиваас авав

- Думан Ерханат гэж хэн болохыг мэдэхгүй хүмүүс их бий. Та өөрийнхөө талаарх түүхээс товч хуваалцахгүй юу. Хэдэн жилийн дараа Монголд ирж байгаа вэ? 

- Нийт монголчууддаа энэ ярилцлагыг уншиж буй цагийн мэнд хүргэе. Би Монголд төрж, өссөн. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Олон улсын худалдааны ангийг төгсөж, нэг жилийн хугацаанд маркетингийн чиглэлээр гадаад худалдааны компанид ажилласан. Дараа нь магистрт сурахаар АНУ-ыг зорьсон нь одоогоос арав орчим жилийн өмнө. Колорадо мужийн Денвер хотод Эдийн засгийн удирдлагаар магистраа төгссөн. Зургаан жилийн дараа Монголдоо ирж байна. Сүүлийн есөн жил Америкт амьдарч байгаад Казахстан улсад ирээд зургаан сар болж байгаа.

Одоогоор өөрийн шавь болох, Казахстан улсын тэргүүлэх трейдэрүүдийн багаас бүрдсэн “DK-Bull Trader” академийг үүсгэн байгуулж, Алматы хотод төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай академийн хувьд хувьцаа, криптовалютын зах зээлд идэвхтэй арилжаа хийдэг 6,000 гаруй төгсөгчтэй. 

- Хөрөнгийн зах зээлийг сонирхох хүмүүс ихээр нэмэгдэж байгаа. Өөрчлөгдөж буй ертөнцийг дагаад бусад залуусын жишгээр энэ салбар руу орох болсон уу, эсвэл өөр шалтгаанууд байв уу? 

- Би Америкт амьдарч байхдаа хэзээ ч өөрийгөө хувьцаа арилжигч, хөрөнгө оруулагч болно гэж огт бодоогүй. Бизнесийн чиглэлээр сурдаг байсан болохоор энэ салбарыг бусдын л адил сонирхдог байсан. Тэнд гурван хүний хоёр нь ямар нэгэн байдлаар крипто, хувьцаатай холбоотой байсан нь магадгүй сонирхлыг маань өдөөсөн байх. 

Сонирхлын түвшинд байсан намайг мэргэжлийн түвшин рүү ороход нөлөөлсөн зүйл нь санхүүгийн эрх чөлөөнд бүрэн хүрчихсэн Аризона мужийн 21 настай залуу байсан юм. Би 24 настай гэтэл энэ залуу яаж... гээд л бодож эхэлсэн. Сонирхоод үзтэл хувьцаа арилждаг, хөрөнгө оруулагч нэгэн байсан. Түүнээс хойш би олон жилийг хөрөнгийн зах зээлийг судлахад зориулсан. Америкт чиний цаг хамгийн үнэтэй гэж ярьдаг. Би тэр үнэтэй цаг хугацаагаа энэ зүйлсийг нарийн судлахад зарцуулсан хэрэг. 

- Таны онцлог арга барил юу гэж бодож байна. Сургалтдаа баримталдаг зарчим чинь юу вэ? 

- Би баян цатгалан айлаас гаралтай хүн биш. Энэ бол миний хамгийн гол онцлог болов уу. Монголд төрсөн жирийн нэгэн казах залуу. Анх Америкт 700 ам.долларыг замын зардалдаа төлөөд, 300 долларын бэлэн мөнгөтэй л очиж байсан. Ахаасаа 5,000 ам.доллар зээлээд эхний семистерийнхээ сургалтын төлбөрийг төлчхөөд үлдсэн төлбөрөө 11 цаг тасралтгүй зогсоогоороо ажилласан хөлсөөрөө төлдөг байв. Энэ нь би өөрийгөө бусдаас мундаг гэж хэлэх гэсэн хэрэг биш. Мундаг залуус маш их бий. Хэлэх гэсэн гол санаа минь энгийн нэгэн казах залуу хувьцааны хөрөнгө оруулалтын чиглэлээр Wall Street-ийн түвшинд мэдлэг хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийж чадаж байгаа энэ боломж бүх хүнд бий гэдгийг хэлэх гэсэн юм. Wall Street-д харвал тэндхийн залуучууд нь их даруу, энгийн, шаргуу хөдөлмөрлөж өөрсдийгөө хөгжүүлдэг, хэдэн саяар нь компанидаа ашиг оруулж ирдэг хүмүүс байдаг. 

- Идэвхтэй 6,000 арилжаачин бэлдэнэ гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. Сургалтаа хэрхэн эхлүүлэх болсон түүхээсээ хуваалцана уу? 

- Би өөрөө хөрөнгийн зах зээл, криптовалютын тухай олон сургалт авч байсан. Wall street -д трейдинг, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон фирмээс ч үнэтэй сургалт авч, өөрийн мэдлэгтээ ч хөрөнгө оруулж ирсэн. Ингэж мэдлэг аваад арилжаа хийн тогтвортой орлоготой болсныхоо дараа фэйсбүүкээр дамжуулан нэг залуу арилжаа хийхийг зааж өгөөч гэх хүсэлт илгээснээр миний сургалтын ажил эхэлсэн түүхтэй. Ямар ч сурталчилсан зүйл байхгүй байхад, хүмүүсийн хэлдгээр ам дамжин сургалтын мэдээлэл тарж, зорьж ирдэг суралцагчид нэмэгдсээр байсан. Нэг мэдэхэд 500, 1,000-уулаа байсан бол одоо 6,000 даваад явж байна.

Суралцагчид дундаас амжилттай явж байгаа олон хүн бий. Миний явуулдаг нэг офлайн курс 1,000 долларын төлбөртэй бөгөөд есөн удаа суусан залуу 9,000 долларын зардлаа 10 хоногт нөхөж олсон жишээтэй. Зарим нь өдөрт 200-300 ам.доллар зарим нь 800 ам.доллар олж явна. Казахстаны нэг жижиг хотод байдаг даруухан аав ч манай багт бий. Тэр аав одоо тогтвортой орлоготой, өөрийн гэсэн арилжааны имиж, стратегитай болсон. Теслагаас 300-400%-ийн ашигтай ажиллаж байгаа инвенсторууд хүртэл байна.

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд хувьцааны худалдаа, криптовалютын талаар би мэдлэг олгох сургалт орсон гээд заавал намайг дуурайх ёстой гэсэн үг огт биш. Учир нь хүн бүрийн арга барил, харах өнцөг, мэдрэмж, сэтгэл хөдлөл харилцан адилгүй. Зарим хүн тэвчээртэй байхад зарим нь тэвчээргүй, зарим нь хурдан сурдаг байхад зарим нь удаан гэх мэт. Иймд миний зүгээс тухайн хүнийг өөрийнхөө арга барилаа олоход нь тусалж, чиглүүлдэг.  

 
Хувийн архиваас авав

- Энэ салбар гэхдээ их тэвчээр шаарддаг. Магадгүй таны зан чанар энэ салбарт амжилттай арилжаачин болоход нөлөөлсөн үү? 

- Нэгт, трейдинг, хөрөнгө оруулалт, хувьцаа, криптовалют надад маш их таалагдсан. Тийм болохоор ямар ч хэцүү байсан дотор нь байсаар ирсэн. Ээж, ах маань дургүйцсэн ч дуртай зүйлээсээ ухрахгүй суралцаж, хуримтлуулсан мөнгөнөөсөө хөрөнгө оруулалт хийж байсан. Ингээд бодвол тууштай байж чадсанаараа өнөөдрийн түвшинд ирсэн гэж хэлж болох байх. Дээрээс нь бусдад юмыг заах арга барил сайтай нь давуу тал болсон.

Хүн дуртай зүйлээ олж, түүнийхээ төлөө тууштай байвал сайн үр дүн гарах нь ойлгомжтой. Амьдрал баялаг тул хүн дуртай зүйлээ хийгээд явах боломж хомс хэдий ч олохын төлөө хичээж, тэмцэж, хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог. Хөдөлмөрлөсөн хүн хөдөлмөрлөөгүй хүний ялгаа ямар том болохыг би Америкт очоод мэдэрсэн. Тиймээс надад хөдөлмөрлөхөөс өөр сонголт байгаагүй. Тэнд есөн жил байхдаа хоёр өдөр ч ажиллахгүй байж үзээгүй.

Утас, интернэт, зөөврийн компьютер байхад би Улаанбаатарт ч бай, Туркэд ч бай дэлхийн хаанаас ч ажлаа хийгээд явах боломжтой. Энэ нь тус салбарт татагдсан гол шалтгаануудын нэг. КОВИД-19-өөс шалтгаалаад хүн төрөлхтөн цаашдын ертөнц арай өөр болох нь гэдгийг сайн ойлгосон байх. Хөл хорионы үеэр миний орлого ч тасраагүй, өдөр бүр ажлаа хийж л байсан болохоор ий сонголт хийсэндээ ч талархсан. Мөн би өөрийнхөө мөнгийг өөрөө удирдана гэдэг сайхан. Дээрээс нь дэлхийн эдийн засгийн мэдээлэл, гарч буй өөрчлөлттэй хамт алхах боломжтой.

Ирээдүй өөр болж байна. Фэйсбүүк мета болж байгаагаас авхуулаад өмнө нь кинон дээрээс хардаг байсан ертөнц бодит болж эхэллээ. Энэ нь хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, урагшилж байх ёстойг харуулж буй. Криптовалют, хувьцаа зэрэг нь ирээдүйн ертөнцийн том хэсэг учраас хүн бүр эдгээрийн талаар мэддэг болох ёстой болов уу. 

Зураг

ХОЁР. Сайн арилжаа хийхэд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар 60-70%-ийн нөлөөтэй. Харин үлдсэн хувьд ногдох чадваруудыг ямар ч хүн сурч чадна

 
Гэрэл зургийг MPA.mn

- Арилжаа хийхэд хамгийн чухал зүйл юу гэж боддог вэ? 

- Арилжаа нь зах дээр очоод хийдэг бидний мэдэх худалдаа гэсэн үг. Энэ зүйл өнөө үед дижитал хэлбэрт шилжсэн болохоор ихэнх хүн хэцүү төвөгтэй гэж буруу ойлгоод, айчихдаг. Хувьцаа ч бай, крипто ч бай авах болон зарах үнэ гэж бий. Хямд үед хөрөнгө оруулалт хийж аваад тэвчээртэйгээр хүлээж үнэтэй болохоор нь зарж ашиг олох л процесс. 

- Эрсдэлийн талаар ярихгүй өнгөрч болохгүй байх? 

- Крипто, хувьцааны арилжааг би яг бизнес шиг боддог. Эрсдэлгүй ашиг гэж байхгүй. Үнэхээр эрсдэл авч чадахгүй гэвэл анхнаасаа орохгүй байсан ч нь дээр байх. Энэ салбарт би эрсдэлийн менежмэнтгүй бол зөв трейдер болж чадахгүй. Тэр ч утгаараа шавь нартаа хамгийн түрүүнд эрсдэлийн менежментийн талаар заадаг. Эрсдэлээ удирдаж чадахгүй хүн сэтгэл хөдлөлөөрөө буруу шийдвэр гаргах тохиолдол байдаг. Сайн арилжаа хийхэд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар 60-70%-ийн нөлөөтэй. Харин үлдсэн хувьд ногдох чадваруудыг ямар ч хүн сурч чадна. Өөрөөр хэлбэл, таны боловсролын түвшин ямар байхаас үл хамааран арилжаа хийх аргыг зааж чадна би хүмүүст хэлдэг юм. Сурах үйл явц нь цаг хугацааны л асуудал. Харин тэр хүний сэтгэл зүй гэдэг л хамгийн чухал.

Хөрөнгийн зах зээл нь мөнгө олж, амьдралаа өөрчлөх боломж хэдий ч зөв замаар, зөв системтэй, зөв мэдлэгтэйгээр ажиллах талбар

 
Хувийн архиваас авав

Аливаа хөрөнгө оруулалтыг хийхэд өөрт байгаа бүх мөнгөө оруулж хэзээ ч болохгүй. 

Инстаграмаар ирдэг зарим асуулт нь би машинаа эсвэл гэрээ барьцаанд тавиад  хөрөнгө оруулалт хийчих үү гэдэг. Би шууд "үгүй" гэж хариулдаг. Бүх мөнгө, хөрөнгөө эрсдэлд оруулан барин хөрөнгө оруулах зүйл биш гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Та эрсдэлээ дааж чадах хэмжээнд хөрөнгө оруулалт хийх ёстой.

Нэг стратегийг ашиглаад би 10 мянган ам.доллароор байнга мөнгө олдог гэж бодъё. Гэхдээ тэр стратегиа ашиглаад нэг сая ам.доллароор мөнгө олж чадахгүй.

Ашгийн өмнө эрсдэлийг бодох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийж буй мөнгөн дүнгээс хамааран эрсдэл хүлээж авах сэтгэл зүй өөрчлөгддөг. Хөрөнгийн зах зээл нь мөнгө олж, амьдралаа өөрчлөх боломж хэдий ч зөв замаар, зөв системтэй, зөв мэдлэгтэйгээр ажиллах талбар. 

- Цар тахалтай холбоотойгоор дэлхийд криптовалютын зах зээл өсөлттэй байгаа нь харагдсан. Өөрөө Казахстанд очоод хагас жилийн хугацааг өнгөрүүлж байгаа гэсэн. Энэ үеүдэд мэдрэгдсэн зүйл юу байв? 

- АНУ-д сая КОВИД-19-ийн үеэр хувьцааны зах зээлийн нийт хэрэглэгчдийн тоо 30% нэмэгдсэн. Хүмүүс ихэнх хугацааг гэртээ өнгөрүүлж, олон бизнес хаагдсан зэрэг асуудлуудтай холбоотойгоор хүмүүс бирж дээр их орж ирсэн хэрэг. Тэр утгаараа криптовалютын зах зээлийн хэрэглэгчид ч нэмэгдсэн. Цар тахал хүмүүст технологийн хэрэглээг хүлээн зөвшөөрүүлж чадсан гэж бодож байна. Элон Маск "Би утастай байгаагаараа илүү ухаалаг болж байгаа" гэсэн байдаг.

 
Гэрэл зургийг MPA.mn

- Казахстан улсын хувьд олборлолтоороо дэлхийд хоёрдугаар байранд явж байгаа судалгаа саяхан гарсан. Тэр чинээгээр иргэдийнх нь виртуал хөрөнгийн зал зээлд анхаарах анхаарал их байгаа байх тийм үү? 

- Тийм ээ, майнинг буюу биткойн олборлолтоороо дэлхийд хоёрт орж байгаа. Энэ нь Казахстанд тог хямд байдагтай холбоотой. Нөгөө талаар өөрөөөсөө тог гаргадаг станцууд байдагтай холбоотой болов уу. Койн, токен, IEO- гээд залуучуудын сонирхол их болсон. Казахстан улс дангаараа 19 сая хүн амтай том зах зээл учраас крипто салбарт богино хугацаанд том өөрчлөлт гарч магадгүй. Манай баг хувьцаан дээрээ саяхныг хүртэл төвлөрч ажиллаж байсан бол хүмүүсээс ирж буй хүсэлтийн дагуу криптонд ач холбогдол өгч ажиллах болсон. 

Мөн криптовалют өөрөө шинэ зүйл учраас бүх улс адилхан хууль эрхийн орчныг хэрхэн бий болгох талаар дор бүрнээ ярилцаж байгаа. Ямартай ч энэ салбарт хүмүүсийн сонирхол маш их байгаа нь үнэн. Гэхдээ хамгийн гол нь зөв зохион байгуулалттай хөрөнгө оруулах ёстойг мартаж болохгүй. 

Казахстанд миний анзаарснаар хүмүүс нь сошиал медиаг их ашигладаг учир мэдээлэл хурдан тархдаг. Түүнчлэн банкны систем нь хураамж төлөхгүй байх зэрэг шийдлийг бий болгож, өндөр түвшинд хөгжсөн тул хүмүүс нь бэлэн мөнгө барагтаа хэрэглэдэггүй. Дээрээс нь технологитой маш ойр харилцдаг болсон учраас яг одоо криптовалютын үед бэлэн болсон гэж ойлгож болох юм. 

Технологи хуулиас түрүүлж алхдаг гэдэг. Крипто нь технологи дээр суурилж гарсан учраас хуулийн эрх зүйн орчин их эмзэг сэдэв. Казахстанд энэ чиглэлд сайн хууль эрх зүйн орчныг бий болгох гээд судалгааны түвшинд яваа гэж сонссон. Ямар нэгэн байдлаар хориглосон зүйл бол одоогоор байхгүй бөгөөд зах зээлийнхээ зарчмаар явж байгаа.

- Сургалтаа хэдэн хэл дээр явуулдаг вэ, мөн таны хувьд арилжаагаар сардаа хэдэн долларын орлого олдог вэ. Хариулах боломжтой юу?  

- Бид англи, казах, монгол хэлээр сургалтаа явуулдаг бөгөөд сургалтын төлбөр нь 300-2,000 ам.доллар орчим байдаг. Олон улсын хүмүүс сургалтаа онлайнаар аваад явах тохиолдол их.

- Ярилцсанд баярлалаа. 

Амьдрал баялаг тул хүн дуртай зүйлээ хийгээд явах боломж хомс хэдий ч олохын төлөө хичээж, тэмцэж, хөдөлмөрлөх хэрэгтэй

 
Хувийн архиваас авав