Зураг
Зураг
   

“АЛТ” хөтөлбөрийн золиос ба Заамар

ikon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
“АЛТ” хөтөлбөрийн золиос ба Заамар
Зураг

Коронавирусийн цар тахал алтны ханшийг түүхэнд байгаагүй хамгийн өндөр түвшинд хүргэж, унци шар металл анх удаа 2,000 ам.доллар даваад байна. Цар тахалтай холбоотой дэлхийн эдийн засаг хямарч буй энэ үед “Чингис” бондтой тэнцэхүйц алдагдалтай төсөв батлахаар УИХ ээлжит бус чуулганаа зарлан хуралдаж байна. 

Тэр их алдагдлыг Монгол Улс гагцхүү байгалийн баялгаараа л барагдуулах боломжтой. Үүнд түүхэн дээд ханшиндаа хүрээд буй алт чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй бөгөөд “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тодорхой шахам болсныг УИХ-ын дарга өнгөрсөн тавдугаар сард цухуйлгасан удаатай. Тодруулбал, “Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Дэлхий даяар цорын ганц өсөлттэй байгаа бүтээгдэхүүн бол алт. “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж, санхүүжилтийг нь дэмжсэнээр төгрөгийн тогтвортой байдлыг хангах гол хүчин зүйл болно гэж үзэж байгаа.

Алт олборлогч ААН-үүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг Төв банкны хуульд оруулах хуулийн төслийг боловсруулахаар шийдсэн. Мөн алт хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын банктай гэрээ байгуулах ажил нааштайгаар судлагдаад явж байна” гэсэн юм. 

Гэвч алтны компаниудыг дэмжихийн зэрэгцээ хатуу хяналт, шаардлага тавьж, хариуцлагатай ажиллуулахгүй бол байгаль орчинд тарьсан хор уршиг нь олох ашиг орлогоосоо ч өндөр, бүр магадгүй дахин хэзээ ч нөхөгдөхгүй гарз хохирол учруулж байгааг мартах учиргүй. 

“Алт-1” хөтөлбөрөөс монголчууд юу хүртсэн бэ?

Тэгвэл “Алт 1” хөтөлбөрөөр монголчууд юу хожсон бэ? Энэ хөтөлбөр эдийн засагт ямар үр ашиг бий болгож, хэчнээн хүнийг ажлын байраар хангаж, амьдрал ахуйг нь дээрдүүлсэн бэ? Харамсалтай нь энэ асуултад хариулах хүн алга. Хөтөлбөрийн үр дүнг албан ёсоор дүгнэж, нэгдсэн байдлаар тооцоогүй учраас тэр. Харин танигдахаа больтлоо сэндийчүүлж, унаган төрхөө нэг мөсөн алдсан газруудаас бид хөтөлбөрийн үр “шим”-ийг харж чадахаар байгаа хэмжиж болохуйц бодит үнэлгээ гэлтэй.

“Алт-1” хөтөлбөр ба хариуцлагагүй уул уурхайн балаг
 
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум

“Алт-1” хөтөлбөрийг эргэн сануулъя. 

Төв аймгийн Заамар суманд 1992 оноос “Алт-1” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш нийт газар нутгийнх нь 1/3 буюу 42,600 га талбайг лиценз хэлбэрээр ашигласны үр дүнд улсад 140 гаруй тонн алт тушаажээ. 27 жилийн турш шүү дээ.

Шанд нь тэр нутаг орон өнөөдөр ямар нүд халтирам болсныг доор бичлэгээс үзнэ үү. 

Видео: 

Энэхүү газрыг бүтэн жараны талд нь ухахдаа орон нутагт нь өгөөж хүртээх нь битгий хэл улсаас ганц км хатуу хучилттай зам ч барьж өгөөгүй гэвэл та итгэх үү? Цөхрөнгөө барсан иргэд өдгөө хохирогч болоод малаа бэлчээх газар байтугай өөрсдөө уух усгүй шахам амь зууж байна. 

Ганцхан жишээ татъя. Алт олборлогчдын ухаад орхисон 80-90 метрийн гүнтэй газарт хиймэл нуур үүссэн нь өдгөө хүн, малын амийг авсан сэг зэм бүхий ус болжээ. Байгаль орчинтой зүй бус харьцсаны улмаас ундны усны эх үүсвэр эрс татарч, бохирдож, уухын аргагүй болсон тул иргэд аргагүйн эрхэнд 5-10 км явж байж ундны усаа залгуулах болсон аж.

Заамарт үүрлэсэн уул уурхайн компаниуд хэрхэн дураараа дургиж, хариуцлагагүй ажилладгийн хамгийн сүүлийн жишээ бол “Эко алтан Заамар”. Ганц компанийн аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс болж дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэхэд хүрсэн цаг саяхан атал өнөөдрийг хүртэл хэн ч, ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй төдийгүй бохир усаа Туул голд цутгасан хэвээр. Түүгээр зогсохгүй даварсан тэр компанийн тусгай зөвшөөрлийг АМГТГ(Ашигт малтмал, газрын тосны газар) цуцлаагүй хэвээр байгааг Төв аймгийн Заамар сумын Засаг дарга, Хууль бус лицензийг цуцлуулах ажлын хэсгийн ахлагч Л.Амгаланбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. 

Тэрбээр “Эко алтан Заамар” компанийн ослын талаар Монголын ард түмэн бүгд мэдсэн, харсан. Асуудлыг яаж шийдэх бол гэж орон нутгийн иргэд хүлээж байгаа. Бид багагүй хугацаанд тэмцсэн. Хууль бус үйлдэлд зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх гэж найдаж байна” гээд нутаг орон нь уул уурхайгаас болж яаж доройтсон нь нүдний өмнө ил байхад АМГТГ болон уурхайн компаниуд огтхон ч тоодоггүй болохыг энэ жишээ харуулж байгааг тэрбээр шүүмжилсэн. Тэр ч бүүхэл зохицуулж, хянах ёстой байгууллага нь алтны компаниудын талд үйлчилж, хууль бус зөвшөөрөл өгсөн хэрэг өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагаар явж байгааг шүүмжлэхгүй байхын аргагүй.

Иргэдийн эсрэг үйлчилсэн, төрийн байгууллагын хууль бус шийдвэр

 
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум

2018 оны байдлаар Заамар суманд алт олборлолтын 88 лицензийг 45 ААН эзэмшиж байна. Тэдгээрээс 25 компани 2018 онд улсын төсөвт 49.5 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. 45 компанийн 9 нь 2018 онд ямар нэг хэмжээгээр нөхөн сэргээлт хийсэн гэж мэдээлсэн байна. Тодруулбал, нийт 86 га газарт нөхөн сэргээлт хийхэд 162.6 сая төгрөг зарцуулжээ. Энэ бол хэтэрхий чамлалттай, хангалтгүй үзүүлэлт.  

Энэ олон компанид нутгийнхаа хойд хэсгийг сэндийчүүлсэн иргэд, орон нутгийн удирдлагууд уул уурхайн чиглэлийн лиценз эзэмшиж байгаагаас бусад талбайг сумын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг ИТХ-аараа 2015 онд гаргажээ.

Гэтэл өмнөх сүйтгэсэн газруудаа нөхөн сэргээж амжаагүй байтал 2017 онд “Алт-2” хөтөлбөрийн чимээ дуулдаж, Засгийн газар Заамар сумын үлдсэн газар нутгийн 25 хувь буюу 21,000 га талбайд алт олборлуулах хүсэлтийг АМГТГ-аар дамжуулан тус суманд ирүүлэх нь тэр. Уг хүсэлтэд дурдсанаар тус сумын Төмстий багийн нутагт орших Төмөнгийн Дөрөлж нэртэй газарт 5,628 га, Өвөр Наймганы 15,541 га талбайг олгохыг хүссэн байна.

Энэ нь заамарчуудын малаа бэлчээж, өвс хадлангаа авдаг, эрүүл үлдсэн багахан бүс нутаг төдийгүй Хэрмэн дэнж, Цогтын балгас, Шороон Бомбогор зэрэг үнэлж баршгүй олдворууд бүхий түүхэн дурсгалт газар ажээ.

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон байдаг. Ийнхүү орон нутгийн хамгийн том субъект шийдвэр гаргасан уг газарт XV-020880 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэсийн эрэг” ХХК-д олгох шийдвэрийг 2017 онд АМГТГ гаргав. Зөвхөн уг тусгай зөвшөөрлийг олгохын тулд УУХҮЯ-аас Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулж, “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдсан хүрээнд зохион явуулж болно” гэсэн заалт нэмжээ. Ийнхүү Сонгон шалгаруулалтын журамд Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчин байж хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосонд эгдүүцсэн 800 орчим иргэд, малчид жагсаж, хөдөлгөөн өрнүүлж, гарын үсэг цуглуулж, Өргөдлийн байнгын хороонд өргөдөл хүртэл бичсэн талаар Заамар сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл ярив. Улмаар Заамар сумын иргэд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, дараах шаардлага тавьсан байдаг. Үүнд: 

  • Монгол Улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай А40 тоот тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгох, 
  •  XV 020880 тоот тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах. 

Харамсалтай нь энэ хэрэг өнөөг хүртэл шүүхээр эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.  

Гэхдээ ахиц гараагүй биш гаран нь хэргийн явцад дээр дурдсан сонгон шалгаруулалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалыг УУХҮ сайд өөрөө хүчингүй болгож, шинээр журам баталсан явдал. Тийм учраас шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, “Эрдэнэсийн эрэг” компани ч тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 11,594.16 га газрыг буцаан өгөх хүсэлт гаргасан байна. Харин АМГТГ хүсэлтийг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн талбайг багасган 3,946 га болгохоор шийдсэн ч мөн л хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, нутгийн иргэд дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад буй. 2018 онд гаргасан уг нэхэмжлэл 3 оныг дамнан, 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэн ч эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхэд  буцаагдаад байгаа юм. 

Энэ бол мөнгөний төлөө улайрсан компаниуд болон эрх бүхий байгууллагууд иргэдээ хамгаалах бус, эсрэг ичихгүйгээр хууль бус шийдвэр гаргаж чаддагийн тод жишээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд энэ нутаг орны анхан шатны өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг өөрчлөх субъект байх ёсгүй гэдгийг “Хөвсгөл нуурын эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа онцолж байна. Ялангуяа, аймгийн ИТХ-ын нийт хурал бол нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, төлөөлж байдаг тул нутгийн ИТХ шийдвэр гаргах учиртай. Тиймээс Засгийн газар энэ газрыг тусгай хэрэгцээнээсээ гарга гэсэн шийдвэр гаргаж болохгүй ба энэ нь Үндсэн хуулийн маш том зөрчил гэдгийг тэрбээр хэлсэн юм.

“Үлдсэн алгын чинээ жаахан газраа ухуулмааргүй байна”

 
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум

Заамар сумын Хайлааст багийн малчин Л.Цэнгэл “Бидний нутаглаж байгаа газраас 50-хан метрийн цаана алт олборлоод эхэлсэн. Ийшээ хэдэн малаа бэлчээхээр харуул хамгаалалтын ажилтнууд нь урдаас хөөдөг. Дарга нар нь ирээд нүү гэдэг шаардлагыг байнга тавьдаг. Тийш нутаглаж болно гэж ч хэлдэггүй, шууд л газар чөлөөл гэдэг” гэсэн бол түүний гэргий С.Ууганцэцэг “Энд маш том нуур байгаа. Тэр нуур руу манай нэг тугал, үнээ орж үхсэн. Хонь мал ус уух гэж яваад үхдэг. Бид хохирлыг барагдуулж өгөөч гэж зургийг нь аваад сумынхаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт өгдөг боловч нөхөн төлбөр өгч байгаагүй. Биднийг огт сонсдоггүй. Тэгээд бид хаана очиж амьдрах билээ. Үлдсэн алгын чинээ жаахан газраа ухуулмааргүй байна” гэсэн юм. 

Ийнхүү байгаль дэлхийгээ түшиглэж, мал аж ахуй эрхлэн амьдардаг Заамар сумын иргэд үнэхээр хүнд байна. “Алт-1” хөтөлбөрийн золиос болсон тэдэнд Хайлааст багийн хувьд л гэхэд мал бэлчээрлүүлэх талбай үлдээгүй учир малчид нь өнөөдөр уулын таг руугаа шахагдан өвөл, хавар, зун, намартаа ганц байршилдаа алга дарамхан жижиг зайд нутаглаж байна. Түүгээр зогсохгүй малаа услах усгүй, бэлчээрлүүлэх талбайгүйгээр,  өөрсдөө ч гишгэх газаргүйд болоход ойрхон байна. 

Сумын удирдлагууд хамгийн сүүлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүлж, хууль бус тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг Засгийн газраар хэлэлцэж өгөхийг хүсжээ. 

Видео:

“Заамар сумыг уул уурхайгаас өөрөөр хөгжүүлэх боломжтой гэж бид хардаг. Манай суманд Түрэгийн үеийн олдвор, түүхэн байгууламж Хэрмэн дэнж гэж бий. Энэ мэт түүхэн газруудаа ч уул уурхайн нөлөөнөөс хамгаалах цаг ирээд байна. ААН-үүд лиценз л авч байвал тэнд байгаа зүйлс, суурин иргэншил соёл хэнд ч огт  хамаагүй юм шиг аашилдаг” хэмээн Л.Амгаланбаяр ярьсан юм.

Нутгийн малчин Б.Гэрэлтуяа “Үр хүүхдэдээ үлдээх өвөлжөө бууц, хашаа хороо, газар нутаг л бидэнд бий. Үүнийг минь л үлдээж өгөөсэй гэж хүсэх байна” гэсэн бол Д.Баасан “Заамарын ард иргэд бид эргээд нутгаа эргээд унаган төрхөндөө орж, хэвийн болохыг би л лав энэ насандаа үзэж гүйцэхгүй байх. Ийм л айхтар сүйрэлд автсан” гэсэн билээ.