Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд аргаа барж байна. Нутаг усаа хамгаалах гэж ашиг сонирхолд автсан орон нутгийн удирдлагууд, мөнгөтэй компанийнхны өмнө хүчин мөхөстөж байгаадаа тэд бухимдаж байна.
Монгол Улс дахь хариуцлагагүй уул уурхайн нэг тод жишээ болсон АДАЭ хэмээх компанийн балгаар Эрдэнэцагаан сумын мал битгий хэл хүн зон нь ундны усгүй болох дээрээ тулж ирээд байгаа тул иргэд уйлан дуулан тэмцэж байгаагаа учирласан юм.
Тус сумын 3 дугаар багийн иргэн, нутгийн уугуул Ц.Сүхбаатар гуай “Хар овоо, Үхэр чулуу, Мандал хэмээх энэ газар хар бага наснаасаа өтөл болтлоо 50 гаруй жил амьдрахдаа холдож үзээгүй. Өмнөх нийгмийн үед 4-5 суурь буюу 700-гаад үхэр сүрэг хариулж, сүү шимийг нь улсдаа тушааж явахад тэр хэрийн мал, хүн ардыг тэтгэсээр ирсэн сайхан нутаг байлаа. Ардчиллаас хойш гол усаа сахиж ганц гэрээрээ 10-аад жил ч нутаглаж үзлээ. Гэтэл сүүлийн жилүүдэд АДАЭ гэгч компани хайгуул хийх нэрийдлээр энэ сум орны хүн малыг ундаалдаг усны эхэн дээр дөрвөн цооног ухаж, худаг гаргаснаас болоод ган гачиг нүүрлэж, цөлжилт эрчимтэй нэмэгдсэн.
Ундарга эх болсон уулыг нь АДАЭ гэдэг тэр компани сэтэлчихсэн
Газрын хэвлий дэх усны судсыг тасалснаас болж байгалийн тэнцвэр алдагдаж, горхи булаг татарч, арга буюу бид малаа услахын тулд нийлж мөнгө гаргаад, энүүхэндээ худаг ухуулж, устай залгаад байна. Гэвч малаа өдөр бүр услах боломжгүй болсон. Ус маш муу гарч байгаа тул өнжөөд нэг усалж байна. Гүндээ ус нь татарснаас тэр байх.
Уг нь энэ булаг Хар овоо, Үхэр чулуу, Мандлын хүн малыг ундаалаад цааш Чоноголд цутгадаг байсан бол одоо ширгэж үгүй болсон. Арга ч үгүй биз, ундарга эх болсон уулыг нь АДАЭ гэдэг тэр компани сэтэлчихсэн. Хүнээр бол цус гүйх судсыг нь тасалсан” хэмээн халаглан ярилаа. Ийнхүү Ц.Сүхбаатар гуай санаачлан жижиг худаг ухуулж, багахан цөөрөм бий болгосныг нь дагаж 30-аад айл нүүж иржээ.
Эрдэнэцагаан бол өмнөд хөрштэй хил залгаа оршдог, Монгол орны үзэсгэлэн цогцолсон нутаг орны нэг билээ.
Монголын тамгатай хутагтуудын нэг, Төрийн сайд агсан, тухайн үеийнхээ шилдэг экологич байсан домогт Егүзэр хутагтын төрөлх нутаг гэдгээр нь монголчууд энэ сумыг андахгүй. Егүзэр хутагт амьдарч асан цагтаа Байрингаас хоёр согоо, нэг буга авчран Хөндлөн Хайлсны орчим бугын хашаа бариулж, Дадваа байран гэгчээр бугаа маллуулж байсан гэдэг. Байгаль орчны төлөө хийсэн тэрхүү ажил нь үр дүнд хүрч, бугын тоо толгой өсмөгц Егүзэр хутагт бугаа тогтвортой амьдруулах газраар Лхачинвандад(нутгийн олонд навчит вандан гэж нэршсэн) уулыг зохимжтой хэмээн сонгож, 30 орчим толгой буга согоог тавьсан нь амжилттай нутагшин үржиж, Лхачинвандад уул Дархан цаазтай газрын нэг болсон түүхтэй. Хожмоо түүхт энэхүү уулын бугын тоо толгой 300 давж, хилчид, нутгийн уугуул иргэд нүдний цөцгий мэт хайрлах болсон аж. Сүргийн бүтцийг эрүүлжүүлж, цус ойртох аюулаас сэргийлэхийн тулд Эрдэнэцагаан сумынхан шинээр гурван эр буга авчирч нутагшуулсан нь сүрэгтээ маш хурдан идээшин дассан тухай нутгийнхан ярих дуртай.
Улаанбаатар хотоос 777 км зайд орших, 6,000 гаруй хүн амтай энэ сайхан газарт Хонгорын голын алт, Чоноголын гянт болд, Нүхтийн молибден, Баянцогтын нүүрсний ордтой, хэвлий дэх баялгаараа мөн л нэртэй нутаг юмсанж.
Гэвч байгаль дэлхий, хүн зоноосоо өмнө ашиг сонирхлоо тэргүүнд тавьсан дарга нар хэдхэн жилийн дотор ганц суманд уул уурхайн бүхэл бүтэн 32 тусгай зөвшөөрөл олгожээ.
Монгол Улсын агаарын дундаж температур дэлхийн дунджаас гурав дахин нэмэгдсэн, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж буй орнуудад багтсан. Тэр дундаа Сүхбаатар бол цөлжилт, усны нөөц хомстох аюул нүүрлээд буй аймгуудын нэг.
Видео: АДАЭ компанийн үйл ажиллагаа явуулж буй талбайг агаараас авсан зураглал
Жишээ нь, газрын тосны хоёр тусгай зөвшөөрлийн нэгийг нь “Петро Матад” компани авсан бол нөгөө нь “МАКС” группийн захирал Д.Ганбаатарынх гэх. Гэвч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, хоёр улсын хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэнд байгуулж буй газрын тосны үйлдвэрийнх гэдгийг нутгийн иргэд мэдэх болжээ.
Харин нүүрсний тусгай зөвшөөрөлтэй 7, жоншны зөвшөөрөлтэй 2, гянтболдын зөвшөөрөл бүхий 3, молибдений зөвшөөрөлтэй 2, ховор металлын зөвшөөрөлтэй 1 компани байна. Мөн нийт тусгай зөвшөөрлийн 14 нь “А” буюу ашиглах, бусад нь хайгуулынх аж.
Хүснэгт. Эрдэнэцагаан суманд олгосон лицензийн жагсаалт
№ | Тусгай зөвшөөрлийн дугаар | Талбайн нэр | Талбайн хэмжээ (га) | Ашигт малтмалын төрөл | Эзэмшигчийн РД | Эзэмшигч компанийн нэр | Олгосон огноо | Дуусах огноо |
1 | MV-00010224 | Егүзэр | 79.8 | Молибден, Гянтболд | 5211956 | Билүүт Майнинг | 2005-07-28 | 2035-07-28 |
2 | MV-00011123 | Өвөр баян | 88.46 | Молибден | 5023998 | БАЯН ЭРЧ | 2006-01-17 | 2036-01-17 |
3 | MV-00011124 | Ар баян | 110.38 | Гянтболд | 6145949 | Сэнтрал Азиа Майнор Металс | 2006-01-17 | 2036-01-17 |
4 | MV-00012297 | Хөхтий нуруу-3 | 51.47 | Нүүрс | 5072948 | Эрдэнийн олз | 2006-12-20 | 2036-12-20 |
5 | MV-00016679 | Сайн хөөвөр | 755.55 | Нүүрс | 5215919 | БАДМААРАГ ХАШ | 2010-10-08 | 2040-10-08 |
6 | MV-00016821 | Билүүт уул | 2616.9 | Молибден, Гянтболд | 5060222 | Голден хейлс | 2011-04-28 | 2041-04-28 |
7 | MV-00017090 | Даажийн булаг | 236.12 | Гянтболд | 5060222 | Голден хейлс | 2012-08-01 | 2042-08-01 |
8 | MV-00017480 | Хулман нуур | 1228.66 | Нүүрс | 5211859 | Эрдэнийн Босго | 2014-03-03 | 2044-03-03 |
9 | MV-00017637 | Хөхтэйн нуруу | 420.24 | Нүүрс | 6194559 | Гуо мао жиахэ | 2014-10-20 | 2044-10-20 |
10 | MV-00017638 | Хөхтэйн нуруу-1 | 362.38 | Нүүрс | 6194559 | Гуо мао жиахэ | 2014-10-20 | 2044-10-20 |
11 | MV-00017686 | Баянцогт | 675.46 | Нүүрс | 5180945 | Сидакуангей | 2014-12-12 | 2044-12-12 |
12 | MV-00020796 | Эрдэнэцагаан | 631.05 | Жонш | 5098564 | АДАЭ | 2017-04-17 | 2047-04-17 |
13 | MV-00020836 | Сайрын ухаа | 302.54 | Гянтболд, Жонш | 5112389 | Титан орд | 2017-06-09 | 2047-06-09 |
14 | MV-00020996 | Хөхтий нуруу-2 | 36.46 | Нүүрс | 5051118 | Андын илч | 2007-01-02 | 2037-01-02 |
15 | MV-00021459 | Хэрмийн цагаан өндөр | 3251.05 | Нүүрс | 5150884 | Монгол Ураниум Ресурс | 2019-09-09 | 2049-09-09 |
16 | MV-00021510 | Цагаан дэл | 3772.13 | Холимог металл | 5209552 | Эф Эм Ай | 2019-12-20 | 2049-12-20 |
17 | XV-00011044 | Билх овоо | 6992.34 | 5197783 | МТ Майнинг | 2006-01-02 | 2018-01-02 | |
18 | XV-00013166 | Эрдэнэцагаан | 25677.36 | 5098564 | АДАЭ | 2008-01-14 | 2021-11-27 | |
19 | XV-00018247 | Хэрмийн цагаан өндөр | 34194.55 | 5150884 | Монгол Ураниум Ресурс | 2010-12-30 | 2022-12-30 | |
20 | XV-00020797 | Эрдэнэцагаан | 6018.2 | 5098564 | АДАЭ | 2008-01-14 | 2021-11-27 | |
21 | XV-00020914 | Хөх чулуутын ам-1 | 880.8 | 2868687 | Уулс-ноён | 2017-09-25 | 2020-09-25 | |
22 | XV-00020919 | Хөх чулуутын ам-2 | 7696.98 | 2868687 | Уулс-ноён | 2017-09-25 | 2020-09-25 | |
23 | XV-00020932 | Дэрст толгой-1 | 1252.14 | 5063795 | НАМУУН ТОД | 2017-09-28 | 2020-09-28 | |
24 | XV-00020933 | Дэрст толгой-2 | 3892.35 | 5063795 | НАМУУН ТОД | 2017-09-28 | 2020-09-28 | |
25 | XV-00021143 | Эрдэнэ-4 | 3124.13 | 5118344 | Алтайн Хар Азарга групп | 2018-10-23 | 2021-10-23 | |
26 | XV-00021197 | Хажуу улаан | 7625.06 | 5459699 | Сайхантөмөрт | 2019-01-09 | 2022-01-09 | |
27 | XV-00021284 | Баян хушуу | 6695.77 | 5199409 | ГОЛДЕН ХИЛЛ | 2019-04-17 | 2022-04-17 | |
28 | XV-00021285 | Хулман нуур | 3486.61 | 6395805 | Акс Капитал Групп ХХК | 2019-03-28 | 2022-03-28 | |
29 | XV-00021301 | Элстэй | 4845.94 | 5506816 | Мига Эрин | 2019-05-13 | 2022-05-13 | |
30 | XV-00021320 | Эрдэнэ-4 | 7469.46 | 6173292 | Монгол панчуан энержи | 2018-10-23 | 2021-10-23 | |
31 | XV-00021442 | Эрдэнэ-2 | 7176.98 | 5436303 | Фондминералс | 2018-10-23 | 2021-10-23 | |
32 | ГТБХГ-29a | АРБУЛАГ-XXIX-1/A/ | 90498.99398 | Газрын тос | 5689945 | Макс Ойл | 2017-08-29 | 2025-08-29 |
АДАЭ гэх компанийг онцлоод буйн учир нь байгаль орчныг хайр гамгүй сүйтгэж, хууль бус үйл ажиллагаа явуулаад зогсохгүй түүнийг нь нутгийн удирдлагууд хамгаалж буйд юм.
Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг, тахилгат Баянцагаан хайрхны ар хормой буюу Хамар булаг гэдэг газар Хятадын хөрөнгө оруулалттай тус компани үйл ажиллагаа явуулж буй. АДАЭ компани MV-00020796 тоот тусгай зөвшөөрөлтэй жоншны ордын 631.05 га талбайг 30 жил эзэмшихээр авчээ. Гэвч тус компанийн бичиг баримт нь хуурамч байсан нь тус компани нутгийн иргэдийн шүүмжлэлд өртөх шалтгаан болжээ. Тухайлбал, Архангай аймгийн газрын зураг тавьчихаад нэрийг нь Эрдэнэцагаан гэж бичсэн зөвшөөрөл канондсоноо иргэдэд үзүүлдэг байна. Хэрэв зөвшөөрөл нь үнэн бол Эрдэнэцагаан буюу сумын төвийг бүхэлд нь эзэн суух эрхтэй болж таарах аж. Угтаа Хамар булаг гэдэг нэртэй байх учиртайг иргэд нь тайлбарлаж байна.
Түүнчлэн өнгөрсөн оны хавраас тус компани 100-130 метрийн урттай хоёр хонгил үүсгэснийг иргэд, малчид компанийн ашиглалтын талбайд хүчээр нэвтрэхдээ олж мэдсэнээс гадна ажилчдынхаа талаар мөн л ташаа мэдээлэл өгснийг нь олж харжээ. Тодруулбал, АДАЭ компани өмнө нь албан ёсны зөвшөөрөлтэй 14 хятад ажилчин байгаа гэж мэдээлэл өгч байсан бол түүнээс олон хүн байсан бөгөөд иргэдийг дайрч ороход зугтацгаасан байна. Түүгээр зогсохгүй олон зөрчил, аюулгүй ажиллагааны дутагдал байсан тул иргэд хүчтэй эсэргүүцэж, шаардлага тавьсны ачаар сумын Засаг дарга Ө.Батсайхан компанийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан ч тэд үл тоон ажилласаар байгаа аж.
Энэ тухай Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн иргэн Н.Ариунтунгалаг ийн ярилаа.
Видео:
Нутгийн иргэд тус компанийг анхнаасаа хууль зөрчиж үйл ажиллагаагаа эхлүүлснийг ярьж байна. Ялангуяа, сумын Засаг дарга Ө.Батсайхан, Бичигтийн боомтын гаалийн дарга С.Батдамба нар ашиг сонирхлын зөрчилтэйгөөр компанид үйлчилж байгаа хэмээн буруутгаж буй.
Зүй нь Байгаль орчны үнэлгээний тайланг бэлтгэхэд иргэдэд танилцуулж санал авах ёстой. Ингэхдээ Иргэдийн нийтийн хурлыг албан ёсоор хуралдуулж, санал авч, саналыг Багийн хурлын албан ёсны шийдвэрээр баталгаажуулаад хурлын тэмдэглэлийн дүрс бичлэгийн хамт тайланд тусгах учиртай байв.
Эрдэнэцагаан сумынхны хувьд багийн хурал хийхэд эсэргүүцсэн саналаа өгсөн буюу багийн хурлын шийдвэр "уг төслийг дэмжихгүй" гэж гарчээ. Гэвч компани дахин хурал хийлгэсэн гэх боловч ирц бүрдээгүй, 13 хүний гарын үсгийг хуурамчаар зурсан материал бүхий багийн хурлын шийдвэрийг хуурамчаар үйлдсэн байж.
Энэ тухай "Уул уурхайгүй Эрдэнэцагаан" ТББ-ын тэргүүн Ч.Адъяасүрэн ийн ярилаа.
Видео:
Ийнхүү дураараа дургисан нь одоо болтол шүүх, прокуророор шалгагдаад явж байна.
Түүнээс гадна 2019 онд олборлолтоо эхлүүлэх үед ус ашиглах зөвшөөрлөө зохих ёсоор аваагүй гэсэн бас нэг зөрчил гаргасан байна. Өөрөөр хэлбэл, олборлолт эхлэхийн тулд
гэсэн шаардлагыг хангасан байх ёстой ч АДАЭ компани 2019 онд олборлолтоо эхлэхдээ ус ашиглах тухай дүгнэлтээ ч гаргуулаагүй байсныг нутгийн иргэд илрүүлжээ.
Үүний үр дүнд уг дүгнэлтийг гаргуулж, өнгөрсөн оны есдүгээр сард ус ашиглах зөвшөөрлөө Засаг даргаас авсан байдаг. Энэ нь мөн л хууль ёсны гэж үзэхэд хүндрэлтэй. Учир нь ус ашиглах гэрээ байгуулаагүйгээс гадна Засаг дарга нь ус ашиглах, газар ашиглах зөвшөөрлийг олгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Сонсох ажиллагаа зохион байгуулаагүй тул Засаг даргын шийдвэр өөрөө хууль ёсны байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй болж байгаа юм.
Схем 1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаарддаг шат дамжлага
Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.
Схемд үзүүлсэн зарим шаардлагуудыг АДАЭ компани биелүүлээгүй болохыг дээр дурдлаа.
Энэ бүх зөрчлийг байгаль орчин, нутаг усаа хамгаалах чин хүсэлтэй иргэд л ил гаргаж буй. Тэд ямар бичиг баримт яаж шаардах вэ гэдгээ өнөөдөр мэддэг болсны хүч юм. Нээлттэй нийгэм форум орон нутгийн төрийн бус байгууллагуудаар дамжуулан хариуцлагатай уул уурхайн талаар, ялангуяа эрх зүйн чиглэлээр орон нутгийн иргэдэд системтэй мэдээлэл өгч, чадавхжуулсан нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ. Эрдэнэцагаан суманд Их Бага Баяншарга ТББ орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах үйл ажиллагаа явуулж байна.
Улмаар нутгийн иргэд санаачилга гарган нэгдэж, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан” ТББ байгуулж, идэвхтэй тэмцэж байна. Иргэдийн оролцоо нэмэгдэж, сайжирч гэмээнэ тогтолцооны гажуудал засагддаг билээ. Харин орон нутгийн удирдлагууд “Харин ч Сүхбаатар аймаг уул уурхайн цөөхөн лицензтэй” хэмээн ярьж суудаг нь харамсалтай.
Эрдэнэцагаан сумынханд зөвхөн усны асуудал үүсээд байгаа юм биш. Бэлчээрийн талхагдалт, тоосжилт гамшгийн хэжээнд хүрч, хүн амьдрахад үнэхээр хүнд болжээ.
Тухайлбал, Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн газрын тос зөөдөг том машинууд, Хөөтийн нүүрсний уурхайн тээвэр Эрдэнэцагаан сумын I болон VII багийн нутгаар дамжин Бичигтийн боомтоор урд хөрш рүү гардаг. Харин тэр замд нутгийнхны өвөлжөө, хаваржаа, мэдээж малын бэлчээр байдаг. Гэтэл дээр дурдсан компанийн тээврийг хийж буй жолооч нар зам товчлох гэж дуртай газраараа давхиснаас олон салаа эрээлжилсэн зам үүсжээ. Өдөрт 100-гаараа ийнхүү давхилдах машины хөлд хөрс эвдэрч, тоосжилт хүн, мал амьдрах аргагүйд хүргэж байна.
2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн хүнд даацын тээврийн хэрэгслүүд батлагдсан маршрутаа зөрчиж, үндсэн замаас гадна арав гаруй салаа зам үүсгэж, зарим нь бүр малчдын хот дамжин өнгөрсөөр.
Товчхондоо нутгийн хил хязгаарт малчин иргэдийг эс тооцвол хараа хяналт огт алга. Үүнийг АДАЭ-гаас гадна дур зоргоороо аяглаж буй уул уурхайн бусад компаниудын илт хариуцлагагүй үйл ажиллагаа батална.
Эрдэнэцагаан сумын зүүн өмнөд хэсэг, VII багийн нутаг Тарган тал хэмээх газарт Хилийн цэргийн 0146-р ангийн хилийн застав бий. Гэтэл тус заставын хариуцсан хилийн бүсэд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Макс-Ойл” компани өнгөрсөн жилээс газрын тосны хайгуул, олборлолт явуулж эхэлснийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөндсөн. Улмаар иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан мөн л олон зөрчлийг нь ил болгожээ.
Энэ бол эзэнгүй мэт хаягдаж, уул уурхайн нөлөөнд сүйдэж буй Монгол орны олон газар нутгийн зөвхөн ганц сумын жишээ билээ.