Зураг
Зураг
   
1
2
3

Д.Мөнх-Эрдэнэ: Боловсрол, хууль, шүүхийн реформ хийхгүйгээр бид үсрэнгүй хөгжилд хүрч чадахгүй

Ч.Болортуяа
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Д.Мөнх-Эрдэнэ: Боловсрол, хууль, шүүхийн реформ хийхгүйгээр бид үсрэнгүй хөгжилд хүрч чадахгүй
Зураг
  Аль ч салбарын нарийн учиг руу нэвтэрч орох мэдлэг, ур чадвар шаарддаг мэргэжлийн нэг бол яах аргагүй хуульч. 

Ажилласан газар, төсөл бүртээ тухайн салбарынхаа гүнд нь орж байж нарийн зангилааг тайлж, засварыг хийнэ, хууль, эрх зүйн өөрчлөлтийг авчирна.

Яг энэ замналаар явж буй залуу хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг бид "Өглөөний Хүн" булангийн хулгана жилийн анхны зочноор урьж ярилцлаа.

Д.Мөнх-Эрдэнэ нь  хуульчийн гараагаа Банкны салбараас эхэлж, Хууль зүй, дотоодын хэргийн яаманд мэргэжилтэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мөн хуульчаас Хуулийн хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх зэрэг төрийн чухал албыг хашиж ирсэн юм. Тэрбээр хууль зөвхөн цаасан дээр л байдаг зүйл биш гэдгийг НЗДТГ-т ажиллаж байхдаа харуулахыг зорьж байсныг уншигч та бүхэнд эргэн сануулахад таатай байна. 

Д.Мөнх-Эрдэнэтэй бид энэ удаад ТУЗ-ийн даргаар нь ажиллаж буй Сити их сургууль, үүнээс улбаатай боловсролын реформ, хууль, шүүхийн салбарын ээдрээтэй цаг үе болоод нийслэл хотын хөгжлийн талаар ярилцлаа.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

 

Ярилцлагын зочин: Д.МӨНХ-ЭРДЭНЭ @MunkhErdene81
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА @Bolort
Гэрэл зургийг:  Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer"
Зураг

НЭГ. Их, дээд сургуулийн удирдлагын томилгоонд улс төрийн бохир нөлөөг оруулсан нь манай улсын хамгийн том алдаа

 

- Аж үйлдвэрийн IV хувьсгалтай холбоотойгоор боловсролын салбарын хөтөлбөр, агуулгууд ч шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Монгол энэ өөрчлөлттэй зэрэгцэж чадахгүй байгаа. Үүнийг өнөөдрийн ажилгүйдэл, ажилгүйчүүд дундаа дээд боловсролтой хүн 60% байгаа нь нотолж байгаа болов уу. Таны бодол ямар байгаа вэ?

- Өөрчлөлттэй уялдаж чадаж байна уу гэвэл чадахгүй байна. Гэхдээ хичээж байгаа. 

Сүүлийн 3-4 жилд Аж үйлдвэрийн IV хувьсгалын нөлөө, өөрчлөлтийг боловсролын яам, байгууллагууд ярьж, өөрчлөлт шинэчлэлт зайлшгүй шаардлагатайгаа өөрсдөө таньж мэдээд байх шиг байна.

Нөгөө талд төрийн оролцоо харьцангуй бага буюу өөрсдийн хүчээр хөгжиж ирсэн салбар бол мэдээлэл, технологийн салбар. Энэ ч утгаараа хөгжлийн хувьд боломжийн шатанд яваа. Одоо боловсрол, мэдээлэл технологийн салбарын хөгжлийг уялдуулах ажлыг төрөөс онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

- Шинэ эриний гол шалгуур болж байгаа байгалийн шинжлэх ухаан тэр дундаа математик, физик гэх мэт хичээл дэх сурагчдын сурлагын чанар тун хангалтгүй байна. 

- Боловсрол нь тухайн цаг үе болоод ирээдүйд гарах өөрчлөлт, тухайн улс үндэстний зорилго, зорилтыг тодорхойлох гол салбар.

Бусад улсын туршлагаас харахад ч боловсролын салбартаа реформ хийж, шинжлэх ухаанч, зөв шийдвэр гаргасан улсууд үсрэнгүй хөгжсөн байдаг. Хойд Европын буюу Скандинавын орнууд нь хүн ам багатай ч боловсролын салбартаа илүү их хөрөнгө оруулалт хийснээр тогтвортой хөгжилд хүрээд байна. Эдгээр улсын туршлагыг харвал таны асуугаад байгаа суурь шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэхдээ онол гэхээсээ хэрэглээ тал руу нь хөтөлбөрийг нь өөрчилж шинэчилсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, хүүхэд, сурагчдын сонирхлыг татахуйц агуулга өгч, улмаар нэгэнт сонирхол нь татагдсан хүүхэд тухайн агуулгыг гүнзгийрүүлэн суралцах боломжоор хангах аргыг ашиглаж байна.

Хүүхэд, багачууд байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг сонирхохгүй байна гэдэг нь сургалтын хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийгээгүй, хүүхдийн сонирхол татахуйц техник, тоног төхөөрөмжөөр хангаагүй байна гэсэн үг. Физик, химийн лаборатори байгуулж, хүүхдүүд бодитооор турших, үзэж харах боломжийг бүрдүүлэх шаардлагатай болжээ.

Бидний нүдэн дээр эрс өөрчлөгдөж байгаа улс бол өмнөд хөрш Хятад.

Эрдэм шинжилгээ, судалгааны эх үндэс болдог их, дээд сургуулиудыг хамгийн шилдэг менежерүүд нь удирдахгүй л бол бүх юм буруу эргэдэг

Хятадын хувьд соёлын хувьсгалын дараа буюу 1970-аад оны сүүл үеэс байгалийн шинжлэх ухааны салбартаа онцгой анхаарч, хөрөнгө оруулалт их хийсэн. Мөн улс төрийн бодлогын хүрээнд Дэн Сяопин Хятадын их, дээд сургуульд тухайн улс орны хамгийн шилдэг мэргэжилтэн, менежерүүд ажиллах ёстой гэсэн бодлого, шалгуурыг тавьж их, дээд сургуулиудын удирдлагыг сольсон байдаг. Юу гэхээр, эрдэм шинжилгээ, судалгааны эх үндэс болдог их, дээд сургуулиудыг хамгийн шилдэг менежерүүд нь удирдахгүй л бол бүх юм буруу эргэдэг гэдгийг эрт харсан байна. 

Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгааг бид сайн мэднэ. Их, дээд сургуулиудын удирдлага нь намын харьяалал, ивээлээр өөрчлөгддөг, шагналын албан тушаал болчихсон. Энэ нь манай төр засгийн бодлогын маш том алдаа. Хятад, Сингапур яг үүний эсрэг өөрчлөлтийг хийсэн байдаг.

Тэгэхээр улс орны хөгжлийн чиг баримжааг тодорхойлдог боловсролын байгууллагын удирдлага, хүний нөөц нь бохир улс төрийн дамжлагаар орчихсон, дээр нь хөрөнгө оруулалтаар боодог үед бид боловсролын чанар ярихад хэцүү болчихоод байгаа юм. 

- Боловсролын реформыг дэмжиж байгаа гэж ойлголоо. Зөв үү?

- 100% дэмжиж байгаа. 

- Та хувийн их, дээд сургуулиудын нэг төлөөлөл. Нэг үеэ бодвол Монголын их, дээд сургуулийн тоо хоёр дахин буурсан байна. Энэ үзэгдлийг байгалийн шалгарал гэж тайлбарлаж болох уу?

- Хоёр хүчин зүйлээс хамаарч тооны хувьд буурсан.

Нэг нь яах аргагүй зах зээлийн шалгарал. Нөгөө нь яамнаас төрийн өмчит их, дээд сургуулиудыг нэгтгэх ажлыг сайн зохион байгуулсан. Жишээ нь Цагдаа, Хилийн цэрэг, Батлан хамгаалах зэрэг олон сургуулийг нэгтгэн Хууль сахиулах их сургуулийг байгуулсан. Тооны энэ бууралт нь сайн зүйл. 

Цаашид ч буурах ёстой. Хэрхэн бууруулах вэ гэвэл сургуулиудад тавих стандарт, шаардлагуудыг өндөрсгөх. Сайн боловсрол гэдэг өөрөө үнэ цэнтэй, үнэтэй. Тэр хэрээрээ хөрөнгө оруулалт их шаарддаг. Гэтэл өнөөдөр амь зогоох байдлаар боловсролын салбарыг авч явж байгаа нь буруу.

График 1, Монгол Улсын их, дээд сургуулийн тооны бууралт, 2005-2019, Эх сурвалж: ҮСХ

Шалгуур, стандартаа өндөрсгөж, хугацаатай даалгавар өгөөд биелүүлж чадаагүй их, дээд сургуулиудыг МСҮТ болгох гэх мэтээр өөрчлөлт хийх шаардлагатай байна. 

- “Сити” их сургуулийн хувьд дээр дурдсан өөрчлөлт, шинэчлэлийг хэрхэн хийдэг вэ. Зах зээлийн энэ олон шуургыг өдий хүртэл хэрхэн амжилттай давж ирэв?

- Нэгдүгээрт, чадварлаг менежерүүд сургуулийг удирдаж байна. 

Хоёрдугаарт, сурах орчныг бүрдүүлэхэд бид харамгүй хөрөнгө оруулалт хийж байгаа. 

Гуравдугаарт, сургалтын хөтөлбөрийн хувьд хамгийн сүүлийн үеийн хичээл, агуулгыг өгөхийг хичээдэг. Ингэхийн тулд сургуулийн гадаад харилцаа маш чухал. Манай сургууль Европын Холбооноос зохион байгуулдаг ERASMUS Mundus Mobility with Asia хөтөлбөрийн Монгол дахь түнш байгууллагаар ажилладаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд багш нар маань доктор, мастерын хөтөлбөр болон богино хугацааны сургалтуудад хамрагдаж, сургалтын хөтөлбөр, агуулгаа тогтмол баяжуулж, шинэчилж ирсэн. 

Дэлхийн шилдэг сургуулиуд сүүлийн үед хөтөлбөр, хичээлээ нээлттэй эх дээр байршуулж байгаа нь боловсролын байгууллагад ажиллагсад болоод хүн бүрт их том боломж олгож байна

Бас нэг чухал зүйл бол өнөөгийн дижитал эринд багш, оюутнуудын хувьд заавал тухайн улс оронд нь очиж суралцана гэлтгүй эх орондоо нээлттэй их өгөгдлийг ашиглаж эрдэм, боловсролоо дээшлүүлэх боломж бий болсон байна. Дэлхийн шилдэг сургуулиуд сүүлийн үед хөтөлбөр, хичээлээ нээлттэй эх дээр байршуулж байгаа нь боловсролын байгууллагад ажиллагсад болоод хүн бүрт их том боломж олгож байна. 

 

- Боловсрол үнэтэй байх ёстой талаар бид ярилцсан. Чанартай боловсролд мэдээж хөрөнгө оруулалт их шаардана. Гэхдээ энэ байдлаас үүдээд боловсрол нь өөрөө тэгш бус байдлын нэг том шалтгаан болоод байгааг дэлхий даяар ярьж байгаа. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?

- Нэгдүгээрт төлбөрийг бууруул гэдэг утгагүй шаардлага. Үнэгүй болго гэдэг бүр байж болохгүй зүйл. Гэхдээ энэ нь их, дээд боловсролын тухайд юм. Дээд боловсрол  өөрөө үнэтэй, шалгуур өндөр байх ёстой. Харин тэгш бус байдлыг арилгахын хувьд гэвэл дэлхийн улс орнуудын нэгэн адил, амьдралын түвшнээс хамааран оюутнуудад тэтгэлэг, хөнгөлөлт үзүүлж, авьяас, чадвартай, хүсэл, эрмэлзэлтэй бүх хүүхдэд суралцах тэгш боломж олгох явдал чухал. Улс орны төр засаг ч өөрийн хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдуулан голлох салбарын хүний нөөцийг бэлтгэх боловсролын хөтөлбөрүүдэд тэтгэлэг олгох нь бий. 

Манай сургуулийн хувьд бусад их, дээд сургуулийн төлбөртэй харьцуулбал өндөр ч сурах хүсэл, эрмэлзэлтэй 100 гаруй оюутанд жил бүр тэтгэлэг олгож, хөнгөлөлт үзүүлж байна. Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд 40 гаруй оюутныг гадаадын их, дээд сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөрт хамруулсан.

"Жил бүр 100 гаруй оюутан сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, 40 оюутныг гадаадын их, дээд сургуулийн солилцооны хөтөлбөр хамруулсан байна"

 

- Бид боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлт ярихаар их, дээд сургуулийнхны хэлдэг зүйлийн нэг нь ерөнхий боловсролын төгсөгчдийн чанартай холбож ярьдаг. ЕБС-аас үнэхээр тийм сул хүүхдүүд ирээд байна уу?

- Яг сул гэж хэлж болохгүй. Гол ажигласан зүйл маань хүүхдүүдийн хувьд үнэхээр сурах чин хүсэл их бага байгаа нь ажиглагддаг. Мөн өөрийгөө дайчлан бие даан сурах чадвар бага байна. Өнөө үед насан туршийн боловсрол буюу хүн хэзээд шинэ зүйлийг, шинэ дэвшилтэт аргаар нь суралцаад мэргэжилтэн болох, мэргэжлээ ахиулах, дээшлүүлэх чадвар хамгийн чухал болоод байна. 

Энэ дадал чадварыг хүний бага насанд буюу цэцэрлэг, ерөнхий боловсролд нь өгч, сургаж чадвал тухайн хүн цаг алдахгүй, өөрийгөө нээх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн боломжийг л алдаад байна гэсэн үг.

Ерөнхий манай нийгмийн байж байгаа байдал бага, том гэлтгүй яаж ийж байгаад л сургуульд сурчихдаг, яаж ийж байгаад л амьдраад байдаг буюу бүгдийг яаж ийж байгаад аргалаад л амьдрдаг дундаж хүмүүсийг л бэлдээд байна. Юу гэхээр гоц, гойд байж болох хүмүүсээ алдаад байна.

Бид юуг ч төгс, сайн хийж чадахгүй байна. Тухайн хүүхдийн нөөц боломжийг бүрэн нээж чадахгүй байна. Боловсролын хамгийн чухал зорилго бол тухайн хүний нөөц боломжийг бүрэн нээх арга замыг нь зааж, дадлагажуулах явц гэж үздэг.

- Бүгдийг аргалах сэтгэхүй нь ялангуяа боловсролын салбараар жишвэл нийтлэг зорилт, зорилго байхгүйтэй холбоотой юм уу гэж хардаг. Юу гэхээр Монголын боловсрол дэлхийтэй өрсөлдөх хүнийг бэлтгэнэ, дэлхийг тэргүүлэх хүнийг бэлтгэнэ гэдэг зорилт зорилгогүй учир бөөн өнөөдрөөрөө сэтгэсэн, аргалсан хүмүүс бий болоод байх шиг.

- Санал нэг байна.

Бид чадахгүй гэж бодвол хэзээ ч чадахгүй чигтээ үлдэнэ. Хувь хүн ч адил.

Харин чадна гээд түүндээ таарсан үе шат зорилтоо тодорхойлоод явах ёстой. Дэлхий нэг том зах зээл. Таван сая хүнтэй Финланд Nokia гар утас,10 сая хүнтэй Швед Volvo, Scania автомашин, Ericsson гар утас, Electrolux цахилгаан бараа, Ikea тавилгын үйлдвэртэй байна. Бидэнд ч гэсэн боломж бүрэн бий. Төрөөс, их, дээд сургуулиудын зүгээс инновацыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, залууст боломж олгох ёстой.

Би нийслэлд ажиллаж байхдаа Инновацийн төв байгуулах санаачилга гаргаж, нийслэлийн удирдлага дэмжин байгуулж байсан. Одоо залуучууд хуран цуглаж, санаа оноогоо уралдуулдаг, хамтран ажилладаг газар болсон байна лээ. 

-Боловсролын салбарыг шинэчилье гэхээр хөрөнгө оруулалт маш их шаардлагатай. Монгол Улсын хувьд төсвийн зардлын 16 орчим хувийг энэ салбарт зарцуулдаг нь боломжийн түвшин. Гэхдээ улсын төсөвтэй харьцуулахад ийм ч яг төсөв маань өөрөө хөгжингүй орнуудтай харьцуулшгүй бага. Хоёрдугаарт, тус салбарт ногдож байгаа төсвийн 85 орчим хувьд нь урсгал зардалд зарцуулагдаж байна. Тиймээс өрсөлдөх боломж хэр вэ?

- Улсын эдийн засгийн нөхцөл байдалтайгаа харьцуулаад харахаар боловсролын салбарт зарцуулж буй төсөв, гадаадын зээл, тусламжийн хэмжээ тийм ч бага биш. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд авч хэрэгжүүлж болох ажлууд зөндөө их. 

Нэгдүгээрт, энэ зарцуулагдаж байгаа төсөв, хөрөнгө оруулалт өөрөө үр дүнтэй, зөв зүйлдээ зориулагдаж чадаж байна уу гэдэг хамгийн чухал асуудал. 

Хоёрдугаарт, дээр дурдсан боловсролын салбар дахь улс төрийн бохир нөлөөг таслан зогсоох, яг хийе, өөрчилье гэсэн чин хүсэлтэй, чадварлаг мэргэжилтэн, менежерүүдийг их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилох. Шаардлагагүй маш их орон тоо бий. Түүнээс хэмнэсэн зардлаа шилдэг менежерүүддээ нэмж өг. 

Нөгөө талд тэдгээр менежерүүд нь тодорхой хугацаа тавиад тус тусын зорилготой болох хэрэгтэй. Зорилго, үр дүн, биелэлтээр нь хариуцлага тооцож ажиллах. Энэ нь зөвхөн их, дээд сургууль бус ерөнхий боловсролын сургуульд ч хамаатай байх ёстой. 

- Төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнгүй, харилцан адилгүй байдал манай хамгийн том асуудлын нэг. Үүнийг хамгийн түрүүнд боловсролын салбарт нэвтрүүлэх шаардлагатай байна. Тийм үү?

- Төсвийн хөрөнгө оруулалтын өгөөжийг зорилго ба үр дүнгээр тооцох нь манай улсын хувьд хамгийн тулгамдсан асуудлын нэг. Үүнийг зүгээр ярих бус хуульчлах шаардлагатай. 

Товчхон тайлбарлахад, хөгжингүй орнуудын хувьд төсөвт байгууллагын ажлын гүйцэтгэлийг үнэлдэг хуультай.

Боловсролын байгууллагуудын хувьд төрийн өмчит буюу төсөвт байгууллага учраас үүнд зарцуулж байгаа татвар төлөгчдийн нэг төгрөг болгон юунд зориулагдаж байгаа нь нэгдүгээрт ил тод байх, хоёрдугаарт үйл ажиллагааг нь тогтолцоогоор хянах арга юм. Улсын төсвийн 15, 16 хувийг зарцуулж байгаа салбарт 4 жилийн дараа тодорхой үр дүн гарахгүй бол хариуцлага тооцдог, амжилт гаргавал урамшуулал олгодог тогтолцоо.

Үүнийг төрийн бодлогоор хийдэг болохын тулд хууль хэрэгтэй юм билээ. 

- Таны хувьд Германд багагүй хугацаанд сурч байсны хувьд тухайн улсын боловсролын салбараас хамгийн их анхаарч ажигласан зүйл нь юу байв?

- Германд боловсролын системд хамгийн өндөр мэдлэг, чадвартай хүмүүс нь ажилладаг. Энэ хэрээрээ тэдний үнэлэмж буюу цалин ч өндөр. Хэдийгээр багш, эрдэмтдийн цалин, хангамж зарим бизнесийн компанид ажиллахтай харьцуулахгүй ч эрдэм номын мөр хөөсөн хүний хувьд хэзээ ч харамсахааргүй боломж, амьдрал ахуйдаа санаа зовохгүйгээр ажилдаа сэтгэл, зүтгэлээ зориулах хэмжээнд тухайн хүнийг үнэлж байна. 

Зураг

ХОЁР. Эдийн засгаа босгоё л гэж байгаа бол шүүхийн шинэчлэлээс эхлэх ёстой

 

- Та МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд шууд банканд ажилласан юм билээ. Яагаад ийм сонголт хийх болсон бэ?

- Биднийг сургууль төгсөх үед банканд ажиллах нь трэнд болж байсан. Банк, санхүүгийн зах зээл ч хөгжиж, хамгийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж байсан үе шүү дээ. Тиймээс ч маш сонирхолтой байсан. Их ч зүйл сурсан.

- Хувийн хэвшилд ажиллаж байгаад гэнэт Хууль зүйн яаманд орох болсон шалтгаан юу байв. Ерөнхийдөө хувийн хэвшлийн ажлын соёлд нэгэнт дассан хүн төр рүү тэр бүр ордоггүй шүү дээ. 

- Төрийн албанд ажиллаж сурах, суралцах зүйл их байна гэж боддог байлаа. Тухайн үед өдөр тутмын сонинуудаар төрийн албаны ажлын байр нээлттэй зарлагддаг байж. Нэг удаа өглөө ажил дээрээ иртэл өрөөний маань найз сонин дэлгэчихсэн хоёр, гурван нүүр дүүрэн төрийн албаны ажлын байрны зар, шалгалтын хуваарь харчихсан сууж байв. Би ч бас сонирхоод харсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хуульч, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн авна гэсэн зар байсан. Хууль зүйн яамыг нь сонгоод шалгалт өгөөд нэгээр тэнцэж яаманд мэргэжилтэн болж очиж байв. Одоо бодоход 2000-аад оны дунд үед төрийн алба их нээлттэй, шударга шалгуураар мэргэжилтнүүдээ бүрдүүлдэг байжээ.

- Хууль зүй, дотоод хэргийн яаманд ямар хугацаанд ажиллав?

- Яаманд жил гаруй ажиллаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар руу шилжин ажиллах болсон.

- Хэрхэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт очсон бэ?

- Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас санал тавьсан. Хууль зүй, дотоод хэргийн яам Засгийн газрын хуулийн бодлогын зөвлөхийн үндсэн чиг үүргийг хариуцдаг. Энэ чиг үүргийн хүрээнд яамны удирдлага, мэргэжилтнүүд ЗГХЭГ-тай нягт хамтарч ажилладаг байсан юм. Тэгээд л тус газрын удирдлага хүний нөөцөө судалж, ажлын санал тавьсан хэрэг. Тэнд шинжээчээс ажлын гараагаа эхэлсэн. Хожим би ч гэсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байхдаа аль болох тус яамны бэлтгэгдсэн мэргэжилтнийг ажилд авахыг зорьдог байв.

Ингэж 2008-2016 оны хооронд засагт ажилласан.

Миний хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байхдаа төрийн албаны дэг жаяг, дүрэм журам, хууль тогтоомжийн болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах ажлын талаар маш их зүйл сурсан даа. Гэхдээ дунд нь жил гаруй завсарлаж сургуулийн ажилдаа оролцсоныг хэлэх хэрэгтэй байх.

"Аав минь сайн нэртэй явсан учир Дэмбэрэлцэрэнгийн хүү муу байх ёсгүй дээ гэдэг хүлээлт байдаг нь үнэн"

 

- Төрийн албанд ахиж дэвшсэн түүхийг тань нэг бүрчлэн асуугаад байгаа нь нөгөө л хардлагуудтай холбоотой. Өөрөөр хэлбэл таныг аавынхаа нэрээр төрийн албанд амар хялбар ахиж дэвшсэн байх гэсэн хардлага байж болох юм.

- Хүмүүс ерөнхийлж тэгж таамагладаг, боддог байж магадгүй ээ.

Сайн эцгийн нэр мэдээж хүнд эергээр нөлөөлөлгүй яахав. Гэхдээ миний хувьд үүнийг илүү их хариуцлага гэж хүлээн авч нэр, биеэ хичээж явахыг боддог. Аав минь сайн нэртэй явсан учир Дэмбэрэлцэрэнгийн хүү муу байх ёсгүй дээ гэдэг хүлээлт байдаг нь үнэн. Үүний цаана асар том хариуцлага бий. 

Харин миний тэр албан тушаал ахих барихад нөлөөлсөн зүйлгүй, боломж ч байхгүй. Аав минь 2002 онд юм даа намайг сургууль төгсөө ч үгүй байхад цус харваж, удалгүй гэртээ суусан хүн. Харин энэ хугацаанд хүнийг сайн явахад эргэн тойрны хүмүүс хэрхэн ханддаг, ядарч байхад нь тэр олон хүнээс жинхэнэ найз, хамтран зүтгэгч цөөн хэд нь үлддэгийг нүдээрээ харж, ухаарч, ойлгож авсан даа.

- Монголын хууль, шүүхийн салбар их сонирхолтой, ээдрээтэй цаг үеийг даван туулж байна. Үнэхээр бие даасан засаглал хэлбэрээрээ оршин тогтнож чадах уу эсвэл “хонгил” хэвээрээ үлдэх үү. Энэ бүхнийг хэрхэн дүгнэж харж байгаа вэ?

- Одоогоор аль зам руу хазайх вэ гэдэг нь тодорхойгүй, хэлэхэд эрт байна. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэг чиг гаргаж өгсөн. Ерөнхийдөө зөв чиг. Гэхдээ бодит амьдрал дээр хэрэгжиж чадах уу, үгүй юу гэдэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах органик хуулиудаас хамаарна. 

Хоёрдугаарт, хууль, шүүхийн байгууллагын бие даасан хараат бус байдал гэдэг хууль, эрх зүйгээс гадна хувь хүний ёс зүй, итгэл үнэмшил, хүсэл зоригоос маш их хамааралтай асуудал. 

Тодруулбал, хууль, шүүхийнхэн маань нийгмийн идэвхтэй байж, салбар дотроо болж байгаа, болохгүйгээ ярьдаг, хэлэлцдэг, олон нийтэд түүнийгээ ойлгуулдаг, үг, дуу хоолойгоо хүргэдэг, муу муухайгаасаа салдаг, цэвэрлэдэг орчин цагийн нээлттэй нийгмийн нэг хэсэг болохгүй бол нэг л мафи шиг хаагдмал бүлэг байгаад байвал цааш явахад хэцүү болчихлоо. 

Шүүгчид орчин цагийн нээлттэй нийгмийн нэг хэсэг болж нийгэмд дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй

- Монголчуудын шүүх хуулийн салбарт итгэх итгэл маш сул байна. Гэтэл энэ өөрөө маш хортой зүйл. Иргэд хууль, шүүхэд итгэлгүй болбол улс төрийн популизм бүр гаарах аюултай. Зарим улстөрч иргэдийн гарын үсэг цуглуулаад шүүхийн шийдвэртэй зарим хүнийг суллуулна гэж хүртэл ярьж байна. 

- Шүүхийн салбарт учирсан одоогийн хямралаас гарахад тухайн салбарын оролцоо, идэвх, санаачилга хамгийн чухал үүрэгтэй. Юун түрүүнд шүүх засаглал өөрсдөө улс төр болоод бизнесийн бүлэглэлээс хараат бус байж, мэргэжлийн ёс зүйгээ, эр зоригоо харуулж, бохир идээ бээрээсээ салж, цэвэрлэх талаар санаачилгатай ажиллах ёстой. 

Өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  үеэр хуульчид маань маш сайн оролцоотой байж эерэг өөрчлөлтүүд тусгуулж чадсан. Одоо үүнийгээ үргэлжлүүлж, идэвхтэй ажиллах нь зөв болов уу.

Өөрөөр хэлбэл, шүүгчдээс өөрсдөөс нь их зүйл хамаарна. Улстөрчид болон бизнесийн бүлэглэлүүдийн өөдөөс, буруу, хууль бус зүйлийн эсрэг юу ч хэлж, ярьж чаддаггүй бол, эрүүл саруул, шүүмжлэлт сэтгэлгээгээр ажиллаж чадахгүй бол, нийтийн эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэр гаргадаг бол хуучин намаг балчигтаа л үлдэнэ. 

Шүүгчид хэтэрхий бэртэгчин байна

 

- Шударга бусын хонгилын түлхүүрийг хэн авах нь чухал болохоос энэ салбарт хэрхэн реформ хийх вэ гэдэгт улстөрчид манлайлж чадахгүй байгаа талаар та өмнө нь ярьж байсан. Үүнийг тодруулахгүй юу?

- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно.

Үүнээс өмнө дагалдах органик хуулиуд хүсэн хүлээсэн түвшинд батлагдаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Юу гэхээр одоогийн улстөрчдөөс хүлээх зүйл тун бага. Уг нь үнэхээр эдийн засгаа босгоё, улс орноо хөгжүүлье л гэж байгаа бол хууль, шүүхийн байгууллагын шинэчлэлээс эхлэх ёстой.

Жишээ дурдахад, 1990 оны арванхоёрдугаар сарын 24-нд Шүүхийн өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн чиглэлийн талаар Улсын Дээд Шүүх тогтоол гаргаж, хийх ажил, бодлогоо тодорхойлж байсан. Энэ бол шинэ Үндсэн хууль батлагдахаас хоёр жилийн өмнө болсон үйл явдал.

Тухайн цаг үе буюу 1990 оны шилжилтийн үед шүүх нэг намын хараат байдлаас бие даах үйл явц явагдсан байгаа юм. Үүнээс хойш 30 жил өнгөрсөн байна. Энэ 30 жилийн хугацаанд чухам хаана нь алдаа, завхрал гарав, юу нь болж бүтэв гэдэг дээр нэг дүгнэлт хийгээд төрийн хамгийн чухал институтийн нэг, нийгэмд шударга ёсыг тогтоодог энэ салбарт дараагийн реформ хийх цаг болсон гэж боддог. 

Шүүх засаглалын үр нөлөө нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шууд утгаараа маш их нөлөө үзүүлдгийг та бид сайн мэднэ. Нэг бизнесмэн нөгөөгийнхөө бизнесийг дээрэмдчихээд зүгээр суугаад байдаг газар хэн ч, хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй. Ингээд харахаар эдийн засгаа өсгөхөд хууль, шүүх, дээр ярьсан боловсролын салбартаа реформ хийхгүйгээр бид хүсээд байгаа үсрэнгүй хөгжилдөө хүрэхэд бэрх. 

Шүүхийн 1990 оны өөрчлөлт, шинэчлэлийн процессыг эргээд харахад шүүх, шүүгчид өөрсдөө уг реформын манлайлагч байсан байгаа юм.

Харин одоо ийм байж чадаж байна уу. Энэ салбарт хэтэрхий идэвхгүй, эр зориггүй, ёс зүйгүй, бэртэгчин байдал анзаарагдаад байна. 

- Улс төрд тэр дундаа хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д залуу хуульчид шинээр багагүй сонгогдсон. Тэдгээр хүн таны хэлээд байгаа реформыг манлайлах найдвар байна уу?

- Хугацааны хувьд ийм орон зай үлдсэнгүй. Гэхдээ боломж байсан уу гэвэл байсан.

Нөгөө талд одоогийн УИХ-ын гишүүд маань хамгийн нотолгоо, баримттай ЖДҮ-чдийн хэрэг дээр гэхэд нэгнээ хэрхэн хаацайлж авч үлдсэнийг бид бүгд харсан. Ийм ил тод гэмт хэрэг, дээрмийг эсэргүүцэж, ил тод, дорвитой дуугарч чадахгүй байгаа хүмүүсээс шударга зүйл хүлээх нь утгагүй. 

ЖДҮ шиг ил тод дээрмийг хаацайлж байгаа хүмүүсээс шударга зүйл хүлээх нь утгагүй

- Та МАН-ын гишүүн хүн. Намаа, намын нөхдөө их нээлттэй шүүмжилж байгаа харагддаг. МАН-д ийм үзэгдэл харьцангуй бага.

- Нам гэдэг ойролцоо үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл. Гэхдээ энэ нь нам дотор байгаа бүх хүн адил гэсэн үг биш. Хоёрдугаарт, дотор нь байгаа хүнээс хамгийн бодитой шүүмжлэл гардаг болов уу. Эрүүл, саруул шүүмжлэл, мэтгэлцээн, санаа бодлыг сонсож, хүлээн авч байж тухайн нам шинэчлэгдэж, өөрчлөгдөж, сайжирч явдаг гэж боддог. Вакуумжиж, хайрцаглагдаж болохгүй л дээ.

Зураг

ГУРАВ. Нийслэлийн өнөөгийн байдал шийдвэр гаргагчид нийтийн эрх ашиг гэдэг зүйлийг огт боддоггүйн илрэл

 

- Та сүүлд 3 жил шахуу нийслэлд ажиллаж байсан. Энэ үедээ хууль яриад л байхаас илүү ингэж хэрэгждэг юм гэдгийг харуулахаар Туушин зочид буудлын урд талын шатыг нурааж, явган хүний зам гаргуулж байсан. Энэ таны хариуцаж байсан ажил гэсэн. Зөв үү?

- Миний хувьд нийслэл Улаанбаатарт амьдрахад хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу вэ гэдэг дээр төвлөрч ажиллахыг хүссэн.

Нэгдүгээрт, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай юм байна гэж бодсон. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш Улаанбаатарын нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдсөн.

Тэр үед нийслэл 500 гаруй мянган оршин суугчтай байсан бол өнөөдөр 1.4 сая гаруй оршин суугчтай, 20 орчим мянган автомашинтай байсан бол 500 гаруй мянган автомашинтай болсон байна. Үүнийг дагаад хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол, сул дэд бүтэц, түгжрэл, нийтийн тээврийн гэх мэт олон асуудал бий болсон. Энэ бүгдийг шийдвэрлэхэд сайн хууль, эрх зүйн орчин, зохицуулалт маш чухал.  

 Нийслэлийн хэмжээнд 80 гаруй га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн

Хоёрдугаарт, Улаанбаатарт шударга бус зүйл буюу газрын луйвар, олон нийтийн эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэрүүд өнгөрсөн хугацаанд маш их гарч, гаарсан байсан. Санаатай, санамсаргүй хууль бус шийдвэрүүд, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө алдагдсанаас болж нийтийн эрх ашигт ноцтой хохирол учирсан нь тодорхой байсан тул уг алдааг давтах ёсгүй юм байна гэж бодсон. Тиймээс хотын удирдлагын зүгээс анхны гаргасан шийдвэрүүдийн нэг нь үлдсэн байгаа сургууль, цэцэрлэг, олон нийтийн эзэмшлийн газарт шинээр газар олгохыг хориглосон.

Дараа нь нийтийн зориулалттай талбайнуудыг эзэнтэй болгож, зөвхөн оршин суугчдын эрх ашгийн төлөө ашиглах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан СӨХ-дод эзэмшүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд л гэхэд 600 гаруй СӨХ 40.8 га нийтийн эзэмшлийн газраа албан ёсоор эзэмшсэн шүү.

Эдгээр газрыг эзэмшиж байсан компаниудын газрын зөвшөөрлийг цуцалсан. Хэл ам ч их гарсан даа. Энэ мэт ажлыг тооцоод үзэхэд 2016-2019 онд нийслэлийн хэмжээнд 80 гаруй га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн байсан. 

Бидний дараагийн хийх гэж зорьсон ажил бол Улаанбаатар хүндээ ээлгүй хот болчихсон байсныг залруулахаар зорьсон.

Үүний нэг жишээ бол "Явган хүний зам" хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн 2018 онд гэхэд шинээр 9,771 кв.метр явган хүний зам барьсан. Мөн нийслэлийн 2019 оны төсөвт зөвхөн явган хүний зам барихад зориулж 4.0 тэрбум төгрөг тусгуулж чадсан.

Зураг: Туушин зочид буудлын өмнөх шатыг буулгаж, явган хүний замыг чөлөөлөв, 2018.10.16

 
Гэрэл зургийг mpa.mn

- Сайн санаад байгаа нь л “Туушин” юм байна.

- “Туушин” хотын төвд байрладаг учир хүмүүс сайн санаад байгаа байх.

Түүнээс орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг гэх мэт олон газарт газар чөлөөлсөн.

Тухайлбал, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейн газарт хууль зөрчин олгогдсон газруудыг чөлөөлсөн. Мөн шинээр сургууль, цэцэрлэгийн барилга барихад зориулж 1,841 нэгж талбарт 220 га газар чөлөөлсөн байдаг. Бас 13-р хорооллын Натурын урд талд байх аюултайгаараа алдартай машин зам зэрэг олон газар бий. Тэнд гэхэд л бид явган хүний замыг хаасан цементэн хашааг нурааж, явган хүний зам барьж байлаа.

Зураг: Чойжин ламын музейн хашаан доторх 2 давхар барилгыг албадан буулгалаа. 2018.09.26)

 
Гэрэл зургийг mpa.mn

Зам чөлөөлж явган хүний зам, талбай гаргасан өөрчлөлтүүдээс:

- Араас нь засаж, хөрөнгө зарах шаардлага үүсгээд байгаа эдгээр алдааг хууль, эрх зүйн хүрээнд яаж залруулах вэ?

- Бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн.

Энэ хуулийн төслийн нэг амин сүнс нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлж газар олгохыг хуульчлах явдал байсан.

Үүнийг зөрчиж газар олгосон бол шууд хүчингүй болгож, олгосон албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох ёстой. Уул нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэдэг хотын удирдлагын хувьд хамгийн түрүүнд баримтлах чухал зарчим. Гэтэл энэ зарчим алдагдаад байсан нь хүн бүхний нүдэн дээр ил байсан. Ганцхан жишээ хэлэхэд ийм байна.

- Хотод болсон эдгээр олон замбараагүй байдлын учир шалтгааныг та хэрхэн харсан бэ. Юу гэхээр, үнэхээр бид хот барих гэж үзэж байгаа, туршлагагүйн гор уу, эсвэл УИХ-д нийслэлчүүдийн төлөөлөл багатай байгаатай холбоотой юу?

- Туршлага болон нийслэлийн иргэдийн төлөөлөл УИХ-д бага байна гэдэгтээ ч биш болов уу.

Ердөө л олон нийтийн эрх ашгийг эрх баригчид, шийдвэр гаргагчид нь огт боддоггүйтэй холбоотой юм байна гэж дүгнэсэн.

Үнэндээ одоогийн 76 гишүүн бүгд Улаанбаатарт амьдарч байна. 2016 оноос хойш УИХ-д Улаанбаатарыг 28 гишүүн төлөөлж байна.

Гэтэл өнөөдөр явган хүний зам талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хууль бус газрыг чөлөөлөх тухай хэн ярив. Хэн нь нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө, мянга мянган жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, саадыг арилгах, төрийн хүнд суртал, авлигыг бууруулах талаар ярив, санаачилгатай ажиллав, хууль санаачлав. Маш цөөхөн шүү дээ.

УИХ-ын гишүүний хууль санаачлах эрх гэдэг энэ улсад байгаа хамгийн том эрх мэдлийн нэг.

Өөрөөр хэлбэл, боломж бололцоо бий. Өнөөдөр Улаанбаатарын гэр хороололд 800 мянган иргэн хөрсний бохирдол дунд амьдарч байхад үүнийг өөрчлөх талаар дорвитой ажил санаачлах гишүүн байсангүй. Ингээд харахаар улстөрчид олон нийтийн эрх ашгийг огт анхаардаггүй гэж хэлж болохоор ч юм шиг байна. 

Дарга нар наад зах нь гадуур явган алхаж, хүмүүсийн амьдрал, нөхцөл байдалтай танилцахгүй байгаа нь тэдний нэг дутагдал. Энэ бүгдээс үүдээд амьдралаас тасарсан, зөв шийдвэр гаргахгүй байх шиг. 

Харин энэ удаагийн Засгийн газрын зоригтой, сайн хийж чадсан ажил бол сайжруулсан түлшний үйлдвэр байгуулж, утааг бууруулсан явдал. Одоо үүнийхээ хажуугаар өмнө нь эхлүүлсэн дэд төвүүд болон бичил сервис төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ёстой. 

- Хотын удирдлага Улаанбаатар руу шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг хориглож байсан. Энэ шийдвэр 2020 оны нэгдүгээр сарын 1-нд дуусаад сонгуулийн хуулиар хоёрдугаар сарын 1-нээс шилжилт, хөдөлгөөн хориглочихсон байгаа. Сонгууль дуусаад шилжилт хөдөлгөөнийг хориглох шийдвэр үргэлжлэх ёстой юу? Хэдийгээр шилжилт хөдөлгөөнийг хорьсон ч нийслэлд бүртгэлгүйгээр иргэд ирсээр байгааг бас хэлэх хэрэгтэй.

- Иргэдийн шилжин ирэх хөдөлгөөнийг хориглосон нь төвлөрлийг сааруулах чиглэлээр авсан нэг л арга хэмжээ. Хамгийн чухал нь эдийн засгийн хөшүүрэг, орон нутгийн хөгжлийн зөв төлөвлөлт. Орон нутгийг хөгжүүлэхгүйгээр хэт төвлөрөл буурахгүй нь бүгдэд тодорхой. 

Дарга нарын маань дутагдал, наад зах нь гадуур нэг ч явган алхахгүй байна. Энэ бүгдээс эхлээд амьдралаас тасраад зөв шийдвэр гаргахгүй байх шиг

- Шинэ коронавирусийн халдвар дэлхийн олон улсад түгээд байгаа энэ үед Монгол шиг нэг хотдоо буюу нийслэлдээ 50%-60% нь амьдардаг улс өөр бараг байхгүй байгаа нь гол эрсдэл болж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, хэт төвлөрөл ямар том эрсдэл вэ гэдгийг бид харж байна. 

- Тийм ээ.

Дээр хэлсэнчлэн бүсчилсэн хөгжлийг дэмжих эдийн засгийн ухаалаг бодлого гэдгийг бид ярьсаар байгаа ч одоо ажил хэрэг болгох бодит шаардлага бий болжээ.

Манай орны аж үйлдвэрийн бүс өмнө зүгт Өмнөговь аймаг, тэгээд Эрдэнэт, Дархан, Улаанбаатар байна. Сэлэнгийн хувьд газар тариалангийн төв. Тус бүс нутагт цаашдаа эрчимжсэн мал аж ауйг хөгжүүлэх бүрэн боломжтой. 

Сэлэнгэ, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт төмөр замаар холбогдсон. Өмнөговь, Улаанбаатарыг холбосон төмөр зам яваандаа бий болох ёстой. Цаашдаа аж үйлдвэрийн эдгээр бүсэд тулгуурласан хөгжлийн зөв төлөвлөлт чухал байна. 

Үүнийг бий болгохын тулд аж ахуйн нэгжүүд хөдөө орон нутаг руу шилжин байршихыг бодитоор дэмжсэн, татварын ухаалаг бодлого хэрэгжүүлэх нь зөв гэж бодож байна.

Мөн бидний олон жил ярьсан их, дээд сургуулиудыг орон нутаг руу шилжүүлэх ажлууд огт яригдахаа болилоо.

Хамгийн боломжит хувилбар гэвэл ШУТИС-ийг уул уурхайн төв Өмнөговь, эсвэл Эрдэнэт рүү, Хөдөө аж ахуйн их сургуулийг Сэлэнгэ, эсвэл Дархан руу нүүлгээд Улаанбаатарт ижил мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа эрхлэхийг хориглочих хэрэгтэй. 

- Орон даяар төдийгүй зөвхөн Улаанбаатарт гэхэд үйлчилгээний байгууллагын тэгш бус байдал гаарчихлаа. Хотын зах руугаа хөгжил явагдахгүй байна. Энэ нь ч хотын түгжрэл, төв рүү тэмүүлэх байдлыг улам өдөөж буй. Өнөөдөр гайгүй сайн үйлчилгээнүүд Сүхбаатарын талбай ба түүнээс урагш чиглэлд л түлхүү хөгжиж байна. Бизнесүүд мэдээж зах зээлээ дагана. Гэхдээ улс орнууд үүнийгээ зохицуулсан байдаг шүү дээ.

- Хотын хөгжлийг Бага тойруугаас захын хороолол руу хүргэх явдал чухал.

Уг нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөөрөө Улаанбаатар хот жигд хөгжсөн 8 дэд төвтэй байх ёстой.

Хотын захын дэд төвүүдийг байгуулах бүтээн байгуулалтын ажил 2016 онд Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар эхэлсэн, ид хийгдэж байна.

Цаашид төвлөрлийг сааруулж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжихийн тулд эдийн засгийн хөшүүрэг, татварын хөнгөлөлт, дэмжлэгийн ухаалаг бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна. Олон улсад ч ийм туршлага түгээмэл. 

- Хотын гудамжууд, явган хүний зам, авто зам, бродюрыг жил болгон шинэчилдэг газрууд байгааг нийслэлчүүд шүүмжилсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, огт хүний гар хүрээгүй, зам талбайтай болоогүй газар маш их байхад жилийн өмнө тавьсан замаа хуулаад л, нэг, хоёрыг нь л өөрчлөөд байдаг нь яг хэний буруу вэ. Дүүргүүдийн үү?

- Нэгдсэн төлөвлөлтгүй, бас төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгааг харуулж байна.

Нөгөө талаас, төрийн байгууллага, албан тушаалтнууд маань иргэд, олон нийтийн санаа бодлыг сонсдоггүйтэй холбоотой. Бидний эхлүүлж байсан явган хүний зам чөлөөлөх, барих ажилд иргэд олон нийт маш идэвхтэй оролцож, хамтран ажиллаж байсан. Иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа маш чухал. 

Хот гэдэг бид бүгдийн хамтын амьдрал. Тэгэхээр иргэд оршин суугч бүр үүрэг, оролцоотой байж, өөрсдийн хүсэж буй хотоо бий болгоно шүү дээ. 

 
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…
 
Ярилцлагын зочин: Д.Мөнх-Эрдэнэ @MunkhErdene81
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА @Bolort
Гэрэл зургийг:  Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer"
 
2020.03.04