224 цагийн хөгжмийн аяллаас өөрийн хөгжмөө олох нь…

- Германы философич Фридрих Ницше “Хөгжимгүй амьдрал бол алдаа юм” хэмээн хэлсэн байдаг. Түүний үзлээр хөгжим бол зүгээр нэг зугаа цэнгэл биш, харин хүний оршихуйн үндсэн илэрхийлэл, амьдралыг бүрэн дүүрэн мэдрэхэд зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Энэ нь Плэйтайм наадмын үндсэн зорилго, философитой ойр санагдана. Хурим найраас эхлээд оршуулга дээр ч хөгжим эгшиглэн хүний амьдралын баяр, гунигийн илэрхийлэл болж, бүхий л амьдралын турш бидний дурсамж бүртэй хэлхэлдэн оршдог нь хэний ч маргаж чадахгүй үнэн билээ… Иймд элдэв хараал зүхлээ хойш тавиад зөвхөн хөгжмийн талаар ярилцъя.

ТОМ ДЭЛГЭЦЭЭР ҮЗВЭЛ ТОХИРОМЖТОЙ
Гэрэл зургийг: MPA гэрэл зургийн агентлаг
Мэдээллийг бэлтгэсэн: IKON.MN М.Батчимэг
Буйдхан хотын маань хаа нэгтээ булан тохойноос хөгжим эгшиглэх нь цөөнгүй ч ганц дотоодын уран бүтээлчид бус дэлхий юу сонсож байна вэ? гэдгийг дэргэдээс нь харж, сонсох хүсэл хүн бүрд бий. Дэлгэцийн цаанаас сонсох, бодитоор нь амьд мэдрэмжээр олны эрч энерги дунд сонсох нь тэнгэр газар шиг ялгаатай зүйл билээ.

Тиймдээ ч уг наадмыг зохион байгуулагчид алс холоос зорин ирсэн уран бүтээлээ чин сэтгэлээсээ, чанартай бүтээдэг уран бүтээлчдийг үзэгч сонсогчдыгоо зорьж очин сонсоосой гэж хүсдэг.

Түүнчлэн тус наадмын захирал Ц.Нацагдорж “Залуу сонсогчид хөгжмийн гоё сайхныг утгаар нь мэдэрч, хөгжимд хандахдаа гэнэн цагаан “цаас шиг” байж өөрийнхөө хөгжмийн ертөнцийг олж нээгээсэй гэж хүсдэг. Иймдээ ч энэ жил Плэйтайм наадам хөгжмийн боловсрол олгох үүргээ сайн гүйцэтгэхийг хичээсэн” хэмээн онцолж байв.

Нарийвчлан төлөвлөсөн олон хөгжмийн хөтөлбөрийг нэгэн дор сонсгохын тулд гол тайзаас гадна өөр өөрийн онцлог бүхий тайзуудыг засдаг билээ. Түүнчлэн үзэгч өөрөө дуртай хөгжмөө алдалгүй сонсохын тулд Лайн-ап буюу жагсаалт гарган үзэх нь Плэйтайм наадмын нэгээхэн соёл болоод уджээ.
Дөрвөн өдрийн турш найман тайзнаас тоглосон нийт 104 хамтлаг, уран бүтээлчдээс олон хүн өөрийн "плэйстээ" шинэ ертөнцөөр дүүргэж чадсан байх. Магадгүй зарим нь шинэ хөгжмийн урсгалд дуртай болсон байж ч мэднэ.

Амьд хөгжмийн “Playtime” болон “BUNKR” тайзуудын нийт 36 цагийн хөгжмийн хөтөлбөр хоорондоо ээлжилсэн байсан нь давуу тал болж, олон шинэ өнгө төрхийг алдаж, түүртэлгүй сонсох боломжийг үзэгчдэд олгосон юм.

Түүнчлэн энэхүү амьд хөгжмийн тайзууд нь тухайн улсаас урьд хожид харж, сонсоогүй мартагдсан эртний болоод нэн орчин үеийн хөгжмийн зэмсэг, дуугаралт, дуу хөгжим зэргийг монгол сонсогчдод сонирхуулж, олон улс, үндэстний соёлын илэрхийлэл болж чадсан юм.

PLAYTIME ТАЙЗ

Playtime тайз нь наадмын хамгийн чухал буюу гол тайз ба жил бүрийн шилдэг - headliner гадаад дотоодын амьд хөгжмийн хамтлаг, уран бүтээлчид тоглодгоороо онцлог билээ. Эхний өдөр тус тайзыг маргаангүй бүх насны сонсогчдыг байлдан дагуулж, амьд хөгжимд дурлагсдын шинэ давлагааг үүсгэж чадсан хөнгөн гунигтай өнгө аяс бүхий дуунуудыг эрч хүчтэй хөгжим, дуучны хүчирхэг хоолой, тайзан дээрх үзэгчдэдээ татах чадвараараа амилуулж чаддаг Mxrningstar хамтлаг нээсэн юм.
Харин хамгийн сүүлийн өдөр Playtime Festival-тай 2005 оноос хойш зам нийлсэн пост-панк, гараж рок, психоделик зэрэг урсгалыг Монголын уламжлалт аялгуу, шүлэглэлийн бүтцээр баяжуулан өвөрмөц дуугаралттай уран бүтээлүүдийг туурвидаг Моханик хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэйгээр шинэхэн уран бүтээлүүдээ эгшиглүүлсэн нь олон жил хүлээсэн шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг дэвтээж, сонорыг нь мялаасан явдал болов.
Дөрвөн өдрийн турш гол тайзан дээр нийтдээ 18 хамтлаг дуучид гарч уран бүтээлээ хүргэснээс онцолбол Монголын метал хөгжмийн түүхийг тууштайгаар бичилцэж яваа тайз дүүргэм хүчирхэг энерги бүхий deathcore урсгалын Growl of clown хамтлаг, олон жилийн дараа дахин тайзнаа гарч шинэ дуу, мэдрэмжээр сонсогчдоо баярлуулсан Starfish хамтлаг, нүдээ аниад сонсоход сэтгэл дотроо бүдгэрч үлдсэн дурсамж руугаа аялж, хашхирч байгаа ч сэтгэлээ дэлгэж буй мэт мэдрэмжийг өгөх дэлхийн метал хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг болсон Blackgaze урсгалын Alcest хамтлаг байв.
Түүнчлэн энэ жил Монголоос олон сонсогчтой болж чадсан Солонгос, Япон улсын залуу уран бүтээлчдээс бүрдсэн хамтлагуудыг дурдахгүй өнгөрч болохгүй.

Тэр дундаа Солонгос улсын дуу хөгжмийг зөвхөн K-ПОП-оор л төсөөлдөг олон сонсогчдын бодол, мэдрэмжийг өөрчлөн алтернатив К-поп урсгалыг Монгол сонсогчдод шинээр сонсгосон дүрэмгүй, сахилгагүй өнгө аястай, эрч хүчээр сагасан Balming tiger хамтлаг, чин сэтгэлээсээ хөгжмөө тоглох мэдрэмжээ хүн бүрд мэдрүүлж солонгосын амьд хөгжмийн хөгжил ямар шатанд явааг харуулсан Silica gel хамтлаг, Солонгос хөгжмийн зэмсгийг цахилгаан рок элементтэй уусгаж тийм гээд хэлчих тэмдэггүй өвөрмөц мэдрэмжийг өгөхийн хажуугаар талбай дүүрэн хүн нэгэн дор бясалгах шиг тайвшралыг өгч чадсан Jambinai хамтлаг болон Япон улсаас ирж уран бүтээлээ хүргэсэн хамтлагуудын содон, гайхмаар өнгө аясын тухай үзэгчид ам уралдан ярьж байв.

Талбай дүүрэн хүмүүс нэгэн дор бясалгах шиг...

Хамгийн онцолмоор зүйл нь саяхан л наадмын талбай дээр үзэгчидтэйгээ хамт хөлхөж байсан уран бүтээлчид тайзан дээр гараад “сүнс нь хаашаа гараад явчхав аа” гэмээр шал ондоо эрч энергитэй болж байгааг хараад гайхширмаар. Ийм татах увдис уран бүтээлч бүрд байдаггүй билээ. Тиймдээ ч энэ нь зөвхөн чин сэтгэлээсээ уран бүтээлээ туурвиж буй хүмүүсээс л гарч чадах энерги болов уу.

BUNKR ТАЙЗ

"BNKR" тайз нь subculture, underground урсгалд төвлөрсөн тайз бөгөөд индастриал хэв маягтай энэ орон зай нь үзэгчдэд яг л нууц хонгил, хорогдох байранд байгаа мэт мэдрэмж төрүүлдгээрээ бусад тайзаас онцгой байв. Ихэнх тоглолт нь үүднээсээ сагасан их үзэгчидтэй байсан нь шинэ зүйл сонсох гэсэн хүмүүсийн цангасан хүсэл болоод залуу уран бүтээлчдийн чанар чансаа хэр сайн байгааг илтгэж байв. Энэ жилийн хувьд тус тайз нь гадаад дотоодгүй илүү өргөн цар хүрээтэй шинэ дууны эрэл хайгуулын талбар болж чадсан юм.
Тиймдээ ч энэ тайз Якутын хүйтэн уур амьсгалыг дулаацуулж, аз жаргал, гуниг, бодит байдал, хайр сэтгэлийн тухай дуулдаг The Neriberry хамтлагаас эхлээд Хятадын Юннань мужийн эртний хөгжим аялгууг регги хөгжимтэй хольсон Puman хамтлаг зэрэг олон соёл болоод хөгжмийн төрлүүдийг нэг дороос харж болох өвөрмөц, эрч энергитэй байлаа.

NAAGLIHATS, FIRE, DISCO GER, GROVE

Электроник хөгжмийн тайзууд болох Naaglihats, Fire, Grove, Disco ger тайзууд нь наадмыг зохион байгуулагчдын онцолсноор электроник хөгжмийн олон талт ертөнцийг цогцоор нь мэдрүүлсэн юм.

Үзэгчдийн шүүмжилснээр дөрвөн өдөрт дөрвөн электроник хөгжмийн тайзны нийт 187 цагийн хөтөлбөр нь ихэдсэн мэт боловч олон төрлийн хөгжим сонсохыг хүссэн нэгэнд сонголтыг нь өгч чадсан онцлогтой байсан болов уу.
Тухайлбал илүү хөнгөхөн бүжингээ хаус, диско хөгжим сонсохыг хүссэн сонсогчдын сонголт нь Диско Гэр асар байв. Тус асар дээр Японы жазз, хип-хоп хөгжмийн “Jazzy sport” хамтлагийн өвөрмөц уран бүтээлчид болон Лондон, Берлин зэрэг суурьтай DJ-нүүдийг цуглуулсан нь дэлхий даяар орших олон соёл, урсгалыг холбосон өвөрмөц өнгө аяс мэдрэгдэж байлаа. Зөвхөн бүжгийн хөгжим төдийгүй дэлхийн хөгжим, соёлын уялдаа холбоог харуулснаараа хамгийн чөлөөт, өнгөлөг орон зай байв.

Харин илүү уянгалаг, нарийн хийцийн хөгжмийг мэдрэхэд зориулсан Grove тайзны хамгийн сүүлийн хөтөлбөр нь нар мандах хүртэл үргэлжилдгээрээ болон хөгжимд дурлагсдад элдэв сатааралгүйгээр сонсож буй зүйлээ таашаах боломжийг олгосон гэдгээрээ онцлог байсан юм. Jennifer Cardini, Vitess нар клубийн сонгодог соёл, wave ба house өнгө аясаар хөгжмийн урсгалын шинэчлэлийг харууллаа. Харин DOTT, Txako нар Азийн underground ертөнц болон рэгги, cumbia зэрэг олон өнгийг тайзан дээр авчрав.
Асар их хүч, энергийг мэдрэхийг хүссэн сонсогчдод зориулсан “Нааглихац” тайз нь дэлхийн электроник хөгжмийн маш өргөн хүрээг хамарсан юм. Albert van Abbe, Aurora Halal, Belief Defect зэрэг уран бүтээлчид нь клубийн хөгжмөөс эхлээд experimental болон sound installation хүртэл гүнзгий уран бүтээл туурвидаг бол, Ellen Allien, KlangKuenstler, Mama Snake зэрэг нь техно урсгалын эрч хүчтэй төлөөлөгчид юм.

Онцлох уран бүтээлчид гэвэл дэлхийд хамгийн нөлөө бүхий, өөрийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлсэн соёлын үзэгдэл болох Берлины техно хөгжмийг Монгол сонсогчдод мэдрүүлсэн KlangKuentsler болон Ellen Allien, Нью Йорк хотын Aurora Halal, Английн Pariah зэрэг олон улсын DJ-нүүд байв.
Нааглихац тайзны адилаар өндөр эрч энерги бүхий хөгжим сонсоход зориулсан “hardcore” электроник урсгалын хөгжмөөр дагнасан Fire буюу галтай тайз нь төрөл бүрийн хөгжмийн элементүүдийг уялдуулсан сетүүдээрээ онцлог байв. Тиймээс Fire тайз нь олон өнгөтэй, эрч хүчтэй, underground болон экспериментал электроник хөгжмийн төлөөллийг харуулж чадсан юм.

Өөр хэл соёлтой ч хөгжим гэдэг нэг хэлийн дор, нэгэн цаг хугацаанд нэгдэн нийлж адилхан мэдрэмжийг мэдрэн хөгжмийн хэлээр ойлголцох нь ямар догдлом мэдрэмж болохыг наадамд очиж ганц ч гэсэн шинэ зүйл сонсож үзсэн хүний л мэдэрч чадах зүйл болов уу.

Плэйтайм наадам дөрвөн өдрийн турш соёлын солилцоог бодитоор харуулсан гэж хэлж болно. Монголын үзэгчид зөвхөн дотоодын уран бүтээлчдийн бүтээлтэй танилцахаас гадна, Солонгос, Япон, Германы, АНУ болон бусад орны хөгжмийн урсгал, амьд тоглолтыг шууд мэдэрч, өөрсдийн соёл, мэдрэмжийг бусадтай харилцан солилцсон юм. Зарим гадаад хамтлагууд Монголын тал нутгийг ашиглан клипнийхээ зураг авалтыг ч хийгээд амжсан байв.

Эцэст нь стресс бухимдал ихтэй нийгэмд хувь хүн өөрийгөө олж, дотоод амар амгалангаа хадгалахад урлаг хамгийн хүчтэй тэтгэгч нь болдог. Тэр дундаа хөгжим илүү амьдралд ойр нь билээ. Хүний амьдралыг бүрэн мэдрэхэд зайлшгүй хэрэгтэй сэтгэл засалч болох хөгжим гэгч зүйлийг олон талаас нь сониучирхах боломжийг олгодог хөгжмийн наадам бидэнд байгаа нь талархууштай…