Индэр    
2024 оны 4 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч

СУИС-ийнхан үнэхээр соёлгүй юу?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэр бүхий жүжигчидтэй холбоотой дээрэлхэлтийн асуудал өнөөдөр цахим орчинд хэлэлцүүлэг болон өрнөж байна. 

Ихэнх хүн дээрэлхэлт, дэглэлт байж болзошгүй гэж байгаа бол зарим нь наргиа болгоод өнгөрч буй. 

Өнөөг хүртэл ерөнхий боловсролын сургууль болон дотуур байран дахь үе тэнгийн дээрэлхэлтийн талаар л холбогдох байгууллагууд ярьдаг байв. Тэгвэл өчигдөр оройноос их сургуульд курс хоорондын ялгаа гаргаж, нэгнээ дэглэдэг асуудал олны анхааралд орлоо.

Гэхдээ энэ нь цоо шинэ зүйл биш бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа тус сургуулийн оюутан, төгсөгчид олон нийтийн сүлжээнд бичиж байсан ч удалгүй мартагдаж байлаа. Тиймээс их сургуулийн удирдлагууд энэ хугацаанд яагаад анхаараагүй вэ, суралцагчдын хандлага яагаад өөрчлөгдөөгүй байна вэ гэдгийг иргэд шүүмжилж, байр сууриа илэрхийлсээр байна.

Жишээлбэл "100 төгрөг өгөөд дарс, зайрмаг авчир. Хариултыг нь өгөөрэй гэдэг байсан", "Ангийн хүүхдийн хамар хугартал цохисон" гэх зэргээр бичээд байгаа юм. 

зураг
 
Ялангуяа бусдыг соён гэгээрүүлж, нандин мэдрэмжээр хөглөх учиртай урлагийн мэргэжилтнүүдийг бэлтгэх ёстой сургуульд энэ асуудал даамжирсан талаарх бичигдэж буй зүйлс нь хэнд ч "Ийм зүйл байж болно гэж үү" гэх гайхширлыг төрүүлээд байгаа. Гэхдээ эдгээр зүйлийн аль нь ч 100 хувь бодит үнэн гэж батлагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Тэгвэл хэт урхагшаад энэхүү асуудлыг багаас нь таслан зогсоож, цааш лавшруулахгүйн тулд хэн бүхэн хичээх шаардлагатай байна.

Б.Батзаяа: Одоо цаг үе өөрчлөгдөж, дээрэлхлийн арга, хэлбэр илүү хорон болсон

Хүүхэд хамгааллын мэргэжилтэн, “Оюунлаг монгол хүн” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батзаяа өмнө нь манай сайтад өгч байсан ярилцлагадаа "Бидний үед ингэдэг л байсан. Сургууль дээр ийм юм байдаг шүү дээ гэх мэт хандлага нь дээрэлхлийг өөгшүүлж, дээрэлхэлд өртсөн хүүхдүүдийг ээж, аав, ах, эгч, асран хамгаалагчдаа хандаж тусламж хүсэх замыг хааж байдаг.

Таны үед нийгмийн сүлжээ, цахим гэж байдаг байсан уу гээд л бодоод үзээрэй. Одоо цаг үе өөрчлөгдөж, дээрэлхлийн арга, хэлбэр дагаад илүү хорон болсон.

Сургууль дээр дээрэлхүүлдэг хүүхэд гэртээ ирээд амар тайван байж болдог байсан бол өнөөдөр цахим дээрэлхэл таны хүүхдийг 24/7 утас, компьютерын араас зовоож байна. Байдаг л зүйл гээд орхиод байвал хүүхэд “Эд нар угаасаа ингэж боддог юм чинь хэлээд ч нэмэргүй” гэж бодоод дотроо шаналаад өөрөө шийдэх гэж оролддог. Гэхдээ энэ тийм ч амархан шийдэгдэхгүй. Энэ дээрэлхэл гэдэг зүйлд хүчний тэнцвэргүй байдал байгаа гэдгийг санах хэрэгтэй" гэж байв.

Мөн Жендэрийн Үндэсний Хорооноос үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооход эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгжүүлэх 10 алхмыг ингэж тодорхойлохдоо

Алхам нэг. Өдөр бүр хүүхэдтэйгээ ярилцаж, тэднийг сонсох
Алхам хоёр. Хүүхдээ сурч боловсроход зориулж цаг гаргах
Алхам гурав. Эелдэг найрсаг харилцаа, зан чанар, манлайллаараа үлгэрлэх
Алхам дөрөв. Хүүхдийнхээ зан төлөв, сэтгэл зүйн байдлыг таньж сурах
Алхам тав. Хүүхдэдээ багаас нь эрүүл харилцааны дадал, зан үйл хэвшүүлэх
Алхам зургаа. Хүүхдийнхээ багш сургуульд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах
Алхам долоо. Гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхойлж, үүрэг хариуцлагаа ухамсарлах
Алхам найм. Хүүхдийнхээ асуудлыг хэрхэн илчлэх/гэрчлэх талаар зөвлөгч нь байх
Алхам ес. Хүүхдэдээ цахим орчны дарамт шахалт, гадуурхалтын талаар таниулж, учирч болох эрсдэлээс сэргийлэх
Алхам арав. Үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхэд бүрд зайлшгүй тохиох ёстой зүйл биш гэдэг ойлголтыг түгээн, өөрчлөх гэжээ. 

Дээд боловсролын байгууллагад ч дэглэлт байдаг гэж бодохоор...

Дээд боловсролын тухай хуулийн 2.1-д "Дээд боловсролын зорилго нь нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, дэвшилтэт шинэ санаа, судалгаа, инновацыг хөгжүүлэх, бүтээлчээр ашиглах, олон соёлын орчинд ажиллаж, амьдрах чадвартай, ёс суртахуунтай иргэнийг бэлтгэхэд оршино" гэж заажээ.

Үүнээс хамгийн чухал нь ёс суртахуунтай иргэнийг бэлтгэх тухай юм. Тэгвэл энэ зорилго бодитоор биелж байна уу гэдэг нь асуултын тэмдэг боллоо.

Ер нь ямар ч орчинд дээрэлхэлт байж болшгүй зүйл гэдгийг бүгдээрээ ойлгож, энэ асуудлын эсрэг байх ёстой. Учир нь ямар ч үед хэн бүхэн тэгш эрхтэй байхыг Үндсэн хуулиараа тунхагласан улс оронд бид амьдарч байна. Үүнийг хүүхдүүддээ багаас нь ойлгуулж, хэн бүхнийг хүндэлж харьцах, өөртэйгөө адилтган бодох зэрэг наад захын хүнлэг ёсыг эцэг эхчүүд зааж өгөх хэрэгтэй. Мөн өмнө нь санаатай болон санамсаргүй байдлаар зүй бус үйлдэл хийсэн бол хүн ухамсраар тунгааж, буруугаа ойлгодог, уучлалт гуйдаг ухаантай баймаар байна. 

Дээд боловсролын байгууллагад ч дэглэлт байдаг гэж бодохоор дэндүү харамсалтай.

Одоогоор сургуулийнхнаа дээрэлхсэн гэх асуудалд нэр холбогдоод буй жүжигчид хуулийн байгууллагад хандана, үнэнийг тогтоолгох тул үгэндээ эзэн болоорой гэж олон нийтийн сүлжээн дэх хаягийнхаа Стори хэсэгт оруулсан ч жүжигчин Т.Бадамжавынх үлдэж, Б.Мишээл, Б.Номин нар устгажээ. 

Түүнчлэн Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн дэд захирал Д.Одсүрэнгээс оюутан, төгсөгчидтэй нь холбоотой асуудлыг тодруулахад "Урьд өмнө нь ийм асуудал үүсэж байсан. Оюутнуудаас ирсэн гомдол мэдээллийг үндэслэн хурлаар оруулж, цаашид суралцуулах боломжгүй гэж үзээд чөлөөлөгдөж байсан хүмүүс ч бий.

Бид ийм асуудлыг тухай бүрд нь таслан зогсоох арга хэмжээг авдаг. Мөн оюутнуудын хандлагыг өөрчлөх хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Одоо бол ийм асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Оюутан суралцагчдын хандлага өөрчлөгдсөн, аливаа асуудлаар өөрийгөө хэрхэн хамгаалахаа мэддэг болсон" гэлээ.