Индэр    
2024 оны 4 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Батжаргал: Сонгуулиар ятгалгад автахгүй сонголтоо хийдэг болохын тулд цэцэрлэгээсээ л суралцах ёстой

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын салбар сүүлийн жилүүдэд шинэ содон үйл явдал ихтэй байгаа. Өнгөрсөн онд багц хуулиа батлуулж, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн, олон улсад сурлагын чанараа шалгуулсан гээд дурдаж болно. Тэгвэл одоо сургалтын хөтөлбөрөө шинэчлэхээр бэлдэж байна. 

Сургалтын хөтөлбөр нь манай улсын ирээдүйг авч явах шинэ залуу үеийн хүмүүжил төлөвшил, мэдлэг ур чадвартай асар их холбоотой учраас шинэчлэн боловсруулах явцаа ил тод байлгаж, талууд байр сууриа илэрхийлэх боломжийг бүрэн хангах нь хамгаас чухал юм. Харин ийм байж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй.

Тиймээс энэ талаар иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, "Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг"-ийн Гүйцэтгэх захирал Б.Батжаргалтай ярилцаж, байр суурийг нь сонслоо.

Тэрбээр сургалтын хөтөлбөрийг улсаар бол Үндсэн хуультай зүйрлэхүйц хэмжээний чухал баримт бичиг учраас олон талыг оролцоог хангахын чухлыг онцолж байв.

"Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг"-ийн Гүйцэтгэх захирал Б.Батжаргал сургалтын хөтөлбөр боловсруулахаас батлах хүртэл үйл явцын талаар "Үзэл баримтлалаа гаргаад, хөтөлбөрөө түвшингээр нь боловсруулаад анги танхимд хэрхэн хэрэгжих, багш бэлтгэх боловсролын хөтөлбөр нь үүнтэйгээ яаж уялдсан, хүүхдийн мэдлэг чадвар, хандлагыг үнэлнэ гэвэл яаж үнэлэх вэ гээд сургалтын хөтөлбөрийн шинэчлэл нь бүтэн цикл байх ёстой" гэж байв.

Мөн одоогийн нөхцөлийг харвал Байгалийн ухаан, Математик гэхчлэн тогтвортой агуулгууд дээр маргаантай зүйл бага байдаг ч гэлээ Иргэний ёс зүй, Нийгмийн ухааны агуулга дээр шүүмжлэх зүйлс бий. Иймээс иргэний нийгмийн байгууллагууд анхнаас нь олон талын оролцоог хангах хэрэгтэйг хэлж шаардсаар буй юм.

Хэдийгээр боловсролын салбарыг улс төрөөс ангид гэдэг боловч үнэн хэрэгтээ оролцоо нөлөө нь маш их байдаг аж. Тиймээс хөтөлбөр боловсруулах циклийн нэг оролцогч нь улс төрийн нам байх нь тогтвортой байдал хангагдах нэг үндэс гэж үздэг байна. Сонгуулиар аль нэг нам гарч ирээд сайдаа томилно, тэр сайд ямар нэг хэмжээгээр оролцдог нь бичигдээгүй хууль мэт болсон учраас тэр юм. Ийм боломжгүй гэдэг ч 2013 онд нэвтэрсэн Цөм хөтөлбөрийг 2019 онд шинэчлээд Сайжруулсан цөм хөтөлбөр болгосон байна. Энэ нь боловсролын салбарт нам, улс төрийн оролцоо ба сайдаар ажилласных ямар нэг байдлаар нэрээ үлдээе гэх хувь хүний хандлага гэж харж болохоор байгаа юм.

Түүнчлэн хөтөлбөрт ямар агуулгыг оруулах вэ гэдэг дээр маш их өрсөлдөөн гардаг гэдгийг "Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг"-ийн Гүйцэтгэх захирал ярьж байв. Тодруулбал "Байгууллага бүр шахам Боловсролын яамтай ямар нэг хэмжээнд зөвшилцөл, Санамж бичиг, гэрээ материал байгуулаад агуулгуудаа тусгах талаар яригддаг. Тэднийг зохицуулахын тулд Боловсролын ерөнхий хуульд сургалтын хөтөлбөрт заавал тусгах агуулгуудыг жагсааж өгсөн. Үүнийг сургуулийн өмнөхөөс авхуулаад насан туршдаа суралцахуй гээд бүх түвшинд заавал тусгана гээд заачихсан байгаа" хэмээсэн.

НЭГ. Хөтөлбөр шинэчлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

Сургалтын хөтөлбөрийг 10-12 жилийн давтамжтай шинэчилдэг гэдэг. Одоо мөрдөгдөж буй сургалтын хөтөлбөр 2013-2016 онд шат дараатайгаар нэвтэрсэн гэж үзэхээр шинэчлэх хугацаа нь тун ойртсон. Гэхдээ одоо хүчин төгөлдөр үргэлжилж буй Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн ямар байв, сурагчдын аль ур чадварт илүү анхаарах хэрэгтэй байна вэ гэх зэрэг асуултын хариу нь суурь судалгаануудын дүгнэлтээр ил болох ёстой. 

Гэвч одоогоор энэ бүхэн бүрхэг байна. Уг асуудлаар ноён Б.Батжаргал "Миний хувьд өнөөдрийг хүртэл энэ талаар судалсан зүйл олж хараагүй. Хийх гол байгууллага нь Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн. Тэр талаар судалгаагаа хийдэг байх гэж бодож байна. Гол нь тэр судалгаанууд хэр нээлттэй вэ, олон хүнд хүртээмжтэй байгаа юу гэдэг нь л асуудал болоод байгаа. 

Олон талын оролцоог хангана гэдэг нь үүнийг хэлнэ. Ядаж иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эхчүүд, багш нар, багш нарын байгууллагын төлөөлөл, улс төрийн намууддаа үзүүлэх нь зөв" гэлээ.

Манайхтай ижил нөхцөлөөс гарсан улс орнуудын хувьд хөтөлбөрийн үйл явцаа тун нээлттэйгээр хийсэн байдаг аж. Тухайлбал Хорват улс сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээ 2015-2016 оны үед хийхдээ маш олон талт хэлэлцүүлэг хийж байжээ. Католик шашинтай тус улс  Эрүүл мэндийн хичээлдээ нөхөн үржихүйн боловсролын асуудлыг оруулахын тулд сүм хийдээсээ санаа бодлыг нь асууж байсан жишээ бий.

Манай улсад хэлний хувьд хоёр бүлэг, шашны тухайд багадаа 2-3 бүлэг байгаа. Иймд сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа дээрхийн адилаар соёл, шашин зэрэг ялгаатай олон асуудлыг яаж хөтөлбөртөө тусгах тухай яригдах учраас олон талын оролцоо хэрэгтэй юм. 

"Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг"-ийн Гүйцэтгэх захирал Б.Батжаргалтай үргэлжлүүлэн ярилцсанаа хүргэе.

- Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа юуг анхаарах шаардлагатай байна вэ?

- Хөтөлбөр бол бүтэн цикл гэдгийг л сайн санах ёстой. Сургалтын хөтөлбөр боловсруулалтыг дагаад эсвэл түүнээсээ түрүүлж багш бэлтгэх хөтөлбөр нь шинэчлэгдэх учиртай. Бодит байдалд хэрэгжүүлэгчид нь багш нар. Тэр хүмүүст хөтөлбөрийнхөө үндсэн санаа зорилгыг ойлгуулахгүйгээр бэлдэж гаргах нь учир дутагдалтай. 

Хаалттай, нээлттэй явсаар байгаад ямартай ч нэг хөтөлбөр гарч таарна. Түүнийг хүүхдүүдэд хүргэж, үр дүнд хүргэх ажлыг багш нар хийх учраас цэцэрлэг, сургуулийн түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг ойлголт, хандлага, чадвар чадамж нь маш чухал. 

- Бусад улс орны хөтөлбөр ямар ямар хэлбэртэй байдаг вэ. Тэдгээрээс хамгийн онцлууштай нь аль вэ?

- Зарим улс хөтөлбөрийнхөө хүрээ, хүрэх үр дүнгээ тавьж өгөөд түүнд хэрхэн хүрэх арга замыг сургууль, багш нартаа өөрөө үлдээдэг. Өөрөөр хэлбэл бага боловсролын түвшинг дүүргэхдээ хүүхдүүд ийм мэдлэг, хандлага дадалтай болсон байна гэдгийг нь тавиад өгчхөөр яаж хүрэхийг сургууль, багш нар мэдэж шийднэ. Энэ бол академик эрх чөлөөний асуудал. Багш хэр их эрх мэдэлтэй вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа.

Бидний ихээр жишээлж ярьдаг Финланд улс багш нараа чанартай бэлдэж, тун сайн дэмждэг бөгөөд хүрэх үр дүнгээ тодорхойлчхоод багш та яаж хүрэхээ өөрөө мэд гэдэг. Зарим улсын хувьд бүх юмаа нарийвчлан зааж, тодорхойлсон байдаг. 

Эдгээрээс алийг нь авах вэ гэдэг нь бидний сонголт. Хөтөлбөрийн үзэл баримтлал батлагдах гээд явж байгаа энэ үед эдгээр нь тодорхой болчихсон байх шаардлагатай.

Манайх хосолмол хэлбэртэй байгаа. Өмнө нь агуулгад түшиглэсэн байсан бол одоо үзэл баримтлал, ерөнхий боловсролын түвшний хөтөлбөрийнхөө хувьд чадвар чадамжуудад суурилсан гэж дурдчихсан байгаа ч анги танхимд нь очоод үзвэл зөвхөн агуулгад суурилсан байгаа нь харагддаг. Үүний уялдаа холбоог хангах зүйл нь хөтөлбөрийн үзэл баримтлал дээрээ гарах ёстой. Зарим тохиолдолд ялангуяа ерөнхий боловсролын түвшинд судлагдахуунд суурилсан байдлаасаа татгалзах нь зөв болов уу. 

- Тэгвэл энэ байдлыг яаж өөрчлөх нь оновчтой вэ?

- Тодорхой агуулгуудыг хэд хэдэн судлагдахуунаар дамжуулж болно. Одоогийн байдал нь багш нар төдийгүй хүүхдүүдэд ч их ачаалал болж байгаа. Өдөрт хэдэн хичээл орно, тэр бүрийн тоогоор даалгавартай. Хэрэв тэр судлагдахуунаараа биш агуулга чадамж гэдэгтээ суурилбал хүүхдүүдэд ч гэрийн даалгавраа хийхэд амар болно.

Гэхдээ чадвар гэдэгт эргэлзээтэй юмнууд байна. Жишээлбэл PISA үнэлгээгээр унших чадвар маш доогуур байсан нь гарч ирлээ. Гэтэл унших чадварын суурь нь цэцэрлэгээсээ явах ёстой. "Early literacy" гэх нэр томьёо бий. Эрт үеийн бичиг үсэг тайлагдалт, бичиг үсэг тайлагдалтын бэлтгэл үе гэж хэлээд байгаа. Авиа үсэг гэдэг ойлголтыг өгч, үүгээр ямар утга илэрхийлээд байна гэдгийг мэдүүлж байж дараа нь үсэг тоогоо зааж уншуулж сургавал зохимжтой.

Үсэг нийлээд үг болж, үгс хамтдаа өгүүлбэр бүтээн утга санааг илэрхийлдэг гэдгийг заах хэрэгтэй. Эдгээр нь сургуульд ороход үсгээ сураад уншихад суурь нь болдог.

Намайг сургуульд байхад л минутын уншлага авч унших чадварыг үнэлдэг байсан. Бичих чадварыг үнэлэхдээ цээж бичиг авдаг, өгч байгаа даалгавар нь хуулан бичлэг байлаа. Унших дээр ашиглаж байгаа эхүүд нь "Ээж үнээ саав" гэдэг байв. Цаана нь ямар утга байна гэдэг нь орхигддог. Тиймээс л PISA дээр очоод уншаад ойлгох, хэрэглэх чадвар зэрэг нь доогуур үнэлэгдээд байна. 

- Минутын уншлага, цээж бичиг зэрэг нь одоо ч хэвээрээ. Гэхдээ уншаад утгыг нь ойлгох чадварыг хөгжүүлэх талын даалгавар нь бага санагддаг. Та Монголын боловсролын систем дандаа доод түвшний мэдлэг л олгоод байгаа гэж нэлээд шүүмжилдэг. Тэгвэл яаж үүнийг сайжруулах вэ. Жишээ нь унших чадварыг яаж хөгжүүлэх вэ?

- "Blooming Taxonomy" гэж зүйл бий. Үүнд мэдэх, мэдлэгийг хэрэглэх зургаан түвшинг тодорхойлсон. Цээжлэх, ойлгох, хэрэглэх, дүн шинжилгээ хийх, үнэлэх, шинэ мэдлэг бүтээх. Хичээлүүдийн суралцахуйн зорилтуудыг харахаар доод түвшний юмнууд их бий. Сүүлийн гурав нь дээд түвшний гэж хардаг бөгөөд эхний гурвыг нь доош түвшнийх гэгддэг. 

зураг
 

Хүүхдүүдэд өгч байгаа даалгавар, дасгал ажил цээжлэх, эх бичих, тоо бодуулах гээд эхний гурав байх нь элбэг. Гэтэл энэ нь яагаад ийм байна, түүнийг өөр тохиолдолд яаж ашиглах вэ гэдэг нь байдаггүй. 

Суралцахуйн зорилгуудаа дээд түвшний буюу дүн шинжилгээ хийх, үнэлэх, бүтээх талд нь хандсан баймаар байна. Хүүхдүүдэд өгч байгаа гэрийн даалгавар нь ч тийм баймаар байна. Хичээлийг аль болох интеграц агуулгаар явуулдаг, гэрийн даалгаврыг ч интеграцаар өгч болно.

Унших чадвар, хэл яриаг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхийн тулд үлгэр уншиж өгч байхдаа түр зогсоод дараа нь яасан бол, энэ яагаад ингэв, чи байсан бол яах вэ гэх мэтээр асуугаарай. Тэгвэл мэдлэг бүтээх чадварын суурь тавигдана. Энэ мэтчилэнгээр шаардлагатай чадваруудын суурийг багаас нь тавих чухал байгаа юм.

Хөтөлбөр дээр 

  1. Суралцах
  2. Хөгжих
  3. Оролцох гэсэн гурван зүйл хамт явах ёстой.

Суралцах нь академик талдаа, хөгжил нь хувь хүнд буюу төлөвшил, хүмүүжилд чиглэсэн, оролцоо нь хэрвээ бид нийгмийн тогтолцоогоо ардчилсан иргэн нийгэм байлгана гэж байгаа бол түүнд оролцох хүмүүс нь багаасаа үүндээ суралцах ёстой

Сонгуульд өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээр хэн нэгний ятгалгад автахгүйгээр сонголтоо хийдэг болохын тулд цэцэрлэгээсээ л суралцах ёстой. Хийх зүйлээ, тоглох тоглоомоо өөрөө сонгодог, ангийн дүрмээ өөрсдөө зохиогоод дагаж мөрдөцгөөх гэх мэтчилэн хэрэгжүүлж болох санаа их бий. 

- Хүүхдүүд болон эцэг эхийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байх нь ээ дээ. Нийгмийн идэвх оролцоотой нэгнээ хэнхэг гэж хүүхдүүд хочлох, олны дунд төлөв даруу бай гэж эцэг эх зөвлөөд байдаг?

- "Transformative education" гэх ойлголт сүүлийн хэдэн жил нэлээд яригдах болсон. 

Хувирган өөрчлөх гэсэн үг. Иргэний нийгмийн байгууллагууд нийгэм хувьсан өөрчлөгдөж байгаа учраас бид түүнийг дагаад боловсролоо хувьсган өөрчлөх ёстой гэж харж байгаа. Боловсролыг хувьсган өөрчлөх тухай асуудал яригдаж байна. 

"Ирээдүйгээ дахин төсөөлөх нь: Нийгмийн шинэ гэрээ" гэж ЮНЕСКО-гоос 2022 онд гаргасан илтгэл бий. Үүнд хувирган өөрчлөлтийн талаар туссан. 

Тогтвортой хөгжлийн зорилгын үндсэн санаа нь бид одоогийн байгаагаараа яваад байвал дэлхий ертөнц болохгүй нь. Тиймээс хүн өөрийнхөө итгэл үнэмшил, амьдарч байгаа хэв маягаа хувьсган өөрчлөөд дараа нь нийгмээ, эцэст нь дэлхийгээ өөрчлөх концепттой.

Хүн бүр нийгмийнхээ төлөө бусдын төлөө санаа тавьдаг байхын тулд нийгэмд идэвхтэй, бүтээлч оролцоотой байж зөвхөн шүүмжилдэг биш шүүмжлээд яаж гэдгийг нь санал болгодог чадварыг хөгжүүлэхэд хандсан зүйлс хэрэгтэй. Түүнийг албан болон далд хөтөлбөрөөр олгоно.

Албан хөтөлбөр бол сургалтын хөтөлбөр. Албан бус буюу далд хөтөлбөр гэдэг нь насанд хүрэгчид хоорондын харилцаа, үг үйлдэл, хандлагаараа дамжуулаад хүүхдэд өгч буй зүйл. Энэ нь бараг албан хөтөлбөрөөсөө илүү хурдан, хялбараар хүүхдэд суудаг. 

Энгийн жишээ хэлэхэд багш бусад насанд хүрэгчидтэй хэрхэн харилцаж байна вэ, хүүхдүүдтэй яаж харилцаж байна, тэр бүгдийг сурагчид тусгаад авчихдаг. Хүүхдийг ялгаж харилцаж байна уу эсвэл ижил тэгш харилцаж байна уу, тэрийг багш үйлдлээрээ үлгэрлэдэг. Мөн захиралтайгаа нэг, үйлчлэгчтэйгээ нэг өөрөөр харилцаж байвал түүнийг нь шууд тусгаад л авна.

Иймэрхүү байдлаар далд хөтөлбөр нөлөөлдөг. Энэ нь зөвхөн сургуулийн орчинд биш нийгмийн амьдралд бүхэлдээ хамаатай. Яагаад гэвэл суралцах үйл явц нь зөвхөн анги танхим гэх дөрвөн ханаар хязгаарлагддаггүй.

Амьдрал дээр гэр бүлтэйгээ, олон нийтийн газар явж байхдаа бүх юмыг л хүүхэд харж, түүнээс сурч байгаа. 

- Хөтөлбөр боловсруулалтад танай байгууллага ямар санал өгсөн бэ?

- Манайх "Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн эвслийн гишүүн. Эвслийн 30 орчим байгууллага нэхсээр байж үзэл баримтлалыг олж авч хэлэлцээд эхний ээлжид саналаа яаралтай гаргаж өгсөн.

Түүнд хамгийн түрүүнд үйл явцаа нээлттэй болгож, олон талыг оролцуулах, агуулгад биш чадвар чадамжид суурилсан болгоход маш сайн анхаараач гэсэн.

Хөтөлбөрөө сургуулийн өмнөхөөс эхлээд заавал эзэмших ерөнхий боловсролынхоо түвшинд маш ойлгомжтойгоор, системтэй цогцоор нь хийхгүй бол цэцэрлэг, бага анги, дунд анги, ахлах анги гээд тус тусад нь боловсруулчихвал хүндрэлтэй. Ерөнхий том зургаа гаргаад хаана нь юуг яаж оруулах вэ гэдгээ тодорхойлохгүй бол хэцүү.

Мөн зарим чадварыг тодорхой түвшинд нь, жишээлбэл бичиг үсэг тайлагдалтын суурь үеэ цэцэрлэгт нь маш сайн анхаарах ёстой. 

Сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдэд хийсэн манай үнэлгээгээр бие бялдрын хөгжил сайн ч хэл яриа, математик чадвар дээр сул байна гэж гардаг. Бага ангид ороход унших чадварын үнэлгээ бас тааруу. Тиймээс энэ чадваруудыг хөгжүүлэх шаардлагатай.

Хоёрдугаарт энгийн бичиг үсэг тайлагдалтаас илүү "Functional literacy" буюу хэрэглэх чадвар чухал. 

Манай улс Хүн ам, орон сууцны тооллого хийхдээ сургууль төгссөнөөр нь бичиг үсэг тайлагдалтыг тодорхойлдог. Үүний оронд хэрэглэж чадаж байна уу гэдгийг тодорхойлоход хандсан байвал зөв. Эмийн заавар, бараа бүтээгдэхүүний шошго уншиж хэрэгцээт мэдээллээ хараад худалдаж авах эсэхээ шийдэж байна уу гэдгийг харна гэсэн үг. 

Агуулга мэдлэгээсээ илүү чадвар чадамждаа төвлөрч, томьёо цээжлэхээс илүү юунд хэрэглэдэг вэ гэдэгт нь хандуулмаар байна

Ер нь унших чадварыг багад сайн хөгжүүлэх ёстой. Америкчуудын хийсэн нэг судалгаа бий. Үүнд бага ангийн хүүхдийн унших чадварын түвшин нь гуравдугаар ангидаа зохих түвшинд хүрч чадаагүй бол түүнээс хойш гүйцэж авахад хэцүү гэх үр дүн гарсан. Унших чадварыг хөгжүүлчихвэл сайн уншина, уншаад ойлгоно, ойлгосондоо дүн шинжилгээ хийж, шүүн тунгааж, яагаад гэж боддог болно. Ингэхээр бусад хичээлдээ шууд нөлөөлдөг.

Гэхдээ зөвхөн унших хичээл оруулснаараа хөгжчихдөггүй. Бага ангид Монгол хэлнээс гадна өөр хичээлүүд орж байгаа. Тэр бүгдэд унших материал бий. Тэднийх хэрхэн ашиглаж, хүүхдийн унших чадварыг хөгжүүлэх вэ гэдгээ хийх ёстой. Уншихыг зөвхөн Уран зохиол, Монгол хэлний хичээлийн цагийг нэмснээр шийдэхгүй. Нийгмийн ухаан, Физик, Математик гээд бүх хичээл дээр унших зүйл бий. 

Мөн агуулга мэдлэгээсээ илүү чадвар чадамждаа төвлөрч, томьёо цээжлэхээс илүү юунд хэрэглэдэг вэ гэдэгт нь хандуулмаар байна. Эрүүл мэндийн хичээл дээр зохистой хооллох талаар дэлгэрэнгүй заах нь зөв юм. Гаднын хүмүүстэй хоол идэнгээ ярилцахад ийм хоол ийм ашиг тустай, үүнийг идвэл тэрэнд сайнаар нөлөөлнө гээд бараг бүгд шахам мэддэг. Харин бид мэддэггүй. Тиймээс өөрийнх нь амьдралд хэрэгтэй, амьдралыг нь хувирган өөрчлөх боломжтой мэдлэг олгох тухай юм. 

Мэдээж хэрэгцээтэй болоод л тухайн агуулгууд бий. Харин түүнийг нь амьдралд хэрхэн яаж хэрэглэх вэ гэдэгтэй нь холбож заах шаардлагатай. 

Хамтран ажиллах, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээг анхаарах хэрэгтэй. 

Мөн эвслээс өгсөн саналд баримт нотолгоо, судалгаан дээр үндэслэж шийдвэрээ гаргах ёстой гэсэн. Өнгөрсөн хөтөлбөртэй холбоотой судалгааны үр дүнгүүд юу байв гэдгийг танилцуулаад түүндээ дүн шинжилгээ хийх маягаар явбал зохимжтой. Багш нарын оролцоо маш чухал. Хэрэгжүүлэх гол хүмүүс нь учраас тэр. 

Үнэлгээн дээр төвлөрөхөө болих хэрэгтэй. Ерөнхий зарчим нь бусадтай харьцуулахгүй, тухайн хүнд өөрт нь ямар ахиц гарч байна вэ гэдгийг үнэлэх нь чухал. Үнэлгээ гэхээр нийтлэгээрээ дүн гэж ойлгодог. Уг нь үнэлгээ бол хоёр бүлэгт хуваагддаг. Нэг нь эцсийн үнэлгээ нь дүн тавигдах буюу элсэлтийн шалгалт, PISA өгөх гэх мэт.

Нөгөөх нь явцын үнэлгээ. Энэ нь хамгийн чухал. Явцын үнэлгээгээр хүүхдийн ахиц, амжилт, сул тал юу байна, юуг ойлгоогүй, юуг чадаагүй байна гэдэгт дүн шинжилгээ хийж, төлөвлөлтөө хийдэг баймаар байна. 

Мөн багш бэлтгэх хөтөлбөрөө эрс өөрчилмөөр байна. Багш төвтэй арга зүй өөрчлөгдөөгүй хэвээрээ л байна. Гэхдээ тэр нь багшаас шалтгаалаад байна уу гэвэл биш. Түүнийг хэрхэн яаж бэлтгэж байна гэдгээс авхуулаад л судлах шаардлагатай. 

Нэг ангид хэдэн хүүхэд байна, хэрэглэгдэхүүн ямар байна гээд бодоод үзэхээр багш нарыг буруутгах аргагүй. 

- 2022 оны суралцахуйн зорилтуудыг жинлэхэд нийгэмшихүйн зорилт 36, танин мэдэхүйн зорилт 49, бие бялдар хөгжүүлэх нь 15 хувьтай байжээ. Энэ хэр оновчтой вэ?

- Танин мэдэхүй дийлэнх байгаа нь мэдлэг дамжуулах гэдэг хуучин байдлаар л явж буйг харуулж байна.

ЮНЕСКО-гийн Махатма Ганди институтээс Тогтвортой хөгжил 4.7 зорилт дээр тулгуурлаад Ази, Номхон далайн улс орнуудын сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн. Уг дүн шинжилгээнээс хэд хэдэн зүйлийг онцолж болно. Үүнд харамсалтай нь манай улс хараахан ороогүй. 

Нэгдүгээрт боловсролын зорилгыг юу гэж тодорхойлсон бэ гэдгийг авч үзсэн. Ингэхэд боловсролыг хүний нөөцийг хөгжүүлэх гэж харсан нь дийлэнх. Өөрөөр хэлбэл мэргэжилтэй чадвартай ажиллах хүчин бэлтгэхийг чухалчилдаг. Хүний сайн сайхан байдалд анхаарсан нь нэлээд бага. Жишээлбэл жендэрийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт, энх тайвнаар орших гэдэг нь маш бага байгаа нь боловсролыг хэрэглүүр, хүнийг хэрэгсэл гэж хараад байгаагийн шинж.

Дараа нь "National Identity" буюу үндэстний онцгойролдоо анхаарч байна уу, "Global citizenship" буюу дэлхийн иргэн бэлдэхдээ анхаарч байна уу гэдгийг дүгнэхэд үндэстний онцгойрол нь илүү байжээ. 

Мөн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд ур чадвар эсвэл нийгмийн шударга ёсыг тогтоох чиглэлийг сонгож байгаа эсэхийг жинлэхэд өрсөлдөх чадвар жин дарж байна. 

Ирээдүйгээ дахин эргэцүүлэх гэдэг нь ирээдүйд таамаглах боломжгүй нөхцөл байдал үүсэхэд түүнийг хамтдаа хэрхэн шийдвэрлэх вэ, яаж хамтран ажиллах вэ гэдгийг чухалчилдаг. Жишээ нь КОВИД гарахад огт төсөөлөөгүй нөхцөл үүссэн. Дараагийн шинэ том сорилт гарахад хамтдаа ард нь гарах чадвартай хүмүүсийг бэлдэх хэрэгтэй байгаа. 

Ингэхэд багш бэлтгэх тогтолцоо, багшийн арга барил, үнэлгээ тэр бүхэн ямар байх вэ гэж л бодмоор байна. 

- Хичээлийн тоо цөөлөх тухай яригдаж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

- Хэдэн хичээл байх нь нэг их хамаатай биш. Байгалийн ухааны нэгдмэл хичээл гээд туршилт хийж үзсэн. Гэхдээ тэр үйл явцыг бүрэн гүйцэд циклээр нь хийгээд хөтөлбөрөө боловсруулсан бол багшаа бэлтгээд, багш нь түүнийгээ хэрэгжүүлээд гээд явах асуудал.

Гэтэл Газар зүйн юм уу Физикийн багшаараа нэгдмэл хичээл заалгана гэвэл одоогийн манай багш бэлтгэж буй тогтолцоогоороо харвал учир дутагдалтай. Судалгаа шинжилгээ, дүн шинжилгээ хэр хийгдэв, түүндээ үндэслэж байж л шийдвэрээ гаргана уу гэхээс биш хэдэн хичээл хасаж, тэд болгоно гэж шууд ярих нь буруу.

Хоёр. Багшийн үнэлгээнд сурагчийн сурлагын амжилтыг оруулах нь хамгийн аюултай
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Үнэлгээ дээр тодотгож асууя. Өнгөрсөн жилээс багш нарыг гүйцэтгэлээр нь үнэлдэг болсон. Ер нь энэ хэр оновчтой санагдсан бэ. Зөв утгаараа нэвтэрч чадсан уу?

- Гүйцэтгэлийн үнэлгээний зорилго нь юу вэ гэдэг нь гол. Цалин урамшуулалтай холбоотой байж болно. Гэхдээ хэрвээ тааруу үнэлэгдвэл яах вэ гэдэг нь асуудал.

Үнэлгээ бол ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэдгээ тодорхойлоход амин чухал зүйл. Хүүхдийн мэдлэгийг үнэллээ гэхэд юу дутуу байна вэ, чадварыг нь үнэллээ гэхэд илүү хөгжүүлэх шаардлагатай нь аль вэ гэдгээ бодож төлөвлөхийн тулд багш үнэлдэг байх ёстой. Түүнээс биш сайн, муу гэдэг нь асуудал биш. Багш ч мөн адил. Багш арга зүйн хувьд ямар чадвар дутагдаж байна, түүнд нь зориулсан ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг олж харахад үнэлгээ шаардлагатай.

Харин шагнах эсвэл шийтгэхийн тулд үнэлээд байвал, ялангуяа багшийн үнэлгээнд хүүхдийн сурлагын амжилтыг оруулах нь их аюултай

- Гэтэл гүйцэтгэлийн үнэлгээнд сурагчдаас шалгалт, эцэг эх, асран хамгаалагчдаас санал асуулга авч байгаа?

- Манайд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд уг нь дэлхийн улс орнуудад аль нэг үедээ хэрэгжчихсэн зүйлс. Сул талуудыг нь судлаад гаргачихсан. Бид түүнээс суралцаж, алдааг нь давтахгүйн тулд яах вэ гэдгээ бодмоор байна. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц олон талын оролцоогүй байна гэж харагдаад байгаа. Аливаа шийдвэр гарахдаа баримт нотолгоонд суурилсан байх ёстой. Жишээлбэл багшийг үнэлэхдээ хүүхдийн үнэлгээг оруулбал "Teaching to test" буюу шалгалтад зориулж хичээл заадаг болж эхэлдэг

Үүнтэй холбоотой сөрөг зүйлс ч гардаг. Ам дамжсан яриагаар сурлагаар хоцрогдсон, хөгжлийн бэрхшээлтэй гэхчлэн зарим хүүхдийг шалгалт авах өдөр хичээлд нь ирүүлдэггүй. Үнэлгээний зорилго нь өөр байгаа учраас гуйвуулагдчихдаг. 

- Багш нарын ажлын орчин их хүнд. Бага ангид гэхэд 50-60 гаруй хүүхэдтэй ажилладаг. Ийм нөхцөлд үр дүн ярих бас хэцүү ч юм шиг?

- Бүгд хоорондоо уялдаатай асуудлууд л байгаа юм. Багш бэлтгэх тогтолцоо ямар байна вэ, тэнд ямар ур чадвар эзэмшиж байгаа вэ, ажлын байранд дэмжих тогтолцоо ямар байна, ажиллах орчин нөхцөл нь ямар байна, зохистой хөдөлмөрлөх нөхцөл хангагдсан уу гэхчлэн олон асуудал бий. 

Төсвийн шинэчлэлээр хэрэглэгдэхүүн гэх мэт дээр нэлээд сайн төсөв тавьж өгснөөр сургуулийн тоног төхөөрөмжийн хангалт хэрэглэгдэхүүн нэлээд сайжирсан. Одоо тэрийг яаж хүртээмжтэй үр дүнтэйгээр ашиглах вэ гэдэг нь чухал.

Хөтөлбөр дээр бас нэг харгалзах зүйл нь хичээл ба амьдрал нь хоёр өөр зүйл юм шиг байгаад байна. Жишээлбэл гадаад хэл. Хэрэглэхийн тулд, цаашдаа үргэлжлүүлэн суралцаж, илүү ихийг мэдэхийн тулд гадаад хэл сурч байна. Насан туршдаа суралцахад нь хэрэгцээтэй ур чадвар шүү дээ. Гэтэл хичээл дээр үзэж байгаа зүйлс амьдрал хоёр тэс өөр байгаад байдаг. Мөн хичээл амьдрал хоёрыг холбох, дөрвөн хананы дунд болж буй сургалтыг түүнээс нь гаргах арга барил хэрэгтэй

Сум бүрд шахам орон нутгаа судлах музей, байгалийн цогцолборт газар, үйлдвэр компани, газар тариалан, мал аж ахуй бий. Хичээл дээр үзэж байгаа агуулгыг тэр орчинд аваачих буюу холбоосыг хэрхэн хийх вэ гэдэгтээ анхаарч харах ёстой. Ямар ч байсан эцсийн эцэст багш л чухал. Мөн сургууль түүнийгээ хэрхэн зохион байгуулж байна, багшийг яаж дэмжиж байна гэдэг нь чухал.

Багшид эрх чөлөөг нь хэр олгодог вэ, ур чадвар бэлтгэлийг нь хэр сайн хангаж өгөв, цалин хөлс, урамшуулал нь хэр хангалттай байна гэдгийг бодолцохгүй зөвхөн хөтөлбөрөө бодвол учир дутагдалтай. 

- Гэрийн даалгавар бол тун ярвигтай асуудал. Эцэг эхчүүд даалгавар бага өг гэдэг бол багш нар хичээл дээр үзсэн мэдлэгээ баталгаажуулж давтахын тулд даалгавар хийх ёстой гэж байгаа. Даалгавар ямар байвал оновчтой вэ?

- Ямар төрлийн даалгавар өгөх вэ гэдэгт анхаарсан нь оновчтой. Хэд хэдэн хичээлийн агуулга дамнасан цогц даалгавар өгчихвөл болно.

Бичдэг биш бүтээдэг, гэр бүлээрээ хамт хийдэг баймаар. Жишээлбэл урт хугацааны амралтаар бага ангийн хүүхдүүдэд ном өгч явуулаад гэртээ уншаад гэр бүлээрээ хийх даалгавар өгчихвөл илүү бүтээлч байна. Мөн гэр бүлээрээ хамт суралцана гэсэн үг.

- Энэ хичээлийн жилээс эхлээд олон улсын хөтөлбөрүүд нэвтэрсэн. Мэдээллийн технологид суурилсан эдгээр хөтөлбөрийн талаар та юу хэлэх вэ?

- Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилтын хэрэгжилтийн дэлхий нийтийн тайлан жил бүр гардаг. Сүүлийн тайлан нь технологиор гарсан. Технологи хэрэгтэй, зарим тохиолдолд нэлээд давуу талтай. 

Анхаарах ёстой хэд хэдэн зүйл дурдсаны нэг нь технологи үнэхээр үр дүн авчирч байна уу гэдэгт хийсэн судалгаа одоогоор байхгүй. Байгаа судалгааг нь технологийн компаниуд өөрсдөө санхүүжүүлж хийлгэсэн байдаг.

Хоёрдугаарт болгоомжлуулж буй зүйл нь тэгш бус байдал. Технологийг болгоомжтой хэрэглэхгүй бол тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлнэ. Технологи бол хямдхан зүйл биш тул боломжтой хэсэг нь улам ашиг шимийг нь хүртэж боломжгүй нь улам алсарна. 

Технологийн давуу талуудыг сургалтын үйл ажиллагаанд ашиглаж болно. Ялангуяа тоглоомоор дамжуулж суралцдаг чиглэлд хандуулах нь оновчтой.

Гурав. Унших чадвар бүгдийн суурь болох нь

- Танай байгууллага сүүлийн үед ямар төсөл хөтөлбөрт анхаарч ажиллаж байна вэ?

- Бид бага насны хүүхдийн унших чадварыг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа. Цогц байдлаар хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрөөр сургуулийн өмнөх боловсролоос нь эхлээд цэцэрлэгийн багш нарын арга зүйн зөвлөгөө өгөх, эцэг эхчүүдтэй нь ажиллах, бага ангийн багш нарт арга зүйг хөгжүүлэх гэх зэргээр ажиллаж байна.

Гарч буй үр дүнгээс харахад багш нарт арга зүйн зөвлөгөө өгөхөөр өөрчлөлт хурдан илэрч байна. Дэлхийн зөнгийн ашигладаг унших чадварыг зургаан түвшнээр үнэлдэг "Functional literacy analysis tool" гэж хэрэглүүр бий. Унших чадварыг 2-3 жилийн давтамжтай үзэхээр багш нарынх нь арга зүйд зөвлөөд ажилласан хүүхдийн унших чадвар 1-2 дугаар түвшинд байснаа 5-6 дугаар түвшинд очдог. Тэгэхээр багш нарт арга зүйн дэмжлэгийг сайн өгөх нь зүйтэй гэж харагдаж байгаа юм.

Эцэг эхчүүд мөн унших дадалтай болгох, орчныг нь бүрдүүлж өгөхөд санаа тавих хэрэгтэй. Гэртээ номын сантай болох, хүүхэдтэйгээ хамт ном унших гэх мэтчилэн зан үйлийг өөрчлөх нь үр дүнтэй байна. 

Хүүхдэд орчныг нь бүрдүүлээд сонирхол татахуйц байлгавал унших маш дуртай. 

Сургууль дээр гэхэд номын санг өөрчилмөөр байна. Сургуулийн номын санд дийлэнхдээ сурах бичиг байгаа. Үлдсэн нь тухайн хүүхдийн нас сэтгэхүйд таарсан унших материал байна уу, сонирхлыг нь татах зүйл ер нь бий юу гэдгийг эргэж хармаар байгаа. Одооноос номын сангууд өөрчлөгдөж байх шиг байна.

Ном санд орж байгаа хүүхэд каталог дотроос хайгаад ном уншина гэж байхгүй. Хүүхэд гараараа барьж үзэж байж авна. Тэгэхээр хүүхэд ороод номнуудаа үзэж байгаад сонгодог болгомоор байгаа юм. Эндээс л эхлэх нь зөв. Бага насны хүүхэдтэй ажиллаж байгаа номын санч нар хүүхдийг номонд дур сонирхолтой болгохын тулд ажилладаг байх хэрэгтэй.

Унших чадвар бол зөвхөн унших тухай асуудал биш, насан туршдаа суралцах боломж нь

Ёгт байдлаар хэлэхэд номын сан гээд нэр нь хүртэл одоогийн орчин нөхцөлд тохирохооргүй. Сан гэдэг чинь хадгалдаг газар. Тэгэхээр номыг хадгалдаг газар болчхоод байгаа юм. Анх бол номын сан гэж нэрлэхдээ номыг дээдэлж эрдэнэстэй зүйрлэсэн утгаар өгсөн байх. Гэхдээ шууд утгаараа сан буюу хадгалдаг газар гээд ойлгоод явчхаж болохооргүй санагддаг. 

Номын санд зөвхөн ном уншихаас гадна сургалт, хөгжүүлэх ажиллагаа явдаг, багаас нь авхуулаад бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан үйл ажиллагаа явдаг, түүгээрээ эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хамт уншдаг соёлд сургадаг болбол сайн. 

- Сурах бичгийн агуулга дээр та ямар бодолтой байна?

- Жендэр, соёлын мэдрэмжтэй байх. Сурах бичиг зохиож байгаа хүмүүс, хөтөлбөр боловсруулж буй бүгдэд нь жендэр, хүний эрх, ялгаатай байдлын талаар суурь ойлголтыг сайн өгмөөр байгаа. Тэгэхгүй болохоор жендэрийн хэвшмэл ойлголтыг боловсролоороо дамжуулан бэхжүүлээд байна

Мөн сурах бичиг бол багшийн шууд дагаж мөрдөх зүйл биш, хичээл заахдаа ашигладаг эх сурвалжуудын нэг нь байх ёстой. Гэтэл зарим тохиолдолд зөвхөн сурах бичгээрээ яваад байна. Түүнчлэн сурах бичгээс гадна нэмэлт материал их хэрэгтэй. 

Хүүхдийн унших чадварын түвшингээр нь ялгаатай унших материалуудын олдоц хэр байгааг сургуулиуд дээр очиж шалгахад байсангүй. Жишээлбэл англи хэл сурч байгаа хүүхдүүдэд анхлан уншигчдад зориулснаас эхлээд гүнзгийрүүлсэн хүртэл байдаг. 

Хүүхдүүд түвшиндээ тохирсон ном унших хэрэгтэй. Тийм биш учраас хүүхдийн ном уншихгүй байх нэг шалтгаан болдог. 

Уншиж сурч байгаа хүүхдүүдэд зориулсан унших материалыг арвижуулахын тулд шинээр зохиол бичиж болно, эсвэл томоохон туужуудыг хураангуйлж болно. Эдгээр арга замаар унших материалын нөөц олдцыг сайжруулах, худалдаж авах боломжгүй бол номын сангаар дамжуулан авах боломжтой байлгах нь оновчтой. 

Хүүхдүүд түвшиндээ тохирсон ном унших хэрэгтэй. Тийм биш учраас хүүхдийн ном уншихгүй байх нэг шалтгаан болдог

Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд жишээлбэл Бэлхэд амьдардаг хүүхэд ирж ном унших болов уу гэдэг асуудал. Бараг 20 километр газар шүү дээ. Тэгэхээр номын сан, унших боломжийг нэммээр байгаа. 

Хотын шинэчлэл дээр дэд төвүүд гээд яригдаад байгаа тэр бол ерөнхийдөө 20 минутын зайд бүх суурь үйлчилгээ байна гэж байгаа. Түүнд номын сан орох байх гэж бодож байна. Унших чадвар бол зөвхөн унших тухай асуудал биш, насан туршдаа суралцах боломж нь. 

Сурах үйл явцыг яаж хүүхдийн дуртай юм болгох вэ гэдэгтээ анхаарч хөтөлбөрөөрөө багшийн арга зүйгээр яаж бодитой болгох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Урт хугацаандаа хийгдэх ёстой. Гэхдээ түүнийг томьёолж тодорхойлж байж гарч ирнэ. Тэгэхээр хөтөлбөрийн үзэл баримтлалд тэр байж л байх ёстой.

Сурах үйл явц бол зөвхөн боловсролын байгууллагаар дамждаг юм биш. Манайх "Early childhood matters" гээд европ сэтгүүлээс өгүүлэл орчуулж гаргадаг. Түүнд нэгэн сонирхолтой сэдвийг хоёр жил дараалан онцолсон нь нийтийн эзэмшлийн орон зайг яаж суралцахуйг дэмжсэн болгож хувиргах вэ гэдэг асуудал юм. Нэг хотын автобусны зогсоол дээр том сампин хийсэн байгаа юм. Тэнд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ автобус хүлээж байхдаа тоо бодож тоглодог. Ер нь хот бага насны хүүхдэд ээлтэй байвал бүх хүнд ээлтэй гэж үздэг. 

Хүүхдийн тоглоомын талбайг хамгийн түрүүнд аюулгүй гэдэг талаас нь хараад байдаг. Гэтэл хүүхэд тодорхой хэмжээнд эрсдэлтэй алхам хийх ёстой. Тэгж байж түүнээсээ юм сурч авна. Сониуч занг нь өдөөх хэрэгтэй.

Номын санд хүүхэд ороод өөрөө номнуудаа үзэж байгаад сонгодог болгомоор байна

Манай байгууллага нэг их анзаарагддаггүй асуудлыг олж харж түүнтэй холбоотой материалыг нийтэлж, хүмүүст хүргэхээр ажиллаж байгаа. Англи хэлэнд "It takes a village to raise a child" гэж үг бий. Хүүхэд сурч боловсрох гэдэг бол сургууль, багшийн л хийх ажил биш. Бүх хүн л оролцох ёстой гэсэн утга. Хаашаа л харна суралцах боломжтой, юм мэдэх боломжтой орчин нөхцөл бий болгох нь зөв.

Анх "TEDTalks" олонд хүрч эхлэх үед Кен Робинсон гэж хүн тавьсан илтгэлдээ "Сургууль хүүхдийн бүтээлч байдлыг устгадаг" гэж ярьсан байдаг.

Хүн төрөлхөөсөө сониуч зантай. Юмыг олж мэдэх эрэл хайгуул хийх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Түүнийг нь хайрцагладаг биш илүү өдөөдөг хөтөлбөр, арга зүйтэй баймаар байна. 

- Бид багаасаа багшийн хэлснийг л бичиж цээжилдэг арга барилаар суралцаж дасчихсан. Бараг багшийн хэлснээс өөр зүйл ярьж болохгүй мэт л байснаас өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, хамгаалахдаа тун тааруу болсон байдаг шиг санагддаг?

- Бид МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуультай хамтран ажиллаж байгаа. Оюутнуудад зориулсан хэд хэдэн хичээл орж байгаа. Жишээлбэл цэцэрлэгийн багш болох гэж байгаа оюутнуудын дунд мэтгэлцээний клуб байгуулаад нийгмийн эмзэг асуудлууд, тодорхой концепт, үнэт зүйлийн талаар мэтгэлцдэг. Энэ явцад сонирхолтой хэдэн зүйл анзаарагдсан. Оюутнууд ерөнхийдөө суугаад, сонсоод байна.

Жон Дьюигийн хэлсэн үг бий "Бид ямар нийгэм байгуулахыг хүсэж байна, сургууль түүнийх нь загвар" гэж.

Хэрэв сургууль ардчилсан үйл явцтай байвал тэндээс төгссөн хүүхдүүд ардчилсан нийгмийн идэвх оролцоотой болно. Түрүүн ярьсанчлан ангийнхаа дүрмийг гаргахаас эхлээд. Америкийн киноноос харахад сурагчдын зөвлөлд нь жинхэнэ сонгууль болж байгаа шүү дээ. Тэр соёл багаасаа төлөвшиж байж насанд хүрэхдээ бусдын ямар нэг зүйлд автахгүйгээр сонголтоо хийдэг хүн болдог. Тэгэхийн тулд цэцэрлэгт байхаас нь төлөвшүүлдэг. 

Шийдвэр гаргах чадвар гэдэг чухал. Сонголт бол шийдвэр. Сонголтыг багаасаа чөлөөтэй өөрийн хүссэнээр хийдэг болчихвол жижигхэн мэт боловч ирээдүйд асар их өөрчлөлт авчирна

- Тэгвэл бид боловсролын системээрээ дуулгавартай иргэд бэлтгээд байна аа даа?

- Тийм. Түрүүн ярьсан Тогтвортой хөгжлийн зорилт 4.7 дээр хийсэн дүн шинжилгээнд тэгж л гарсан. Иргэний эрх чөлөө, түүн дотор үзэл бодлоо илэрхийлэх чөлөө бий. Үүнд хандсан юм бага харагдаад байна. 

- Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа.