Зураг
Зураг
Индэр    
2024 оны 3 сарын 11
Зураг
Эрх зүйч, судлаач

Хятадын хоёр хурлын сониноос

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гуравдугаар сарын 4-11-ний өдрүүдэд Хятадын жил бүр хуралддаг "Хоёр хурал" буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ), Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн (ХАУТЗЗ)-ийн ээлжит чуулган Бээжин хотноо болж өнгөрлөө.

Хятадын тухай анхлан сонирхож буй хүмүүсийн тухайд БХАТИХ бол байнгын бус ажиллагаатай парламент, төрийн эрх барих дээд байгууллага юм. Харин ХАУТЗЗ нь Хятадын онцлогтой олон намын тогтолцооны олон ургалч үзлийн чухал платформ болдог гэдгийг тайлбарлах нь зүйтэй байх.

Агуулга, ач холбогдлоороо эрх баригч Хятадын коммунист намын Их хурлын дараа орох улс төр, нийгэм, эдийн засгийн чухал үйл явдал болохын хувьд энэхүү хоёр хурлын шийдвэр нь Хятад улсын байгууллага, иргэд төдийгүй Хятадтай худалдаа бизнес эрхлэгч, харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхол бүхий гадаад улсын байгууллага, иргэдийн бизнес төлөвлөлтийн макро орчны чиглэл болох боломжтой юм.

Нэн ялангуяа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, найрсаг хөрш орон, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын тэргүүлэгч улсын хувьд макро түвшинд ч тэр, микро түвшинд ч тэр эдгээр хурлын шийдвэр анхаарал татна.

Монголын өргөн хэрэглээний гол нийлүүлэгч улс болохын хувьд Хятадын засгийн газрын гадаад худалдааны интеграц, Хятадын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх зорилт нь монголчууд бидний өдөр тутмын хэрэглээ, амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлөх нь лавтай. Нөгөө талаас манайхаас Хятад руу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортлох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага Хятадын хорио цээрийн стандартыг сайтар судалж, түүнд хэрхэн нийцүүлэх талаар бодолхийлэх шаардлага үүсэж байна.

Түүнчлэн Хятадын гааль, татвар, хорио цээрийн үйлчилгээг нэг цонхонд үзүүлэх зорилтууд Засгийн газрын тайлан илтгэлд орсон нь бодит үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгжүүдийн хувьд сайн мэдээ байх нь гарцаагүй.

Хятад улс бол маш том зах зээл болох нь хэн хүнд ойлгомжтой. Өнгөрсөн оны аравдугаар сард Хятад улсын баярын үеэр зөвхөн Хятадын Шэньян хотод 3.5 сая гаднын хүн зорчсон нь Монголын хүн амаас ч их тоо юм. Энэ том зах зээлд орох, байр сууриа бэхжүүлэх нь дэлхийн бизнесийн хүрээнийхний сонирхол биз ээ.

Хятадын Ерөнхий сайд Ли Чян дотоодын эрэлтийг тэлэх, эдийн засгийн бодит эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахыг Засгийн газрын зорилгод тусгасан. Хэрэглээний тогтвортой өсөлтийг дэмжих бөгөөд орлогыг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулахаас эхлээд хориг саадыг арилгах хүртэл арга хэмжээг нэгдсэн бодлогоор зохицуулж, хэрэглээг идэвхжүүлнэ. Дижитал хэрэглээ, ногоон хэрэглээ, эрүүл хэрэглээг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ухаалаг гэр ахуйн бараа, соёл аялал жуулчлал, спортын арга хэмжээ зэрэг хэрэглээг дэмжинэ. Хэрэглээний хуучин бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр солино. Цахилгаан машин, ухаалаг цахим хэрэгслээр солихыг дэмжинэ. Ахмад настан хүүхэд асрах, гэрийн үйлчилгээ зэрэг үйлчилгээг өргөжүүлж, чанаржуулна. Хэрэглээг дэмжих жилийн арга хэмжээ зохион байгуулж, хэрэглэгчийн эрхийг хамгаална гэжээ.

Товчхондоо монголчууд бидний хувьд газар зүйн хувьд ойр, харилцааны хувьд найрсаг хөрш орон маань дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлнэ, шинэ хэрэглээг дэмжих аж. Бид уул уурхайн бүтээгдэхүүний зэрэгцээ Хятадын өргөн олон нийтийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг тэдний хэрэглээнд нийлүүлэх боломж бий юу?

Хятадын засгийн газрын тэргүүн үйлдвэрлэлийн шинэ бүтээмж гэх ойлголтыг анх удаа засгийн газрын ажлын тайланд оруулснаараа онцлог байсныг Хятадын хэвлэл мэдээлэл тэмдэглэж байна. Үйлдвэрлэлийн шинэ бүтээмж нь инновацад тулгуурласан, өндөр технологи, өндөр үр ашиг, өндөр чанар зэрэг онцлогтой, хөгжлийн шинэ үзэл баримтлалд тулгуурладаг. Дан ганц эдийн засгийн өсөлтийг зорилгоо болгодоггүй, харин эдийн засгийн өндөр чанартай өсөлт, нийгмийн бүх талын хөгжил дэвшлийг дотроо агуулсан ойлголт ажээ.

Нэг талаас Хятадын цогц, олон талыг хамарсан, хөгжлийн шинэ үзэл баримтлал, төлөвлөлтийн талаарх мэдээлэл бяцхан атаархал төрүүлж буйг нуух боломжгүй ээ. Нөгөө талаас өндөр чанартай үйлдвэрлэлийн шинэ бүтээмж нь хоёр улсын худалдааны бүтцийг солонгоруулах боломжийг бидэнд олгоно гэдэгт найдаж байна. Гагцхүү манай талын судалгаа шинжилгээ, санал санаачилга үүнд чухал санагдана.

Эцэст нь Хятадын засгийн газрын тайлан илтгэлд Хятад улс шинжлэх ухаан, боловсролын сэргэлтийн стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, өндөр чанартай хөгжлийн суурийг бэхжүүлэхийг засгийн газрын үйл ажиллагааны гол үүрэг гэж үзсэн.

Боловсролоор хүчирхэгжих, шинжлэх ухаанчаар хүчирхэгжих, эрдэм чадалтай хүмүүнээр хүчирхэг улс болохыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, инновац, үйлдвэрлэл, хүн хүчний интеграцжуулж, боловсрол, шинжлэх ухаан технологийн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ гэж заасныг тэмдэглэхийг хүслээ.

Боловсрол л улсыг хүчирхэгжүүлж, боловсрол л улсыг хөгжүүлж, боловсрол л улсыг баяжуулах тул боловсролын асуудлыг чухалчилдаг Хятадын бодлого нь бидэнд шууд нөлөөгөө үзүүлэх нь дамжиггүй. Учир нь хүн амтай нь харьцуулбал Хятадад суралцдаг оюутны тоогоороо манай улс дээгүүр байранд ордог билээ.