Зураг
Зураг
Индэр    
2023 оны 10 сарын 24
Зураг
Эрх зүйч, судлаач

"Бүс ба Зам" дээд хэмжээний уулзалтын эргэн тойронд

Зураг
reuters.com

2023 оны аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба Зам” санаачилгын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад дэлхийн 151 улс, 41 олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

Оролцогчдын тоог авч үзвэл тус санаачилга дэлхийн дийлэнх улс орныг хамарсан, дэлхий нийтийн үйл хэрэгт чухал нөлөө үзүүлэх болохыг харуулж байна.

Хөрш хоёр улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл тул БНХАУ-ын гадаад бодлогын энэхүү санаачилгыг Монгол Улс анхнаас нь дэмжиж, оролцож ирсэн.

Өнгөрсөн 10 жилд өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, хамтдаа хэлэлцэж, улс төрийн итгэлцэл, ойлголцлоо улам нэмэгдүүлэх замаар хоёр улсын хөгжлийн бодлогын уялдааг хангаж ирэв. Тухайлбал Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Нэг бүс нэг зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой уялдуулан хөгжүүлэхээр тогтсон.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр үүнийг тодотгож, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан.

Монгол, Хятадын дунд хамтын ажиллагааны маш том орон зай, боломж бий гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн найман зүйлт арга хэмжээ болон манай улсын хөгжлийн бодлоготой хэрхэн уялдах талаар өөрийн бодлоо илэрхийлэхийг хүслээ.

Үүнд:

Нэг. “Бүс ба Зам”-ыг харилцан нэвтэрч, харилцан холбогдох сүлжээг илүү чанартайгаар бүтээн байгуулна.

Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудыг авто болон төмөр замаар холбох зорилт тавьж, Хятадын талтай Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Гашуун сухайт-Ганцмод, Ханги-Мандалын боомтуудыг хил дамнасан төмөр замаар холбох яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа билээ.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын үеэр “Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулагдсан нь Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замыг холбох ажлыг нэг шат урагшлуулах төдийгүй Монгол, Хятадын дэд бүтцээр харилцан холбогдох томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Хоёр. Хятад улс дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг дэмжихээ илэрхийлсэн нь Монгол Улсын эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Ташрамд дурдахад хоёр улсын худалдаа 2014 онд 6.8 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 13.2 тэрбум ам.долларт болж өссөн. Хоёр улсын худалдааг 2027 он гэхэд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт болон нийт худалдааны 90 орчим хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, үүнээс шалтгаалсан “тогтвортой биш” зэрэг асуудлыг шийдвэрлэхэд бид өөрсдөө идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

Мөн хурлын үеэр байгуулсан Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалттай ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол нь Хятадын зах зээлд монголын хөдөө, аж ахуй, мах махан бүтээгдэхүүн экспортлоход чухал алхам боллоо.

Гурав. Бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Хятадын Хөгжлийн банк, Хятадын ЭКСИМ банканд 350 тэрбум юанийн санхүүжилтийн шугам, Торгоны замын санд шинээр 80 тэрбум юанийн санхүүжилт шийдвэрлэж, зах зээл, худалдааны зарчмын дагуу “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтын төслийг дэмжихээ Хятад улс илэрхийллээ. Мөн иргэдийн амьжиргааг сайжруулах 1,000 жижиг, дунд төслийг хэрэгжүүлнэ.

Монгол Улс, БНХАУ 2011 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, 3.3 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг авч, төслүүд амжилттай хэрэгжиж байгаа ч санхүүжилтийн эх үүсвэр, төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлага байна.

Дөрөв. Хятадын Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг дэмжиж буй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын Эрчим хүчний сэргэлтийн бодлогын сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэхтэй уялдаж байна.

2023 оны аравдугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан “Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь ногоон хөгжлийн асуудлыг хоёр улс хамтдаа чухалчлан үзэж буйн илрэл боллоо. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр улсын ногоон хөгжлийн чиглэлийн хамтын ажиллагааны бодитой нэгэн жишээ болов.

Хятад улс 2030 он хүртэл түнш орнуудынхаа 100 мянган хүнийг ногоон хөгжлийн сургалтад хамруулахаа “Бүс ба Зам” дээд хэмжээний уулзалтын үеэр зарласан нь Монголын олон залууст сурч хөгжих боломжийг олгоно.

Тав. Хятад улс шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлж, ирэх таван жилд улс орнуудтай хамтран 100 лаборатори байгуулах ба гадаадын залуу судлаач эрдэмтдийг Хятадад ирж богино хугацаанд ажиллахыг урьжээ. Дэлхийд өрсөлдөх, шинжлэх ухааныг эрхэмлэдэг монголын залуу судлаачид, эрдэмтэд, зохион бүтээгчдэд том боломж бүрдэж байна.

Зургаа. Иргэдийн солилцоог дэмжиж, “Бүс ба Зам”-ын дагуу улсуудын соёл иргэншлийн яриа хэлэлцээг бий болгож, гүнзгийрүүлнэ гэжээ. Монгол, Хятадын ард түмэн бол хүмүүн төрөлхтний түүхэнд өөрийн ул мөрөө арилшгүйгээр үлдээж чадсан аугаа их түүх, соёлтой. Иргэдийн соёлын солилцоо, соёл иргэншлийн яриа хэлэлцээний хүрээнд Монголчууд бид өөрийн өвөрмөц, соёл, түүх, зан заншлаа бусадтай хуваалцах, бусдын соёлоос суралцаж, өөрийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийг талархан хүлээн авах нь зүйн хэрэг. Энэ хүрээнд “Торгоны зам” Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт илүү олон залуучууд хамрагдаж, Торгоны замыг бүтээхэд мэдлэг чадвараа зориулаасай хэмээн хүснэ.

Долоо. Шударга, зөв замыг бий болгох тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпин дурджээ. Өөрөөр хэлбэл авлига, завхралын эсрэг тууштай байхыг хурлын үеэр сануулахаас татгалзаагүй ажээ. Дурдан буй асуудал зөвхөн нэг улсад хамаатай бус дэлхийн улс орнуудын засаглалд тулгамдаж буй асуудал гэдэг нь ойлгомжтой юм.

Найм. Эрчим хүч, татвар, санхүү, ногоон хөгжил, гамшигтай тэмцэх, авлигын эсрэг, тинк танк, хэвлэл мэдээлэл, соёлын зэрэг олон салбарт олон талт хамтын ажиллагааны механизм байгуулах, үйл ажиллагааг нь сайжруулахыг чухалчилжээ. 2016 оноос хойш Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт 10 гаруй механизм бүрдсэн бөгөөд хамтын ажиллагааны механизм нь бодит ажлыг урагшлуулахад илүү тустай байна гэсэн санааг судлаач Б.Индра өгүүлснийг иш татан дурдъя.

Эцэст нь “Бүс ба Зам” олон улсын дээд хэмжээний уулзалтын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулахад Монгол Улс эхнээс нь идэвхтэй оролцоотой байж, өөрийн сонирхлоо илэрхийлж байх нь зүйтэй юм гэсэн саналаа илэрхийлснээр энэхүү нийтлэлээ өндөрлөе.

 

Эх сурвалж:

  • 2023 оны есдүгээр сарын 22-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулагдсан “Бүс ба Зам” санаачилга: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв ЭШХ-нд оролцсон судлаач Г.Батсүх, Б.Индра, М.Эрдэнэбаяр, Б.Базардорж нарын илтгэлүүд
  • Гуравдахь удаагийн “Бүс ба Зам” дээд хэмжээний хурлын нээлт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тавьсан илтгэл