Индэр    
2023 оны 10 сарын 31
Зураг
Эрх зүйч, судлаач

Хятадын хөрш орны бодлогын цагаан номын тухай

Зураг

2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр Бээжин хотноо Хятадын ГХЯ "Шинэ эриний Хятадын хөрш орнуудын талаарх гадаад бодлогын хэтийн төлөв" баримт бичгийг албан ёсоор танилцуулсан нь хөрш орнуудынхаа талаарх гадаад бодлогоо анх удаа баримт бичгийн хэлбэрээр зарласан хэрэг боллоо.

БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болдог тул энэхүү баримт бичгийг судлахгүйгээр гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ хэрэгжүүлэх боломжгүй.

Орчин үед аливаа улс орны хөгжлийн бодлого шийдвэр макро, микро, мэзо орчны судалгааг сайтар явуулж, биг дата дээр суурилж гарах ёстойг чухалчилж байна.

БНХАУ-ын хүн ам, соёл иргэншил, дэлхийн эдийн засагт эзэлж буй байр суурийг энд нарийвчлан бичих нь илүүц биз.

Эцэст нь бид хөрштэйгөө хэдэн мянган жил айлсан ирсэн, хөршөөсөө нүүхгүй нь тодорхой тул хөршөө сайн судалж, өөртөө хөгжлийн боломж үүсгэх нь бидний хариуцлага, бид санаачилгаас л шалтгаалах билээ.

Тус баримт бичгийн оршилд хөрш бүс нутаг нь Хятадын амар тайван тогтвортой байдал, хөгжил дэвшлийн суурь гэж Зэн Буддизмын сургаалиас иш татаад бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн төлөө тууштай байхаа нотлон илэрхийлжээ.

Энэ нь орчин үеийн олон улсын харилцааны ээдрээтэй, тогтворгүй нөхцөл байдалд түүх, соёл сэтгэлгээ болон геополитик талаасаа Хятадын хувьд гарцаагүй бөгөөд зайлшгүй шинж чанартай.

Хөршүүдээ хөгжүүлэх, орчин үежүүлнэ, энх тайван, амар тайван байдал, хөгжил дэвшил, найрамдал нөхөрлөлийг хамтдаа бий болгон шинэ эриний Ази тивийг бүтээнэ гэж буй нь “Азийн хөлөг” улс болох бидний алсын хараатай нэгэн чигт байна.

Энэхүү баримт бичигт Ази тивийн өнгөрсөн 40 жилийн ололт амжилт хийгээд тулгамдаж буй асуудал, сорилт, бэрхшээл, өнгөрсөн 10 жил Хятадын хөрш орнуудынхаа талаар явуулсан гадаад бодлогын ололт амжилтыг тэмдэглэсэн.

Цаашид хөрш орнуудын талаар баримтлах гадаад бодлогоо танилцуулснаас өөрийн хязгаартай мэдлэгийн хүрээнд анхаарах шаардлагатай гэж үзсэнээ сийрүүлэн танилцуулъя. Үүнд:

Нэг. Хятад улс хөрш орнуудын талаар баримтлах гадаад бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж, сайн найз, сайн түнш байх чиглэл баримтална. “Элэгсэг дотно, чин үнэнч, харилцан хүртээмжтэй, уужуу багтаамжтай” гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлнэ.

Хятад улс хөрш орнуудтай улс төрийн харилцаагаа илүү найрсаг болгож, эдийн засгийн хэлхээ холбоогоо бэхжүүлж, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн харилцааг улам ойртуулж, хөрш орнуудын хамтын ирээдүйг бүтээнэ гэжээ.

Хятад улсын “Элэгсэг дотно, чин үнэнч, харилцан хүртээмжтэй, уужуу багтаамжтай” гадаад бодлого хэрэгжсэн өнгөрсөн 10 жилийнхээс илүү үр шимийг ирэх 10 жилд хүртэх тухайд хэн бүхний мэддэг болсон алдааг дахин давтахгүй байхад бид анхаарах хэрэгтэй.

Хоёр. Хятад шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгож, эрх тэгш, нээлттэй, хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ. Хятад өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалж, улс орнуудын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тухайн улс ард түмний өөрийн сонгон авсан хөгжлийн зам, нийгмийн тогтолцоог хүндэтгэж, бусад улсын дотоод хэрэгт оролцохгүйгээ илэрхийлжээ.

2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гарсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл”-д:

“… Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэдгээ дахин илэрхийлэв. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов...” гэсэнтэй утга нэгэн болохыг үүнээс харж болно.

Том, жижиг улсууд тэгш харилцах олон улсын харилцааны эерэг системийг бий болгохын төлөө Хятад улс тууштай ажиллахаа энэ баримт бичгээр дахин нэг зарласан нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах гадаад бодлогын зорилтоо хэрэгжүүлэхэд эерэг орчныг бүрдүүлнэ гэж үзлээ.

Гурав. Хятад улс бүс нутгийн улсуудын хамт орчин үежих процессыг урагшлуулна. Хятад маягийн орчин үе нь хөгжиж буй улсуудад орчин үеийн замыг бий болгоход шинэ сонголт болж байна гэжээ.

Монгол Улс ардчилал, зах зээлийг эдийн засгийн тогтолцоог сонгосноос хойш гурван арваныг үдээд байгаа бөгөөд цаашдаа хэрхэн яаж хөгжих тухайд урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлоод байгаа билээ.

Сэргэн мандалтын үеэс хойш дэлхийн хөгжлийг тодорхойлж ирсэн европ, барууны орчин үетэй зэрэгцээд Хятадын онцлогтой орчин үеийн тухай ойлголт гарч ирсэн нь бидний сонголтыг олон хувилбартай болгож байна.

Үнэхээр ч Чин гүрний үед хоцорч үлдсэн Хятад улс богино хугацаанд орчин үежсэнийг улс орнуудын удирдагчид, эрдэмтэд судлаачид, эгэл жирийн иргэд хүртэл илэрхийлж байгааг бид хэвлэл мэдээллээс олж харж байгаа билээ.

Үүгээрээ аливаа нэг улс, бүс нутаг, соёл иргэншилд нэг туйлтай хандах тухай биш үндэсний язгуур ашиг сонирхлоо эрхэмлэн дээдэлж, түүндээ нийцсэн бодлогын хувилбаруудаас сонголт хийх тухай илүү боломж үүссэнийг л өгүүлэх гэсэн хэрэг.

Дөрөв. Хятад улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаална гэжээ.

Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг хангасан улс орон байгаасай гэдэг нь үндсэн хуулиараа тунхагласан бидний туйлын хүсэл, үзэл санаа билээ. Геополитикийн сорилт бэрхшээл дор бүс нутагт энх тайван тогтвортой байдал хадгалагдах нь бидний ч ашиг сонирхол. Дайн байлдаан, хийрхэл хол байж, хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангасан нийгмийг байгуулахад бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал гадаад эерэг орчныг бүрдүүлэх нь ойлгомжтой билээ.

Тав. Хятад улс НҮБ цөмтэй олон улсын харилцааны систем, олон улсын эрх зүйд үндэслэсэн олон улсын харилцааны дэг журам, НҮБ-ын дүрэм, зарчимд суурилсан олон улсын харилцааны суурь зарчмыг тууштай хамгаална.

НҮБ үүргээ гүйцэтгэж чадаж буй эсэх тухайд янз бүрийн үзэл бодол бий боловч НҮБ-ын дүрэм, үзэл санаа бол хүн төрөлхтний сэтгэлгээний ололт, эрхэмлэн хамгаалах үнэт зүйлс гэдэгтэй санал нэгдэнэ.

21 дүгээр зуунд дэлхийн үйл хэргийг зүй зохистой зохион байгуулахад Ази тив чухал оролцоотой байх нь бодитой зүйл билээ.

Зургаа. “Нэг Хятад” зарчим, Тайванийн талаарх байр суурь, үр нөлөөг нээлттэй илэрхийлжээ. Монгол Улс “Нэг Хятад” бодлогыг баримталдаг болохыг хоёр улсын харилцааны баримт бичгүүдээс харж болдог.

Өндөр хөгжилтэй Тайваньд боловсрол эзэмшиж буй монгол залуус цөөнгүй. “Нэг Хятад” зарчмын хүрээн дэх Улаанбаатар-Тайпейн хоорондын соёл, эдийн засаг, худалдааны харилцаа, ялангуяа хүн хоорондын харилцаа нь манай нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг болохыг дурдах хэрэгтэй.

Эцэст нь хоёр улсын ирээдүйн харилцааны төлөвийг тодорхойлохдоо өнгөрсөн 10 жилийн алдаа, оноогоо цэгнэн, ололтоо бататгах, алдаанаас сургамж авч, Хятад улсын манайхаас бусад хөрш орнуудтай хөгжүүлсэн харилцааг судлан, харьцуулалт хийх, улмаар чиглэл, үзэл баримтлалаа зөв тодорхойлбол өнгөрсөн 10 жилд хөгжүүлсэн улс төрийн өндөр дээд түвшний итгэлцлийн суурин дээр иргэд хоорондын харилцан ойлголцол нэмэгдэж, эдийн засгийн харилцан ашигтай, үр дүнтэй, түншлэлд суурилсан, инновац шингэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж харж буйгаа илэрхийлье.