Индэр    
2023 оны 10 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Ирэх оны төсөв ₮5 их наядаар тэлсэн нь өсөн нэмэгдэж буй эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулахад хэвийн үзүүлэлт"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганаар хэлэлцэж эхэлнэ. 

УИХ хуулийн төслийг гурван удаа хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах учиртай. Сангийн яамнаас өргөн мэдүүлээд буй төсөлд тусгаснаар манай улсын тэнцвэржүүлсэн орлого 2024 онд 25.3 их наяд төгрөг бол зарлага 27.3 их наяд төгрөг байх юм. Эдийн засгийн үр өгөөжийг нь бодолцон дараа жил дэд бүтэц, авто зам барьж байгуулахад илүүтэй хөрөнгө оруулахаар тооцоолж буйгаа Сангийн яамнаас танилцуулсан.

Түүнчлэн улсын төсвөөр аймгуудад хийх хөрөнгө оруулалт Хэнтий аймагт мөн л хамгийн өндөр байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй. 2024 оны улсын төсвийн төслийн талаарх олон нийтийн анхаарлыг татсан асуудлаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржтой ярилцлаа.

- Ирэх оны төсвийн төслийг энэ жилийнхтэй харьцуулбал 5 их наядаар тэлсэн байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй. Ялангуяа сонгууль болох жил ингэж өндөр дүнгээр нэмэгдсэн нь эргээд сөрөг үр дагавар гаргах вий гэж зарим эдийн засагч анхааруулж байна. Хэт өөдрөг төсөв болсон гэдэгт та ямар тайлбар өгөх вэ?

- Ирэх оны төсвийн төслийг өргөн бариад байна. Үүнд тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд, зарлага 27.3 их наяд төгрөг байхаар боловсруулсан. Энэ жилийн төсвөөс 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа. Номиналь тоогоороо 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгааг хэт өндөр байна гэж шүүмжлэх хүмүүс байна. Гэхдээ бид номиналь тооноос илүү дотоодын нийт бүтээгдэхүүндээ харьцуулж харвал зөв.

Жишээлбэл 2020 онд манай дотоодын нийт бүтээгдэхүүн 37 их наяд  байв. Харин ирэх жил 74 их наяд байхаар бид төсөвлөж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин өссөн. Эдийн засгийн багтаамж тэлж байгаа.

Жил бүр хүүхдийн тоо өснө, тэр хэрээр цэцэрлэг, сургуульд суралцах хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ, төрийн тусламж үйлчилгээ ч мөн адил нэмэгдэнэ. 

Эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулбал манай зарлагын өсөлт нэгэн хэвийн байгаа.

Орлогын тухайд сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ нь тогтмол 36 орчим хувьтай байна. Энэ харьцааг бид хадгалж байна. 

зураг
 

Өөрөөр хэлбэл эдийн засаг нэг их наядаар тэллээ гэхэд орлого 360 тэрбум төгрөгөөр нэмэгддэг гэж ойлгож байна. Татварын хувийг нэмээгүй, эдийн засгийн идэвхжилээрээ өөрчлөгдөж байгаа зүйл. Орлого ингэж нэмэгдэж байхад нөгөө талд төрийн үйлчилгээ сайжирч байх ёстой. Саяхан л гэхэд ерөнхий боловсролын сургуулиудад компьютер асуудал болж байсан бол одоо багш бүрийг компьютероор хангаж байна. 

Эрүүл мэндийн үйлчилгээний тухайд бараг эмнэлэг бүр компьютер томографийн аппараттай боллоо. Иргэд ч эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн талаар санал шүүмжлэлээ хэлж, шаардаж байгаа нь зүйтэй үйлдэл. Энэ дагуу төрийн үйлчилгээ сайжирч байгаа.

Мөнгөн дүнгээр өндөр харагдаж байгаа ч эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулахад хэвийн зүйл. 

- Татварын Ерөнхий Газар 2024 онд 10 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан байсан. Таны саяын хэлсэнчлэн аливаа төрлийн татварын хувь хэмжээ ирэх онд өөрчлөгдөхгүй гэж ойлголоо?

- Тийм. Татварын хувь хэмжээ нь яг хэвээрээ. Эдийн засгийн багтаамжаараа л нэмэгдэж байгаа. 

- 2024 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүдийг яаж эрэмбэлсэн бэ?

- 3-4 жилийн өмнө боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хамгийн өндөр тавигддаг байв. Гурван ээлжийн сургуулийг халах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулахтай холбоотой учраас тэр. 

Аймаг, орон нутагт нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалт өмнө нь их хийсэн. Сум бүрд соёлын төв барьж, сургуулиудыг шинэчлэн өргөтгөсөн. Аймаг бүрийн эмнэлгүүдийг боломжийн хэмжээнд хүргэсэн. 

Харин ирэх жил хөрөнгө оруулалт нь дэд бүтцийн салбарт зонхилохоор болж байна. Орлого олдог салбарууддаа хөрөнгө оруулъя гэж байгаа юм. Барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарт хөрөнгө оруулалт их хийгдэнэ.

Ирэх оны төсвийн онцлог нь Монгол Улс түүхэндээ анх удаа 21 аймгаараа Ерөнхий сайд нь өөрөө ахалж, сайд нарыгаа дагуулж яваад хэлэлцүүлэг хийсэнд оршино. Төсвөө танилцуулж, иргэдээс өөрсдөөс нь санал бодлыг асуусан. Төсвийн тухай хуульд өөрчлөлт орж, иргэдэд нээлттэй болох чиглэлд Засгийн газар явж байгаа. 

Иргэд олон төрлийн санал хэлснээс хамгийн хэрэгжих боломжтой төслүүдийг түлхүү сонголоо. Ингэхдээ Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) нь бэлэн байх, хэрэгжих баталгаатай, газартай, зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьсан. Хэрэгжих боломжгүй болсон төслүүдэд хөрөнгө оруулахаар тусгахаар тэр нь нэг жилд хэрэгжих байсан бол хэдэн жилээр хугацаа нь сунадаг, өртөг нь нэмэгддэг гэх мэт эрсдэл гардаг. 

Түүнчлэн эхний жилд "амсуулж" буюу бага мөнгөн дүн тавьдаг байсныг халж, гурван жилд хэрэгжих бол түүнд нь тааруулж, тооцоолон тавьсан байгаа. 

"Ирэх оны хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл нь авто замын бүтээн байгуулалт"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Сайд нарт хуваарилсан төсвийн талаар асууя. Соёлын сайдад 402 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Энэ мөнгө юунд зориулагдах вэ?

Соёлын салбарт 6,000 орчим хүн ажиллаж, төсвөөс цалинждаг. Иймээс 250 орчим тэрбум нь эдгээр хүний цалин хөлс, үйл ажиллагааны зардалд зориулагдана.

150 гаруй тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтынх. Соёлын салбарын хөрөнгө оруулалтад нэг зүйлийг тодорхой болгосон. Суманд соёлын төв барихаас илүү улсын хэмжээний төсөлд хөрөнгө оруулахад чиглэсэн. Чингис хаан музейг богино хугацаанд барьсан шиг Байгалийн түүхийн музей, номын сан гэхчлэн үндэсний хэмжээний хөрөнгө оруулалтад төсөвлөсөн. 

- Эрчим хүчний сайдын төсвийн талаар ч тодруулмаар байна. Хараат байдал, тоног төхөөрөмжийн элэгдэл, хүчин чадлын хомсдол гээд энэ салбарт шийдвэрлэх асуудал их бий. Үүнийг шийдэх боломж хэр байна вэ. Ирэх онд салбарын сайдад нь 359.8 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгасан байсан?

- Эрчим хүчний салбарын нэг онцлог нь зөвхөн Эрчим хүчний яам нь төсвийн байгууллага байдаг. Тэнд ажилладаг 100 орчим хүний цалин л улсын төсвөөс гардаг. Тиймээс эрчим хүчний сайдын төсөв нь бүхэлдээ хөрөнгө оруулалтын зардал гэж хэлж болно. Мөн эрчим хүчний салбарт ажиллаж буй 16,000 орчим хүн нь цахилгааны төлбөр төлсөн тарифаас санхүүжиж, аж ахуйн тооцоон дээр буюу өөрсдөө орлогоо олж, зарлагаа гаргадаг. 

Соёлын салбар ба эрчим хүчний салбарын ялгаа нь эндээ байгаа юм.

Мөн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс бүхэлд нь гаргахад хүндрэлтэй учраас гадаадын зээл, тусламжаар шийддэг. Жишээлбэл 10 аймагт дулааны цахилгаан станц баригдаж эхэлсэн. 

зураг
 

Эдгээр хөрөнгө оруулалт нийлээд нэг их наяд төгрөг болох хэмжээний шүү дээ. Чойбалсанд баригдаж буй дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна. Эдгээр нь маш том хөрөнгө оруулалтын төсөл. Тэгэхээр зөвхөн улсын төсвөөр хязгаарлаж харж болохгүй.

- Эрчим хүчний салбарт хийхээр 255 тэрбум төсөвлөсөн нь юунд зарцуулагдах вэ?

- Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг шийдвэрлэхэд чиглэсэн. 20-30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардах төслүүд бий. Том хэмжээний төслүүдийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх боломжгүйг өмнө дурдсан. Түүнийг гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд л шийдэх боломжтой.

- Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлс нэмэгдэж байгаа. Энэ салбарт тусгасан мөнгөн дүнгийн хэд нь багш, ажилтнуудын цалинд зарцуулагдах вэ?

- Боловсролын салбарт нийт төрийн албан хаагчдын бараг тал хувь нь ажилладаг. Боловсролын сайдын багцад тусаж буй мөнгөний бараг 75 хувь нь зөвхөн цалин хөлсөнд зарцуулагдана. Энэ бол өндөр дүн.

25 орчим хувь нь хэвийн үйл ажиллагааг хангах буюу цахилгаан дулааны төлбөр, хичээлийн танхимын тохижилт зэрэгт зарцуулагдахаар байна. 

- Аймгуудад хийгдэх хөрөнгө оруулалтын талаар тодруулъя?

- Аймгуудад хийгдэх хөрөнгө оруулалтын нэлээд нь авто замын төслүүдэд зориулагдана. Зам нь эдийн засгийн хувьд бүсчлэл үүсгэх, аялал жуулчлалын бүсийг бий болгох гол хүчин зүйл. Энэ чиглэлээр замын хөрөнгө оруулалтууд тавигдсан.

зураг
 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас аймгуудад хийгддэг төслүүд гэж бий. Түүнээс хамгийн их нь Улаанбаатарт хуваарилагддаг, бүтээн байгуулалт хийгдэнэ. Дараа нь улсын хэмжээний нэгдсэн байдлаар санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтад өндөр мөнгө зарцуулагддаг. Жишээлбэл боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт. 

Түүний ард аймгуудад хуваарилсан хөрөнгө оруулалтын төслүүд бий. Аялал жуулчлалын бүс нутаг гэдгээрээ Хэнтий аймагт хөрөнгө оруулалт түлхүү тусгагдсан. Бусад аймагт тойрог замын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөлөө. 21 аймаг авто замаар холбогдсон тул тойрог замын таван цагариг байгуулахыг зорьсон.

Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт нь авто замтай холбоотой. Зөвхөн аялал жуулчлалаар зогсохгүй боомтын сэргэлттэй ямар чухал гэдгийг бид цар тахлын үед харсан. Тиймээс ирэх онд боомтын хөрөнгө оруулалтыг түлхүү хийж байна. Дорнод аймгийн Ульхан боомт бий. Тийш чиглэж буй зам нь Хэнтий аймгаар дайран өнгөрнө. Энэ замын хөрөнгө оруулалтыг харсан хүмүүс Хэнтий аймагт өндөр дүнгээр хөрөнгө оруулна гэж хараад байх шиг байна. 

- Аймгуудад олгох санхүүгийн дэмжлэг дээр ч Хэнтий бараг толгой цохиж байсан. "Дарга нарын өлгий нутаг" гэгдээд байгаа тул олон нийт энэ аймгийн санхүүжилтийг харах нь зүйн хэрэг л дээ?

- Аймаг бүрийн эдийн засгийн чадамж нь харилцан адилгүй. Жишээлбэл Орхон аймагт "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК байдаг тул тэр аймаг их орлоготой. Зарлагаа бүрэн даадаг. Өмнөговь аймаг ч орлого ихтэй.

Гэтэл орлого нь зарлагаа давдаггүй аймгууд бий. Тэдэнд жил бүр улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг өгдөг. Энэ утгаараа Хэнтий аймаг санхүүгийн дэмжлэг авдаг. Хамгийн өндөр санхүүгийн дэмжлэг авдаг нь Хөвсгөл аймаг. Сумын тоо ихтэй тул санхүүгийн дэмжлэг буюу татаас өгдөг юм.

График, улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн дүн, тэрбум төгрөгөөр

- Хөвсгөл, Хэнтий гэхээр аялал жуулчлалын гол бүс нутаг байна. Тэгэхээр аялал жуулчлалаас орж байгаа орлого нь тааруу байна гэсэн үг үү?

- Аялал жуулчлалаас олж байгаа орлого нь аймгийнхаа хувьд тийм ч их биш байна гэсэн үг. Нэг аймаг жилд дунджаар 100 тэрбум төгрөгийг зардал гаргадаг. Орлогоороо зардлаа нөхөж чаддаггүй аймгуудад дутсан хэсгийг нь төсвөөс дэмжлэг болгон олгож байна. 

- Ирэх онд хийгдэх нэг шинэлэг зүйл нь АМНАТ-тай холбоотой асуудал. Энэ нь аймгуудад хэр сайн дэмжлэг болж чадах бол?

- Аль ч аймагт очсон уул уурхайгаа ашиглая гэдэг нь бага байна. Газар шороогоо ухуулахгүй гэдэг тэмцэл ч их. Нөгөө талдаа манай улсын хувьд уул уурхайн орлого нь төсөвт хамгийн том хэсгийг эзэлдэг. Уул уурхай бол яалт ч үгүй том салбар. Уул уурхай байгаа учраас илүү хурдан хөгжих боломж гарч ирж байгаа. 

Орон нутгийн иргэдийн тавьж буй шаардлага нь уул уурхай хөгжсөн аймаг хөгжихгүй, үр шим нь ирэхгүй байна гэдэг. Тиймээс Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр(АМНАТ)-ийн 10 хувийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлээд, уул уурхайн орлого их оруулсан аймагт төдий чинээгээр нь их мөнгө төвлөрүүлэх тогтолцоог ирэх оноос хийнэ. Тэр дундаа суманд нь хуваарилна.

Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд илүү их мөнгө хуваарилагдахаар байх юм. Давуу тал нь хуримтлагдаж буй мөнгөөрөө ямар бүтээн байгуулалт хийх, юунд зарцуулах вэ гэдгээ иргэд өөрсдөө шийднэ.

- Сонирхоод асуухад НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар мэтгэлцээн зохион байгуулна гэж УИХ-ын дарга мэдэгдсэн. Энэ асуудалд Сангийн яам ямар байр суурьтай байна?

- Ирэх оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь  25.3 их наяд төгрөг. Энэ орлогод Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого буюу тэтгэврийн сангийн орлого 4.8 их наяд. АМНАТ 4.5 их наяд. Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын орлого 2.4 их наяд төгрөг. Энэ манай орлогын хамгийн тогтвортой орлого. Буцаалтыг нэмэгдүүлбэл үүний тал нь байхгүй болно гэсэн үг. Тэр хэмжээгээр эх үүсвэр дутна. 

НӨАТ бол бүртгэлийн шинжтэй орлого биш. Энэ бол албан татвар. Хэрэглэгчдэд илүү хамаардаг буюу хэрэглээний татвар юм. Чинээлэг иргэд их зүйл хэрэглэж байвал тэр хэрээрээ илүү татвар төлдөг. 

Манай улсад НӨАТ-ын хууль 1997 онд батлагдсан. Тухайн үед олон нийт НӨАТ-ыг төдийлөн мэддэггүй, хамрагдалт бага байсан тул нэмэгдүүлэхийн тулд анх хоёр хувийн буцаалтыг санаачилсан. Дэлхийн хэд хэдэн улс ийм байдлаар НӨАТ-ын хамрагдалтаа нэмэгдүүлсэн байдаг. Монгол Улсад ч энэ нь үр дүнгээ өгсөн. 

Гэтэл таван хувь болгох талаар ярьж байгааг мэргэжлийн хүний хувьд хэлэхэд "Жоомоо алах гээд гэрээ шатаав" гэдэг шиг юм болчих вий.