Индэр    
2023 оны 10 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч

Д.Энхжаргал: Асрахуй гэдэг бол амьдралын чанарын суурь. Эдийн засгийн утгаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Асрахуйн эдийн засаг гэх ойлголттой саяхнаас л монголчууд танилцаж байна. Уг нь хүн төрөлхтөнтэй салшгүй холбоотой зүйл аж.

Хүний төрөхөөс насан эцэслэх хүртлээ хэн нэгнээр асруулж, халамжлуулах хэрэгцээтэй энэ нь холбогдоно. Цалинтай ба цалингүй гэж хуваагддаг энэхүү ойлголтыг ЧУХАЛ АЖИЛ гэдгийг нь хүлээн зөвшөөрч, төрийн бодлого шийдвэртээ тусган, оролцох шаардлагатай бийг иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэгчид тодоор ярьж эхлээд байна. 

Энэ нь зөвхөн хүүхэд, ахмад настан, өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг асаргаа, халамж шаардлагатай хүмүүс төдийгүй ид хөдөлмөрийн насныхны бие махбод, сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн сайн сайханд хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл, хэрэглээг хамардаг өргөн хүрээтэй ойлголт юм байна.  

Асрахуйн эдийн засгийн талаар МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Гүйцэтгэх захирал Д.Энхжаргалтай ярилцлаа.

- Асрахуйн эдийн засаг гэж бидний амьдралд байсаар байсан ч одоо л анзаарч, анхаарч эхэлж буй салбар байх нь гэж ойлгосон. Та энэ талаар уншигчдад тайлбарлаж өгнө үү?

- Энэ бол бидний өдөр тутмын хийж буй асран халамжлах цалин хөлсгүй ажлыг эдийн засгийн агуулгаар харах, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай юм. Хэрэв ингэж чадвал асрахуй нь цар хүрээний хувьд дэлхийд хамгийн томд тооцогдох машин, эмийн салбарын дараа орохуйц үлэмж хэмжээтэй эдийн засаг болж болохыг улс орнууд хүлээн зөвшөөрч, анхаарлынхаа төвд авч байна.

Асрахуй нь эдийн засгийн утгаар хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа болохоос биш эдийн засгийн маш том бүрэлдэхүүн хэсэг. Асрахуйн эдийн засагт гэр бүл, ахуйн хүрээнд өдөр тутам хийгддэг, үнэлэгддэггүй, цалин хөлсгүй асран халамжлах хөдөлмөр багтана. Мөн асаргаа зайлшгүй шаардлагатай бүлэг буюу хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өвчтэй хүнийг асран хамгаалахад зориулсан үйлчилгээ, үйлдвэрлэл орно. Үүнээс гадна эрүүл, ид хийж бүтээх хөдөлмөрийн насны зэрэг хүн бүрийн асрах, асруулах хэрэгцээг тойрсон бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ ч бас орж байна.

Нөгөө талаас асрахуй гэдэг бол хүний оршин байх гол нөхцөл, хүний сайн сайхан байдал, амьдралын чанарын суурь нь. Жишээлбэл хүүхэд дөнгөж төрсөн нярай үеэс асаргаа, халамжийн үр дүнд өсөж, хөдөлмөрийн насанд очно, нийгэмд идэвхтэй, бүтээлч ажиллах хүч сэлбэгдэнэ.

Асрахуйн эдийн засагт гэр бүл, ахуйн хүрээнд өдөр тутам хийгддэг, үнэлэгддэггүй, цалин хөлсгүй асран халамжлах хөдөлмөр багтана

Хүний оршихуйг тодорхойлогч, бас өрх гэр бүл төдийгүй нийгэм, эдийн засгийг тэтгэгч цөм хэсэг нь хэрнээ үл үзэгдэж, үл ойшоогдож, үл тооцогдож байгаа учраас асрах, халамжлах ажил, үйлчилгээг эдийн засгийн агуулгаар харах, хүлээн зөвшөөрөх, үнэлэх, ачааллыг багасгах, дахин хуваарилах цогц бодлогыг улс орнууд хэрэгжүүлж байна.

- Асрахуйн эдийн засаг гэхээр яалт ч үгүй эмэгтэйчүүдтэй холбогддог. Ажиллах хүчний нөөцөө бүрэн ашиглаж чаддаггүй нэг шалтгаан нь эмэгтэйчүүд хүүхдээ харж, гэртээ байхтай холбоотой байгаа?

- Манай улсад төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд асран халамжлах ажил нь эмэгтэйчүүдийн нуруун дээр байгаа нь үнэн. Тиймээс эмэгтэйчүүдийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Монгол Улсад ажиллах хүчний оролцооны түвшинд эзлэх эмэгтэйчүүдийн хувь жил дараалан буурч байна. 

ГРАФИК, Ажиллах хүчний оролцооны түвшин, 2013-2022 он

Хөдөлмөрийн зах зээл дээрх албан ёсны салбарт эмэгтэйчүүдийн оролцоо буурч байгаагийн тэргүүлэх шалтгаан нь хүүхэд асрах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ халамжлах, хүүхэд сургуульд зөөхтэй холбоотой байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан дэд бүтэц болох ясли алга, сугалаа сугалахаа больсон ч цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй хэвээр. Хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадсан ч агаарын бохирдол, нэг ангид байх хүүхдийн тооноос шалтгаалан ханиад, томуу, хатгаагаар байн байн өвдөж, залуу гэр бүлийн нэг нь ажлаасаа гарч хүүхдээ харахаас өөр сонголтгүй болоход хүрч байна. Түгжрэл, ажлын болон цэцэрлэгийн тарах цаг уян хатан бус, өдөр өнжүүлэх болон хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж, чанар, төлбөр төлөх боломж гээд олон асуудал байна.

Монгол Улс цөөн хүн амтай атал идэвхтэй ажиллах хүчний ихэнх нь ийм шалтгаанаар баталгаагүй, нийгмийн даатгал төлөгдөх нь бага, бас л үнэлэгддэггүй албан бус сектор руу гулсаж байна.

Эмэгтэйчүүдийн хувьд нөхөн үржихүйн ид нас нь эрчимтэй хөдөлмөрлөх настай нь давхацдаг онцлогтой. Энэ насандаа албан салбарт ажиллаж чадахгүй байснаар эмэгтэйчүүдийн орлого олох, эдийн засгийн хувьд бие даах, хараат бус байх, ажил мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдөх, мэргэших боломж хязгаарлагдахад хүрч байна.

Хөдөлмөрийн зах зээл дээрх албаны ёсны салбарт эмэгтэйчүүдийн оролцоо буурч байгаагийн тэргүүлэх шалтгаан нь хүүхэд асрах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ халамжлах, хүүхэд сургуульд зөөхтэй холбоотой

Гэхдээ асрахуйн эдийн засаг нь бүх хүнд хамаатайг онцолъё. Учир нь асрахуйн эдийн засгийн хүрээнд өөрөө асран халамжлах үйлчилгээ авах, бусдыг асрах эрхийн баталгаа бас яригддаг. Хүүхэд төрүүлэх, насжилт зэрэг жам ёсны үйл явцыг туулахаас гадна өвдөх, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл бас бий. Гэр бүлийн хэн нэг нь өвдөхөд гурав ба түүнээс дээш сар асрах чөлөө авах боломж ямар байгаа билээ? Мөн асаргаа, халамж зайлшгүй шаардлагатай болоход чанартай, хүртээмжтэй, олон янз хэрэгцээнд тохирсон төрөлжсөн үйлчилгээ бий билүү, тухайн үйлчилгээний үнэ хөлс нь боломжийн уу гэх мэт олон асуудалтай тулгардаг. Энэ тохиолдолд ажлаа хийгээд, цалингаасаа асрал, халамжийн үйлчилгээ авах боломж ихэнх хүний хувьд хомс, бараг байхгүй. Хүнд өвчтэй хүндээ асрагч хөлсөлье гэвэл бараг 10 хоногт л 1.8 сая төгрөг шаардлагатай. Үүнийг төлөх чадвартай хүн хэр их билээ?

Ийм учраас л хүн бүхэнд хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн асран халамжлах үйлчилгээг төрийн оролцоотойгоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ бол гэрийн ажлыг хэн нь хийх вэ гэж байгаа хэрэг биш, түүнээс өргөн агуулгатайг эндээс харж болно.

Асран халамжлах үйлчилгээг хөгжүүллээ гэж бодоход нэг талд эрэлт нь байгаа ч нөгөө талд нийлүүлэлт дутагдаж байна. Тэрхүү нийлүүлэлтийг бий болгохын тулд тэр салбар хүлээн зөвшөөрөгдсөн, ажлын хөлс нь амьжиргаагаа аваад явахуйц хэмжээнд байх учиртай. Тодорхой хөшүүрэгтэй байвал хувийн хэвшил орох тул төрийн оролцоо шаардлагатай болно. Асран халамжлах үйлчилгээг төр бодлогоор хөгжүүлээд ирвэл тэнд ажлын байр бий болно. Ингэснээр нийгэмд томоохон хөрөнгө оруулалт болно. Ажлын байр бий болгохоор тэнд ихэнхдээ эмэгтэйчүүд ажилтай болно. Тэгэхээр нэг дор хоёр, үүнээс ч олон асуудлыг шийдэж байгаа биз.

- Төрийн оролцоо шаардлагатай гэлээ. Тэгвэл хүүхэд харах үйлчилгээний төвүүд асрахуйн эдийн засгийн жишээ болох уу?

- Хүүхэд харах үйлчилгээний ажилтнууд, хүүхэд асаргааны ажилтнууд, сувилагчид, эрүүл мэндийн ажилтнууд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагынхан, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнууд бүгд цалин хөлстэй асрахуйн ажилтнуудад тооцогддог юм билээ.

Асрамж, халамжийн үйлчилгээний бие даасан тогтолцоог бий болгоход төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Боловсролын, эрүүл мэндийн, асрамж, халамжийн тогтолцоонууд тулгын гурван чулуу шиг зэрэгцэн, нягт уялдаатайгаар бие биенээ дэмжиж байснаар хүн шиг амьдрах боломжтой болно.

Харамсалтай нь манай боловсрол, эрүүл мэндийн салбар дэгэн догонтой, асрамж халамжийн тогтолцоо нь үл үзэгдэх хэмжээнд, хамаг ачааг өрх гэр бүлийн түвшинд, тэр дундаа эмэгтэйчүүдийн нуруун дээр үүрүүлчихсэн байгаа энэ үед хүний амьдралын чанарыг хангах талаар ярих боломжгүй. Иймээс асран халамжлах ажлыг эдийн засгийн нүдээр харах шаардлагатай.

- Асрамж халамжийн тогтолцоог сайн бүрдүүлж чадсан жишээний талаар ярилцъя?

- Цалин, хөлсгүй болон цалин хөлстэй асрах халамжлах хөдөлмөр, ажил үйлчилгээг эдийн засгийн агуулгаар нь хүлээн зөвшөөрч, бодлогоо тодорхойлохдоо улс орнууд таван цогц стратегийг хэрэгжүүлдэг юм байна.

  • Ач холбогдол өгч хүлээн зөвшөөрөх: Асрахуй бол ажил юм, бүтээлч ажиллах хүч бүхий эдийн засгийн цөм гэдгийг ойлгох, танин мэдэх, цалин хөлсгүй ажлын үнэ цэнийг гаргаж ирэхэд туслах дата мэдээлэл, өртгийн тооцооллыг гаргахаас эхэлнэ.
  • Цалин хөлсгүй хийж байгаа ажлын ачааллыг багасгах: Цалинтай асрах ажлын байр бий болгох, өдөр өнжүүлэх, хүүхэд асрах үйлчилгээний төв, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрах үйлчилгээг төрөлжүүлэх зэрэг асрахуйн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, ачааллыг багасгах, цаг хугацааг хэмнэхүйц үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд төрөөс төсвийн хөрөнгө оруулалт хийх
  • Дахин хуваарилах: Эмэгтэйчүүдийн нуруун дээр байгаа ачааллыг гэр бүл, өрх дотроо дахин хуваарилах, хамтын хариуцлага болон ажил-амьдралын тэнцвэрийг хангасан хөдөлмөрийн харилцааг дэмжих
  • Урамшуулах: Асран халамжлах ажлын байрууд бий болгох, энэ салбарын ажилтнуудыг нэмэгдүүлэх, хөлстэй хөдөлмөрийн хэмжээ, нөхцөлийг нь сайжруулан хөхиүлэн дэмжих
  • Төлөөлөл, оролцоог хангах: Асрамжийн ажилчдыг төлөөлдөг үйлдвэрчний эвлэл, асаргаа авагчид болон цалин хөлсгүй асран хамгаалагчдыг төлөөлдөг иргэний нийгмийн байгууллагуудын эвслийг дэмжих

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Сангийн (UN Women) тайланд нэгдмэл, цогц байр сууринаас хандаж, үндэсний түвшний хууль тогтоомж, бодлогын зохицуулалт хийж байгаа сайн жишээ болгож Уругвай улсыг дурдсан байсан. Тухайн улс нь үндэсний асран халамжлах үйлчилгээний нэгдсэн тогтолцоог бий болгож, яамд, институци хоорондын Зөвлөлдөх зөвлөл ажиллуулжээ.

Эхний алхам болгож, асран халамжлах тогтолцоог зохицуулах хууль эрх зүйн орчинд анхаарахын зэрэгцээ гурваас доош насны хүүхдүүдийг асрах хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх төв, бусдын асаргаанд байдаг өндөр настай хүмүүст үзүүлэх гэрийн болон мэргэжлийн асран халамжлах үйлчилгээ зэрэг нэн шаардлагатай үйлчилгээг хөгжүүлсэн байдаг.

Шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд "Аавын чөлөө" гэж анх удаа 10 хоногоор хуульчлагдсан бол дэлхийн ихэнх оронд "Аавуудын сар" гэж бий

Ажил-амьдралын тэнцвэрт байдлыг хадгалахад шаардагдах хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтад гэртээ цалин хөлсгүй асран, халамжлах ажил хийдэг хүмүүст ажлын байрны цагаа зохицуулах боломжийг эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн аль алинд нь олгох төрөл бүрийн бодлогууд орно. Асран, халамжлах чөлөө, асрахуйн даатгалын тогтолцоо болон ажлын байрны цагийн зохицуулалт зэрэг нь энэхүү бодлогын гол цөм юм. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр санхүүжилтийн зарим ачааг хувийн хэвшил болон даатгалын тогтолцоо руу шилжүүлэх боломжтой болдог.

Мөн улс орнууд ачааллыг дахин хуваарилах бодлого буюу хамтын хариуцлагыг дэмжсэн урамшуулал бүхий асрах чөлөө, асрахуйн даатгалын бодлогыг хэрэгжүүлж байгаа сайн жишээнүүд байдаг.

“Асрах чөлөө” нь бусдын асаргаанаас хамааралтай гэр бүлийн гишүүнээ асарч, халамжлахын тулд цалинтай ажлаасаа чөлөө авах хууль ёсны эрхэд тооцогддог. Чөлөө авахтай холбоотой хууль тогтоомж нь чөлөөний хугацаа дуусангуут тухайн ажилтныг ажилдаа буцаж орох эрхийг нь олгодог тул ажлын байрны баталгааг нь мөн хангаж өгдөг. Гэвч асрах чөлөө нь ээж нь нярай хүүхдээ асрах зэргээр ихэнхдээ жирэмсний амралт, чөлөөгөөр хязгаарлагдаж байна.

Аавуудад зориулсан эсвэл эцэг эхийн аль алинд олгогдох асрах чөлөө туйлын хязгаарлагдмал байна. Жишээлбэл манайд шинэчлэн батлагдаад удаагүй байгаа Хөдөлмөрийн тухай хуульд "Аавын чөлөө" гэж анх удаа 10 хоногоор хуульчлагдсан бол дэлхийн ихэнх оронд "Аавуудын сар" гэж бий.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхэд төрүүлж, өсгөх нь нь тэр гэр бүлийн төдийгүй нийгмийн хариуцлага. Энэ эцэг, эх, төрийн хамтын хариуцлагыг сайн хэрэгжүүлж байгаа улсаар Исландыг нэрлэдэг. Тус улсад хүүхэд асрах есөн сарын чөлөөний хугацаанд сарын цалингийнх нь 80 хувийг олгодог. Энэ хугацааг гурав хуваана. Эхний гурван сарын чөлөөг ээжид, дараагийн гурван сарыг аавд, харин сүүлийн гурван сараа аль нэг нь сонгож авдаг. Мөн үүнийг дагаад хамтын хариуцлагын даатгалын тогтолцоог хөгжүүлсэн байна. Үүгээрээ төр энэ ачааллыг хувийн хэвшилтэйгээ хуваалцаж байна. Тэгэхээр хувийн хэвшлээ, даатгалын салбараа, гэр бүлээ ч дэмжиж, хамтын хариуцлагыг бэхжүүлж байгаа хэрэг.

Шведэд хүүхэд асрах чөлөө нь бүтэн цалинтайгаар 16 сар олгогддог. Уг зардлыг ажил олгогч, төр хоёр хувааж төлдөг ба хамтын хариуцлагын даатгалыг хөгжүүлсэн. Хүүхэд асрах чөлөөг аав, ээж хоёр заавал ээлжилж авах ёстой гэдэг. Зургаан нас хүртэлх үе бол хүний хөгжлийн алтан үе. Тиймээс аавтайгаа, ээжтэйгээ цуг байх боломжийг нь ингэж хангадаг байна.

Эцэг, эх, төрийн хамтын хариуцлагыг сайн хэрэгжүүлж байгаа улсаар Исландыг нэрлэдэг. Тус улсад хүүхэд асрах есөн сарын чөлөөний хугацаанд сарын цалингийнх нь 80 хувийг олгодог

Түүнээс гадна асран халамжлах нь хувийн нандин харилцаан дээр тогтдог. Иймд бүгдийг нь төлбөртэй үйлчилгээ, төрийн зохицуулалтад найдах аргагүй. Төрөөс үзүүлж байгаа асран халамжлах үйлчилгээ нь гэр бүлийн гишүүддээ үзүүлэх асран халамжлах үйлчилгээг орлохоос илүүтэй нэмэр болоход чиглэх учиртай. Тэгэхээр зайлшгүй хамтын хариуцлагын асуудал гарч ирнэ. Хамтын хариуцлагыг төр бодлогоор дэмжих ёстой.

- Харин Монголд "Цалинтай ээж" гэж сард 50,000 төгрөг л өгдөг. Аавд нь 10 хоногийн чөлөө гэхээр дээрх жишээтэй харьцуулбал дэндүү чамлалттай юм.

- 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ хардаг ээжүүдэд цалин өгөх амлалтыг 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН өгсөн. Тэр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөр болж батлагдсан.

Харин 2017 онд “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох” тухай хуулиар сар бүр авах 50 мянган төгрөгийн тэтгэмж болсон. Анх батлагдахдаа гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд, залуу гэр бүлийн орлогод нэмэр болох зорилготой гэж байсан ч 50 мянган төгрөг авч байх хугацаандаа ээж нь ямар нэг нэмэлт орлого олж, тэндээс нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдвөл уг тэтгэмж зогсдог.

Сэргээж авах гэж баахан цаг, олон бичиг баримт, явдал чирэгдэл. Огт орлого олох боломжгүй хүмүүст өгч байгаа халамжийн тэтгэмжтэй адилтгаж үздэг. Цалин юм бол яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхгүй байгаа юм, яагаад нэмэлт орлого олж болохгүй байгаа юм зэрэг үүнийг тойрсон олон асуудал байгаа.

- Хоёулаа сая голчлон хүүхэд төрүүлэх, асрах талаар ярилцлаа. Анхаарахгүй өнгөрч болохгүй нэг бүлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах шүү дээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал ярихаар хүмүүс өөртөө хамаагүй гэж боддог боловч байгалийн жамаараа хөгшрөх үед хэн бүхэн хөгжлийн бэрхшээлтэй болж эхэлдэг. Хараа, сонсгол муудна, шүд хүртэл "засгийнх" болно (инээв). Ингэхээр асрахуйн эдийн засаг бол зөвхөн эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал биш. Хүний амьдралын мөчлөг бүхэнд хамаатай.

Хүүхдээс бусад бусдын асаргаанд байх шаардлагатай хүмүүсийг асрах, жишээлбэл өндөр настан, өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүдээ харж, хандах чөлөөг олгодог тохиолдол хязгаарлагдмал. Гэр бүлийн хэн нэгэн нь өвдлөө гэхэд ажилтан гурван сарын чөлөө хүсэх өргөдлөө даргадаа өгөх боломж хэр вэ. Түүнийг нь хэрхэн шийдэх нь даргын үзэмжээр байлгахгүйн тулд асрах, асруулах эрхийг хуульдаа яаж суулгах вэ зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байна.

50 мянган төгрөг авч байх хугацаандаа ээж нь ямар нэг нэмэлт орлого олж, тэндээс нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдвөл уг тэтгэмж зогсдог

Байнгын асаргаа шаардлагатай хүнийг асарч байгаа хүмүүст олгох тэтгэмж саяхан 275,000 төгрөг боллоо. Ийм тэтгэмж аваад ажил хийхгүйгээр, хүнээ байнга асарч амьдарна гэдэг хэцүү. Байнгын асаргаа хийж буй эдгээр хүний тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэх боломжийг судлах шаардлагатай.

- Энэ хүртэл ярианаас асрахуйн эдийн засаг бол эдийн засгийн нэг том салбар болохын зэрэгцээ харилцан ашигтай ажил гэж ойлголоо. Нэг талаас асарч халамжлах ажил эрхлэх сонирхолтой хүмүүс байна. Нөгөө талд тийм үйлчилгээг хүсэж байна?

- Тийм. Гэхдээ асрахуйн эдийн засгийг хүлээн зөвшөөрч, бодлого хөтөлбөртөө тусгахдаа тэгш бус байдлыг харгалзах ёстой гэж үзэж байна. Манай нийгэмд тэгш бус байдал их бий. Нэг хэсэг хүмүүст л боломж олгогдоод байгааг бид Боловсролын Зээлийн Сангаас харж байна. Гэтэл нөгөө хэсэг нь хэдий хүсэл мөрөөдөлтэй байлаа ч тэр боломж өөрийг нь тойрчхож байгаа.

Тиймээс асран халамжлах ажил үйлчилгээг хэн бүхэн өөрт хэрэгцээтэй болсон үедээ ямар нэг саадгүйгээр шударгаар авдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Жишээ нь орлого багатай хүмүүс 1.8 сая төгрөгөөс эхэлж байгаа асрах үйлчилгээг яаж авч чадах билээ. Харин үйлчилгээ хүртээмжтэй болоод ирвэл үнэ буурна, ингэхийн тулд татварын хөнгөлөлт, урамшуулал зэрэг төрийн бодлогын зохицуулалт зайлшгүй шаардлагатай.

- Энэ бол зөвхөн гэр бүл дотроо шийдэх ёстой гээд үлдээчих зүйл биш байх нь.

- Тогтолцооны асуудал. Бодлого хөтөлбөрт үүнийг суулгаж, төрөөс зохицуулалт хийж байж гэр бүлийн нуруун дээр байгаа, тэр дундаа эмэгтэйчүүдийн нуруун дээр байгаа ачааллыг бууруулна. Цалинтай ажлаа хийгээд, орой нь гэртээ ирээд цалингүй асрах ажлаа хийдэг энэ "чөтгөрийн тойрог" шиг гинжин тойргоос гарах хэрэгтэй байна. Тэгэхэд төрийн бодлого хэрэгтэй.