Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

MҮХАҮТ-ынхан УИХ-ын даргатай НЭГ ЦАГ уулзаад ойлголцов

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдлагуудөнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж төсвийн тодотголын асуудлаар санал бодлоо солилцлоо.

Долоо хоногийн өмнө танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав төсвийн тодотголтой холбоотой хэд хэдэн төрлийн татвар нэмж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийсэн. Ингэхдээ тэд УИХ-д найман шаардлага хүргүүлж, хариу өгөхгүй бол жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Мөн татвар төлөгчид АНХ УДАА татвараа төлөхгүй гэж мэдэгдсэн билээ. 

Тэдний шаардлагыг сонсохоор өнөөдөр УИХ-ын дарга өрөөндөө уулзалт зохион байгуулсан нь энэ. Уулзалт 11-12 цагийн хооронд үргэлжилж, уулзалтын дараа МҮХАҮТ-ын төлөөлөл мэдээлэл өглөө.

Б.Лхагважав “УИХ-ын дарга М.Энхболд, Төвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тэргүүтэй бүрэлдэхүүн МҮХАҮТ-ын тэргүүлэгч, УЗ-өөс томилогдсон таван хүний бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Бид хүргүүлсэн шаардлагынхаа хүрээнд харилцан ярилцаж, дүгнэлтэд хүрлээ. Танхимаас тавьж байсан найман шаардлагын тав нь төрийн менежменттэй холбоотой. Төрийн албан хаагчдын орон тоо, төсвийн зардал, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд гэх мэт.

Энэ асуудлаар ажлын хэсгүүд гаргаж, харилцан ярилцахаар болсон.

УИХ-ын даргын онцлон тэмдэглэснээр ОУВС-тай гэрээ хийж чадвал Сангийн яам, Төвбанк, Хөгжлийн банк, арилжааны банкуудад аудит оруулна. Үүний дараа нийтийн мөнгө, нийтийн санхүү, татварын бодлогыг шинээр хийх загвар дээр МҮХАҮТ, Засгийн газар, УИХ хамтран ажиллах шийдэлд хүрч байна.

Бидний тавьсан шаардлага 10 дугаар сарын 1-н гэхэд үйл ажиллагаагаар баталгаажих ёстой. Дөрөвдүгээр сарын 28-нд ОУВС-гийн өмнө очихдоо Монголчууд нэгдэлтэй, нэг ойлголттой байх ёстой гэдэг асуудлыг ойлгож байгаа.

Өнөөдөр 10:00 цагаас Сүхбаатарын талбайд цуглах ёстой байсан цуглааныг бид цуцалсан. Үйл ажиллагаа цаашдын хамтын ажиллагаа ямар байх вэ гэдгээс шалтгаална” гэсэн мэдээлэл өгөв.

Асуулт, хариулт:

 
Гэрэл зургийг MPA.mn

-МҮХАҮТ-аас Татвар нэмэхийг эсэргүүцэж байна гэж ойлгосон?

-Бид харилцан ярилцана. Гурван төрлийн татвар байгаа. Гол асуудлыг УИХ-ын дарга албан ёсоор хэлэх байлгүй. Сангийн яам төсвийг боловсруулж орж ирэхдээ татвар төлөгч нартай огт ярилцаагүй. МҮХАҮТ, Ажил Олгогч Эздийн Холбоо болон МҮЭ-тэй ярилцаагүй. Гол асуудлыг хэлэлцэхийнхээ өмнө яриагүйд учир байгаа юм.

Үүнийг тайлбарлах, таниулах ажил бий. УИХ-дээр гурав дахь хэлэлцүүлэг хийгдэж байгаа үед энэ асуудал дахин сөхөгдөх болов уу гэж найдаж байна.

Ер нь бид ОУВС-тай холбогдоод, нийтийн санхүүгийн менежментийн асуудлаар онолын, мэргэжлийн улсуудыг ажиллуулахгүй бол сүүлийн дөрвөн жил улсаа дампуурчихаад байгаа. Үүнээс ямар ч байсан гаръя.

-Энэ удаагийн төсвийн тодотголоор татвар нэмэхгүй байх боломж байгаа юу?

-УИХ-ын талаас 3,4 дүгээр хэлэлцүүлэг яаж явахыг харж байя. Төсөв батлах хуулиар энэ шатанд бараг юм өөрчлөгддөггүй.

-Та нар татвараа өгөхгүй гэж мэдэгдэж байсан. Энэ асуудал юу болов?

-Засгийн газар татвар төлөгч нартай ярихгүйгээр энэ асуудлыг шийдвэл татвар төлөхгүй гэж уриалж байсан. Ирээдүйд дахиж Сангийн яам ийм алдаа хийхгүй байх гэж найдаж байна. 

Уулзалтын өмнө татвар, төсвийн асуудлаар ширүүн байр суурь илэрхийлж, эсэргүүцэж байсан МҮХАҮТ-ынхан УИХ-ын даргатай уулзсаны дараа ойлголцолд хүрсэн тухайгаа ийнхүү мэдээлсэн юм.