- Монголын анхны манга зураач Н.Эрдэнэбаяр Япон улстай хамтран ажиллахаар боллоо -
Хүүхэд багачуудын унших дуртай, хэзээний танил болсон “Бумбардай” цувралын зохиолч, Монгол манга зураач Н.Эрдэнэбаяр Японы “Wedge Holdings” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Blue Sky зочид буудалд боллоо.
Н.Эрдэнэбаяр 2004 оноос манга зураг зурж эхэлсэн бөгөөд 2005 онд “300 хүнтэй Тайжууд” номоороо анхны гараагаа эхэлж байсан юм. Үүний дараа 2011 онд түүний бүтээсэн “Бонго” хүүхэлдэйн дүр нь олонд танигдаж, хүүхэд багачуудын хайртай дүр болсон юм.
Манга зураач Н.Эрдэнэбаяр “Сүүлийн үед би Бумбардайд зориулсан үзэсгэлэн дээр ажиллаж байна. Бумбардайн дүрд суурилсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байна.
Энэхүү гэрээний хүрээнд Ази болон бусад улсуудад сурталчилж, тодорхой төлөвлөгөөний дагуу бүтээгдэхүүн гаргана.
Бумбардай бол Монголын өв соёлыг хүүхэд багачуудад энгийн сонирхолтойгоор хүргэх зорилготой төсөл. Тэр утгаараа гадаадын хүүхдүүдэд ч сонирхолтой байгаа нь харагддаг. Тиймээс гадны зах зээлд гарах шалтгаан гэж бодож байна” гэлээ.
Wedge Holdings компанийн ерөнхий захирал Коношита Тацуяа “Wedge Holdings компанийн хувьд 30 жилийн турш контентийн үйл ажиллагаа явуулж байна. Азийн зургаан улсад энэ төрлийн хамтын ажиллагааг хийнэ.
Энэхүү гэрээ бол олон улсын уран бүтээлчидтэй хийж буй анхны гэрээ гэж хэлж болно.
Н.Эрдэнэбаярыг бүтээлээ зарж борлуулах гэхээс илүү өөрийн зүрх сэтгэлдээ байгаа авъяасыг гаргаасай гэж хүсэж байна. Бүтээл гэдэг бол зөвхөн мөнгө биш хүсэл эрмэлзэл юм. Энэхүү гэрээ түүнийг уран бүтээлээ сайн хийхэд л зориулагдах болно” хэмээн тайлбарлалаа.
“Бумбардай” цуврал нь 2015 онд Японы Гадаад яамнаас зохион байгуулдаг “Олон Услын Манга Авардс”-аас “ГранПри” шагналыг хүртэж байсан юм.
Тус бүтээл нийтдээ 108 цуврал бөгөөд одоогоор дөрвөн цуврал гарсан байгаа юм. Япон улсад “Бумбардай”-н эхний гурван цуврал борлуулагдаж байна.