Уншиж байна ...

"Өнөр бүл"-ийн гурван хүүхэд Германд сурахаар болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийслэлийн удирдах ажилтнуудын дөрөвдүгээр сард болсон шуурхай зөвлөгөөний үеэр хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн.

Ингэхдээ эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай 100 хүүхдийг сургалтад хамруулахаар болсон юм.

Үүний бэлтгэл ажил болгон НЗДТГ-аас Герман улсын Тюрингэн мужийн FAV service GMBH болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-тай хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар байгуулсан аж.

Тус ажлын хүрээнд өчигдөр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургах асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж, хүүхдүүдийн саналыг сонсож, шийдвэрлэлээ.

"Тус төвд амьдарч байгаа хүүхдүүдэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг багш нар нь онцолж байсан тул хүүхдүүдийг сурч, хөгжихөд дэм үзүүлэх үүднээс уулзалт зохион байгуулж, хүүхдүүдийг сургахаар боллоо” гэдгийг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр хэлсэн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.