Уншиж байна ...

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Apple компани “Let Loose” нэртэй шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгуулжээ.

Жил бүрийн хавар тус компани iPad бүтээгдэхүүнээ шинэчилдэг уламжлалтай.

Энэ удаа iPad Air, iPad Pro загваруудаа шинэчилснийг танилцуулжээ.

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк энэ арга хэмжээг “iPad бүтээгдэхүүн гарсан цагаас хойших хамгийн чухал өдөр” гэж тодорхойлсон юм.

2024 оны шинэ iPad Air загвар нь 11 ба 13 инчийн хоёр хэмжээтэй худалдаанд гарах юм байна.

Энэ загварын хувьд дэлгэцийн дээд ирмэгт байдаг байсан нүүрний камерыг хажуу ирмэгт шилжүүлсэн нь гол өөрчлөлт болжээ.

Шинэ iPad Air нь цайвар хөх, цайвар ягаан, шаргал болон хар саарал дөрвөн өнгөний сонголттой худалдаанд гарна. Санах байгууламжийн багтаамж нь 128GB-аас эхлэхээс гадна 512GB, 1TB гэсэн хоёр шинэ сонголттой болсон байна.

Шинэ iPad Air  загварын 11 инч нь $599, 13 инч нь $799 үнээр ирэх долоо хоногт худалдаанд гарах ажээ.

зураг
 

Өчигдөр Apple компани танилцуулсан M4 чиптэй шинэ iPad Pro загвараа “манай бүх цаг үеийн хамгийн нимгэн бүтээгдэхүүн” гэж онцолсон байна.

13 инчийн хэмжээтэй энэ бүтээгдэхүүний зузаан 5.1 мм бөгөөд энэ нь iPod Nano бүтээгдэхүүнээс ч нимгэн гэсэн үг юм.

Бас нэг онцлог нь iPad Pro цувралуудаас хамгийн анх OLED дэлгэцтэй болсон байна.

Apple компани уг дэлгэцийг “Ultra Retina XDR” гэж нэрлэжээ.

Чанартай дэлгэцтэй болсон нь шинэ iPad Pro загварын үнийг ч өсгөсөн байна.

Шинэ iPad Pro загварын 11 инч нь $999, 13 инч нь $1,299 үнээр ирэх долоо хоногт худалдаанд гарах ажээ. Өмнөх загвараасаа даруй $200-аар өндөр үнэтэй болсон байна.

Шинэ iPad Pro загвар 256GB, 512GB, 1TB, 2TB дөрвөн багтаамжийн сонголттой худалдаалагдах ажээ.

Өмнөх M2 чипээсээ дөрөв дахин өндөр хурдтай M4 чип нь шинэ загварыг 2015 онд гарсан анхны iPad Pro загвараас 10 дахин хурдан болгож байгааг Apple мэдээлсэн байна.

Нүүрний камер нь бас шинэ iPad Air загварын нэг адил хажуу талын ирмэгтээ шилжжээ.

Apple компани өчигдөр бас iPad төхөөрөмжийн шинэ аксесуарууд танилцуулсан нь 11 инчийн загварт зориулагдсан $299-ийн, 13 инчийн загварт зориулагдсан $349-ийн үнэтэй Magic Keyboard гар, $129-ийн шинэ Pencil Pro үзэг байлаа.

Apple компани хамгийн сүүлд 2022 онд iPad бүтээгдэхүүндээ томоохон шинэчлэлт нэвтрүүлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider