Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийн зургаан жолооч үл мэдэгдэх шингэнд хорджээ

Б.Сумъяа, Монголын мэдээ
2017 оны 3 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

Өмнөговь аймагт тээврийн зургаан жолооч үл мэдэгдэх шингэнд хордож, гурав нь газар дээрээ нас барж, гурав нь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн эмчлүүлж байна.

Хохирогчид Эрдэнэс Таван толгой ХК-ийн тээвэрлэлт хийдэг Монпорт компанийн жолооч нар байсан бөгөөд Таван Толгойгоос 90 км-т байрлах цайны газарт согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа цааш хөдөлсөн гэх албан бус мэдээлэл байгаа юм. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал харьцангуй тогтворжсон байна.

Сүүлийн үед үл мэдэгдэх шингэнийг архитай андуурч хэрэглэн эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал удаа дараа гарч буйтай холбоотойгоор нэр хаяг тодорхойгүй спиртийн үнэртэй зүйлийг авч хэрэглэхгүй, уухгүй байх, олноороо болон ганцаараа хаяг шошгогүй зүйл ууж буй хүмүүстэй тааралдвал цагдаагийн байгууллагад мэдээлэх, гэртээ метилийн спирт, этиленгликоль агуулсан тормозны шингэнд хортой гэсэн шошго нааж, хүүхдээс хол хадгалахыг нийт ард иргэддээ салбар яамнаас анхаарууллаа.

Дашрамд дурдахад, хүн хордсон байж болзошгүй гэх мэдээллийг авсан даруйдаа ЭМЯ, Хор судлалын салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай цахим хурал хийж. өвчтөнүүдийн эмчилгээ, оношилгоо, хариу арга хэмжээний талаар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн удирдлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шуурхай ханган ажиллаж эхэлжээ.

Түүнчлэн, голомтын цар хүрээг тогтоох, тархвар судалгаа хийх, хүн амд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар хоёр баг ажиллаж байгаа аж.

Зураг