Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ: Баярын үеэр амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлээрэй

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
 

Тун удахгүй Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг Сар шинийн баяр болох гэж байна. Баяр, амралтын өдрүүдээр бид аливаа халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас зөвлөгөө авлаа.


Тэрээр “Манай ард түмний жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Нийтийг хамарсан баяр маань олон хоног үргэлжлэх учраас хоол хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Үүний тулд, нэгдүгээрт, баталгаатай газраас, баталгаатай хаяг шошго бүхий, хадгалах хугацаа нь урт, хадгалах технологийнх нь дагуу хадгалсан хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх,  
Хоёрдугаарт, ахуйн хүнсний бүтээгдэхүүнээр хоол хүнс хийхдээ гарын ариун цэврийг сайн сахих нь чухал. Өөрөөр хэлбэл, гараа бохирдсон даруйд нь зөв дарааллын дагуу угаах хэрэгтэй.
Гуравдугаарт, Цагаан сараар настан буурлууд, аав ээж, ах эгч нартаа очиж золгодог. Энэ үед ирж байгаа зочид гийчдэдээ тааруулан хоол, идээ ундааг бэлдэх, ялангуяа салат зуушийг тааруулж хийх хэрэгтэй. Их хэмжээгээр хийж, хадгалах нөхцөл нь буруу байснаас болж хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин үүсэх магадлалтай учраас үүнд иргэд маань анхаараарай.

Үүнээс гадна баярын үеэр нэгнийдээ олноороо очиж, золгодог. Энэ үед амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.

Тухайлбал, томуу, томуу төст өвчин, тууралтат өвчин, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт ихсэх магадлалтай.

Хэрэв бага насны хүүхэдтэй бол айлаар бага авч явах, өвчтэй хүн байвал аль болох гэрт нь байлгах, эмчийн зөвлөгөөгүйгээр дур мэдэн эмчилгээ хийхгүй байх, тухайн өвчтөнд өндөр халуурсан, тууралт гарсан, бөөлжиж, суулгасан зэрэг зовиур илэрвэл мэргэжлийн эмчид хандах, түргэн дуудах хэрэгтэй” гэж зөвлөлөө.