Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Удаан хугацаагаар гадагш явах тохиолдолд цахилгаан хэрэгслээ салгаж байхыг зөвлөлөө

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Онцгой Байдлын Албанаас мэдээлэл хийж, иргэдэд зөвлөгөө өглөө.

НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар" Сар шинийн бэлтгэл ажлууд хийх үед цахилгаан хэрэгсэл, ердийн галалгаатай зуухын хэрэглээ ихэсдэг. Үүнээс болоод гал түймэр гардаг тохиолдол их байдаг. Тиймээс зориулалтын, эвдрэл гэмтэлгүй цахилгаан хэрэгсэл ашиглахыг иргэддээ зөвлөж байна. 

Өнгөрсөн оны Цагаан сарын үеэр нийт 26-28 удаагийн гал түймэрийн дуудлага бүртгэгдсэн. Дийлэнх нь золголтоор явахдаа цахилгаан хэрэгслүүдээ залгаатай орхисноос үүдсэн байсан. 

Тиймээс удаан хугацаагаар явах тохиолдолд цахилгаан хэрэгслээ салгах, байгууллага, ААН-үүд дээр эргүүл, жижүүрийг ажиллуулах, гал гарах үед дохиолох мэдээллийн системийн бүрэн байдлыг хангуулах, нийтийн байрны галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах шаардлагатай байна.

Мөн хөдөө орон нутгийн баталгаагүй зам харгуйгаар, шатахууны нөөцгүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчиж цасанд суух, осолдох, гэмтэж бэртэх тохиолдлууд гардаг. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй" гэлээ.

Онцгой Байдлын Албанаас,

  • Гэр орон сууц, барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах,
  • Стандартын шаардлага хангасан хэрэглээний цахилгааны утсыг хэрэглэх,
  • Цахилгаан тоног төхөөрөмж болон цахилгаан хэрэгслийг залгаатай орхихүй байх,
  • Шаардлага хангахгүй эвдрэл гэмтэлтэй, холболт үүссэн цахилгааны уртасгагчийг ашиглахгүй байх,
  • Ил задгай үнс нурмаа асгахгүй байх,
  • Хараа хяналтгүйгээр бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэр, орон сууц, байшин дотроо цоожилж орхихгүй байхыг анхаарууллаа.