Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Сонгуулиар ажиглалт хийхийг НҮБ-аас хүссэн

Д.Гэрэл
2016 оны 5 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар удахгүй болох сонгуулийг шударга бус, будлиантай болгохгүйн үүднээс олон улсын байгууллагаас туслалцаа хүссэн байна. Энэ тухай болон сонгуулийн эргэн тойрон дахь асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлт болоод тойргийн хуваарилалтыг эсэргүүцэх сонгогчид олон бий. Тэд тойргийн хуваарилалтыг өмнөх сонгуулийнхаас өөрөөр зохион байгуулсан нь маргаан үүсэх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Та ч гэсэн  сонгуулийн зохион байгуулалттай холбоотой асуудлаар олон улсын байгууллагад хандсан гэсэн?

-Ардчиллын амин сүнс, суурь зарчим нь тэгш эрхтэй, шударга сонгууль явуулахад оршдог гэж бид үздэг. Ард түмэн өөрсдийгөө төлөөлөх төлөөллөө тэгш шударгаар сонгох үүргийг төр хүлээдэг. Гэтэл эрх баригчдын увайгүй, хүч түрэмгийлсэн, хууль бус үйл ажиллагаанууд нь УИХ-аасаа эхлүүлээд анхан шатны нэгждээ хүртэл хавтгайрч байна.

УИХ Сонгуулийн хуулийг хэрхэн өөрчилж байгааг бид харлаа. НҮБ-аас бүх орны дэмжлэгтэйгээр олон улсын төвшинд батлагдсан НҮБ-ын Хүний эрхийн конвенцид иргэдийн сонгох, сонгодох эрхийг хангахын тулд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулах буюу ингэж бужигнуулахыг хориглосон байдаг.

Ард түмэн өөрсдийгөө төлөөлөх төлөөллөө тэгш шударгаар сонгох үүргийг төр хүлээдэг.

Тиймээс “Нэг Монгол” төрийн бус байгууллага олон улсын байгууллагатай ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр НҮБ-ын сонгуулийн туслалцааны хэлтэс, НҮБ-ын Хүний эрхийн комисс, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгуулийн судалгааны хэлтэс, туслалцааны хэлтэст санал гомдол, туслалцаа хүссэн хүсэлтийг хүргүүлж байгаа.

Мөн Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдад АСЕМ-ын хурлын өмнө манай улсад сонгууль шударга, будлиангүй явуулах нөхцлийг хангахын тулд хяналт, шалгалт хийж, ажиглагчаар оролцохыг хүссэн. Мэдээж үүгээр дамжуулан бусад төрийн бус байгууллагад хандсан уриалга гэж болно.

-Бусад орон сон­гуулийн үеэр олон улсын байгууллагаас тусламж хүсдэг жишиг байдаг байх. Яг ямар төрлийн тусламж хүссэн талаараа тодруулахгүй юу?

-Хүч түрж засаг захиргааны нөөц, нөлөөг ашиглан сонгуулийн үр дүнг завхруулах, будлиулахын эсрэг байж, сонгуулийн явцыг албан ёсоор ажиглаж, сонгууль явуулахад туслалцаа үзүүлэх хүсэлтийг НҮБ-д гаргадаг олон улсын жишиг байдаг.

Энэ хүсэлтийг харгалзан НҮБ-ын сонгуулийн туслацааны хэсгээс мэргэжилтнүүд сонгуулийн өмнө шуурхай ирж, СЕХ-той хамтран ажиллаж, шаардлагатай бол СЕХ-нд албан ёсны ажиглагчаар сууж зөвлөгөө өгөх, зөрчлийг тэмдэглэх боломжтой.

Мөн аймаг, орон нутгийн анхан шатны байгууллагад иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж, сонгуульд оролцох гэж байгаа намууд, хуулийн этгээдүүдийн байрыг хурааж авч байгаа увайгүй үйл ажиллагааг олон улсын байгууллагууд хянаж шалгах учиртай.

Өмнө нь сонгуулийн буд­лианаас болж хүчир­хийлэл гарсан түүхтэй улс орнууд НҮБ-ын тус­лалцааг өргөнөөр ашиг­ладаг. Тиймээс манай Засгийн газар НҮБ-д энэ хүсэлтийг албан ёсоор тавих ёстой гэж үзэж бид энэ шаардлагаа илэрхийлж байгаа юм.

-АН-ын нэр дэвшигчид ялах магадлал өндөртэй тойргуудаа өөрсдөдөө хуваарилж авсан нь шударга бус үйлдэл гэж МАН үзэж байгаа. Хоёр захад байгаа сумыг нийлүүлж нэг тойрог болгосноос нь харвал ингэж хардах үндэслэл бий. Энэ тухайд та ямар байр суурьтай байна?

-УИХ Увсын тойргийг яаж хуваасныг та бүхэн харсан. Яс үндэстнээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчин байж тойргоо хувааж байна. Говь-Алтай аймгийн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчлөө. Үндсэн хуульд нутаг дэвсгэр, хүн амыг харгалзан сонгуулийн тойргийг тогтооно гэж заасан.

Гэтэл хүн амыг харгалзсан гэх нэрийдлээр өөрсдөдөө, хэсэг гишүүний ашиг сонирхолд нийцүүлж Сонгуулийн хуулийг хийх нь сонгуулийн дүн будлиантах, үймээн самуун гарах үндсэн шалтгаан болдог гэдгийг анхааруулж байна. Үүнийг энгийнээр хэлбэл ноёны бөх заавал давах ёстой, ноёны бөхөд үхлийн барьц бариулж байж ялах ёстой гэсэн зарчимтай наадам болж байна.

Тиймээс ард түмэндээ шударга үнэний талд зогсож, сонгуулийн увайгүй үйлдлийг эсэргүүцэхийг уриалж байна.

Мөн эмэгтэйчүүдийн квотыг багасгахаас эхлүүлээд Сонгуулийн хуульд орсон олон будлиантай зүйлийг залруулахыг шаардаж байна. 

Мөн эмэгтэйчүүдийн квотыг багасгахаас эхлүүлээд Сонгуулийн хуульд орсон олон будлиантай зүйлийг залруулахыг шаардаж байна.

Энэ бүхэн эцсийн дүндээ ганц л зүйлийг хэлж байгаа. Үндсэн хуулийн 3.1-д Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний эрх мэдэлд байна гэсэн заалт зөрчигдөж байна. Энэ сонгууль ард түмний саналаар биш шүүхээр шийдэгдэх Сонгуулийн хууль баталсан. Өнөөдөр шүүхийн хараат бус байдал хангагдаж чадахгүй байгаа талаар бүх шатандаа ярьж байгаа. Ийм шүүхээр сонгуулийг шийдүүлэх хэрэг байна уу.

-Саяхан Баянхонгор аймгийн МАН-ын байрыг хурааж авсан гэх мэдээлэл байна. Ямар шалтгаанаар байрыг нь хураасан юм бэ. Үүний цаана АН-ынхан байгаа гэх зүйлийг ч Баянхонгор аймгийн МАН-ын гишүүд ярьж байна?

-Аймгийн намын байр нь намын гишүүдийн хандив, тусламжаар баригдсан намын өмч байна гэдэг шийдвэрийг Өвөрхангай аймгийн шүүх хэлэлцээд, шийдвэр нь гарсан. Тухайн үед намын ахмад гишүүд ч гэрчээр оролцсон байдаг. Гэтэл 2012 оноос эхлээд энэ асуудлаар маргаан дахин үүссэн.

Анхан шатны шүүхээс намын байр нь намын өмч мөн гэсэн шийдвэр гарсан. Ийм шийдвэр гаргачихаад 15 минутын дараа эргэж орж ирэхдээ шийдвэрээ өөрчилсөн тохиолдол ч гарч байсан. Мөн давж заалдах шатны шүүхээс намын өмч мөн гэдэг шийдвэр гаргасан байдаг. Гэтэл сар гаруйн өмнө буюу сонгууль ойртсон үед энэ асуудлыг Улсын Дээд шүүх дээр татаж авчраад намын өмч биш, хурааж авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхүүдийн шийдвэрийг Улсын Дээд шүүх үгүйсгэсэн тохиолдол ховор байдаг. Хоёр, гурван хоногийн өмнө аймгийн ИТХ дээр намын гишүүдийн өмч мөн. Сонгууль болох гэж байгаа үед намынханд нь нэгдүгээр давхарыг нь үлдээгээд, хоёр, гуравдугаар давхарыг нь хураах шийдэлд хүрсэн.

Гэтэл гэнэт хаанаас ямар дарамт, шахалт ирсэн юм яг хурлаар батлах болоход бүгд эсэргүүцээд даруйхан байрнаас гаргах шийдвэр гаргаж байгаа нь сонгуулийн өмнө зохион байгуулалтгүй, байргүй болгож, өрсөлдөгчөө сульдуулах гэсэн арга байна гэж үзэхээс өөр аргагүй байна.

-Сурталчилгаа явуулах хугацаанаас эхлээд энэ удаагийн сонгууль шударга бус болох нь гэж болгоомжилж байгаа. Тухайлбал, шинэ нэр дэвшигчдийн хувьд өөрсдийгөө таниулах боломж хомс болсныг олон хүн хэлж байгаа шүү дээ?

 -Тэгш бус сонгууль болж байна. УИХ-ын гишүүд ажлаа тайлагнах нэрээр сонин, сэтгүүл, сав суулга тарааж болно. Харин энгийн иргэд ийм байдлаар танилцуулга хийж тараавал шууд нэрийг нь татна гэж байгаа. Сайд нар Засгийн газрын ажлаа тайлагнах нэрийн дор сурталчилгаа хийж болно, харин сөрөг хүчин нь юу ч ярьж болохгүй.

Ийм шударга бус сонгууль болж байгааг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа. Монгол Улс энэ мөчөөс эхлээд ардчилсан бус улс боллоо. Дүр эсгэсэн ардчилал нь олонхийн дарангуйллын тогтолцоо руу шилжин орлоо. Тиймээс сонгуулиар бид үнэн зөвөө тогтоохын төлөө ард иргэд нэгдэж, анхааралтай ажиглах хэрэгтэй.

Зураг