Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрүүгийн, Зөрчлийн хуулийг амилуулах хуулиуд батлагдлаа”

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хууль сахиулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Мэдээллийн эхэнд Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат хууль эрх зүйн салбарт Үндсэн хуулийн дараа орохуйц том шинэчлэлийг хийж чадлаа хэмээн онцолсон юм. 

Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн салбарын суурь өөрчлөлт хийгдлээ хэмээн энэ үеэр мэдэгдсэн. 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль нь сая батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиудаар дамжин амилна. Цаашид хууль хэрэгжүүлдэг байгууллага тус бүрийнх нь хуулийг хэлэлцэнэ гэв. 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Энэ удаагийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх бүх шатанд хүний эрхийн байгууллагын төлөөлөл оролцож ажилласан. Хүний эрхтэй холбоотой урьд өмнө хуулиар зохицуулж байгаагүй харилцааг шинэ хуулиудад тусгасан. Хуульд хүүхэд хамгааллын талаар, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох асуудлыг тусгасан.

Хууль сахиулагч нь хүний амь нас эрсдэлд орж болзошгүй тухай дуудлага хүлээн авсан бол хамгийн түрүүнд очих, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч байж болзошгүй тохиолдолд тухайн орон байранд нэвтрэн орох, аюулыг үнэлээд хохирогчийг хамгаалалтад авах талаар хуульд тусгасан. Хууль бүхэлдээ хүний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн” гэлээ.  

Түүнчлэн тэрбээр хүнийг гэмт хэрэгт сэжиглэн барьж хориод байцаалт авалгүй мартдаг, олон сар жилээр хорьдог байдлыг эцэс болгон хүнийг хорихын тулд нотлох баримтад тулгуурлах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн байцаалт, шүүх хуралд тодорхой хамгаалалттай оролцдог байхаар хуульд тусгасан хэмээн мэдээлсэн.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэргийг цаасан нотлох баримтад үндэслэн байцаалтаар нотолж буй байдлыг өөрчилж, байцаалтаас бусад аргаар хэргийг нотлох эрх зүйн орчныг бий болсныг онцолсон.

Хүнийг хэн нэгэн албан тушаалтны сэжигт үндэслэн олон сараар хорьж мөрддөг, эрх чөлөөг нь хугацаагүй хасдаг байдлыг хязгаарлаж, нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн хүнийг яллагдагчаар татан шалгадаг байх зохицуулалтыг тусгасан гээд хууль сахиулах чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны явуулах ажиллагааны талаар нарийн хуульчилсан болохыг тодруулан мэдээлсэн юм.