Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-д нэр дэвшигчийн үнэмлэхийг ЗУРГААДУГААР САРЫН 7-нд олгоно

Б.Ану
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 29-нд болох бөгөөд нэр дэвшигчид нь хэн байх вэ гэдэг хамгийн сонирхолтой мэдээлэл байсаар байна. 

Сонгуулийн хуульд өөрчлөлт орсноор нэр дэвших үйл явц хугацааны хувьд нэлээд удаашралтай болоод байгаа юм. Улстөрийн намууд энэ сарын 23-29-ний хооронд нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа явуулах бөгөөд улмаар тавдугаар сарын 30-ны дотор СЕХ-нд албан ёсоор нэр дэвшигчдийгээ бүртгүүлэх ёстой юм байна. 

Харин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид зургаадугаар сарын 1-ний дотор материалаа СЕХ-нд өгөх ёстой аж. 

Сонгуулийн Ерөнхий Хороо зургаадугаар сарын 7-нд нэр дэвших боломжтой хүмүүст үнэмлэхийг нь гардуулж зургаадугаар сарын 9-нөөс өмнө олон нийтэд нэр дэвшигчдийг мэдээлэх ёстой юм байна. 

Улстөрийн намууд энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд холбогдох шийдвэр гаргах хурлуудаа хийх төлөвтэй байгааг эх сурвалжууд дурдаж байна. Тухайлбал, МАН гэхэд Бага хурлаасаа УИХ-д нэр дэвшигчдийгээ баталгаажуулах ёстой бөгөөд энэ Бямба, Ням гарагийн аль нэгэнд нь Бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчдээ тодруулах юм байна. 

АН-ын хувьд ч энэ амралтын өдөр эсвэл ирэх Даваа, Мягмар гарагийн аль нэгэнд нь Үндэсний Зөвлөлдөх Хороогоо хуралдуулж УИХ-д нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах нь ээ. 

Энэ удаагийн сонгуульд нийтдээ хэдэн хүн дэвших нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ямартай ч түүхэнд байгаагүй их бие даан нэр дэвшигчид өрсөлдөх мэдээлэл бий. 

2012 оны УИХ-ын сонгуульд нийт 544 хүн нэр дэвшиж байсан түүхтэй.