Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"ГООЛИНГОО"-гийн нууц задарлаа

ikon.mn
2016 оны 5 сарын 16
www.ikon.mn
Зураг зураг

Бурангуй нийгмийн хөрс шорооноос үр үндэс нь соёолж, ардын билэг танхай авьяастнуудын алтан оюунаар тунгаагдаж, дэлхийн сонгодог хөгжмийн жишигт хүрсэн бүтээл бол яахын аргагүй “Гоолингоо”.

Энэ дууг аль цагт, ямархан хүний үр хэнийгээ санагалзан нулимсаа залгин байж амин халуун хайраараа зохиосныг, хүрээ дууны архины ааг, тамхины утаатай уран торгон нугалаанд Монголчууд бидний хэд нь зовж, хэд маань жаргаж явсныг өгүүлэх “Зүрхний нулимс Гоолингоо” ном нээлтээ хийлээ. 

 

 

Номын нээлтэд хөгжим судлаач, урлаг, соёлын нэртэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Гоолингоо хэмээх эрхэмсэг тансаг ая дангийн нууцад нэвтрэх гэж үеийн үед тэмүүлдэг.

Аливаа нууцлаг бүхэн хүн төрөлхтнийг соронзон мэт татдагийн адил нэг хэсэг дуулахыг хүртэл хориглодог байсан Гоолингоо руу одоо хэр нь хүмүүс татагдсаар байдаг билээ. 

 

 

Гоолингоогийн нууцад нэвтэрсэн “Зүрхний нулимс Гоолингоо” номыг сэтгүүлч Б.Саруул арваад жилийн өмнөөс цуглуулсан судалгааны материал дээрээ үндэслэн бүтээсэн байна. 

Түүний хувьд нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаагийн зээ охин бөгөөд мэргэжлийг нь өвлөн авсан ганц охин нь ажээ. Харин номын редактораар зохиолч, сэтгүүлч Н.Энхсайхан ажилласан бөгөөд С.Лувсанвандан арт галерейн зураач Б.Содномдаржаа номын уран зургуудыг зурж амьдруулжээ. 

 

“Зүрхний нулимс Гоолингоо” ном нь Монголын анхны үздэг, сонсдог, уншдаг ном төдийгүй Гоолингоо дуутай холбогдсон дуучид, хөгжимчдийн бүтээлийг нэгтгэснээрээ онцлогтой бүтээл болсон байна.

1934 онд Москва хотноо бичигдэж байсан Д.Ичинхорлоо гуайн дуулсан Гоолингоогоос эхлээд 2015 он хүртэл Гоолингоод хандсан уран бүтээлчдийн ая, дууг “Зүрхний нулимс Гоолингоо”-д багтаажээ. 

Гоолингоо дууны домог түүх болоод соёл, урлаг, судлаач эрдэмтдийн баримт материал дээр тулгуурлан бүтээсэн “Зүрхний нулимс Гоолингоо” номонд тус дууны үг, нотны олон хувилбарууд, Гоолингоо дуунд зориулсан шүлэг яруу найргийг зэрэг ховор нандин зүйлсийг багцлан баяжуулсан нь урлагийн сургуулийн оюутнуудад ч судалгааны ажлын гарын авлага болохуйц хэмжээний өргөн цар хүрээтэй бүтээл болсныг урлагийн төлөөлөгчид онцолж байв.