Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: Сискогийн хийсэн мастер төлөвлөгөөтэй байхад Улаанбаатар хөрөнгө оруулагчдыг гуйхгүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ухаалаг хотын шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч Сиско /CISCO/ компани нь "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөг хийж гүйцэтгэн, өнөөдөр Нийслэлийн удирдлагад албан ёсоор гардуулан өглөө.

Сиско компани нь дээрх ажлын хүрээнд:

  1. Ухаалаг Хотын хатуу дэд бүтцийг бий болгох шийдэл, аргачлалууд түүнийг хэрэгжүүлэх үе шатууд болон санхүүгийн тооцооллыг орлуулсан НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ,
     
  2. Шийдлүүдийн харилцан уялдаа, харьцуулалт, нарийвчилсан судалгааг тусгасан ДЭЛГЭРЭНГҮЙ төлөвлөгөө,
     
  3. Төслийн хүрээнд эхний ээлжинд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай 58 шийдлийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг тусгасан ДЭЛГЭРЭНГҮЙ ШИЙДЛҮҮД гэсэн гурван хэсгээс бүрдсэн 60 шийдлийг эмхтгэн Англи болон Монгол хэл дээрх нийт 13 боть баримт материалыг бэлтгэснийг Сиско компанийн Ухаалаг хот хариуцсан дэд ерөнхийлөгч Тони жанг танилцуулсан юм.
 

 

Тэдгээр шийдлүүдээс дурдвал: 

  • Нийслэл хотын иргэдийг төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, лавлагаа, 
  • Тасалбар борлуулах, төлбөр төлөх, сурталчилгаа зэрэг олон төрлийн үйлчилгээгээр хангах, 
  • Олон нийтийн газарт байршуулах боломж бүхий Ухаалаг киоск, 
  • Иргэд хол ойроос үл хамааран эмчийн үзлэг, шинжилгээ, заавар зөвлөгөөг зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг цахим буюу дүрсээ харж уулзах технологийн тусламжтай авах боломж бүхий Алсын зайн эмч, 
  • Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, түгжрэлийг бууруулах замын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвийн шийдэл зэрэг олон үр ашигтай шийдлүүд багтсан байгааг ноён Тони жанг хэлж байлаа.

Энэхүү мастер төлөвлөгөөний дагуу боловсруулсан нийт шийдлүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд 4-6 жил шаардагдахаар тооцоолсон бөгөөд төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 90 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.

Эхний ээлжийн "Ухаалаг хотхон" төслийг зургаадугаар сард Сискогийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулахаар төлөвлөж байгааг Хотын дарга Э.Бат-Үүл хэллээ.

 

Түүнчлэн тэрбээр "Цахилгаангүй газар хүмүүс амьдрахгүйтэй адил XXI зууны иргэд ухаалаг биш хотод амьдрахгүй. Амьдрахгүйгээр барахгүй бүр дайжна. Миний хувьд Улаанбаатар маань ухаалаг хот болж чадахгүй байх вий гэсэн айдастай байж ирсэн. Харин өнөөдөр тэр айдас маань арилж байна. 

Улаанбаатар дараагийн зууныг тэргүүлэгч байр суурьтай угтах хотуудын нэг боллоо. Биднийг энэ байр суурь руу хөтөлж байгаа компани Сиско байсанд бүр их олзуурхууштай хандаж байгаа. Сиско Улаанбаатарын мастер төлөвлөгөөг хийсэн гэхээр Улаанбаатар бусдын өмнө яаж товойж харагдана гэдгийг би төсөөлж байна. 

Асар их хичээл зүтгэл гаргаж богино хугацаанд, өөрийн хөрөнгөөр 13 боть баримт материалыг бэлтгэсэнд маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Одоо Улаанбаатар руу хөрөнгө оруулагчид шуурч эхэлнэ. Сискогийн хийсэн мастер төлөвлөгөөтэй байхад Улаанбаатар хөрөнгө оруулагчдыг гуйхгүй. Эсрэгээрээ хөрөнгө оруулагчид биднийг гуйх болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

 
 

Ухаалаг хотын хатуу дэд бүтцийг бий болгоход шаардагдах дараах ажлуудыг Мастер төлөвлөгөөнд мөн тусгажээ. Үүнд:

  • АЛСЫН ХАРАА. Ухаалаг хотын үйл ажиллагааны зорилтыг удирдлага менежмент, үйлчилгээ, сүлжээний төвшинд тодорхойлсон
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТРАТЕГИ. Ухаалаг үйлчилгээнүүдийн жагсаалт, ач холбогдлын дараалал, бүтэц, архитектурын загваруудыг боловсруулсан.
  • БИЗНЕСИЙН СТРАТЕГИ. Ухаалаг хот төслийг удирдах бүтэц, ажлын зохион байгуулалт, хүний нөөц, технологийн бодлого шийдлүүд, санхүүгийн төлөвлөлтийг хэрхэн хийх талаар заавар, үлгэр жишээ Улаанбаатар хотын онцлогт тохируулан боловсруулсан.
  • ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ. Ухаалаг хотын үйлчилгээний салбаруудад хэрэглэгдэх технологийн шийдлүүд, нууцлал хамгаалал зэргийг хэрхэн шийдэх талаар зөвлөмж, шийдлийг санал болгосон.
  • МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ПЛАТФОРМ. Дата төв, сүлжээний дэд бүтэц, мэдээллийн дэд бүтэц, шуурхай удирдлагын төв, хяналтын системүүдийн төхнологийн шийдлүүдийг дэлгэрэнгүй тусгажээ.
  • НЭВТРҮҮЛЭХ АРГАЧЛАЛ. Энэ нь Ухаалаг хотын шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх ажлын зохион байгуулалт, төлөвлөгөө, ажлын үө шатууд, хариуцлагын тогтолцоо зэргийг олон улсын ухаалаг хотуудын туршлагыг судалсны үндсэн дээр Улаанбаатар хотын онцлогт тохируулан боловсруулсан байна.

Гэрэл зургийг mpa.mn