Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын засгийн газар Хан Ресорсез компанид $70 саяыг төлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Долоон жил үргэлжилсэн маргаанаа эцэслэн Торонтогийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Хан Ресорсез компанид $70 саяыг төлөхөд бэлэн болоод байгааг Монголын засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Байгалийн баялгаар арвин Монгол улс дөрвөн жил дараалсан эдийн засгийн уналтын дараа гадаадын уул уурхайн хөрөнгө оруулагчидтай маргаанаа таслахаар ажиллаж эхэлсэн юм.

Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол улс бизнес хийхэд нээлттэй” гэсэн уриаг очсон газар бүртээ байнга давтаж, эдийн засгаа сэргээхийг хичээж байна. Азийн Хөгжлийн Банк Монгол улсын эдийн засгийг энэ жил дөнгөж 0.1 хувиар өснө гэж таамаглаад байгаа.

Монголын засгийн газрын эх сурвалжийн өгүүлснээр Монгол улс ”гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцаагаа сайжруулж, нэр хүндээ сэргээхийг хичээж байгаа” гэнэ.

Түүний мэдээлснээр өнгөрсөн Даваа гарагт $70 саяыг Хан Ресорсез компанид төлөхөөр эскроу дансанд байршуулсан байна. Төлбөр тооцоо барагдаж дуустал нэрээ дурдахыг хүсэхгүй байгаагаа эх сурвалж хэлжээ.

Өнгөрсөн жил Парисын шүүхээс Монгол улсын засгийн газрыг Хан Ресорсез компанид $100 саяыг төлүүлэх шийдвэр гарсан юм. Ингэсэн шалтгаан нь Монголын тал 2009 онд тус компанийн Дорнодын талд уран олборлох лицензийг цуцалж Оросын АРМЗ компанид шилжүүлсэн байна. Харин өнгөрсөн гуравдугаар сард Торонто хотод болсон уул уурхайн салбарын хурлын үеэр талууд төлбөрийн хэмжээг $70 сая болгохоор тохиролцсон юм.

Хан Ресорсез компанийн маргаан Рио Тинто Оюу Толгойн төсөлд $5.3 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр шийдсэний дараахан тохиож байна.

Хөрөнгө оруулагчдын анхааралтай ажиглаж байгаа өөр нэг маргаан бол Гацууртын алтны ордын асуудал юм. Уг ордод олборлолт хийх лицензийг Центерра Гоулд компани долоон жил хүлээж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters