Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ашиглалтад авах боломжгүй УС ТҮГЭЭХ БАЙРуудыг гүйцэтгэгч компаниар нь шинэчлүүлнэ

www.ulaanbaatar.mn
2016 оны 5 сарын 13
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар гэр хорооллын хороодод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан, ашиглалтад оруулаагүй зөөврийн ус түгээх байруудыг зориулалтаар нь ашиглуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал энэ асуудлыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулахдаа, нийслэлийн хэмжээнд 2012-2016 онуудад барьсан ашиглалтад хүлээн аваагүй 25  ус түгээх байр байгаа. Үүний 23 нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа бол Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тус бүр нэг байр байгаа.

Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол дунд барьсан ашиглалтад хүлээж аваагүй ус түгээх 23 байрны 22-ыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, 1 байрыг олон улсын байгууллагын хөрөнгөөр барьжээ.

Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт байрлах ус түгээх байрыг ашиглалтад хүлээн авах боломжтой гэсэн дүгнэлтийг Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн байна.

Харин бусад ус түгээх байрууд нь ундны ус түгээх стандарт хангаагүй, эрчим хүчинд холбогдоогүй, газрын байршил оновчгүй гэх мэт зөрчлүүдтэй байгаа учраас ашиглалтад хүлээн авах боломжгүй байгаа юм байна. Иймд бусад байруудыг ашиглалтад хүлээн авч, хэвийн ажиллуулах талаар зохион байгуулалтын ажил хийх хэрэгтэй байгааг хэллээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас эдгээр ус түгээх байруудад дутуу хийсэн ажлуудыг гүйцээн, унды ус түгээх байрны стандартад нийцүүлэх ажлыг аль болох яаралтай эхлүүлж, 5 сарын 30-ны дотор гүйцэтгэгч компаниар хийлгүүлэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгав.

Мөн стандартын дагуу ажлаа гүйцэтгэсэн ус түгээх байруудыг  6 сарын 15-ны дотор ашиглалтад бүртгэн авах ажлыг  зохион байгуулахыг  холбогдох албаныханд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.