Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд Ерөнхий сайдад хандлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагууд буюу Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий газрын удирдлагууд Ерөнхий сайдад хандан хүсэлт илгээжээ. 

Засгийн газраас Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулиудад гүйцэтгэх ажиллагаатай холбоотой цөөнгүй заалтууд орж байгаа. Тухайлбал, 

  1. Гүйцэтгэх ажил явуулах зөвшөөрлийг шүүх олгодог байхаар тусгасан байна. 
  2. Прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажиллагааны дүнд олдсон мэдээлэл, баримт сэлтийг нотлох баимтын хэмжээнд үнэлэхийг хориглосон.
  3. Гүйцэтгэх ажилтан прокурор, шүүхийн зөвшөөрөлтэй явуулах нууц мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулахгүй тохиолдолд явуулах боломжгүй болгосон. 
  4. Прокурорын гүйцэтгэх ажилд хөндлөнгийн хяналт тавьдаг байх, гүйцэтгэх ажлын хэрэг нээснээс хойш 24 цагийн дотор прокурорт мэдэгдэж байх, гүйцэтгэх ажлын бүх шатанд гүйцэтгэх ажлын арга хэмжээ явуулахад прокурор хяналт тавьдаг байхаар тус тус зохицуулалт орсон.
  5. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүн эрэн сурвалжлах нууц ажиллагаа явуулах аргачилсан заавар, журам батлах, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Тахарын албаны гүйцэтгэх ажилд хяналт тавих эрхтэй байхаар заасан. 

Дээр дурдсан өөрчлөлтүүд батлагдсан тохиолдолд гүйцэтгэх ажил явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааны чадамж суларна гэж үзжээ. Тиймээс ТЕГ, АТГ, ЦЕГ-ын удирдлагууд Ерөнхий сайдаас холбогдох хуулийн төслүүдийг татаж авахыг хүссэн байна. 

Нэг талаас гүйцэтгэх ажиллагаанд улс төрийн нөлөө оруулах нь гэсэн хардлага бий болоод байгаа. Харин нөгөө талаас гүйцэтгэх ажлын шугамаар олдсон мэдээллийг хууль сахиулах байгууллагынхан гартаа байлгаж яах нь вэ гэх асуулт урган гарч байгаа. 

Энэ талаар АН-ын нэр бүхий нэгэн гишүүн “Цагдаа, тагнуулынхан гүйцэтгэх ажлын шугамаар олдсон мэдээллээ өөрсдөдөө хадгалаад тэдний л хөрөнгө, хадгаламж өснө. Уг нь бол тийм мэдээллийг шүүх, хуулийн байгууллагад мэдэгдэж байх ёстой. Бид олон улсын жишгийг дагах ёстой шүү дээ” хэмээж байсан юм.