Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн Хөгжлийн Банк 2016 онд Монголд $287 саяын санхүүжилт ОЛГОНО

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АХБ нь өөрийн хөрөнгө болон зах зээлээс босгосон эх үүсвэртэй хөнгөлтттэй зээл, буцалтгүй тусламжаас бүрдэх 2016 онд Монгол Улсад олгож буй нийт 287 сая ам. долларын санхүүжилтийн хөтөлбөрийг батлав. 

Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн сүлжээний томоохон хөрөнгө оруулалт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олох, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд туслах цоо шинэ төсөл энэ жилийн санхүүжилтэнд тэргүүлэх ач холбогдолтой.

Мөн сая АХБ-ны Ази Номхон далайн гамшгийн тусламжийн сангаас 2016 оны зудын хүндрэлийг даван туулах чиглэлээр Монгол Улсад тусламж үзүүлсэн бөгөөд үүний дараа хүн амыг ирээдүйн байгалийн гамшгийг даван туулах чадвартай болгох зорилгоор буцалтгүй тусламжийн шинэ төсөл батлагдах гэж байна. 

Шинэ он гарсаар АХБ гурван зээлийн төсөл батлаад байгаа ба үүнд төрийн өмч хөрөнгийг удирддаг Эрдэнэс Монгол ХХК-ийн компанийн засаглал, менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл орж байгаа.

Үүнээс гадна Замын-Үүд, Алтанбулаг болон Бичигтийн хилийн боомтыг сайжруулах, Арвайхээр, Даланзадгад, Сайншанд, Цэцэрлэг хотуудад бохир ус цэвэрлэх байгууламж барих зээлийн туслалцаа орно.

Шинээр хийгдэх эдгээр хөрөнгө оруулалт нь одоо хэрэгжиж байгаа 953 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 23 зээл, 12 буцалтгүй тусламж, 35 техник туслалцааны төслийн үргэлжлэл болон хэрэгжинэ.

Гэр хорооллыг дахин төлөвлөх, цэвэр бохир усны шугам хоолойг барьж байгуулах, алслагдсан баруун хязгаарыг олон улсын стандартад нийцсэн хурдны замаар хоёр хөрш улстай холбох, хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, ажил эрхлэх боломжоор хангах зорилгоор ур чадварыг дээшлүүлэх зэрэг төслүүд одоо хэрэгжиж байна.

 2015 онд АХБ Монгол Улсад 305.5 сая ам.долларын санхүүжилтийг баталсны дотор 275 сая ам.долларын дүн бүхий засгийн газрын 4 зээл, 8 сая ам.доллартай тэнцэх худалдааны санхүүжилт болон 6 сая ам.долларын 2 буцалтгүй тусламжийн төсөл, 16.5 сая ам.долларын 15 техникийн туслалцааны төслүүд багтав.

Монгол Улс АХБ-нд 25 жилийн өмнө нэгдэж орсноос хойш нийт 2 тэрбум ам.долларын санхүүжилтийг тус банкнаас Монгол Улсад баталжээ.
 


Азийн Хөгжлийн Банкны тухай товч

Манила хотод төвтэй АХБ нь Ази Номхон далайн бүс нутагт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой өсөлт, бүсийн нэгдлийг хангах замаар ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг байгууллага юм.

АХБ 1966 онд анх байгуулагдсан ба энэ оны 12 сард уг байгууллага бүс нутагт хөгжлийн төлөөх түншлэлээ эхэлсний 50 жилийн ой тохиож байна.

АХБ-нд 67 орон гишүүнээр элссэн бөгөөд үүнд бүс нутгийн 48 орон байна.

2015 онд АХБ-ны нийт санхүүжилт 27.2 тэрбум ам.доллар байсны дотор 10.7 тэрбум нь хамтран санхүүжилт багтав.