Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн манаачид улстөрчдийг даган уймарлаа

Т.Эрдэнэ
2016 оны 4 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг

Уймраа гэдэг үгийг Монгол хэлний их тайлбар толь бичигт “Хүний өтөлж зөнөсөн байдал, хийсэн хэлснээ мартагнадаг зан" хэмээн тодорхой тайлбарлан хэлжээ.

Тэгвэл уймраа гэдэг үг өнөөдрийн Үндсэн хуулийн Цэцийн манаачдад яг тохирохоор. Тэдний балгаар Монгол Улс өнөөдөр улс төрийн хуримтлуулсан туршлагаа үл хэрэгсэн өнгөрсөн рүүгээ эргэн алхаж, Ази, Европын олон орны төлөөлөгчдөд дүр эсгэсэн ардчилал хэрэгжүүлж байгаа” гэдгээ батлан харуулах замд орж байна.

Үндсэн хуулийн Цэц УИХ-тай үгсэн нийлж хуйвалдааны аргаар Сонгуулийн тухай хуулийг өөрчилж магадгүй талаар, тодруулбал 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд батлагдсан хуулийн Сонгуулийн тухай хуульд оруулсан “хувь тэнцүүлэх замаар сонгох” тухай зүйл, заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг шийдэх маргааныг Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа энэ сарын 22-нд авч хэлэлцэхдээ “Үндсэн хуулийг зөрчиж байна" гэсэн шийдвэр гаргах нь тодорхой болсон гэх яриа улс төрийн хүрээнд газар аваад байв.

Олон санаатай, “оргож боссон" парламентын гишүүд дөрөвхөн сарын өмнө чамгүй яриа, тохироо хийж байж баталсан Сонгуулийн тухай хуулиа өнөөдөр үгүйсгэж, дахин өөр хувилбар гаргах гэж байгаад зарчимч хүмүүс арай ч дээ хэмээн итгэхгүй байсан биз.

Гэвч улс төрд итгэхийн аргагүй ямар ч хор найруулагддаг болсныг баталж Монголын парламентын, Үндсэн хуулийн манаач гэгдэх Цэцийн нэр хүндийг унагасан шийдвэрийг энэ сарын 22-нд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй хийгдсэн Дунд суудлын хуралдаанаас гаргалаа.

2012 оны Их хурлын сонгуулиас өмнөх сонгуулиуд мажоритар тогтолцоогоор явж ирсэн. Тэгвэл сонгуулийн хуулийн энэ тогтолцоог илүү боловсронгуй болгохоор засч сайжруулаад пропорциональ, мажоритар хоёуланг нь агуулсан холимог системээр 2012 оны сонгуулиа монголчууд явуулсан билээ.

Тэгвэл энэхүү системийг хуульчилсан УИХ-ын сонгуулийн тухай хууль 2011 оны арванхоёрдугаар сард батлагдсаныхаа дараахан бас л өнөөдрийнх шиг маргаан дагуулсаар Үндсэн хуулийн Цэцийн босго давж байв. Тэр үед уг маргааныг Цэц өнөөгийн бүрэлдэхүүнээрээ хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж баталж байлаа.

Уг шийдвэрийг өнөөдрийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүд тодруулбал Н.Жанцан, П.Очирбат нарын оролцоотой тухайн үед гаргаж байсан. Гэтэл дөрвөн жилийн дараа мөнөөх л өөрсдийн гаргаж байсан шийдвэр, алхмуудаа үгүйсгэж том намуудын нөлөөнд автдагаа батлан пропорциональ системийг сонгуульдаа ашиглахаар болсон юм.

Хууль батлагдсанаас хойш Үндсэн хуулийн Цэцэд нэг биш иргэдийн өргөдөл, гомдол ирж, “Пропорциональ систем нь Үндсэн хуультай зөрчигдөж байна” гэсэн боловч тэдгээрийн дундаас тогтолцоотой холбоотой бус протедурын шинжтэй заалтууд дээр л Үндсэн хууль зөрсөн эсэхийг хэлэлцсэн байдаг.

Сонгуулийг энэ системээр явуулахад жижиг намууд УИХ-д суудал авахад их хүнд байдаг. 

Тодруулбал, иргэн Б.Цогтгэрэл, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, П.Одгэрэл, Н.Ариунболд, Э.Эрдэнэжамъяан, О.Баасанхүү нарын гаргасан мэдээлэл, өргөдлийн мөрөөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.6, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, 14 зүйлийн 1, 16 зүйлийн 9, 21 зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн болохыг Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар тогтоожээ.

Энэхүү дүгнэлтийг УИХ-ын зүгээс 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Энэ тогтоолыг тавдугаар сарын 02-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцээд хүчингүйд тооцож, маргааныг мухарласан байдаг. Улмаар 2011 оны Сонгуулийн хуульд орсон пропорциональ системийг бүхэлд нь биш процедурын шинжтэй ганц, хоёр зүйл заалтаар нь өөрчилсөн.

Иргэн Э.Эрдэнэжамъяан, О.Баасанхүү нар тухайн үед Цэцэд өргөдөл гаргахдаа “Ардчилсан улс орнуудад иргэдийн төрийн үйл ажиллагаанд оролцох, улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд мажоритар, пропорциональ, холимог гэсэн гурван хэлбэрийг ашигладаг бөгөөд зарим улс орнуудын нэгэн адил холимог системийг хэрэглэх оролдлого хийж байгаа нь сайн талтай боловч процедурын алдаатай байгаа нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчих үндэслэлийг бий болгож байна” гээд зарим заалтуудыг дурдан хүчингүй болгож өгнө үү” гэж байв. Пропорциональ системийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж байсан тэд хожим нь тэр системийнхээ буянаар л жагсаалтад багтаж нэг нь УИХ-ын гишүүн болсон.

Тэгвэл 2011 оны сонгуулийн хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон боловч хувь тэнцүүлэх үндсэн зарчмыг нь хэвээр хадгалсан 2015 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн хуулийг өнөөдөр Цэцийн зүгээс ийн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх нь юуны хэрэг вэ.

Шалтгаан нь, том намуудын толгой толгойгоо даасан том улстөрчид бүгд л жагсаалтад багтах гэж чихэлдэх болсон, сонгуулийн өмнө намаа тараачихгүйг хичээж буй намын дарга, удирдлагууд нь энэ асуудлаа хэрхэн шийдэж хэнийг гомдоож, хэнийг баярлуулахаа мэдэхээ байсан тул ийнхүү хуулиар тоглохоор шийдсэн бололтой. УИХ Ж.Амарсанааг авч хаясны хүчинд ийн улстөрчид сонгуулийн хуульд хүссэн үедээ өөрчлөлт оруулах эрхтэй болж, үүндээ Цэцийг тоглоомын хүүхэлдэй болгон ашиглаж байгаа нь энэ бололтой.

Эрх баригчид ч гэлтгүй сөрөг хүчин ч сонгуулийн жилд хуульдаа дуртай цагтаа үзэмжээрээ гар дүрэх боломжийг хааж өгсөн заалтыг хуулиас авч хаяхыг нүдээ аниад өнгөрөөсөн. Үүний хүчинд УИХ-ын сонгуулиас хоёрхон сарын өмнө Сонгуулийн хуульдаа бүхэл бүтэн 360 хэм эргэсэн өөрчлөлт оруулахаар томоохон нам, хүчнүүдийн найруулсан “жүжиг" амжилттай тавигдаж байна. Одоо Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ-аар ямар ч асуудалгүй ногоон гэрлээр хүлээн зөвшөөрөх биз. Хэрэв Ерөнхийлөгч энэхүү асуудалд хориг тавихгүй бол монголчууд сонгуулиа мажоритар системээр явуулах болно.

Сонгуулийг энэ системээр явуулахад жижиг намууд УИХ-д суудал авахад их хүнд байдаг. Үндсэндээ хүчээр хоёр намын тогтолцоо руу түлхэнэ. Араас нь дагаад улсын төсвийг олон хэсэгт жижиглэн хувааж, тойрог тойрогтоо төсөв зарцуулан захирах эрх бүхий 76 зарцуулагч үүсдэг. Нутаг дэвсгэрийг аймаглан хувааж тус тусын тойглогчтой болсноор үр дүнд нь олон нийтийн зүгээс хүлээлт үүсгэсэн том төслүүд орхигддог нь олон улсын туршлагаар батлагдсан гэдэг.

Гэхдээ аливаа зүйл сайнтай, муутай гэдэг шиг мажоритар системд ч бас давуу тал байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн улсын тусгаар тогтнолыг хадгалах далд үр нөлөө энэ системийн цаана оршиж байдаг. Учир нь ямар ч тойрогт гадаадын эрлийз, хүрлийз, ашиг сонирхлын зөрчилтэй, элдэв асуудалд орооцолдож байсан, ял шийтгэл амсч байсан олон нийтэд нэр хүнд муутай улстөрчдийг сонгогчид сонгох магадлал бага ба тэд жагсаалтын ард нуугдаж хууль тогтоох шургалах боломж нь багасна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа өнөөгийн УИХ-д намын жагсаалтаар сонгогдсон, пропорциональ системийн алдаанууд хэмээн гоочлогдож байдаг

З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарыг хэр нэр хүндтэй улстөрчид байсныг шалгах нь бас л сонирхолтой. Ийм л учраас холимог буюу пропорциональ, мажоритар системийг улс орнууд улс төрийн туршлага дээрээ тулгуурлан сонгон авч өөр өөрийн онцлогт тааруулан хэрэглэж байгаа.

Тэгвэл Монгол Улсын хувьд жижиг мажоритар системийг сонгосноор өмнөх улс төрийн хувьд хуримтлуулсан туршлагаасаа ухарч байгаагаас ялгаагүй л харагдах юм. Гэтэл өнөө жил Монгол Улсад Ази, Европын дээд хэмжээний уулзалт, дагаад салбар хорооны олон хурал, чуулган болно.

Ардчиллыг чамгүй хэмжээнд хөгжүүлж байгаа хэмээн урамшуулж энэ уулзалтыг зохион байгуулах эрхийг манай оронд өгсөн гэж эрх баригчид тайлбарладаг. Гэтэл зохион байгуулагч орон нь сонгуулийн тогтолцоогоо ч бүрэн дүүрэн шийдэж чадахгүй, төрийн өндөр эрх мэдэл бүхий субъектүүд нь ээлж дараалан томоохон намуудын үзэмжид таацуулан, гаргасан шийдвэрээсээ буцаж байгааг гадны зочид төлөөлөгчид мэдэхгүй байх учиргүй. Ёстой л дүр эсгэсэн ардчилал гэдгийг баталсан хэрэг болох биз ээ.

Зураг