Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

MMC-ийн ханш нэг өдөрт 23 хувиар уналаа

WWW.GAULI.MN
2016 оны 3 сарын 16
Gauli

Компани бондын эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийхэд хүндрэл учирч буй тухай мэдээлэл зах зээлд цацагдсанаар хувьцааны ханш 0.056ХКД-оос 0.043ХКД болж нэг өдрийн дотор 23 хувиар уналаа.

 

Тус компани нь 600 сая ам.долларын бондыг гаргаад байсан бөгөөд гуравдугаар сарын 29-нд хагас жилийн хүү болох 26,625,000 ам.долларыг төлөх үүрэгтэй. Гэвч уг хүүгийн төлбөрийг төлөхөд санхүүгийн чадамж маш муу байгаа учраас дефолт болох магадлал өндөр байна гэж Хонг Конгийн биржийн мэдээлэлд дурьджээ.

Энэхүү хүндрэлтэй байдлыг даван туулах зорилгоор сар гаруйн өмнө бондыг дахин бүтэцлэх ажлыг эхлүүлж санхүүгийн зөвлөх, хуулийн зөвлөх компаниудыг ажиллуулж байгаа ч өнөөгийн байдлаар ямар нэгэн шийдэлд хүрээгүй бөгөөд цаашид “асуудлыг амжилттай шийднэ” гэсэн баталгаа өгөх боломжгүй тухай мэдээллээ.

Мөн уг хувьцаанд хөрөнгө оруулахдаа дээд зэргийн болгоомжтой байхыг цохон тэмдэглэсэн байна. Ийм нөхцөл байдал зөвхөн Mongolian Mining Corporation-ний хувьд бус өөр нүүрсний олон компанид тулгарч байна. Учир нь дөрвөн жилийн турш нүүрсний үнэ унаснаар нүүрс олборлогч компаниудын санхүү хүнд нөхцөл байдалд ороод байна. 

Таван Толгойн хэлэлцээр ханшид чухал нөлөөтэй байна

 

Нүүрсний зах зээл уналттай байгаа, сэргэхэд урт хугацаа шаардагдах төлөвтэй байгаа ийм үед тус компанийн хувьд Таван Толгойн хэлэлцээрийг амжилттай дуусгаж, төслийг хэрэгжүүлж эхлэх нь амин чухал юм. Үүнийг дараах хоёр үйл явдалтай холбон тайлбарлая.

2015 оны эхэнд эхэлсэн “Таван Толгойн хэлэлцээр”-ийн явцын мэдээллүүд ханшид хүчтэй нөлөөлж байсныг санах нь зүйтэй. Монгол Улсын сайд М.Энхсайхан тухайн үед цагаан сарын өмнө гэрээ байгуулахаар ажиллаж байгаа тухай удаа дараа хэвлэлээр мэдээлж байсан нь зах зээлд хүлээлт үүсгэж хувьцааны ханш цагаан сарын өмнө өсөхөд нөлөөлсөн. 

Мөн Монгол Улсын ерөнхий сайд Таван Толгойн хэлэлцээрийн талаар мэдэгдэл хийсний дараа хувьцааны ханш өсч, хэлэлцээрийн явцад өссөөр байлаа. Гэвч зургаадугаар сараас эхлэн хэлэлцээр зогсонги байдалд орсны зэрэгцээ Хятадын биржид томоохон уналтууд эхэлж ханш эргээд унасан юм.

 

Таван Толгойн хэлэлцээрийн эерэг мэдээлэлтэй холбоотойгоор ийнхүү ханш огцом өсч байгаа нь уг төсөл тус компанийн ирээдүйд ямар хэмжээний ач холбогдолтой байгааг харуулж байгаа юм. 

Тэгвэл хамгийн сүүлд Эрдэнэс Таван Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан itoim.mn-д өгсөн ярилцлагадаа “Таван Толгойн хэлэлцээр үргэлжилж байгаа” тухай дурдсан байв.

Хэрэв уг хэлэлцээр амжилттай дуусч гэрээ байгуулагдвал хувьцааны ханш хэд дахин өсөхөд эргэлзэх зүйлгүй. Гэхдээ өнөөгийн хэлэлцээр ба жилийн өмнөх хэлэлцээрт  Mongolian Mining Corporation-ний хүртэх өгөөж хэр зэрэг өөрчлөгдсөнийг давхар судлах нь чухал.