Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гитлерийн илтгэх урлагийн тухай

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

“Хүмүүс бичсэн үгсээс илүү хэлсэн үгэнд автдаг. Энэ дэлхий дээрх бүх том өөрчлөлтүүдийг аугаа бичигч нар биш аугаа илтгэгч нар хийсэн” – Адольф Гитлер, “Миний тэмцэл”, 1925 он.

Дэлхийн түүхэн дэх хамгийн аугаа илтгэгч нарын нэг Германы хамгийн том намыг байгуулж, олон улс үндэстнийг эзлэж, 21 сая орчим хүний амийг золиослон, 12 жил тогтносон Гуравдугаар Рейхыг байгуулж байлаа.

Тэр амьдралынхаа турш 5,000 гаруй илтгэл тавьж бүх сонсогчдоо байлдан дагуулан, түүний гүрэн улс мянган жил оршин тогтноно гэж ухуулж чадсан байжээ.

 

Айдахогийн Их сургуульд 46 жилийн турш Гитлер болон Черчиллийн өвийг судалсан профессор Брюс Лобс хэлэхдээ фюрерт хүнийг татах онцгой чадвар (каризма) байсан гэжээ.

“Тэр хэрхэн бусдыг татах чадвартай илтгэгч болох талаар ихээхэн суралцсан, хүмүүс яагаад ч юм түүний үгэнд итгэсэн байдаг” гэж тэр хэлсэн юм.

Бас эдийн засгийн гүн хямралд орсон байсан Германы иргэдэд тэр зөв үгийг хэлж байсан учраас бүгд түүнийг дагахад бэлэн байжээ.

Нийгэм дэх энэ хямрал, сэтгэл дундуур байдлыг зөв ашиглан оппортунист үзэл суртлыг баримжаагаа болгосон Германы Үндэсний Социалист Ажилчны Намыг байгуулав.

Гитлерийн улс төрийн талбар

 

Нацистууд дэлхийн тавцанд гарч ирэхээс өмнө Гитлерийн намыг ихэнх хүмүүс мэддэггүй байсан бөгөөд 1924 оны сонгуульд 3 хувийн санал аваад байжээ.

Гэвч түүний илтгэх урлагийн ачаар найман жилийн дараа Нацистууд Рейхстаг дахь хамгийн том нам болж чадав.

Гитлерийн илтгэл бичих арга барил

 

Нацистуудын үзэл суртлын сайд Иосиф Геббельс өдрийн тэмдэглэлдээ Гитлер өөрийн үгээ бичиж бэлддэг байсан тухай, түүнийгээ тав хүртэл удаа засварлан бичдэг байсныг дурджээ.

Британий түүхч Ян Кершоу “тэр шөнө дунд хүртэл үгээ бэлдэж, хэдэн орой дараалан суудаг байсан, гурван бичээч бичгийн машины ард суулгаж байгаад хэлж бичүүлдэг байв” гэжээ.

Лобс “тэр хэнд ч итгэж үгээ бэлдүүлдэггүй байсан” гэв.

Мөн Черчилль ч гэсэн бүх үгээ өөрөө бэлддэг байсан нь тэр үеийн болон өнөөгийн улс төрчдийн дунд ховор байдаг үзэгдэл гэжээ.

Гитлерийн дуу хоолой ховсдох чадвартай

 

Рон Розенбаумын “Гитлерийг тайлбарлах нь” номонд Франц-Америкийн зохиолч Жорж Стейнэр түүний дуу хоолойг маш хүчтэй нөлөөлдөг, ховсдох чадвартай хэмээн дурсаж байв.

Стейнэр “би 1929 онд төрсөн, 33 оноос эхлэн би түүний хоолойг сонсож эхэлсэн, бүр гал тогооны өрөөндөө суугаад түүний яриаг чагнадаг байлаа” гэжээ.

“Тайлбарлахад хэцүү ч түүний хоолой үнэхээр ховсдох чадвартай. Би өөрийн эрхгүй радионыхоо өмнө очдог байсан. Яг л даллан дуудаж байгаа юм шиг” гэж тэр дурсчээ.

Америкийн сэтгэл зүйч Хенри Муррай 1943 онд Америкийн албаны хүмүүст Гитлерийн тухай бүрэн тайлан бэлтгэж өгч байв.

Түүнд дурдсанаар Гитлерийн саарал хөх нүд яг үхсэн, амьгүй мэт харагддаг байсан гэнэ. Мөн фюрер гар барихдаа тун сул атгадаг, алга нь чийгтэй, хүйтэн байхаас гадна ойр зуурын зүйл ярилцахад тун эв хавгүй хүн байжээ.

 

Тэр яриандаа хөдөлгөөнт дүрслэл нэмдэг байсан

 

Гитлер илтгэх үедээ үзүүлэх гарын хөдөлгөөн, дохио зангаа зэргийг сургуулилж бэлддэг байжээ.

Лобсын хэлж байгаагаар түүний энэ хөдөлгөөн нь хүмүүст өгөх, ойлгуулах зүйлийнх нь хагас байдаг байсан гэнэ.

 

Гитлерийн хувийн зурагчин Хейнрих Хоффман түүний хоёр сая орчим ийм сургуулилтын зургийг нь авч байжээ. Үүнийг Гитлер өөрийн бэлтгэлдээ ашигладаг байсан ба ганц ч ийм зургийг нийтэд үзүүлэхийг хориглосон байна.

1925 онд Хоффман Гитлерийн толины өмнө бэлтгэл хийж байгаа хэд хэдэн зургийг нь буулгасан байдаг.

Гитлер тэдгээрийг дараа нь устгахыг тушаасан боловч Хоффман цөөн хэдийг нууцаар авч үлдээд олон жилийн өмнө ил гаргажээ.

 

Гитлерийн нэгэн илтгэл англи хадмал орчуулгатай:

 

Гитлерийн байгуулсан Гуравдугаар Рейх 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд түүнийг амиа хорлосноор төгсгөл болсон юм.

 

Эх сурвалж: BI