Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг, хоёрдугаар эгнээний удирдагчид

Д.Энхтүвшин
2015 оны 5 сарын 11
MorninigNews.mn
Зураг зураг

Германы фашизмаас хүн төрөлхтнийг авран хамгаалсан Оросын ард түмний агуу их ялалтын 70 жилийн ойн баяр сүр жавхлантай, ёслол төгөлдөр болж өнгөрөв.

Украины хямралтай зэрэгцэн НАТО-гийн цэргийн эвслийн зүгээс ОХУ-ын эсрэг хэрэгжүүлсэн улстөр, эдийн засгийн хориг арга хэмжээний хариу болгон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудтай бүх талын хамтын ажиллагаанд шийдвэрлэх ач холбогдол өгч, ОХУ, БНХАУ, Энэтхэгийн цэрэг улстөрийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон эрчимтэй хөгжүүлж байгаа. 

Чухамдаа Москвагийн Улаан талбайд болсон ялалтын парадыг хүндэт зочдын суудлаас үзэж сонирхсон төрийн тэргүүнүүдийн байрлалаас чухам хэн нь ОХУ-ын хувьд нэгдүгээр эгнээний нөхөд, харин хоёрдугаар эгнээний найз нөхөд нь хэн бэ гэдэг нь тодорхой харагдсан юм. 

OХУ-д ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд өнгөрсөн хагас сайнд болсон Ялалтын парадыг хүндэт зочдын хоёрдугаар эгнээний суудлаас үзэж сонирхов.

Уг жагсаалыг дэлхийн 30 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд үзэж сонирхсоны дунд дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан армийн бүрэлдэхүүнд багтаж фашист Германы эсрэг тулалдсан Казакстан, Туркменстан, Азарбайжан, Белорусь, Кыргыз, Серб, Армен, Монгол, Энэтхэг, БНХАУ зэрэг улсын 730 орчим цэрэг эрс жагсаалаар алхаж агуу их ялалтын 70 жилийн ойг ОХУ-ын ард түмэнтэй цуг ёслон тэмдэглэсэн. 

 Монголоос агт нийлүүлэлт 1941 оноос эхэлсэн ба 1942 оны гуравдугаар сараас төлөвлөгөөтэйгээр агт нийлүүлж эхэлсэн түүхтэй. 

Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын жагсаалыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс дайны туршид Зөвлөлт улсад өмөг түшиг болон тусалж дэмжиж байсныг онцлон тэмдэглэсэн ч гэлээ түүний хоёр талд Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр байраа эзэлсэн нь дэлхийн хоёрдугаар дайны ялалтад Монгол Улсын оруулсан хамгийн бодитой, дорвитой хувь нэмрийг Казакстанаас доогуур тавьж, нэг ёсондоо 800 мянгуулаа бүх л сэтгэл зүрх, хүч чадлаараа Оросын ард түмнийг эрвийх дэрвийхээрээ дэмжсэн Монголчуудын хувьд арай л шударга бус байр эзлүүлэлт болов.

Монголын дайчид Москвад болсон Ялалтын баярын жагсаалд анх удаа оролцож, Улаан талбайгаар Монгол цэргийн сүр хүчийг дэлхийн олон орны удирдагчдын өмнө харуулан жагссан ч манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг нэгэн цагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама том алгаараа тагласан шиг үйл явдал давтагдлаа. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар эгнээнээс манай Ерөнхийлөгч харагдах гэж их л хичээх шиг санагдсан юм. 

Ялалтын жагсаалыг үзэж сонирхсоноор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийж байгаа ажлын айлчлал өндөрлөсөн. 

Түүхийн сурвалж бичгүүдээс үзвэл Эх орны агуу их дайн эхэлмэгц ЗХУ-д адуу нийлүүлэгч цорын ганц эх булаг нь Монгол Улс болсон байдаг. Монголоос агт нийлүүлэлт 1941 оноос эхэлсэн ба 1942 оны гуравдугаар сараас төлөвлөгөөтэйгээр агт нийлүүлж эхэлсэн түүхтэй. Дайны дөрвөн жилд БНМАУ Зөвлөлтөд 485 мянган Монгол адуу нийлүүлжээ. Өөр нэг сурвалжид 500 мянга илүү гэж байдаг.

Түүхч эрдэмтдийн бичиж үлдээснээр 1941-1945 онуудад ЗХУ ямар ч мөнгөөр хагас сая агт олж чадахгүй байсан гэдэг. Ийм их таваарын агт зөвхөн Хойт болон Өмнөд Америкт л байх боломжтой байж. Харин Монгол бол адууны эх орон тул хагас сая агт нийлүүлж чаджээ.

Түүнээс гадна дайны жилүүдэд Монголын малчин ардууд 32,5 мянган адуугаа ЗХУ-д бэлэглэсэн ба энэ нь дайны үеийн зургаан морин дивизийг хангахад хүрэлцэж байжээ. Энэ бүхний үр дүнд 1943-1945 онд фронт дээр байсан таван адуу бүрийн нэг нь “монголка” буюу монгол морь байсан гэдэг. Дашрамд дурдахад орос цэргүүд Монгол морийг өхөөрдөж “монголка” гэж нэрлэдэг байж. 

Нөгөө талаар БНМАУ дайны жилүүдэд ЗХУ-д 500 мянган тонн мах нийлүүлсэн. 800 мянган монголчууд өөрсдөө өлөн зэлмүүн байсан ч дэлхийн хамгийн баян, том улсуудаас дутахааргүй мах орост нийлүүлжээ. Дайны үед АНУ Орост 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол БНМАУ 64 мянган тонн ноос нийлүүлсэн. 1942-1945 оны зөвлөлтийн таван шинелийн нэг нь “монгол” шинель байж.

Дэлхийн хоёрдугаар дайнд эргэлт авч ирсэн Москвагийн төлөөх тулалдааны үед Монголын дулаан хувцас аминд орж байсныг германчууд хүртэл үнэлсэн гэдэг. Москвагийн тулалдааны хүнд үед “Оросууд ар талаасаа монгол нэхий дээл, эсгий гутал өмссөн сибирийн дивизүүдийг татан ирүүлсэн нь байдлыг орвонгоор нь эргүүлсэн юм. Оросын хахир хүйтэн өвлийн окопонд байлдахад дулаан нэхий дээл, эсгий гутал зэрэг дулаан хувцас буу зэвсгээс ч илүү амин чухал хэрэгтэй байлаа” гэж германы нэгэн генералын тэмдэглэлд үлдсэн гэдэг. 
Эдгээрээс гадна Монголчуудын хүч хөрөнгөөр бүтсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх эскадриль Берлин хүртэл тулалдаж, мөнхийн гавьяа байгуулсан түүхтэй. 

Монголчууд агт морь, дулаан хувцас, эд материалаас гадна өөрсдөө ч дайны төгсгөлд шууд тулалдаанд орцгоосон. Энэ нь 1945 онд Монголын арав дахь хүн бүр Японы эсрэг дайнд оролцсоноор илэрсэн. Монголын таван дивиз зөвлөлтийн Улаан Армитай хамт Хятадын Их Цагаан хэрэм хүртэл давшсан түүхтэй. Энэ нь Агуу их эх орны дайнтай харьцуулахад харьцангуй “амархан” тулаан боловч 800 мянгахан хүнтэй БНМАУ-ын хувьд ихээхэн хүнд дайн байсан. Учир нь Монголын цэргийн насны бүх хүн энэ дайнд оролцсон бөгөөд дайчилгааны эрчмээрээ ЗХУ дахь Сталины дайчилгаанаас ч даван гарсан гэдэг.

Энэ бүхэн Агуу их ялалтад Монголчуудын оруулсан оролцоо, хувь нэмэр билээ. Бид Зөвлөлтийн цорын ганц үнэнч холбоотон байж, холбоотны үүргээ нэр төртэй биелүүлэн, ялалтын төлөө хамтдаа нэг хүн шиг зүтгэснийг түүх гэрчилнэ.

Харин нэн шинэхэн түүхээр Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэлийн тавцангийн хоёрдугаар эгнээнд, Кыргыз, Казакстаны төрийн тэргүүнүүдийн ард даруухан зогсож байгаа нь өнгөрсөн түүхийн үнэнтэй зөрчилдөж, даян дэлхийд Германы фашизмыг даран сөнөөхөд Монголчуудын оруулсан бодит оролцоо, хувь нэмрийг бүдгэрүүлсэн хэрэг болов. Германы фашизмыг ялсан ялалтыг “Бидний хамтын ялалт” гэдэг. Тэгвэл бид хамтдаа нэгдүгээр эгнээнд л зогсох, байгуулсан гавьяагаа бодитойгоор үнэлүүлэх учиртай.

Зураг