Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сараар архи, тамхи бэлэглэхээс татгалзахыг уриаллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын сурагчдын холбоотой хамтран өнөөдөр Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эмэгтэй гишүүд Монголын сурагчдын холбоотой хамтран Монголын ард түмний билэгдлийн их баяр цагаан сараар бие биедээ архи, тамхи бэлэглэхээс татгалзах уриалгыг нийт ард түмэндээ хандан гаргаж байгааг дуулгалаа.

Тэрбээр “Цагаан сар бол Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг, өлзий билэгтэй, баяр жаргалын өнгийг билэгддэг баяр юм. Тиймээс үндэсний баяраараа Монгол хүний эрүүл мэнд, гэр бүл, амь насанд хортой нөлөө үзүүлдэг архи, тамхийг бие биедээ бэлэглэхээс эрс татгалзаж цагаан мөрийг гаргахыг нийт Монголчууддаа уриалж байна.

УИХ-ын чуулганаар 2012 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хууль хэрэгжсэнээс хойш олон мянган хүнийг дам тамхидалтад өртөхөөс хамгаалсан гэж хэлж болно.

Иймд энэхүү хорыг үндэсний уламжлалт баяр болох цагаан сараар бэлэг болгон өгөхөөс татгалзаж үндэснийхээ бүтээгдэхүүнээ бэлэглэцгээя” гэсэн юм.

 Цагаан сарын билэгдлийн өдрүүд согтуу баяр болж хувирдаг.

Монголын Сурагчдын Холбооны Тэргүүн О.Сэлэнгэ “Монголчууд бид бие биеэ хайрлахгүй бол өөр хэн ч биднийг хайрлахгүй.

Хүүхдийнхээ дэргэд цагаан сараар бие биедээ архи, тамхи бэлэглэж, хэрэглэж байгаа нь буруу үлгэр дууриалал болж байна. Хүүхдүүд ээж, аавынхаа юу хийж байгааг сайн хардаг. Архидалт баярын үеэр ихэсдэг. Цагаан сарын билэгдлийн өдрүүд согтуу баяр болж хувирдаг.

Иймд энэ бүхнийг хүүхдүүд хараад ингэж болдог юм байна гэж харах вий гэдэгт санаа зовж байна. Архинаас болж маш олон хүүхэд өнчирч байна, маш олон хүүхэд ядууралд өртөж байна, гудамжинд гарч байна. Иймд архины эсрэг бүгдээрээ тууштай тэмцэх хэрэгтэй” гэдгийг уриаллаа.